| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0370/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/388 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/388
2022 09 26 2022/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч.ЭЭод холбогдох эрүүгийн 2234000000388 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, Замчин мэргэжилтэй, мод үржүүлэгч ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Хужиртын Зүүн ац гэх газар оршин суух, улсын авсан гавъяа шагналгүй,
урьд Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, НБ84060111 дугаарын регистртэй, Ч.ЭЭ
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед шатахуун түгээгч Х.Тыг шатахуун зээлээр өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүд рүү нь хуруугаа хийж, толгойн зүүн дагз хэрэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Э:
...Гэм буруугаа хүлээж байна. Хохирол болох 220.000 төгрөгийг эмчилгээний зардалд нь өгсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000388 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Эын 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед шатахуун түгээгч Х.Тыг шатахуун зээлээр өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүд рүү нь хуруугаа хийж, толгойн зүүн дагз хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 10649 дугаартай ...Х.Тын биед зүүн нүдний алиманд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...талаарх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
хохирогч Х.Тын ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцад 24 цагаар түгээгчийн ээлжийн ажилтай байх үед шөнө 00 цагийн орчим шатахуун авахаар лед гэрэл асаасан машин ирсэн. Би гараад уулзахад Б.Э гэх залуу өөдөөс “бензин авъя 40.000 төгрөгөнд хийчих” гэсэн би өөдөөс нь “карт уншихгүй байгаа шүү интернетээр шилжүүлж болно үгүй бол бэлнээр тооцоо хийнэ шүү” гэхэд Э “мөнгө байхгүй утсаа үлдээгээд явъя” гэхээр нь би хариуд нь “тийм зүйл байхгүй” гэж хэлээд өрөөндөө орсон. Араас дотогшоо орох гээд хаалга нүдээд цонхон дээр ирж түлхэж онгойлгоод “утсаа тавиад бензин авъя энэ утас чинь таван зуун мянган төгрөгийн үнэтэй утас юун сүртэй хар ногоон пизда вэ, энэ муу клонкыг чинь шатаагаад хаячихна шүү. Чи муу хэзээ ийм болчихсон юм” гэхээр нь би “чи урдах өрөө өгөөгүй байж чамд өгөхгүй” гээд гарсан чинь шууд заамдаад нүүр хэсэгт хэд хэд цохиод мангасдах шиг болсон. Би зөрүүлээд цохиод газар зууралдаад унасан. Машин дотор сууж байсан нэг залуу бууж ирээд бид хоёрыг салгаад босгосон чинь Э ажлын байрны хажууд байсан приүс модоор толгой хэсэгт хоёр удаа цохисон. Нөгөө залуу голоор ороод Эыг аваад машинд суулгасан. Би өрөөнөөс ороод утсаа аваад цагдаа дуудсан. Миний биед халдаж цохиод нүд ухах гэж заамдаж дайрах үед 2 удаа цохисон. Миний толгойн зүүн дагз хэсэгт модоор цохисны умаас хавдаж овойсон. Миний нүдийг ухана гэж дайрах үед нүд рүү хуруугаа хийгээд нүд гэмтээсэн их хэмжээний цус гарсан. Мөн заамдаж зууралдах үедээ биед зулгаралт үүссэн байна. Би гомдолтой байна.../хх-ийн 6 дугаар хуудас/,
гэрч Б.Эын ...2022 оны 07 дугаар сарын 31-ний орой 00 цаг 30 минутын үедУлаанбаатар хотоос эгч Аячагүль утсаар залгаад аавын бие муудаад болохоо байлаа наашаа гараарай гэж хэлэхээр нь гэрээсээ аавын эзэмшлийнй 79-36 УНБ улсын дугаартай, “Прадо” маркийн тээврийн хэрэгсэлтэй дүү Муусайны хамт Улаанбаатар хот орохоор хөдөлсөн. Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Петровис” шатахуун түгээх станц орж бензин хийхээр очиход Таа гэх ах гарч байсан ба Таа ахаас 30.000 төгрөгт бензин хийчих гэсэн чинь чи өмнөх өрөө өгөөгүй тул чамд бензин хийхгүй гэхээр нь аавын бие муудаад байна гялс бензин хийгээд өгчих гэсэн чинь өгөхгүй гээд байр руугаа орсон. Би машинаасаа буугаад араас нь явж очоод гуйтал чиний аав өвдөх надаа ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдаад барицалдаж автал Таа ах түрүүлээд миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Байрнаас зууралдаж гарч ирээд Таа ах дахиад минйи нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би газар унасан. Би доор нь байхдаа Таа ахыг түлхэх үед нүд рүү нь миний гар ороод татсан. Тэр үед нь нүд нь хавдсан байсан. Би босож ирээд хажуу талд байсан приүс модыг Таа ах руу шидэж толгой хэсэг рүү нь оносон. Тэгээд Таа ах цагдаад дуудаж удаагүй цагдаа ирсэн. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмнэлгийн зардал нөхөн төлнө.../хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Эын ... Би 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед гэрээсээ гараад сумын төв дээр байдаг Петровис шатахуун түгээх станц дээр ирээд түгээгч Таад хандаж 30.000 төгрөгт бензин хийе гэхэд гарч ирэхгүй болохоор нь цонхон дээр н очоод аавын бие өвдөөд байна гялс бензин хийгээд өг явмаар байна гэхэд чи му хасаг дандаа худлаа хэлж байдаг гэхээр нь би хариуд нь муу өөдгүй ногоон бэ гэхэ Т надад хандаж чи намайг ногооноор дууддаг хэн бэ гээд намайг цохис авахаар нь би зууралдаад газарт мод байхаар нь аваад шидтэл толгойд нь оночихсон юм тэгээд л би яваад өгсөн. Намайг зодож цохиогүй, надад гэмтэл учруулаагүй. Би хохирлоо барагдуулаагүй байгаа, барагдуулна.../хх-ийн 22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26-30 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Эын шатахуун түгээгч Х.Тыг шатахуун зээлээр өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүд рүү нь хуруугаа хийж, толгойн зүүн дагз хэрэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Ариунзул:
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед шатахуун түгээгч Х.Тыг шатахуун зээлээр өгөхгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүд рүү нь хуруугаа хийж, толгойн зүүн дагз хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлт, Б.Эын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл зэргүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагавар буюу эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.Эын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Х.Тын нүд рүү нь хуруугаа хийж, толгойн зүүн дагз хэсэг рүү нь модоор цохиж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба энэ нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Э нь хохирогч Х.Тын нүд рүү нь хуруугаа хийж, толгойн зүүн дагз хэсэг рүү нь модоор цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний алиманд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Ариунзул:
Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э:
... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Эыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай тухайн эрүүгийн хариуцлагыг хоорондоо тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Б.Эод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг давхар харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Эод торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Б.Эод оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тын биед зүүн нүдний алиманд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Х.Т нь шүүгдэгч Б.Эоос мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болох 220.000 төгрөгийг гаргуулан авсан болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 36 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Э энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234000000388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.ЭЭыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.ЭЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.ЭЭод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.ЭЭод шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234000000388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.ЭЭ энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.ЭЭод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.ЭЭод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН