Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/393

 

 

 

 

 

 

 

 

 

 2022         09           28                                           2022/ШЦТ/393                                        

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч М.Одгэрэл,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн ДД.Ад холбогдох эрүүгийн 2234000000323 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 40  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганц бие, Төв аймаг Цээл сумын “Баруун дэнж” 4 дүгээр багт оршин суух хаягтай,

урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 37 шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ял, 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-1, 239.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ял,

2008 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн  Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 арын хорих ял,

2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2-1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сар 10 хоног хорих ял,

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, НЩ82082277 дугаарын регистртэй, Б овгийн ДД.А, 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.А нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутагт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын байранд урьд болсон үйл явдлын талаар шалтаглан иргэн Д.Шг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.А:

...Хохирол нэхэмжлээгүй, хэн хэнийх нь буруу учраас... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000323 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутагт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын байранд урьд болсон үйл явдлын талаар шалтаглан иргэн Д.Шг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 380 дугаартай ...Д.Агийн биед хүзүү, баруун чамархай, баруун эгмэнд зулгаралт цээжинд цус хуралт, зулай, зүүн мөрөнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, зрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...талаарх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 361 дугаартай ...Д.Шгийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...талаарх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

хохирогч Д.Шгийн ...Би Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газарт 2018 оноос хойш байгаль хамгаалагчийн ажил хийж байгаа ба 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед ажил дээрээ дуудагдаж ирээд Засаг даргын тамгын газрын үүдэнд жижүүр Батбаатарын хойно зогсож байтал Д.А гэх залуу нь согтуугаар намайг пязда, гөлөг минь гэх зэргээр доромжлоод намайг зодох гээд дайраад байхаар нь би чамд хийсэн гэж байхгүй, чи яахаараа надтай таарахаараа агсан тавьж байдаг юм гэхэд чи согтуу байна эрүүлдээ надтай уулз гэж хэлтэл Д.А нь баруун гараараа миний зүүн нүдний хөмсгөнд цохиход миний хөмсөг сэтэрч их хэмжээгээр цус гоожсон түүний араас гараараа хамар хэсэг мөн зүүн нүдний доод талд 2 удаа миний нүүрэнд гараараа гурван удаа цохисон тэгээд жижүүр Батбаатар нь бид хоёрыг салгаж Д.Аг цааш нь аваад явахаар нь Цээл сумын цагдаагийн байранд ирэхэд манай хоёр цагдаа байхгүй байхаар нь засаг даргын тамгын газарт очиж гар нүүрээ угаах гээд очиход Д.А нь над руу дахин ална чамайг гээд гараараа цохих гээд байхаар нь хогийн машин дээр архины шил байхаар нь аваад айлгах гээд далайхад огт айхгүй байхаар нь хэрэлдэж байгаад архины шилээр Д.Агийн толгойны орой хэсэг рүү нь нэг удаа цохиход архины шил хагарсан гэтэл намайг жижүүр Батбаатар салгаад гэр рүү явуулсан. Тэгээд би гэртээ очиж цагдаад утсаар дуудлага өгсөн. Д.А нь над руу агсан тавиад доромжлоод чамайг ажилгүй болгоно гэхээр нь би салаавч гаргахад намайг шууд ирээд цохисон ямар нэгэн муудалцах шалтгаан бид хоёрт байхгүй.../хх-ийн 6-7 дугаар хуудас/,

гэрч Д.Агийн ...Би Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэн, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газарт нийтэд тустай ажил 200 цагийн ажил хийж байгаа юм. Тухайн өдөр Засаг даргын тамгын газрын үүдэнд ажлаа хийх гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирээд сууж байх хугацаанд тухайн газар ажилладаг Байгаль хамгаалагч Д.Ш гэх хүн ирэхээр нь би Д.Шд хандан –та утсаа хаясан байхаар нь би олж өгсөн биз дээ та хүмүүст намайг хулгайч гэж яагаад хэлж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Д.Ш нь надад хандаж –чи дандаа яахаараа энэ утсан дээр хэрүүл хийж байдаг юм бэ гэж хэлээд өөрийн мотоцикл дээрээ гүйн очиж түлхүүрийг нь сугалан авч  над руу гүйгээд ирэхээр нь би нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохиход газар унаад босоод ирэхээр нь харсан чинь хөмсөг нь сэтрээд цус гойжиж байсан. Тэгээд жижүүр Батбаатар нь салгаад Д.Шг аваад явсан. Хэсэг хугацааны дараа би портер маркийн автомашины сүүдэрт сууж байхад миний араас архины шилээр толгой тус газарт 1 удаа цохиод хүзүү хэсэгт мотоциклийн түлхүүрээр 1 удаа хатгаж, зурах үед нь Батбаатар ах салгаад аваад явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Д.Ш эрүүл байсан.../хх-ийн 12 дугаар хуудас/,

яллагдагч Д.Агийн ...Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ажлаа хийх гээд сууж байхад Д.Ш гэх хүн ирэхээр нь би Д.Шд хандаж –Та утсаа хаясан байхаар нь би олж өгсөн биз дээ та хүмүүст намайг хулгайч гэж яагаад хэлж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Д.Ш нь надад хандаж –чи дандаа яахаараа энэ утсан дээр хэрүүл хийж байдаг юм бэ гэж хэлээд өөрийн мотоцикл дээрээ гүйн очиж түлхүүрийг нь сугалан авч над руу гүйгээд ирэхээр нь би зүүн нүд хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохиход газар унаад босоод ирэхээр нь харсан чинь хөмсөг нь сэтрээд цус гойжсон байсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.../хх-ийн 29 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Аы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33-94 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Одгэрэл:

            ...Шүүгдэгч Д.А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэний улмаас нэг хүний бие хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны өгсөн мэдүүлэг зэргээр шинжлэн судлагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэхүү хэргийн улмаас гарсан хохирол хор уршиг байхгүй.... гэсэн,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х:

            ...Хуульд заасан гэм буруугаа шүүгдэгч бол  хүлээн зөвшөөрдөг гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хор уршиг өнөөдрийн байдлаар арилсан. Энэ хэрэг гарахдаа нөлөөлсөн шалтгаан хохирогчийн зүгээс мөн хууль бус зүйл хийж оролцсон. Хор уршиг арилсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн... гэсэн,

 

            Шүүгдэгч Д.А:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Гэхдээ шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Ц.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.А дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Ад холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогч Д.Шг нүүрэн тус газарт нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.А нь хохирогч Д.Шг нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Одгэрэл:

            ... Шүүгдэгч Д.А 2022 оны 06 сарын 25-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Аы үйлдсэн гэмт хэргийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал энэ хэргийн улмаас хохирогчийн хувийн байдал  зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэмээн энэхүү дүгнэлтийг гаргаж байна... гэсэн,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х:

            ...Шүүхээс гэм буруутайд манай үйлчлүүлэгчийг  тооцсон. Д.А үйлдсэн үйлдэлд хуульд заасан хариуцлага хүлээлгэх санал оруулж байна. Тэр газар ажиллаж байхад захиргааны ажилчидтай хувийн таарамжгүй харилцаа гарсан. Тиймээс албадан ажил хийлгэх арга хэмжээ биш торгуулийн арга хэмжээ авч өгнө үү... гэсэн,

 

            Шүүгдэгч Д.А:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх шүүгдэгч Д.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Д.Ад оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Аы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Шгийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Д.Ш нь шүүгдэгч Д.Ааас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.Шд шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000323 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн ДД.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн ДД.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн ДД.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн ДД.Ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000323 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн ДД.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Ш нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн ДД.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн ДД.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН