Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 125/2023/0056/З |
Дугаар | 221/МА2024/0470 |
Огноо | 2024-07-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0470
2024 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2024/0470 | Улаанбаатар хот |
Б. Н ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Нэхэмжлэлийн шаардлага:
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.Н д холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолын Б.Н д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 125/ШШ2024/0024 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,
хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, С.Б,
хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н,
Хэргийн индекс: 125/2023/0056/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н аас Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 125/ШШ2024/0024 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н ын ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.Н д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын Б.Н д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна.
3.1 Татварын албаны лавлагаагаар 2021 оны төлбөрийг тухайн онд 298 төгрөгөөр газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн байсныг Татварын албан дээр очиж тодруулж байсан,
3.2. 2021 оны 10 дугаар сарын 27-нд дахин нэхэмжлэх үүсгэсэн байсны 2022 оны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоос төлсөн болох нь тогтоогддог,
3.3. 2023 оны газрын төлбөрийг бүтэн жилээр нь 195,160 төгрөг үүсгэснийг маргаан бүхий захирамж гаргахаас өмнө төлөх ёстой гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, улирал улирлаар нь хувааж төлөх ёстой гэж ямар үндэслэлээр үзсэн нь тодорхойгүй,
3.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдлын тухайд нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй болсноос газраа зориулалтын дагуу ашиглах үүснээс газраа бэлдэж байсан,
3.5. Газраа ашиглаагүй гэх хугацааг 2021-2022 он гэж тооцсон дагуу нэхэмжлэгч тал тухайн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар нотлох баримтаа гаргахаар хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн,
3.6. Шүүх өөрийн санаачилгаар талуудын маргаагүй он болох 2016-2019 оны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Захиргааны байгууллагын зөвлөн туслах чиг үүргээ хэрэгжүүлээгүй талд дээр дүгнэлт хийгээгүй,
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/275 дугаар захирамжаар Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлах 4879.2 м.кв талбай бүхий газрыг иргэн А.Н***ээс шилжүүлэн авч, “ойжуулалт, нөхөн сэргээх” зориулалтаар 14 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан.
3.2 Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон хавсралтад нэр дурдсан Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б.Н ын 4879.2 м.кв талбай бүхий газар багтсан.
3.3 Улмаар Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 13/05 дугаар тогтоолоор “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэр газрын төлөвлөлтийг 1 дүгээр хавсралтаар баталж, үүнд Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн 32.6 га газрыг хамруулж, мөн өдрийн “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” 13/15 дугаар тогтоолоор Ховд хотыг 2023 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн цэцэглэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32.6 га газарт хавсралтад заасан байршилд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү цэцэглэгт хүрээлэн шинээр байгуулах байршилд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар багтжээ.
3.3 Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгчээс шүүхэд хандан “...газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө хугацаанд нь төлж ирсэн бөгөөд газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн зүйл байхгүй, ...газрын төлбөрийг улирлаар хийх ёстой байсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ... шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэнгүй, ... Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан А/283 дугаар захирамж гарсан талаар Б.Н надад 7 сард мэдэгдээгүй, шуудангаар ирүүлээгүй. Харин 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Ц.Бад захирамж гарсан гэж хэлсний дагуу миний бие 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр газрын даамалтай уулзаж, тус захирамжийг мэдэж, гардаж авсан... ” хэмээн маргасан.
4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж,
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг 2021 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, 2023 оны 1 дүгээр улирлын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах үндэслэлтэй” гэж дүгнэсэн буруу боловч Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь “аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлтийн хавсралтын 14-т “... зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 02-32-04/102/26 дугаартай дүгнэлтэд “... 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй, ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн...” гэх дүгнэлтээр тус тус тогтоогдсон хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь 8414000308 нэгж талбарын дугаартай газрын төлбөрийн 2021 оны ногдол 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 46,838 төгрөгийн нэхэмжлэх үүссэнийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, газрын дэд албаны 2021 оны ногдол 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 31,226 төгрөгийн нэхэмжлэл үүссэнийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны ногдол 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 175,644 төгрөгийн нэхэмжлэл үүссэнийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлж барагдуулсан.
2023 оны газрын төлбөрийн ногдол 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бүтэн жилээр 195,160 төгрөг гэсэн байдалтай үүссэнийг төлөөгүй, үлдэгдэлтэй байгаа болох нь Ховд аймгийн Татварын газрын 2024 оны 107 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “2021 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй” гэх дүгнэлт үндэслэлгүй. Мөн захиргааны байгууллагаас 2023 оны газрын төлбөрийн нэхэмжлэхийг бүтэн жилээр нь үүсгэсэн. Тухайн газрын төлбөр төлөх жил дуусаагүй байхад хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гарган нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн байхад шүүхээс “1 дүгээр улирлын газрын төлбөрөө төлөөгүй” гэж хариуцагчийн шийдвэрийг зөвтгөн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Харин эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үйл баримтын хувьд нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, ойн бүсэд байрлалтай 4879.2 м.кв талбай бүхий газрыг сумын Засаг даргын 2016 оны А/275 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсноос хойш газар дээрээ “ойжуулалт, нөхөн сэргээх” зориулалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй болох нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 21-04-047/100 дугаартай дүгнэлт, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 02-32-04/102/26 дугаартай дүгнэлт болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 125/ШШ2024/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА