Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1315

 

2022          9          8                                    1315     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Э холбогдох эрүүгийн 2206 01548 2445 дугаар хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Л.Э нь Баянзүрх дүүргийн _ дугаар хороонд байрлах _ хорооллын _ тоотод хамтран амьдрагч Д-ийн хамт 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр очиж хонохдоо хохирогч Б.Д-ийн ээмэг, бөгжийг цонхны тавцан дээр байхад нь нууцаар, хууль бусаар авч 1.239.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Д гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,

/хавтаст хэргийн 7 дахь тал/

Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ээмэг, бөгж цонхны тавцан дээр дандаа байдаг байсан бөгөөд хамгийн сүүлд би 2022 оны 03 дугаар сарын 04-ний орой цонхон дээр тайлж тавьсан бөгөөд орой нь унтаж амраад 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед Э манай дүү хоёр 00-ын өрөөний үүдний хэсэгт маргаад байсан бөгөөд явна, явуулахгүй гээд маргаад байсан. Тэгээд орцонд гараад хэрэлдээд байсан. Удаагүй манай дүү намайг алгадсан гээд уйлаад орж ирсэн. Тэгээд би орой ээмэг, бөгж алга болсныг мэдсэн. Хүүхдээсээ асуухад би өглөө 07 цагт 00 орж бие засахад ээмэг, бөгж цонхон дээр ил байсан гэж хэлсэн. Би алга болсоныг 18 цагийн үед мэдсэн. Дүүтэй маргалдахын өмнө авсан байх гэж бодож байна. Алтан бөгж 999 сорьцтой сүйн бөгж байсан, 4.3 граммтай одоо 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. 1 хос 585 сорьцтой монетон ээмгийг 600.000 төгрөгөөр үнэлнэ. ...Э нь одоогоос 2 сарын өмнө утсаар яриад “би таны бөгж болон ээмгийг авсан нь үнэн” гэдэг талаараа миний дүү болох Д дамжуулан хэлсэн. Д, Э нар нь хамтран амьдарч байгаа. Тэгээд миний хохирлыг барагдуулж өгнө гээд дүү Д, Э нар нь одоогоос нэг сар орчмын өмнө “Зоос гоёл” үнэт эдлэлийн дэлгүүрээс бөгжийг нь, Мөнгөн завъяагаас ээмгийг нь тухайн үед алдсан ээмэг бөгжтэй дүйцэхүйц үнэт эдлэл авхуулж хохирлоо бүрэн барагдуулж дууссан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16, 17 дахь тал/

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 18-19 цагийн үед найз залуу Э-гийн хамт эгч Д-ийн гэр болох Баянзүрх дүүргийн _ дугаар хороо _тоотод очсон. Гэрт нь очоод 5 хоноод 2022 оны 03 дугаар сарын 06-ны өглөө Э бид 2 маргалдсан бөгөөд Энхзоригт гарч явна гээд би явуулахгүй гээд хэлсэн чинь намайг алгадаад явсан. ...Эгч Д өдөр бүр цонхны тавцан дээр өөрийн зүүдэг эрвээхэй хэлбэртэй монетон 1 хос ээмэг, сүйн алтан 1 ширхэг бөгжийг тайлаад тавьдаг юм. Орой 18 цагийн үед эгч Д миний тайлж тавьсан үнэт эдлэл алга болчихсон байсныг манай эгч мэдээд надад хэлсэн, бид хоёр гэртээ хайгаад олдохгүй болохоор нь Энхзориг руу залгахад согтуу байсан. Маргааш нь дахин залгатал согтуу байсан. ...Э-оос өөр гадны хүн байхгүй бөгөөд ...би гарлаа гэж шалтгаангүй хэлсэн бөгөөд би хаачих гэж байгаа юм гэхэд ойр зуур гарч хэдэн төгрөг олъё гэж хэлээд маргалдаад зугтаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 19 дэх тал/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №Б31-22-486 дугаартай үнэлгээний: “...Зах зээлийн үнэлгээгээр нийт 1.239.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан,

/хавтаст хэргийн 24 дэх тал/

Яллагдагч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, би гаргасан үйлдэлдээ буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Б.Д-ийн хохирол болох 1.239.000 төгрөгний ээмэг, бөгжийг авч өгч хохирол бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч Л.Э нь Баянзүрх дүүргийн _дугаар хороонд байрлах _ тоотод хамтран амьдрагч Д-ийн хамт 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр очиж хонохдоо хохирогч Б.Д-ийн ээмэг, бөгжийг цонхны тавцан дээр байхад нь нууцаар, хууль бусаар авч 1.239.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хавтаст хэрэгт цугларсан иргэн Д гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх7/, хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний ээмэг, бөгж цонхны тавцан дээр дандаа байдаг байсан бөгөөд хамгийн сүүлд би 2022 оны 03 дугаар сарын 04-ний орой цонхон дээр тайлж тавьсан бөгөөд орой нь унтаж амраад 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед Энхзориг манай дүү хоёр 00-ын өрөөний үүдний хэсэгт маргаад байсан бөгөөд явна, явуулахгүй гээд маргаад байсан. Тэгээд орцонд гараад хэрэлдээд байсан. Удаагүй манай дүү намайг алгадсан гээд уйлаад орж ирсэн. Тэгээд би орой ээмэг, бөгж алга болсныг мэдсэн. Хүүхдээсээ асуухад би өглөө 07 цагт 00 орж бие засахад ээмэг, бөгж цонхон дээр ил байсан гэж хэлсэн. Би алга болсныг 18 цагийн үед мэдсэн. Дүүтэй маргалдахын өмнө авсан байх гэж бодож байна. Алтан бөгж 999 сорьцтой сүйн бөгж байсан, 4.3 граммтай одоо 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. 1 хос 585 сорьцтой монетон ээмгийг 600.000 төгрөгөөр үнэлнэ. ...Энхзоригт нь одоогоос 2 сарын өмнө утсаар яриад би таны бөгж болон ээмгийг авсан нь үнэн гэдэг талаараа миний дүү болох Д-эр дамжуулан хэлсэн. Тэгээд миний хохирлыг барагдуулж өгнө гээд дүү Д ,Э нар нь одоогоос нэг сар орчмын өмнө “Зоос гоёл” үнэт эдлэлийн дэлгүүрээс бөгжийг нь, “Мөнгөн завъяа”-гаас ээмгийг нь тухайн үед алдсан ээмэг бөгжтэй дүйцэхүйц үнэт эдлэл авхуулж хохирлоо бүрэн барагдуулж дууссан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх, /хх13, 17/, гэрч Б.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 18-19 цагийн үед найз залуу Энхзоригтын хамт эгч Дгийн гэр болох Баянзүрх дүүргийн _ дугаар хороо _ тоотод очсон. ...Эгч Д өдөр бүр цонхны тавцан дээр өөрийн зүүдэг эрвээхэй хэлбэртэй монетон 1 хос ээмэг, сүйн алтан 1 ширхэг бөгжийг тайлаад тавьдаг юм. Орой 18 цагийн үед эгч Д миний тайлж тавьсан үнэт эдлэл алга болчихсон байсныг манай эгч мэдээд надад хэлсэн бид хоёр гэртээ хайгаад олдохгүй болохоор нь Энхзориг руу залгатал согтуу байсан. ...Энхзоригоос өөр гадны хүн байхгүй бөгөөд би гарлаа гэж шалтгаангүй хэлсэн бөгөөд хаачих гэж байгаа юм гэхэд ойр зуур гарч хэдэн төгрөг олъё гэж хэлээд маргалдаад зугтаад яваад өгсөн.” гэх, /хх19/, яллагдагч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тогтоолтой танилцлаа, би гаргасан үйлдэлдээ буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Б.Д гийн хохирол болох 1.239.000 төгрөгний ээмэг, бөгжийг авч өгч хохирол бүрэн барагдуулсан.” гэх /хх58/ мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №Б31-22-486 дугаартай үнэлгээний тайлан /хх24/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Энь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд 1.239.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч “Э- нар нь одоогоос нэг сар орчмын өмнө Зоос гоёл үнэт эдлэлийн дэлгүүрээс бөгжийг нь, мөнгөн завъяагаас ээмгийг нь тухайн үед алдсан ээмэг бөгжтэй дүйцэхүйц үнэт эдлэл авхуулж хохирлоо бүрэн барагдуулж дууссан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж /хх17/ мэдүүлсэн, хавтаст хэргийн материалтай танилцаад “Санал, хүсэлт байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.


Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-дхорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, уг хугацаанд албадлагын арга хэмжээ авах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Л.Э нь хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх73/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Л.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Э-дхорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, хяналтын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Л.Э-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                   

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Л.Э-дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, хяналтын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Л.Э-дмэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ