Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 01

 

Мобиком корпорацийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 425 дугаар шийдвэртэй Ц-д холбогдох,

Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1.302.000 төгрөг, ярианы төлбөрт 35.307 төгрөг, нийт 1.337.307 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20146687 тоот гэрээ байгуулан 95090900 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone 5S /16GB/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Харилцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан болно.

Ц нь 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод очиж гэрээ хийж iphone 5s гар утасыг үндсэн үнэ 1.757.000 төгрөгнөөс хямдруулж, хоёр жилийн хугацаатайгаар зээлээр 1.247.000 төгрөгөөр худалдан авч гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрт 455.000 төгрөг төлж, зээлээр авсан гар утасны төлбөрт сар бүр 33.000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн. Мөн  22.000 төгрөгний багцын үйлчилгээг авч, зээлээр авсан гар утасны төлбөрт нийт 55.000 төгрөг төлөхөөр байсан. Гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэнээс хойш төлбөр төлөөгүй бөгөөд 8 дугаар сарын 01-нд гар утасны төлбөр, ярианы багцийн төлбөрт 53.729.41 төгрөг, 9 дүгээр сарын 01нд 55.578 төгрөг, 10 дугаар сарын 01-нд 55.000 төгрөг тус тус гарч Ц нь дараалан 3 сар төлбөрөө төлөөгүй байгаа. Дээрх iphone 5s гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 3.2-т үйлчилгээ үзүүлэгч нь 1 сараас дээш хугацаагаар гар утасны үнэ, төлбөрийг төлөөгүй бол хэрэглэгчээс гар утасны төлбөрийг бөөнд нь нэхэмжлэх эрхтэй гэж заасан тул энэ үндэслэлээр 11 дүгээр сарын 01-нд гар утасны үндсэн үнэ болох 1.757.000 төгрөгнөөс урьдчилгаанд төлсөн 455.000 төгрөгийн хасаж тооцон 1.203.000 төгрөг дээр өмнөх гурван сарын төлбөрийг нэмээд 1.337.307 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ц нь анх 2010 оны 12 дугаар сарын 02-нд гэрээ хийж 95090900 дугаарыг авсан байдаг тиймээс олон жил дараа төлбөрт үйлчилгээг хэрэглэж, тогтмол төлбөрөө төлж байсан зэрэг тодорхой шалгуурын дагуу гар утас зээлээр олгодог байгаа. Хариуцагч энэ дугаарыг 2010 оноос хойш ашигласан тул манайхаас iphone гар утас зээлээр хөнгөлттэй үнээр худалдан авч, 22.000 төгрөгний багцын үйлчилгээг авсан. Тиймээс гэрээ хийхдээ хөнгөлттэй үнээр гар утас зээлээр худалдсан бөгөөд гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул зээлээр олгосон гар утасны төлбөрийг үндсэн үнээр тооцож шаардаж байгаа. Энэ талаар худалдах худалдан авах нэмэлт гэрээний 2.7-д заасан. Манай байгууллага 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцааны 30.000 төгрөгийг төлбөрөөс хасаж, гэрээг манайх дангаараа цуцалсан байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хүний хаяг тодорхойгүй байсан тул гэрээнд бичигдсэн цахим шуудангийн хаягаар нь имэйл явуулж байсан. Ц нь гэрээ хийгдэх үед хотод байсан юм билээ. Сүүлдээ манай Говь-Алтай аймгийн Цогт сум руу шилжсэн юм болов уу гэж ойлгосон. Ц дугаар сэргээж өгсөн тохиолдолд уг төлбөрийг төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 95090900 дугаарыг 2010 онд гэрээ хийж авсан бөгөөд энэ дугаар нь Ц өмч биш, гэрээний хугацаанд түүнд эзэмшүүлж байсан. Харин одоо манай байгууллага 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг, багцын төлбөрийн үйлчилгээг нэхэмжилж байгаа. Иймд зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, ярианы багцын төлбөрт нийт 1.337.307 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 20146687 тоот гэрээтэй хэрэглэгч би 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх болсон шалтгаан нь гэрээгээр бол 95090900 дугаарыг огт хэрэглээгүй 1 жил болвол цуцалж өөр хэрэглэгчид шилжүүлэх ёстой. Гэтэл хөдөө ажилд яваад иртэл гэрээ хийсэн 95090900 дугаарыг 6 сар бариагүй байхад зарсан. Өөрсдөө гэрээний үүргээ эхэлж зөрчсөн болно. Анх эхэлж 95090900 дугаарыг дараа төлбөртөөр аваад урьдчилсан төлбөрт болгож болно гэж мобикомын худалдагч хэлсэн. Иймээс 95090900 дугаарыг надад буцааж өгч мөн урьдчилсан төлбөрт болгож авахыг зөвшөөрвөл 1.337.307 төгрөгийг төлнө гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Тайжууд овогт Гүнчин-Ишийн Ц /ДМ85060718/-аас iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүрэгт 792.000 төгрөг, үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний гэрээ буюу iPhone 22000 багцын үйлчилгээний төлбөрт 35.307.41 төгрөг, нийт 827.307.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 24.405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан  сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийг  өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй  нь давж заалдах журмаар гомдол  гаргах  хугацааг тоолоход саад  болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2017/00425 тоот дугаартай шийдвэрийг гардан авч танилцаад, зарим хэсгийг нь эс зөвшөөрч нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Тус шүүх “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэсэн үндэслэлээр мөн энэхүү маргааны үнэн зөв гол зангилааг тайлан шийдвэрлэх талаас нь огт ажиллаагүй харин хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хэргийн үйл баримтын талаар товчхон дурьдвал:

Харилцагч нь манай байгууллагын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20146684 тоот гэрээ байгуулан 95090900 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулан iPhone 5S гар утсыг үндсэн үнэ болох 1.757.000 төгрөгнөөс хямдруулан, 24 сарын хугацаатайгаар урьдчилгаа төлбөр 455.000 төгрөг төлж, 1.247.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан ба сар бүр 33.000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн. Түүнчлэн iPhone 22.000 төгрөгний багцыг сонгосон бөгөөд уг ярианы багцад сар бүр 22.000 төгрөг болон зээлээр авсан гар утасны төлбөрт нийт 55.000 төгрөг төлөхөөр байсан. Гэтэл хариуцагч Ц нь харилцаа холбооны тухай хуулийн 26.2.2-т заасан хэсгийг зөрчсөн мөн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр одоо болтол төлөгдөөгүй байна. Иймд манай байгууллагын зүгээс Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 510.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

            1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /ШШ-4-р тал/ iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 3.2 дахь хэсгийнг үндэслэн шийдвэр гаргасан нь илт буруу гэдэг нь харагдаж байна. Учир нь “iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний 2.7 буюу хэрэглэгчийн эрх, үүрэг гэсэн хэсэгт: Хөнгөлөлттэй нөхцөлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч iPhone багцаа гэрээний 24 сарын хугацаанаас өмнө гэрээ цуцлах тохиолдолд гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэж заасан нь ИХШХШТХ-д зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй бөгөөд мөн гэрээний дээрх заалт нь зөвхөн хэрэглэгчийн эдлэх эрх биш харин хүлээх хариуцлагыг зохицуулж өгсөн байтал шүүхийн зүгээс ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            2.Түүнчлэн гэрээний 3.2 буюу үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсэгт: Үйлчилгээ үзүүлэгч нь 1 сараас дээш хугацаагаар гар утасныхаа төлбөрийг төлөөгүй бол хэрэглэгчээс гар утасны төлбөрийг бөөнд нь нэхэмжлэх эрхтэй гэж заасан байгаа нь үндсэн үнээр нь буюу бөөнд нь тооцож хэрэглэгч төлөх үүрэг хүлээж гарын үсэг зурсан нь илэрхий байхад шүүх үүнд буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

            3. Хариуцагч Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 20146687 тоот гэрээтэй хэрэглэгч би 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх болсон шалтгаан нь гэрээгээр бол 95090900 дугаарыг огт хэрэглээгүй   1   жил болвол  цуцалж өөр хэрэглэгчид шилжүүлэх ёстой. Гэтэл хөдөө ажилд яваад иртэл гэрээ хийсэн 95090900 дугаарыг 6 сар бариагүй байхад зарсан.            Иймээс уг дугаарыг надад буцааж өгч мөн урьчилсан төлбөрт болгож авахыг зөвшөөрвөл 1.337.307 төгрөгийг төлнө гэсэн байдаг. Энэ нь хариуцагч гэрээний     үүргээ     биелүүлээгүй     мөн     үндсэн     төлбөрөөр     нэхэмжилсэн нэхэмжлэлийн   шаардлагыг  эсэргүүцээгүй  атал   шүүх   хариуцагчийн   шүүхэд гаргасан  хариу тайлбараас өөр зүйлд ач  холбогдол өгсөн гэж үзэж байна. Хариуцагч    нэхэмжлэгчийн    шүүхэд    гаргасан    нэхэмжлэлийн    шаардлагыг зөвшөөрч байгаа  нь тодорхой байхад шүүх хуулийн дагуу  үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 133/ШШ2017/00425 тоот шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц-д холбогдуулан 20146687 дугаартай үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний гэрээгээр гар утас зээлээр худалдаж авсны үнэ 1.337.307 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц, Мобиком корпораци ХХК-ний хооронд 20146687 дугаартай үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний гэрээ, мөн iPone 5S /16GB/ гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх гэрээний хуулбар, гар утасны баталгаат засварын хуудасны нотариатаар батлуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээний дагуу хариуцагч Ц нь iPhone-22000 багцийн үйлчилгээг сонгож iPhone багц ашиглах 24 сарын гэрээ байгуулан, гар утсыг хөнгөлөлттэй үнээр авахаар,  үндсэн үнэ 1.757.000 төгрөгний утсыг хөнгөлөлттэй үнэ буюу 1.247.000 төгрөгөөр тооцож, сард 33.000 төгрөгийн хураамж төлөхөөр, гэрээний хугацаа 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар талууд  тохиролцож баталгаажуулжээ.

  Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан Үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний болон iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний дагуу хариуцагч Ц нь сард төлөх төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ үзүүлэгч буюу нэхэмжлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн төлбөрөө төлөхийг сануулж “анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй гэж үзэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцалсныг “...зээлээр авсан iPhone гар утасны төлбөрийг үндсэн үнэ 1.757.000 төгрөгөөр тооцож хэрэглэгч буюу хариуцагч Ц төлөхөөр үүрэг хүлээсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэрээний заалтыг оновчтой тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь Үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 “...хэрэглэгчийн мэдээллийн маягтад өөрчлөлт орох...”, 3.7 “...өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд и-мэйл хаягаас хүсэлт илгээн авах...”, зэрэг эрх, үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн “Анхааруулах хуудас” илгээхэд ч төлбөр төлөгдөөгүйгээс үйлчилгээ үзүүлэгч буюу нэхэмжлэгч нь мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.2, 4.5.4-д заасан “... төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, ..үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай,..хэрэглэгч гэрээний хаяг дээрээ оршин суудаггүй.., гэж хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, төлбөр тооцооны талаар уг гэрээний нөхцөлд заасан заалтуудын дагуу болон мөн гэрээний 4.6-д үйлчилгээ үзүүлэгч нь тухайн дугаар идэвхгүй төлөвт байгаа бол 4 дэх сард, төлбөрийн үлдэгдэлтэй дугаарыг 9 дэх сард нь гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан үндэслэлээр үйлчилгээ үзүүлэгч буюу нэхэмжлэгч нь iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 2.7-д заасан хөнгөлөлттөй нөхцлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч iPhone багцаа гэрээний 24 сарын хугацаанаас өмнө гэрээ цуцлах тохиолдолд гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гар утасны үндсэн үнийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхээс  гэрээний 2.7-д заасан зохицуулалт нь хэрэглэгч өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах тохиолдолд хэрэгжих зохицуулалт гэж дүгнэсэн нь буруу бөгөөд энэ нь хэрэглэгчийн эдлэх эрх биш хүлээх үүрэг, хариуцлагын  талаар зохицуулсан заалт гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн гэрээний дагуу хариуцагчаас гаргуулахаар шаардсан 1.337.307 төгрөгнөөс 827.307 төгрөгийг хасч, зөрүү 510.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 –т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2017/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “792.000” гэснийг, “1.302.000” гэж, “827.307” гэснийг “1.337.307” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас 510.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “24.405” төгрөг  гэснийг “36.307” төгрөг гэж өөрчилж , шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ

 

                         ШҮҮГЧИД                                           Б.АРИУНБАЯР

 

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН