Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/344

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2022         03            09                                    2022/ШЦТ/344

           

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Л.Галав,

хохирогч П.Т,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Цын Бд холбогдох эрүүгийн 2206 00000 0228 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын орчимд П.Тийг уулзъя гэж дуудан ирүүлж, түүний нүүр лүү мөргөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч П.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр 2 цагийн үед би **** дугаар руу залгаад Бтай холбож, миний нэрийг оролцуулаад хэрүүл хийгээд байгаа юм уу,  би ямар ч холбоогүй уулзаагүй удаж байна гэж хэлэхээр залгасан. Тэгсэн чинь эргэж залгаад чи Бтай ямар холбоотой юм бэ? хоёулаа уулзах уу гэхээр би чамтай уулзахгүй гэсэн чинь чамайг хаана байгаа газраас чинь олоод ална шүү гэж хэлэхээр би чаддаг юм бол Улиастайд ирээд алахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би Улиастайн эцсийн буудал дээр байна гараад ирээч гэхээр яах юм бэ? гэхээр хоёулаа уулзъя би чамайг яах ч үгүй гэхээр Га гэдэг найзтайгаа яваад очсон. Тэгсэн чинь үгийн зөрөөгүй шууд чи Т үү мөн үү гээд манай найзыг газар унагаагаад цохисон. Тэгэхээр нь би Т байна гэж хэлсэн чинь намайг нүүр лүү мөргөөд ахтайгаа нийлээд 15-20 минут зодсон. Тэгээд цагдаа ирсэн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч П.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би БЗД-н 23 дугаар хороо **** **** тоотод амьдардаг. Би 2021 оны 1 сард нэг охинтой танилцаад харьцаж байгаад 2021 оны 09 сард хоорондоо маргаанаас болж маргалдсан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай салсан найз охины найз банди Б гэх залуу надруу ******** гэх дугаараас залгаад Б хаана байна. Надтай уулзалгүй 5 хонолоо чамтай цуг байгаа юм шиг байна гэж надаас асуухаар нь би Б-аас салснаас хойш ганц уулзаагүй, харьцаагүй гэж хэлэхэд чамт итгэхгүй байна, байгаа газарт чинь яваад очьё гэж хэлэхээр нь би байгаа газраа зааж өгчөөд гэртээ байж байхад над руу Б залгаад би Улиастайд ирчихлээ гэж над руу мессеж бичихээр нь би чамтай уулзаад яахав дээ, надтай байхгүй учраас одоо зүгээр больчих гэж хэлэхэд над руу дахин залгаад би ирсэн байна гараад ир, хэдэн үг сольчоод явна зодоон цохион хийхгүй гэж хэлэхээр нь удалгүй гэрээсээ гараад очсон Намайг улиастайн хуучин эцэс дээр ирэхэд Б нь ахтайгаа нийлээд нэг танихгүй хүнийг чи Т мөн байна гээд зодож байхаар нь би очоод наад хүн чинь Т биш Т гээд хайгаад байгаа хүн чинь би байна гэж хэлэхэд ямар нэгэн шалтгаангүйгээр ахтайгаа нийлж намайг зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-17 дугаар хуудас/,

 

            Б.Бий хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улиастайн хуучин эцэс дээр цуг ажиллаж байсан Э ахтайгаа юм яриад байж байхад **** УАВ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 загварын машинаас нүдний шилтэй том биетээ залуу бууж ирээд Б үү гэх шиг болохоор нь би тийм байна гэхэд намайг шууд зодож эхэлсэн. Тэр залуутай хамт явж байсан 1 эрэгтэй. 2 эмэгтэй нь салгах гэж оролдож байсан. Тэгтэл хаанаас ч юм нэг залуу гарч ирээд би Т байна, та нар буруу хүн зодоод байна гэж хэлэх шиг болсон. Тэгээд нөгөө залуу тэр Т гэх залуугийн нүүр лүү мөргөөд цохиод байсан. Тухайн үед миний эрүү жоохон өвдөөд байсан. Удалгүй цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Б.Бий хохирогчоор дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад шүүх эмнэлэг үзүүлэх тогтоол 2 ч удаа хийж өгсөн. Би тухай бүрт нь үзүүлэх шаардлагагүй, гэмтэл шарх учраагүй гэж хэлсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас /

 

Гэрч Г.Гын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ аав Гын хамт байж байхад манай найз Т 21 цагийн үед манайд ирээд “хуучин найз охины найз залуу нь надтай уулзана гээд ирж байгаа, хоёулаа хамт хуучин эцэс ороод уулзчихаад ирье” гэхээр нь би “чи зодолдох гээд байгаа юм уу” гэхэд Т-тэй ярьсан залуу нь хэл амаараа учраа олчихъё гэсэн, гайгүй байх, хамт очоод ирье гэхээр нь гэрээс гараад Улиастайн хуучин эцэс дээр ирэхэд нэг том биетэй нүдний шилтэй залуу 1 эрэгтэйг газар унагаагаад зодож байсан. Тэгэхэд нь Т “би Т байна, чи буруу хүн зодоод байна” гэхэд Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу шууд хүрч ирээд Тийн нүүрлүү гараараа цохиж аваад үстээд зодоод байсан. Тэгтэл Бтэй хамт явж байсан ах нь хажуунаас нь Тийн үснээс зулгаагаад байсан. Тэр үед Б бас Тийг зодсон. Би ахыг нь салгаад цааш авч явж байхад Бийн ах нь гэх залуу миний толгой хэсэгт цохисон. Тухайн үед хамт явж байсан 2 эмэгтэй нь ирж тэднийг салгаж аваад машиндаа суулгаад авч явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн оройн 20 цагийн ажлаасаа гараад гэртээ ирэхэд манай эхнэр болон эхнэрийн эгч А, дүү Б нар пиво уугаад сууж байсан. Тэгтэл Б Улиастай орж хүнтэй уулзчихаад ирье, та машин бариад яваад өгөөч гэхээр нь за тэгье гээд явахаар болсон. Тэгтэл манай эхнэр болон эгч А нар хамт явья гээд явсан. Сансар хавьцаа явж байхад манай дүү Б утсаар залгаад яриад байх шиг байсан. Т гэж хүүхэдтэй уулзана гээд байх шиг байсан. Тэгээд Улиастайн хуучин эцэс дээр ирэхэд 2 танихгүй залуу явж байхаар манай дүү бууж очоод “Чи Т мөн үү” гэхэд тийм мөн байна гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Б тэр залуутай маргалдаад зодож байхад цаанаас гэнэт “наадах чинь Т биш ээ, би Т байна, та нар буруу хүн зодсон байна” гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Б Тийг барьж аваад нүүр лүү нь мөргөөд байсан. Би Тийг салгатал найз нь гээд хамт явж байсан шар үстэй залуу нь над руу дайраад байсан. Тэгээд би дүүгээ салгаж аваад машинд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн  49 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү Б бие засах гэж буухаар нь бид 3 араас нь буутал Улиастайн хуучин эцэс дээр 2 залуу машин халаагаад зогсож байхад нь Б очоод “чи Т мөн юм уу” гэхэд нөгөө залуу нь мөн гэх шиг болсон. Тэгтэл манай дүү Б нөгөө залуугийн нүүр лүү гараараа 2 удаа цохиод газар унагаад байж байтал цаанаас ахиж 2 залууг гарч ирээд “наадах чинь Т биш ш дээ, би Т байна, чи буруу хүн зодоод байна” гээд гараад ирсэн. Тэр сүүлд гарч ирсэн Т гэх залуугийн нүүр лүү манай дүү Б 2 удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн  54 дүгээр хуудас/

 

 

Гэрч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Улиастайн хуучин эцэс дээр ирээд Б бүуж бие засаад буцаж байхад 2 залуу машинаа халаагаад зогсож байх шиг байсан. Б тэр 2 залуу дээр очоод маргалдаж байгаад залуухан хар нэхийтэй залууг нь барьж аваад нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод газар унагасан. Тэгтэл цаанаас бас 2 залуу гарч ирээд “Та нар хүн андуураад байна, би Т байна” гэхээр нь Б очоод Т гэх залууг 2 удаа нүүр лүү нь мөргөсөн. Тухайн үед би учрыг нь олохгүй Бийг салгаад “чи ямар учиртай юм, юун Тийг хайгаад хүн зодоод байгаан” гэхэд найз охиноосоо болсон гэж байсан. Би Бийг салгаад машинд суулгаад буцаад иртэл Оийн нүүр лүү нөгөө Т гэх хүүхэд нь цусаа цацсан байсан.” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн  60 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Т-ийн нүүр лүү нь 2 удаа мөргөөд зууралдаж байгаад ахиад нүүр лүү нь 1 удаа алгадаад салсан. Тухайн үед хамт явсан манай хүргэн ах намайг салгах гэж байхад Ттэй хамт ирсэн залуу нь ах руу дайраад байсан. Тэрнээс хойш зодоон болоогүй манай эгч ах нар намайг машинд суулгаад явцгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 854 дугаартай:

            “1. П.Тийн биед зулайн хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. П.Тийн хамрын яс хугаралтай байх ба хугарлын шинэ хуучныг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 71 дүгээр хуудас/,

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт /хавтас хэргийн 72 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 73 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 хороо, Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын орчимд П.Т-ийг уулзъя гэж дуудан ирүүлж, түүний нүүр мөргөх, гараараа цохих зэргээр биед халдаж, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Ганцэцэг “Миний үйлчлүүлэгч Ц.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж зөвшөөрч байгаа. Барилгын ажлыг улирлын шинж чанартайгаар эрхэлдэг. Ээж аав нь бас хамт хийдэг.  Торгуулийн ялыг биелүүлэх  боломжтой гэж үзээд гэмт хэргийн хор уршиг нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан торгуулийн ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлт санал гаргасан.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр П.Т-тэй найз охины улмаас утсаар хоорондоо маргалдаж, улмаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн автобусны буудал дээр очиж П.Тийг дуудаж, түүнийг хүлээж байхдаа Б.Бийг андуурч нүүр лүү 1-2 удаа цохисон байх бөгөөд энэ үед П.Т Г.Гын хамт ирж, шүүгдэгч Ц.Б нь П.Тийн нүүр лүү мөргөх, гараараа цохих зэргээр биед нь халдсан байна.

 

Б.Б нь хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад шүүх эмнэлэг үзүүлэх тогтоол 2 ч удаа хийж өгсөн. Би тухай бүрт нь үзүүлэх шаардлагагүй, гэмтэл шарх учраагүй гэж хэлсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учираагүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ./хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

Хохирогч П.Тийн зүгээс Ц.Б нь ахын хамт намайг зодсон гэх боловч тухайн үед шүүгдэгч Ц.Бтэй хамт явж байсан гэрч Э.Т, Ц.О, Ц.А, хохирогчтэй хамт явж байсан Г.Га зэргийн мэдүүлгүүдээр Э.Т нь тухайн зодооныг салгах гэж хохирогч П.Тийн үснээс зулгаасан болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 854 дугаартай дүгнэлтээр хохирогч П.Тийн биед зулайн хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч П.Тийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч П.Тт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 854 дугаартай дүгнэлтээр “зулайн хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч П.Тийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Ц.Б, хохирогч П.Т нар нь үл ялих зүйлээс буюу найз охин гэх Бын улмаас хоорондоо маргалдсан байх бөгөөд шүүгдэгчийн хувьд уг маргааныг хүч хэрэглэж, бусдад халдан цохиж зодож, бяр чадлаа гайхуулах гэсэн, уур бухимдлаа бусдад хүч хэрэглэх замаар гаргах гэсэн муйхар, төлөвшөөгүй, ёс зүйгүй буруу сэтгэлгээнээс, мөн бүрэн гүйцэд нийгэмшээгүй улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

 

Хохирогч П.Т нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг дурдав.

 

Харин хохирогч нь хамрын хагалгаанд орох зардлаа нэхэмжилмээр байна гэсэн  бөгөөд хохирол төлбөртэй холбоотой баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                       

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” гэх,

Шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг “торгуулийн ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэсэн ялын төрлүүдийг зааж өгсөн.

 

Уг ялын төрлүүдээс торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул оногдуулах боломжгүй гэж үзлээ.

           

Шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хохирогч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ч хохирогчид учруулсан хохирол гэмтэлтэй холбогдуулан хохирол төлбөр төлөөгүй, нийгэмшээгүй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

           

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Цын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ