Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

 

     2022        03           07                                          2022/ШЦТ/333

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б  овогт Лгийн Дт холбогдох эрүүгийн 2203 00000 0135 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                       

0

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Д нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын гарны замд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цаг 20 минутын орчимд Toyota Prius маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч О.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ертөнцийн зүгээр замын урд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад “Одон” телевизид мэдээ өгөх санаатай замын урд талын явган хүний замаар явж байгаад цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолоос гардаг гарцны хэсэг буюу гарцнаас тээврийн хэрэгсэл зам руу нийлдэг хэсэг дээр Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байгаа юм шиг харагдахаар нь тухайн машины урдуур нь тойроод гарах гэж байх үед тухайн машин гэнэт хөдлөөд намайг мөргөчихсөн. Тэгээд би машинд мөргүүлээд газарт унаад өөрөө босоод зогсож байтал машинаас жолооч гэх эмэгтэй бууж ирээд “Би зам руу орох гэж байгаад таныг харалгүй мөргөчихлөө, таны бие гайгүй юу, эмнэлэгт үзүүлэх үү” гэж асуухаар нь би өвөө нь зүгээрээ, санаа зоволтгүй, би ажилтай явж байна гэж хэлээд тухайн жолоочид өөрийн утасны дугаараа үлдээгээд явсан. Би гэртээ ирээд ядраад орон дээрээ 1 цаг орчим хугацаанд хэвтчихээд босох гэтэл миний зүүн талын хөл өвдөөд алхаж чадахгүй байхаар нь намайг мөргөсөн жолоочид эмнэлэг явъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цагийн үед байхаа миний найз бүсгүй Д өөрийн ******** дугаарын утаснаас миний ******** дугаарын утас руу залгаад би цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолоос гараад зам руу орох гэж байгаад хүн мөргөчихсөн гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн найз залуу Д.Эрдэнэхангайгийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод энэ өдрөө 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол дээр машинаа байрлуулж тавьчхаад дэлгүүр дээрээ ажлаа хийж байгаад Шангрилла дэлгүүр рүү хүргэлт хийх санаатай 12 цаг 20 минутын орчимд Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолоос хөдлөөд төв замын баруун талаас зүүн тийш зорчих чиглэл рүү орохоор баруун rap тийш эргэх гэрэл дохио өгөөд зүүн гар талаас ирж байгаа машины хөдөлгөөнийг харж байгаад машины хөдөлгөөн багасахаар нь зам руу орох гээд зүүн гар тийшээ буюу ертөнцийн зүгээр баруун тийш харсан чигээрээ хөдлөхдөө зүүн талаас алхаад явж байсан О.А гэх хүнийг машиныхаа жолоочийн эсрэг талын урд талын хэсгээр мөргөөд газарт унагаасан. Тэгээд би машинаа зогсоогоод машинаасаа буугаад А гэх хүнээс биеийн байдлыг нь асуугаад эмнэлгийн түргэн тусламж дуудах уу гэж асуухад яарч байгаа бололтой “өвөө нь зүгээр, зүгээр” гэж хэлээд цаашаа алхаад явах гээд байхаар нь би “таны бие өвдөх вий, би тань руу өдөр дахин залгая” гэж хэлээд утасны дугаарыг нь аваад үлдсэн. Осол болсноос хойш буюу энэ өдрөө 14 цагийн үед би О.А гэх хүний ******** дугаарын утас руу залгаж биеийн байдлыг нь асуухад зүгээр гэж хэлсэн. Харин 16 цагийн үед О.А гэх хүн өөрөө миний ******** дугаарын утас руу залгаад “Хөл өвдөөд байна, хоёулаа гэмтлийн эмнэлэг рүү явъя” гэж хэлэхээр нь би гэрийнх нь гадаа очоод түүнийг хүүгийнхээ машинтай гэмтлийн эмнэлэг рүү явж байхад нь араас нь дагаад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2834 дугаартай:

“1. О.Агийн биед зүүн шаант ясны булууны шахагдсан хугарал, баруун гуя, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

 

2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 204 дугаартай Мөрдөгчийн:

1.Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч О.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас), 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), 

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас),  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Л.Д нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын гарны замд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цаг 20 минутын орчимд Toyota Prius маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч О.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Л.Д нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

Шүүгдэгч Л.Д нь  2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цаг 20 минутын орчимд Toyota Prius маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын авто зогсоолоос зүүн гар тийшээ харангаа төв зам руу орох үед баруун гар талд нь зорчиж байсан явган зорчигч О.Аг мөргөсөн үйл баримт камерын бичлэгээр эргэлзээгүй тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2834 дугаартай дүгнэлтээр О.Агийн биед зүүн шаант ясны булууны шахагдсан хугарал, баруун гуя, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдож, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирчээ.

 

2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 204 дугаартай Мөрдөгчийн магадлагаагаар “Л.Д нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч О.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

 

Шүүгдэгч Л.Д нь Toyota Prius маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

 

 

Хохирогч О.Агийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2834 дугаартай дүгнэлтээр “зүүн шаант ясны булууны шахагдсан хугарал, баруун гуя, зүүн сарвуунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Дын Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч О.Агийн ээрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэхангай хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Хохирогч О.Агаас “...Л.Д нь хохирлыг барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсан хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Л.Дыг хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

 

Харин хохирогч О.Ад  зүүн шаант ясны булууны шахагдсан хугарал бүхий гэмтэл учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Даас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Л.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Л.Д нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Л.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Лгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч О.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ