Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1191

 

2022         08         10                                          2022/ШЦТ/1191

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, 

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Баярмагнай

шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00794 1304 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө тус тус Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 45 дугаар гудамж, ....тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Г.Ч-г байнга зодсон,

2022 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 45 дугаар гудамж, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Г.Ч-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт гараараа цохиж, архины шилээр шилбэнд нь цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хохирогч Ч-н мэдүүлэгт шүүх эмнэлгийн магадлал гэж ярьж байна. Тэр хөхрөлт, бяцралт гээд байгаа илүү дутуу гэмтлүүд байгаа. Ч төрийн албан хаагч байж архины хамааралтай. Байнга архи ууж байдаг. Дийлэнх нь худал мэдүүлэг өгдөг. Өмнө болж байсан асуудал дээр хороон байцаагч нарт нэлээн багцаа байгаа. Би өөрөө ч гэсэн тайлбарлаж хэлж байсан. Би өмөөрч байгаа зүйл биш. Би эмэгтэй хүнийг зодож нүдэж, элдэв бус ааш гаргасан нь миний буруу. Архины хамааралтай гэдэг нь архи уухаараа гадагшаа дотогшоо тэнээд алга болдог. Орж ирэхээрээ янз бүр болчихсон байдаг учраас маргаан болдог. Хутга тулгаад архи уухгүй бол ална гэсэн зүйл байхгүй. 21-ний өдөр Тэнгисийн талбай дээр жагсаал болсон. Хорооноос 10 гаран хүн гарах ёстой гээд тэнд явсан байсан. Цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарсан байсан. Нэрмэл шимийн архи авчирсан. Машин дотор 1.5 литрийн 2 сав архи уусан. Бид нар гэртээ ирээд 0.75 литрийн хараа архи уусан. Тухайн үед маргалдсан зүйл байхгүй. Надад хутга тулгаж дарамталсан зүйл байхгүй. Би нэлээн согтуу байсан. Хорооны цагдаагаар машинаас бариулсан байсан учраас миний машиныг нь авчирч өгсөн. Тэгээд түлхүүрээ аваад унтахгүй гээд гүйгээд гараад явсан. Тэгээд жолоочоороо машинаа бариулж явсан байх. Оройн 21 цагийн үед 2 хөлөө унжуулсан байдалтай унтаж байхад хөл бадайраад байсан. Тэгсэн чинь миний 2 шилбэ рүү ээлжлээд өшиглөсөн. Сэрээд өөдөөс нь хараад босоод “зайл” гээд орилсон. Тэгээд 2-3 удаа шилбэ рүү нь өшиглөсөн. Гараараа бариад зодож нүдсэн зүйл байхгүй. Орон дээр хэвтэж байхад дээрээс дарсан гэдэг бол худлаа. Мөн 0.5 литрийн архины шилээр толгой руу нь цохисон гэдэг худлаа. 0.5 литрийн архи авч орж ирсэн. Тэгээд тэрнээс нь нэг татчихаад уухгүй гээд шидсэн чинь шилбэнд нь оносон. Тэрнээс гараараа цохиж нүдээгүй. Гараад явчихаж магадгүй гэж бодоод гаднаас нь түгжээд, түлхүүрийг шалавч доор хийгээд охин руу нь залгахад утсаа аваагүй. Тэдний гэрээс гараад 2 гудамж өнгөрч яваад ухаан алдаад унасан байна лээ. Халтуурт явдаг залуу намайг Улиастайн Булгийн эхэнд байдаг ээжийн гэрт хүргэж өгсөн. Тэр шөнөө хоноод маргааш нь гэмтэл орсон. Шарх сорвио боолгож янзалсан. Тэрнээс хойш утсаа авахгүй байсан. Гэрээр нь очиход хаалга нь цоожтой байсан. Манай ээж хорооны хуралд суух гэж байгаад түнхээ мултлаад баруун чөмгөө хугалсан учраас ээжийгээ асарсан. Тэгээд 2 сарын дараа буюу 4 дүгээр сард буцаж уулзсан. Тэгээд 5 дугаар сард ийм үйл явдал болсон.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дахь тал/,

- Хохирогч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хамтран амьдрагч Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд 0.5 литрийн хараа архи барьж орж ирээд архи ууя гэж хэлэхэд нь би үгүй гэж хэлэхэд гал тогооны шүүгээнээс хутга аваад хоолойд тулгаад, архи уухгүй бол чамайг ална гэж хэлээд, гал тогооны шалан дээр хэвтүүлээд ам руу архи цутгасан. Тэгээд намайг босгож ирээд хажуу талын орон дээр гаргаж хэвтүүлэхэд нь эсэргүүцэл үзүүлж босох гэтэл барьж авч ирсэн архины шилээрээ зүүн талын шилбэ орчимд маш олон удаа цохиж шилбэнээс цус гарч, архины шил нь газар унасан. Тэгээд миний дээр суугаад зүүн талын шанаа хэсэгт 3 удаа цохисон. 2016 оноос хойш хамт амьдарч байсан, намайг олон удаа зодож цохиж байсан, тухай бүр Цагдаагийн байгууллагад хандаж байсан, торгуулийн болон баривчилгааны арга хэмжээ хэд хэдэн удаа авагдаж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дахь тал/,

- Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ээж Г.Ч-ийн биед байнгын тогтмол гар хүрдэг байсан, манай ээж энэ талаараа надад 2018 оноос хойш Өлзийжаргал миний биед гар хүрдэг болсон гэдгийг хэлсэн. Хардах шалтгааны улмаас биед нь их бага хэмжээгээр халддаг хүн байгаа юм. Архины хамааралтай архи уусан байхдаа ихэнхдээ ээжийн биед гар хүрдэг гэж би төрсөн эх Г.Ч-ээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2104 дугаартай: “...Дүгнэлт:

1. Г.Ч-ийн биед зүүн талын чамархай суурийн заадас хэсгээс аксиал тэнхлэгийн дагуу чамархайн яс ар 1/3 хэртэл үргэлжилсэн шугаман хугарал, ууцны 5, ахар сүүлний 1,2,3,4-р нугалмын их биеийн хугарал, зүүн шилбэнд шарх, хүзүү, зүүн алга, баруун шилбэ, нуруунд зулгаралт, зүүн шуу, баруун, зүүн алга, хуруу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-29 дэх тал/,

- Зөрчлийн шийтгэл ногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2081 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2835 дугаартай шийтгэврүүд /хх-ийн 64-68 дахь тал/,

- Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 56-63 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон бөгөөд хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө тус тус Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 45 дугаар гудамж, ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Г.Ч-ийг байнга зодсон,

2022 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 45 дугаар гудамж, 1027 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Г.Ч-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт гараараа цохиж, архины шилээр шилбэнд нь цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дахь тал/,

- Хохирогч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хамтран амьдрагч Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд 0.5 литрийн хараа архи барьж орж ирээд архи ууя гэж хэлэхэд нь би үгүй гэж хэлэхэд гал тогооны шүүгээнээс хутга аваад хоолойд тулгаад, архи уухгүй бол чамайг ална гэж хэлээд, гал тогооны шалан дээр хэвтүүлээд ам руу архи цутгасан. Тэгээд намайг босгож ирээд хажуу талын орон дээр гаргаж хэвтүүлэхэд нь эсэргүүцэл үзүүлж босох гэтэл барьж авч ирсэн архины шилээрээ зүүн талын шилбэ орчимд маш олон удаа цохиж шилбэнээс цус гарч, архины шил нь газар унасан. Тэгээд миний дээр суугаад зүүн талын шанаа хэсэгт 3 удаа цохисон. 2016 оноос хойш хамт амьдарч байсан, намайг олон удаа зодож цохиж байсан, тухай бүр Цагдаагийн байгууллагад хандаж байсан, торгуулийн болон баривчилгааны арга хэмжээ хэд хэдэн удаа авагдаж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дахь тал/,

- Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ээж Г.Ч-ийн биед байнгын тогтмол гар хүрдэг байсан, манай ээж энэ талаараа надад 2018 оноос хойш Ө миний биед гар хүрдэг болсон гэдгийг хэлсэн. Хардах шалтгааны улмаас биед нь их бага хэмжээгээр халддаг хүн байгаа юм. Архины хамааралтай архи уусан байхдаа ихэнхдээ ээжийн биед гар хүрдэг гэж би төрсөн эх Г.Ч-ээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2104 дугаартай: “...Дүгнэлт:

1. Г.Ч-ийн биед зүүн талын чамархай суурийн заадас хэсгээс аксиал тэнхлэгийн дагуу чамархайн яс ар 1/3 хэртэл үргэлжилсэн шугаман хугарал, ууцны 5, ахар сүүлний 1,2,3,4-р нугалмын их биеийн хугарал, зүүн шилбэнд шарх, хүзүү, зүүн алга, баруун шилбэ, нуруунд зулгаралт, зүүн шуу, баруун, зүүн алга, хуруу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-29 дэх тал/,

- Зөрчлийн шийтгэл ногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2081 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2835 дугаартай шийтгэврүүд /хх-ийн 64-68 дахь тал/,

- Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 56-63 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг ухамсарлан мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.    

******* нь хохирогч Ч-тэй 5 жил хамт амьдарч байгаагаа тайлбарлаж байгаа ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Ч-ийн эрүүл мэндэд халдаж байнга зодсон нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргүүдийн шийтгэврүүд, хохирогч шүүгдэгчийн мэдүүлгүүдээр нотлогдож, хүчирхийлэл үйлдэх явцдаа Ч-ийн биед хүнд хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ: шүүгдэгч   ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө тус тус Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 45 дугаар гудамж, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Г.Ч-ийг байнга зодсон, 2022 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 45 дугаар гудамж, 1027 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Г.Ч-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт гараараа цохиж, архины шилээр шилбэнд нь цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3 дахь хэсэгт “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Баярмагнайгаас шүүгдэгч *******-ыг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Хохирогч Г.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д: гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон ...бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д: гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан.... бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хүнд гэмт хэрэгт хамаарна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцтай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хүчирхийлэл үйлдэж зодсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж хорих ял эдэлж байсан зэргийг харгалзан *******-д оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Г.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 65 хоног цагдан хоригдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******-д 8 жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар *******-д 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн *******-ын нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ын урьд цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6. Хохирогч Г.Ч нь цаашид гарах  эмчилгээний зардлаа Иргэний хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ

                                           ШҮҮГЧИД                                  Ц.МӨНХТУЛГА

                                                                                                М.ТҮМЭННАСТ