| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/0244/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1288 |
| Огноо | 2022-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1288
2022 9 02 1288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Э,
улсын яллагч М.Оюунбат,
хохирогч С.Э, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 2103 00386 0064 дүгээр хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь ** дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэр, “МТ” шатахуун түгээх станцын баруун талын зам дээр 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим “Тоёота приүс” маркийн **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны аюулгүй байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хөдөлгөөнөө эхлэн чирч унагаснаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,
мөн 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _ байрны орцон дотор хохирогч С.Этэй маргалдаж, улмаар орцны шатаар чирэх, чирэх явцдаа биед нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, улмаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын урд талын Нарны зам хүртэл явах замдаа **** УНВ улсын дугаартай “Тоёота приүс” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн нүүрэн тус газарт болон биед нь гараараа цохиж, зодсоны улмаас хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 7 дугаар сарын 12-ны 23 цаг өнгөрч байсан. Ерөнхийдөө Э эрт ирсэн. Цонхны доор орилоод миний нэрийг дуудсан. Байр тойрч явж байгаад хаалга үүд тогшсон. Тогшингуут нь гараад очсон чинь уйлаад чарлаад байсан. Хажуу айлын хүмүүсээс санаа зовоод “гаръя” гэсэн, “гарахгүй” гэсэн. Давхруудаар орилж чарлаад тэрнээс үүдэлтэй гарнаас нь нэлээн хүчтэй шатаар доош гарнаас нь татаад буулгасан. Хэсэг юм ярьж зогсож байгаад чамайг хүргээд өгье гээд машиндаа суулгаад гэр лүү нь явсан. Явж байх замдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахгүй, жолоочийн ард талын суудалд сууж, хойноос татаж чангаах тиймэрхүү үйлдэл хийгээд явсан.Одоо ингээд гэртээ орчих оо гэсэн чинь бууж өгөхгүй болохоор нь буугаад хаалгыг нь онгойлгоод машинаас буулгахдаа гараас нь хүчтэй базаж явган хүний зам нэлээн өнгөрөөд машинаас буулгасан. Хэсэг юм ярьж байгаад явахаар болоод машины хаалгыг хаах гэсэн чинь хаалгахгүй байсан. Тэгээд хаалгахгүй болохоор нь буцаж гарч юм ярьж тэвэрч аваад замаас нэлээн зайтай холдуулаад машин луугаа гүйж ирээд машиндаа суугаад хөдлөөд явсан. Хойноос гүйж ирээд машинд чирэгдээд гэмтэл учирсан байгаа.” гэв.
Хохирогч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч О.Э-ийнмэдүүлгийг сонслоо. Ер нь үнэнээ хүлээх нь хүчирхэг чанар. Хийсэн хэргээ тэс өөр хэлж байна. Бид хоёр нэг байгууллагад ажиллаж байхдаа 2020 оноос дотносож гэр орноороо орж гардаг, хувийн дотно харилцаатай байсан. Дотно байх хугацаандаа О.Э уур уцаар зохисгүй байдал надад огт гаргаж байгаагүй. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн орой гэрт нь очиход гэртээ оруулаагүй. Хаалгаа онгойлгож гарч ирэнгүүтээ “пизда минь, авгай минь ална шүү” гээд орилж хашхираад ямар ч шалтгаангүйгээр шууд миний нүүр, гар, толгой руу цохиод пизда минь алаад хаячихна шүү гээд шатны уруу чирч унагаагаад хөл, гуя руу өшигчиж зодсон. Би уйлсан чинь “дуугүй бай авгай минь, алаад хаячихна шүү пизда минь, үхээд өгөөч” гэж занаад байсан. Би маш их гайхаж байсан. “Битгий зодооч дээ хайраа, би яг яасан юм бэ, хоёулаа ярилцъя” гэж гуйгаад уйлсан. Зодож занасаар, харааж зүхсээр намайг чирээд машиндаа суусан. Суулгаад замдаа миний хоёр гар болон нүүр, ам, толгой руу мөн л цохиж зодоод “чи үхээд өгөөч авгай минь, чи бид хоёрын хайр гэж юу байдаг юм, хөгширч үхэх гэж байж чи” гээд орилж хашгичаад мөн согтуу хүн шиг машиныхаа рулийг хайш, яааш хамаагүй дарж аваар хийчих гээд аймар байсан. Би энэ талаар гомдол мэдүүлэгтээ өгч байсан. Машин дотроо миний нүүр ам руу цохисноос миний уруул амнаас цус гарсан. Би маск зүүсэн байсан. Маскан дээрх цусаа хүртэл Э-д харуулаад “битгий зодооч дээ миний уруул амнаас цус гоожоод, хамаг бие өвдөөд байна” гэж уйлаад зөндөө гуйсан, зөндөө аргадсан. “Ална шүү авгай минь, чи үхээд өг” гээд харааж занасаар л явсан. Цохиж зодож явсаар манай гэрийн ойролцоо Нарны зам дээр ирсэн. Би хамаг бие өвдөөд бас гомдоод уйлаад сууж байсан. Тэгтэл машинаа зогсоогоод шууд бууж ирээд намайг чирч буулгасан. Чирч буулгаад түлхсэн. Машин дотроо миний хоёр гар луу цохисоор байгаад гэрийн түлхүүрийг машиныхаа шалан дээр унагаасан байсан. Би түлхүүрээ авъя гэж олон удаа хэлсэн. Би цүнх савгүй, ганцхан түлхүүрээ гартаа барьсан явж байсан. Намайг түлхүүрээ авъя гэхэд нүүр лүү цохисон. Аваар хийчих гээд аймар байсан. Машин дотроо нүүр амруу цохиход уруул ам руу цус гарсан. “Хамаг бие өвдөөд байна” гэтэл “ална шүү пизда минь” гээд дайрч давшаад машиндаа ороод суусан. Тэр үед машиных нь цонх онгорхой байсан. Би “түлхүүрээ авъя” гээд суусан талынх нь хаалгыг татахад дотроосоо түгжсэн. Тэгээд би арынх нь хаалганы бариулаас бариад татахад толиндоо хараад шууд намайг хараад чирээд явсан. Намайг харсан, мэдэж байгаа учраас Э-ийг зогсох байх гэж бодсон. Э зогсоогүй. Би хурдтай нэлээн чирэгдэж байгаад Нарны зам дээр унасан. Унахдаа 2 өвдөг, гарын алгаараа унаж бэртэж гэмтсэн. Тухайн үед би маш их цочролд орсон. Шоконд орсон. Бие өвдөөд маш хэцүү байдалтай байсан. Э мэдсээр, харсаар байж намайг алахыг оролдсон. Арай ч дээ маш их гомддог. Гэрийн түлхүүрээ авъя гэж бодсон. Гэртээ орж чадахгүй нь дээрээс нь Э ална шүү, авгай минь гээд байнга заналхийлсэн. Түлхүүрдэж орж ирээд алаад хаячих байх гэж би их айсан. Түлхүүрээ ямар ч байсан энэ хүнээс салгаж авъя гэж бодсон. Зүв зүгээр дотно харьцаатай, маш гоё харьцаатай байж байгаад гэнэт зодож машинаараа чирч, өвдгийг минь гэмтээсэнд маш хэцүү байгаа. Э-ийг өмнө нь ийм зан авир гаргаж байсан бол гэрт нь тухайн өдөр би очихгүй байсан. Урьд нь бид хоёр ам мурийж, хэрүүл хийж байгаагүй. Э өөрөө сайн мэдэж байгаа. Энэ хүнийг ийм харгис хэрцгий зан араншин гаргана гэж даанч санасангүй. Үнэндээ дэндүү дотно байсан. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Зүгээр яриад хоёр тийшээ болж болно. Боломж байсан. Гэтэл заавал аюултай аргаар машинаараа чирч, өвдөг гэмтээж, эрүүл мэнд болон сэтгэл санааг минь гэмтээж гэмтэл учруулсанд маш гомдолтой байна. Энэ асуудлаас хойш миний сэтгэл санаа гүн хямралд орсон. Айдас түгшүүртэй. Шөнө унтахаа больсон. Яагаад гэхээр миний хамгийн их итгэж хайрлаж, хүндэлж, дотно харьцаатай хүн маань гэнэт зангаа хувиргаж, зодож, машинаараа чирч, гэмтээж, амь насанд минь аюултай байдалд оруулсан. Энэ байдал үнэндээ миний зүрх сэтгэлээс ерөөсөө гарч өгөхгүй, гомдолтой байна. Яагаад зүв зүгээр байсан хүнийг ийм зовлонд унагаж байгаа юм. Аргагүй эрхэнд мэдрэлийн эмчид хоёр удаа үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Шархадны сэтгэцийн эмнэлэгт хоёр удаа үзүүлж, одоо ч эмчилгээ үзүүлж байгаа. Хэвтэж эмчлүүлэх оноштой гэсэн. Эмнэлэгт орны очер хүлээж байгаа. Надад үнэхээр хэцүү байна. Зүүн өвдөгний чагтан холбоосны гэмтэлд тасралтгүй жил гаран эмчилгээ, эм, тариа хэрэглэлээ. Эдгэхгүй байна. Байнга өвдөлт зовуурьтай, өвчин намдаагч хэрэглээстэй байна. Эмч нар хагалгаа хийх шаардлагатай гэж зөвлөсөн. Маш их гомдолтой байна. Энэ хүний уран цэцэн гоё үгэнд дотноссондоо гүнээ харамсаж байна. Хохирол зардлаа яръя. Э надтай хувийн байдлаар дотносож итгэл авч харьцаж байгаад гэнэт намайг ямар ч шалтгаангүйгээр зодож, машинаараа чирч, маш аюултай арга хэрэглэж миний амь нас эрүүл мэндэд халдаж биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулж, сэтгэл санаа эрүүл мэндийг хохироосонд туйлын их гомдолтой байна. Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас бие сэтгэл санаа, эрүүл мэнддээ гэмтэл авч одоо ч гэмтэл бүрэн эдгэрч өгөхгүй байна. Миний бие эмчилгээний зардалд одоогийн байдлаар 4.711.859 төгрөгийн зардал гарсан. Үүнээс Э 4.240.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 470.859 төлөгдөөгүй байгаа. Цаашид өвдгөнд учирсан гэмтэлд хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардал гаргуулах шаардлагатай, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлтэй байна. Ээс энэ өвдөгний эмчилгээ хагалгааны зардлаа иргэний журмаар нэхэмжлэх болно. Мөн энэ хэргийн улмаас хууль зүйн зөвлөгөө туслалцаа авч ажлын хөлсөнд 1.100.000 төгрөг төлсөн. Үүнийг мөн гаргуулах, нийт эмчилгээ болон хууль зүйн зөвлөгөөнд нийт 5.811.859 төгрөгийн зардал гарсан. Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хохирлын үлдэгдэл 1.571.859 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаа. Мөн Э миний өрөвч зөөлөн сэтгэлийг ашиглаж, миний итгэлийг олж дотносож харьцахдаа янз бүрийн гачигдал зовлон тооцож миний гэрээс хоол хүнсээ бэлдүүлж, манай гэрээс мах, сүү, цагаан идээ зөөж авч байсан. Машиндаа бензин хүртэл дүүргүүлж байсан. Дэлгүүр лүү дагуулж ороод хүнс болон ахуйн хэрэглээгээ авхуулж тэтгүүлж байсан. Надаар алтан бөгж, мөнгөн аяга хүртэл авхуулж байсан. Би улаан нүүрэн дээр нь бүх үнэн байдлыг нь хэлж байна. Бүх юмаа бэлдүүлж байсан. Ийм л дотно хүмүүс байсан. Гэхдээ дээр дурдсан хүнсний зүйлүүдийг нэхэхгүй. Гэхдээ алтан бөгж, мөнгөн аягаа буцааж авна. Зарж борлуулж эмчилгээнд тус дэм болгоно. Мөн надад буцааж өгнө гэж ХААН банкны дансаараа 3.900.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөг нийт 5.900.000 төгрөг авч ашигласан мөртлөө мэдүүлэгтээ огт мөнгө авч байгаагүй гэж мэдүүлсэн байсан. Энэ хүн ичиж амьдрах хэрэгтэй. Дансны хуулгаар нотлогдож байгаа. Энэ талаар цагдаа, прокурорт залилан мэхэлсэн талаар гомдол гаргасан. Гомдол гаргахад Э 7 дугаар сарын эхээр 5.900.000 төгрөгөөс өчигдөр орой нийт 3.000.000 төгрөг өгсөн. 2.900.000 төгрөг өгөөгүй байна. Үүнийг би Э эс гэм хохирлын үлдэгдэл 1.571.859 төгрөг дээр буцааж өгөх ёстой 2.900.000 төгрөг дутуу байгааг нэмээд 4.471.859 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Би яагаад ингээд яриад, гомдоод байна вэ гэхээр Э хүнийг ашиглаж ашиглачихаад машинаараа чирч алахыг завдаж байгаа байхгүй юу, би Э-д ямар ч гэм хийгээгүй. Ямар ч шалтгаангүйгээр зодож, машинаар чирч байгаа нь хамгийн харгис аюултай аргыг хийж байна. Машинаараа чирээд үхсэн бол Э юу ярихыг мэдэхгүй. Би өөрт нь хэлж байсан. Чи яагаад зодож, чирч гэмтээхээсээ 10 хоногийн өмнө 1.000.000 төгрөг авсан бэ, хоёр хоногийн өмнө гэрээсээ хоол хийлгүүлж идээд хайртай шүү гээд Натурын замд дэлгүүрийн гадаа буулгаад явж байсан. Ийм л дотно харьцаатай байсан хүн. Ийм дотно байсан хүний гэрт нь ордог, гардаг байж байгаад орой гэрт нь яваад очиход яагаад зодож, занаж, машинаараа чирнэ гэж бодох билээ гэж би өөрт нь хэлж байсан. Энэ бол үнэн аймар. Аймар хүн байна лээ. Эцэст нь хэлэхэд цагдаа, прокурорынхон гэмт хэрэг үйлдэж байгаа сэдэл, санаа зорилгыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ зам тээврийн ослын гэмт хэрэг биш. Санаатай миний эрүүл мэндэд халдаж, машинаараа чирч аюултай нөхцөл байдлаар амь насанд халдсан гэмт хэрэг. Зам тээврийн осол бол санамсар болгоомжгүйгээс болж үүсдэг. Би бол автын хүн. Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах баазын дарга, ерөнхий инженерээр олон жил ажилласан. Гэтэл энэ хүн орцондоо зодоод, машиндаа зодоод, чирч буулгаад машинаараа чирээд үйлдэл нь үргэлжлээд байгаа байхгүй юу. Манай цагдаа, хууль хяналтынхан шударга ажилладаггүй юм байна гэж ойлгогдсон. Шүүгч хэргийн бодит нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх байх гэж бодож байна. Маш их гомдолтой байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Э-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл,
/хавтаст хэргийн 9-11 дэх тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, осол,
хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,
/хавтаст хэргийн 13-18 дахь тал/
Хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 22 цагийн үед О.Э-ийнХан-Уул дүүрэгт байрлах гэрт нь очиход О.Э уурлаад “явъя пизда минь ална шүү” гээд гарнаас бариад шат руу чирээд байхаар нь би уйлсан. ...замдаа машиндаа толгой, гар луу гараараа цохиод зодсоор байгаад манай гэрийн урд талын Нарны зам дээр зогсоод “машинаас буу” гэсэн, тэгээд би “хоёулаа сайхан ярилцъя” гээд машины хойд талын суудал дээр сууж байтал О.Э машины баруун талын хойд хаалгаар намайг чирч буулгаад машиндаа суугаад явах гэхээр нь би “гэрийн түлхүүрээ авъя” гээд ...хойд хаалганаас нь татсан чинь дотроосоо машинаа түгжээд маш хурдтай хөдлөөд явахдаа намайг 20 гаран метр газар чирэгдээд газар унагаагаад машинаа зогсоогоогүй шууд яваад өгсөн. ...Одоо зүүн хөлний өвдөг хэсэг нугалахаар таталдаж өвдөнө, зогсохоор час хийж өвдөнө, жаахан алхаад явахаар өвдөлт нь улам ихэсдэг, хамар зүүн талруугаа битүүрдэг, ...уруул дотор талдаа язарсан, тухайн үедээ толгой, хамар, шанаа, өвдөг бүхий л бие янгинаж өвдөж байсан, халуурч байсан. Миний биед үүссэн хоёр гарын гэмтлүүд, хамрын мурийлт, уруулын язрал, гуяны хөхрөлт зэрэг гэмтлүүдийг О.Э намайг гэрийнхээ орцонд болон машиндаа суулгаж байгаад гараараа зодсоноос үүссэн. Харин хоёр хөлийн өвдгөнд учирсан гэмтлийг машинаараа чирснээс үүссэн. О.Э-ийнгэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа-2 хорооллын 1003 дугаар байрны орцонд зодуулж эхлээд, машинд сууж явахдаа зодуулаад, сүүлд нь Баянзүрх дүүргийн _ дугаар хороо, _ “МТ” ШТС-ын баруун замд буухдаа чирэгдэж унасан. ...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 21-22, 73-74, 164, 198 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6298 дугаартай: “1. С.Эийн биед уруулын салстад шарх, баруун зүүн өвдөг, баруун зүүн гарын алганд зулгаралт, баруун бугалга, шуу, баруун зүүн гарын сарвуу, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 38-39 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай: “1. С.Эийн биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны ташуу сэмэрсэн урагдал, дотор менискийн арын эврийн сэмэрсэн урагдал, уруулын салстад шарх, баруун зүүн өвдөг, баруун зүүн гарын алганд зулгаралт, баруун бугалга, шуу, баруун зүүн гарын сарвуу, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн осол, хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 47-50 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 296 дугаартай: “1. С.Эийн биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны ташуу сэмэрсэн урагдал, дотор менискийн арын эврийн сэмэрсэн урагдал, уруулын салстад шарх, баруун зүүн өвдөг, баруун зүүн гарын алганд зулгаралт, баруун бугалга, шуу, баруун зүүн гарын сарвуу, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Ирүүлсэн С.Эийн 2021,07.14-ний өдрийн толгойн КТГ-н зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдож байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх “зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны ташуу сэмэрсэн урагдал, дотор менискийн арын эврийн сэмэрсэн урагдал, уруулын салстад шарх, баруун зүүн өвдөг, баруун зүүн гарын алганд зулгаралт, баруун бугалга, шуу, баруун зүүн гарын сарвуу, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл” нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 151-156 дахь тал/
Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уруулын салстын шарх гэмтэл нь мохоо зүйлийн цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Баруун бугалга, шуу, баруун зүүн гарын сарвуу, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь автомашины ослоос болон хүний гар хөлөөр цохигдсоны улмаас аль алинд нь үүсэх боломжтой бөгөөд ...бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...хамар ясны буюу 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн томографик шинжилгээг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад хамар ясны баруун хажуу хана деформацитай /хуучин хугарал/, хамрын таславч зүүн тал руу муруй, хамрын таславч болон хамрын хөндийн салст хэвийн байгаа нь хуучийн мурийлт гэж үзнэ гэсэн хариу ирүүлсэн тул тухайн хамрын гэмтэл нь дээрх буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны цаг хугацаанд үүсээгүй, дор хаяж 3 долоо хоног буюу 21 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Тиймээс энэ гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Гэхдээ дээрх ослоос цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 161-162 дахь тал/
Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргалын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай: “1. Тоёота приүс маркийн ***** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны аюулгүй байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 2. Явган зорчигч С.Э нь /УС74011909/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадалгаа,
/хавтаст хэргийн 77-78 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 76 дахь тал/
Хохирогч С.Эээс гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд,
/хавтаст хэргийн 83-85, 201 дэх тал/
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128а дугаар мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай тогтоол,
/хавтаст хэргийн 193 дахь тал/
Яллагдагч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим С.Э өөрөө манай гэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, _ тоотод ирээд надтай орцонд уулзаад бид хоёр юм ярьж байгаад би өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн _ УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суулгаад Эчимэгийг гэрт нь хүргэж өгөхөөр түүний гэр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 101 дүгээр байрлуу явсан. Ингээд гэрийнх нь ойролцоо ирээд Нарны зам дээр зогсоод бид хоёр машинаас хэвийн буугаад явган хүний зам дээр юм ярьж байгаад би явахаар болоод машиндаа суутал миний жолоочийн талын хаалгыг онгойлгоод “би чамайг явуулахгүй бай бай” гэж хэлээд хэсэг хугацаанд зогсоод байхаар нь би машинаасаа буугаад Эчимэгийг машинаасаа холдуулаад буцаж гүйгээд машиндаа суугаад хөдөлсөн. Араас Эчимэг такси барьж гэрийн гадаа ирээд надтай уулзахад Эчимэгийн хөл, гар нь шалбарсан байсан. Өөрөө хэлэхдээ “чиний машины хаалганы бариулаас бариад чирэгдээд унасан” гэж хэлж байсан. ...Би “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Эрүүгийн хуулийн 27.10, 27.11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна, харин С.Эийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж өөрчлөлт оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие дээрх гэмтлийг санаатай учруулаагүй, харин шөнө орой гэрт ирээд орцонд бахирч хашгираад байхаар нь явъя гээд гарнаас татах, машинаас буулгах зэрэг үед дээрх хөнгөн гэмтлийг учруулсан. Тэрнээс биш яг зодож цохиж учруулаагүй. Бусдаар бол хүлээн зөвшөөрч байна. Би шүүх хуралд орохын өмнө 3.500.000 төгрөг төлж барагдуулсан, тэрнээс өөрөөр хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Би С.Эрдэнчимэгээс дээрх хэмжээний мөнгө аваагүй, цувуулаад 800.000 орчим төгрөг аваад буцаагаад өгсөн байгаа. Гэхдээ надад буцааж өгсөн баримт байхгүй. Эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулах болно.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 95, 203-204 дэх тал/
Хохирогч С.Эийн “ХААН” банкны депозит дансны хуулга,
/хавтаст хэргийн 212-214 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх зүйлүүдэд зааснаар шүүгдэгч О.Э-ийг гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрт нийт 6.500.000 төгрөгийг төлсөн. Гэм хор, хор уршигтай холбоотой зардлуудыг бүрэн төлж барагдуулсан. Бусад зардлуудыг шүүгдэгч болон хохирогч нарын зүгээс өмнөх харилцааны явцад бий болсон мөнгөний өгөө, аваа, зээлийн харилцаа байна гэж үзсэн. Энэ талаарх асуудлыг яллах дүгнэлтэд бас дурдаж, хууль зүйн дүгнэлт хийсэн байгаа. Хохирогчид учруулсан гэм хорын асуудал хөндөгджээ. Бусад иргэний журмаар нэхэмжлэх асуудлыг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид “Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр болон хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч О.Э нь хохирогч С.Эийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдсон. О.Э нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ маш харгис хэрцгий арга хэрэглэн эмэгтэй хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж даажигнасан байдлаар үйлдсэн нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна. Яагаад гэхээр энэ хүн хамгийн дотно харилцаатай хүнийхээ итгэлийг нь эвдэж, амь насанд нь аюултайгаар халдаж байгаа нь эрэгтэй хүний хувьд байж болшгүй хамгийн гутамшигтай, ичгүүргүй байдал харагдаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нийтдээ 4.711.859 төгрөгийн хохирол одоогоор гараад байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 1.100.000 төгрөг төлсөн. Нийтдээ 5.811.859 төгрөгийн зардал гарсан. Үүнээс шүүгдэгч О.Э 4.200.000 төгрөг төлсөн. Эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын нийт үлдэгдэл нь 1.571.859 төгрөг байгаа. Өмгөөлөгчийн ажлын хөлс 1.100.000 төгрөг, шинээр гаргаж өгсөн хохирлын баримт, мөн хх-ийн 24 дэх талд 300.000 төгрөгийг төлсөн гэж бичүүлж аваад төлөөгүй. Энэ хохирол нийлээд 471.859 төгрөг болж байгаа. Нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1.571.859 төгрөгийн үлдэгдэл төлөгдөөгүй байна. Хохирогч Эчимэгтэй дотносож харьцаж байхдаа 5.900.000 төгрөгийг залилж авсан уу, зээлж авсан уу, ийм байдлаар аваад энийгээ өгөхгүй байж байснаа хүний эрүүл мэндэд халдаж цаад санаа нь юу гэхээр энэ хүний амь насыг нь хохирооно гэсэн санаа зорилго харагдаад байгаа юм болов уу гэж харддаг. Нэгэнт улсын яллагч зам тээврийн осол гээд зүйлчлээд ирж байгаа. Өнөөдөр энэ 5.900.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг өөрөө төлсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. 2.900.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл хохиролд үлдэж байна. Нийтдээ 4.471.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ хохирол бол Иргэний хуулийн 497.1, 505.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжилж байна. Өмгөөлөгчийн ажлын хөлс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарагдаж байгаа, учраас шүүгдэгчийн гэм буруу тогтоогдож байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү “Миний үйлчлүүлэгчийн санамсар болгоомжгүй энэ үйлдлээс болж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл тогтоогдсон явдалд хохирогч талаас уучлалт гуйж байгаагаа өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгчийн өмнөөс хүлцэл өчиж байгааг минь хүлээж авна уу гэж хүсэж байна. Гэм буруугийн асуудлуудыг нэлээн тодорхой ярьсан. Энэ хэрэг шүүхээс буцаж ажиллагаа хийгдсэн. Тэгэхээр Эрдэнийн хувьд нэг байр суурь ярьдаг. Хохирогчийн хувьд өөр юм ярьдаг. Энэ хоёрын хэн нь үнэн ярьж байгаа, худлаа ярьж байгааг хөндлөнгийн гэрчилж байгаа нэг ч гэрч байхгүй. Эргэлзээтэй байдал үүсэж байгаа гэж үзэж байна. Үйл баримтаараа шүүгдэгч О.Э хэлж байна. Би энэ хүнтэй уулзах дургүй байсан. Гадаа ирээд орилж чарлаад байсан, нэр дуудаад орцонд орж ирээд орилсон. Хүний айл гэр гэдэг бол үнэхээр энэ хоёр гэр бүл болоод баталгаатай дундын өмчлөлд байдаг ийм бол өөр хэрэг. Үнэхээр алах байсан бол гэрт нь хүргэж өгөхгүй шүү дээ. Гэрт нь хүргэж өгөөд чи ингээд буугаад явчих аа гээд машинаас нь холдуулсан. ...Тэгээд үнэхээр мэдээгүй гэдгээ өөрөө хэлээд байгаа. Гэтэл өөрөө автын инженер. Автын олон жолооч нарыг хариуцдаг. Аюулгүй байдлыг мэдсээр байтал хөдлөх гэж байгаа машины бариулаас очиж татаж унасан явдал хохирогчийн хайхрамжгүй болгоомжгүй үйлдэл бол энд нөлөөлсөн гэж харж байгаа. Тухайн үед хохирогч маань нимгэн хувцастай платетай явсан учраас мэдээж шүүгдэгч угзарсан, татсан байдал нь гэмтэл учруулахад нөлөөлсөн байх гэж үзэж байна. Машин дотор зодсон нүдсэн гэдэг бол ямар ч техникийн мэдлэггүй, ямар ч хүн харсан гэсэн, машин барьж байгаа ар талдаа байгаа хүнд гэмтэл учруулаад явна гэдэг бол ойлгомжгүй зүйл. Миний үйлчлүүлэгч одоо гэм буруугаа хүлээе, энэ асуудлаа дуусгая гэх ийм асуудал ярьсан. Тодорхой хэмжээний эмнэлгийн зардалтай холбоотой энэ асуудлыг хүлээн зөвшөөрөөд цаашид гарах зардал мөнгө байх юм бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн хөлсний хувьд хангах ийм үндэслэл байхгүй. Хүн өөрийгөө Үндсэн хуульд зааснаар өмгөөлдөг. Өмгөөлөгч авах эрхтэй. Өөрийн хууль зүйн мэдлэг байхгүй учраас өмгөөлөгч авч гэрээ хийж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь заалтад заасан байгаа. Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэсэн заалт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал гэдэг маань улсаас өмгөөлөгч авсан тохиолдолд хангагддаг. Ийм учраас 1.050.000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээж байгаа асуудлыг сая ч гэсэн шүүхийн ажиллагааны явцад илэрхийлж байгаа учраас гэм буруутайд тооцоход өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.Э нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “МТ” шатахуун түгээх станцын баруун талын зам дээр 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчимд “Тоёота приүс” маркийн 99-30 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчин хөдөлгөөнөө эхлэн явган зорчигчийг чирч унагаснаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн а, б, г-д заасныг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,
мөн 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн_ дүгээр хороо, _ орцон дотор болон Баянзүрх дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын урд талын Нарны зам хүртэлх замд *** УНВ улсын дугаартай “Тоёота приүс” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийг чирэх, гараараа цохих, өшиглөх, нүүр болон биед нь цохиж, зодсон үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-ийнүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
О.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Э нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч С.Эийн цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл, /хх9-11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх13-18/, хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед О.Э-ийнХан-Уул дүүрэгт байрлах гэрт нь очиход О.Э уурлаад “явъя пизда минь ална шүү” гээд гарнаас бариад шат руу чирээд байхаар нь би уйлсан. ...замдаа машиндаа толгой, гар луу гараараа цохиж, зодсоор байгаад манай гэрийн урд талын Нарны зам дээр зогсоод машинаас буу гэсэн, тэгээд би “хоёулаа сайхан ярилцъя” гээд машины хойд суудал дээр сууж байтал О.Э машины баруун талын хойд хаалгаар намайг чирч буулгаад машиндаа суугаад явах гэхээр нь би “гэрийн түлхүүрээ авъя” гээд хойд хаалганаас нь татсан чинь дотроосоо машинаа түгжээд маш хурдтай хөдлөөд явахдаа намайг 20 гаран метр газар чирэгдээд газар унагаагаад машинаа зогсоогоогүй шууд яваад өгсөн. ...Одоо зүүн хөлний өвдөг хэсэг нугалахаар таталдаж өвдөнө, зогсохоор час хийж өвдөнө, жаахан алхаад явахаар өвдөлт нь улам ихэсдэг, хамрын зүүн талруугаа битүүрдэг, ...уруул дотор талдаа язарсан, тухайн үедээ толгой, хамар, шанаа, өвдөг, бүхий л бие янгинаж өвдөж, халуурч байсан. Миний биед үүссэн хоёр гарын гэмтлүүд, уруулын язрал, хамрын мурийлт, гуяны хөхрөлт зэрэг гэмтлүүдийг О.Э намайг гэрийнхээ орцонд болон машиндаа суулгаж байгаад гараараа зодсоноос үүссэн. Харин хоёр хөлийн өвдгөнд учирсан гэмтлийг машинаараа чирснээс үүссэн. Би О.Э-ийнгэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа-2 хорооллын 1003 дугаар байрны орцонд зодуулж эхлээд, дараа нь машинд сууж явахдаа зодуулаад, сүүлд нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны замын “МТ” ШТС-ын баруун замд буухдаа чирэгдэж унасан.” гэх мэдүүлэг, /хх21-22, 73-74, 164, 198/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6298 дугаартай дүгнэлт, /хх38-39/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх161-162/, О.Э-ийнмөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим С.Э өөрөө манай гэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1003 дугаар байрны 35 тоотод ирээд надтай орцонд уулзаад бид хоёр юм ярьж байгаад би өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 99-30 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суулгаад Эчимэгийг гэрт нь хүргэж өгөхөөр түүний гэр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 101 дүгээр байрлуу явсан. Ингээд гэрийнхэн ойролцоо ирээд Нарны зам дээр зогсоод бид хоёр машинаас хэвийн буугаад явган хүний зам дээр юм ярьж байгаад би явахаар болоод машиндаа суутал миний жолоочийн талын хаалгыг онгойлгоод “би чамайг явуулахгүй бай бай” гэж хэлээд хэсэг хугацаанд зогсоод байхаар нь би машинаасаа буугаад Эчимэгийг машинаасаа холдуулаад буцаж гүйгээд машиндаа суугаад хөдөлсөн. Араас Эчимэг такси барьж гэрийн гадаа ирээд надтай уулзахад Эчимэгийн хөл гар нь шалбарсан байсан. Өөрөө хэлэхдээ “чиний машины хаалганы бариулаас бариад чирэгдээд унасан” гэж хэлж байсан. ...Миний бие дээрх гэмтлийг санаатай учруулаагүй, харин шөнө орой гэрт ирээд орцонд бахирч хашгираад байхаар нь явъя гээд гарнаас татах, машинаас буулгах зэрэг үед дээрх хөнгөн гэмтлийг учруулсан. Тэрнээс биш яг зодож цохиж учруулаагүй. Бусдаар бол хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх95, 203-204/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч О.Э “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Эээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл, /хх9-11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх13-18/, хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нарны зам дээр зогсоод машинаас буу гэсэн, тэгээд би “хоёулаа сайхан ярилцъя” гээд машины хойд суудал дээр сууж байтал О.Э машины баруун талын хойд хаалгаар намайг чирч буулгаад машиндаа суугаад явах гэхээр нь би “гэрийн түлхүүрээ авъя” гээд хойд хаалганаас нь татсан чинь дотроосоо машинаа түгжээд маш хурдтай хөдлөөд явсан. Тэгээд би чирэгдээд газар унасан.” гэх мэдүүлэг, /хх21-22, 198/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, /хх47-50/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт, /хх151-156/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргалын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай магадалгаа, /хх77-78/, О.Э-ийнмөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Ингээд гэрийнхэн ойролцоо ирээд Нарны зам дээр зогсоод бид хоёр машинаас хэвийн буугаад явган хүний зам дээр юм ярьж байгаад би явахаар болоод машиндаа суутал миний жолоочийн талын хаалгыг онгойлгоод “би чамайг явуулахгүй бай бай” гэж хэлээд хэсэг хугацаанд зогсоод байхаар нь би машинаасаа буугаад Эчимэгийг машинаасаа холдуулаад буцаж гүйгээд машиндаа суугаад хөдөлсөн. Араас Эчимэг такси барьж гэрийн гадаа ирээд надтай уулзахад Эчимэгийн хөл гар нь шалбарсан байсан. Өөрөө хэлэхдээ “чиний машины хаалганы бариулаас бариад чирэгдээд унасан” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, /хх95, 203-204/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг хуульчилсан.
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлд “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ” гэж, a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Э нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” болох нь хохирогч С.Эээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл, /хх9-11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх13-18/, хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машинаа түгжээд маш хурдтай хөдлөөд явсан. Тэгээд би чирэгдээд газар унасан.” гэх мэдүүлэг, /хх21-22, 198/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргалын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай магадалгаа, /хх77-78/, яллагдагч О.Э-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд гэрийнхэн ойролцоо ирээд Нарны зам дээр зогсоод бид хоёр машинаас хэвийн буугаад явган хүний зам дээр юм ярьж байгаад би явахаар болоод машиндаа суутал миний жолоочийн талын хаалгыг онгойлгоод “би чамайг явуулахгүй бай бай” гэж хэлээд хэсэг хугацаанд зогсоод байхаар нь би машинаасаа буугаад Эчимэгийг машинаасаа холдуулаад буцаж гүйгээд машиндаа суугаад хөдөлсөн.” гэх мэдүүлэг, /хх95, 203-204/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Буриад овогт О-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” тус тус заасны дагуу шүүгдэгч О.Э нь хохирогч С.Эрдэнчимэгт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч С.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд нийт 5.811.589 төгрөгийг нэхэмжилсэн байх ба 1.100.000 төгрөг нь гэм хорын хохирол биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох өмгөөлөгчийн хөлс 1.100.000 төгрөгийг хохирогч төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ээс гаргуулан хохирогч С.Эт олгохоор шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар гэм хорын хохиролд нийт 4.650.879 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Э нь хохирогчид эхлээд 3.500.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг тус тус төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хохирогч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ээс зээлсэн мөнгийг гэм хорын хохирол дээр нэмж нэхэмжилж байх боловч иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргааныг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Э нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд О.Ээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “шүүгдэгч О.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 1500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид “Улсын яллагчаас 1500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Шүүгч энэ дээр шударга ёсны зарчмаар хандана биз гэж найдаж байгаа. Өнөөдөр энэ хүн машинд чирэгдээд үхсэн бол яах вэ, хүний өрөвч зөөлөн сэтгэлийг ашиглаж, эд хөрөнгийг авч, идэж ууж, алт, мөнгө эд хөрөнгө, дээрээс нь эцэс сүүлд нь хүний итгэл дээр зодож цохиод, машинаар чирээд байгаа энэ үйлдэл нь ямар аймар харгис вэ гэдгийг анхаарч харахгүй байна. Улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял үндэслэлтэй юм байна. Нийтэд тустай ажил хийлгэх нь үр дүнтэй, хүмүүжлийн ач холбоотой юм байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү “Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол мөнгийг тодорхой хэмжээнд өгч барагдуулсан. Цаашид гарах иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирлын асуудлыг төлж барагдуулна гэсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 35 настай залуу хүн байна. Цаашид гарах мөнгийг төлж барагдуулна. Мөнгө төгрөг авсан, идсэн, уусан гэдэг энэ асуудлыг ярьж байна. Энэ гэмт хэрэгт ямар ч хамаа байхгүй. Хүмүүсийн хоорондын харилцааны асуудал байсан. Үнэхээр тийм байгаа бол буцааж үүнийг төлье гэдгээ илэрхийлээд байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиудад зорчих эрхийг хязгаарлах ялын санкци байгаа. Энэ хүнийг өнөөдөр шүүх толгойг нь илээд явуулаагүй. Ял өгч байна. Энэ хүний амьдралд тодорхой хэмжээний хар толбо сууж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай, Эрүүгийн хулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 сараас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1-6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай. Би энийг яагаад санал болгож байна гэхээр амьдрал баялаг. Улсын яллагчийн хэлж байгаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санкци нь энэ хүн өөрөө цаанаа амьдралтай. Одоо ажил төрөл байхгүй. Тэгэхдээ тодорхой хэмжээний орлого олохоор ажилд орохоор ярьсан байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх юм бол энэ хүн өөрөө ажил хийж энэ хүний цаашид гарах зардал мөнгийг төлөх энэ асуудал яригдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр өдрийн 8 цагийн ажил хийнэ. Тэгэхээр энэ хүн чинь бас амьдралтай. Өглөөнөөс гараад орой болтол ажил хийгээд 4 цаг ажил хөдөлмөргүй ингээд явбал энэ хүний амьдрал ямар байх вэ энэ байдлуудыг харгалзаад мөн өөрөө ажил ярьсан байгаа. Иймд 3 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү. Тэгэхдээ оршин сууж байгаа дүүрэгт нь биш Улаанбаатар хотын хэмжээнд зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар О.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 1140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хохирогчоос гарган өгсөн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буриад овогт О-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар О.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 1140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Э гэм хорын хохиролд гарсан зардал 4.650.879 төгрөгийг хохирогч С.Эт төлснийг дурдаж, хохирогч С.Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд О.Ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох өмгөөлөгчийн хөлс 1.100.000 төгрөгийг шүүгдэгч О.Ээс гаргуулан хохирогч С.Эт олгосугай.
7. Энэ хэрэгт хохирогчоос гарган өгсөн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ