Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 799

 

 

 

 

 

 

 

 

 

Г.А, С.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Нямдорж,

яллагдагч С.Т, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

                                                                                             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр Г.А, С.Т нарт холбогдох 1902 0020 90084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Г-ын А, 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, авга эгчийн хамт .................. дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ................. байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн .... дүгээр хороо, ... хорхоолол, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Х овгийн С-ын Т, 2000 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 5, эх, эмэг эх, эгч, дүүгийн хамт ...................... дүүргийн ... дугаар хороо, ................... гудамжны, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн ............. дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................../;

Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1” хорооллын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй 8.1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, С.Т-т Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 5.63 грамм жинтэй “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 30.000 төгрөгөөр худалдсан,

С.Т нь Г.А-гээс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетра гидроканнабинолын агууламжтай 5.63 грамм жинтэй “каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 30.000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар биедээ хадгалсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, С.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.А-гийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтдээ “яллагдагч Г.А-д прокуророос гардуулсан яллах дүгнэлтэд төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллийг буруу бичсэн байна. Мөн хавтаст хэргийн материалтай уншиж танилцаад прокурорт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргахад хүсэлтийн хариу өгөхгүйгээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.14-т зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтэй байна” гэжээ.

Хэргээс үзэхэд яллагдагч Г.А-гийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорт 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр тус хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгуулах талаар хүсэлт гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийг шийдвэрлэж гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 298 дугаартай Прокурорын тогтоол гарч, уг тогтоолд гомдол гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурьджээ. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг уг прокурорын шийдвэрийг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авсан байх бөгөөд яллагдагчийн өмгөөлөгчийн хуульд заасан гомдол гаргах эрхийг хангаагүй, энэхүү эрхээ эдлэх боломжоор хангаагүй С.Төгөлдөр, Г.А нарт холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлжээ. Мөн прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг засварлах боломжтой, үг, үсэг зэрэг техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлаж байх ба 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Г.А-гийн төрсөн огноо, С.Т-ийн регистрийн дугаарыг тус тус буруу буюу зөрүүтэй бичсэн байна. Прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан тодорхой шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үйлдэгдэх эрх зүйн акт юм. Иймд, прокурорт цаашид ийм алдаа дахин гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна. Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт дээрх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажилллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Ш.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЗ/1200 дугаартай захирамж нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж чадаагүй ба хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана. ...”, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг...зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах тухай хүсэлт”, 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, ...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн заалтуудад дүгнэлт хийлгүй буцаах урьтал болгосон нь дээрх хуулийг ноцтой зөрчих байдалд хүргэжээ.

Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд дурьдсан техникийн шинжтэй алдааг засуулах талаар шүүх хуралдааны явцад тодорхой чиглэл гаргасан мөртлөө буцаах заалтын иш үндэслэл болгосон. Өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн гаргасан гомдол нь эрүүгийн хэрэгт хийгдсэн ажиллагааг ямар ч үндэслэлгүйгээр дахин хийлгэж цаг хугацаа авах, эсхүл хэргийг удаашруулах илтэд субъектив чиг хандлагатай байхад шүүх өмгөөлөгчийн прокуророос хугацааг дуусгаж авсан хариуг эрхээр нь хангаагүй үндэслэлээр хэргийг буцаах үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай байна. Өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгт прокурорын шийдвэрийг гардаж авах талаар нийт 3 удаа утсаар нь холбогдсон тэмдэглэлийг хариу мэдэгдэх хуудасны ард хавсаргасан байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарласан шүүхийн шийдвэрийн урьд өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр авсан мэтээр ойлгуулж, шүүх хуралдаанд танилцуулж, шүүхээс тэрхүү баримтыг үнэлсэн байгаа нь ойлгомжгүй юм.

Прокуророос хэргийн оролцогчийн гомдлын дагуу хэргийг хянаад уг хэрэгт гэрчээр байцаагдсан О.Батхишиг, С.Цэрэнхажид нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаад хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой талаар тодорхой хариуг өгсөн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-т “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж хуулийн тодорхой зохицуулалт байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т зааснаар Г.А нарт холбогдох эрүүгийн 1902 0020 90084 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЗ/1200 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

 

Яллагдагч С.Төгөлдөрийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгайлан гаргах саналгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх яллагдагч Г.А, С.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заажээ.

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана. ...”, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг...зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах тухай хүсэлт”, 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн заалтуудад дүгнэлт хийлгүй буцаах урьтал болгосон нь дээрх хуулийг ноцтой зөрчих байдалд хүргэжээ. ...” гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд прокурор шүүх хуралдаанд техникийн шинжтэй алдааг засах боломжтой гэж тайлбарласан байна. Шүүх, дээрх алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь   ойлгомжгүй болжээ.

Мөн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн прокурорт гаргасан хүсэлтийг прокурор хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудас танилцуулах арга хэмжээ авч 3 удаа өмгөөлөгчийн утсанд холбогдоход утас нь холбогдоогүй, утсаа авсангүй гэсэн баримт хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн өмгөөлөгчийн гаргасан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр яллагдагч Г.А, С.Тнарт холбогдох хэргийг прокурорт буцааж заавал мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагагүй юм.

Шүүх Г.А, С.Т нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр  хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.А, С.Т нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл яллагдагч Г.А, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                                             Д.ОЮУНЧУЛУУН

 

                         ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ