Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/386

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09            22                                     2022ШЦТ/386

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

шүүгдэгч П.Ж, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г, П.Ж нарт холбогдох эрүүгийн 2034004420388 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Завхан суманд 1990 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, эгч, дүүгийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сум, 2 дугаар баг Байдлаг гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ОГ90102813 дугаарын регистртэй, Д.Г

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Ургамал суманд 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Төв аймаг,  Буяндэлгэр сум Байдлаг 1 дүгээр баг Дунд байдлаг гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 02-ны 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 222.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан,

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг ЭБШХ-ийн 25.1, 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, ИП72101571 дугаарын регистртэй, Борхайрхан овгийн Пүрэвжавын П.Ж,

                                 Холбогдсон хэргийн талаар

                                 /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Г нь П.Жтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 27-29-ны хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Шинэ булаг” гэх газраас хохирогч Д.Батсайханы бэлчээрт байсан хонгор морь, бор морь, хул морь, хар морь, ягаан бор морь, халтар азарган үрээ, сартай хээр зүстэй хамар цагаан азарган үрээ зэрэг 4 нас гүйцсэн морь, 2 үрээ нийт 7 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлан авч 6.367.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч П.Ж нь Д.Гтой бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 27-29-ний хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Шинэ булаг” гэх газраас хохирогч Д.Батсайханы бэлчээрт байсан хонгор морь, бор морь, хул морь, хар морь, ягаан бор морь, халтар азарган үрээ, сартай хээр зүстэй хамар цагаан азарган үрээ зэрэг 4 нас гүйцсэн морь, 2 үрээ нийт 7 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлан авч 6.367.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч Д.Г:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,

 

шүүгдэгч П.Ж:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2034004420388 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч П.Ж нь Д.Гтой бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 27-29-ний хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Шинэ булаг” гэх газраас хохирогч Д.Батсайханы бэлчээрт байсан хонгор морь, бор морь, хул морь, хар морь, ягаан бор морь, халтар азарган үрээ, сартай хээр зүстэй хамар цагаан азарган үрээ зэрэг 4 нас гүйцсэн морь, 2 үрээ нийт 7 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлан авч 6.367.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-52, 54-63 дугаар хуудас/,

хохирогч Д.Батсайханы... Би 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 2018 оны 09 дүгээр сарын 29-ний хооронд Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 2 дугаар баг Шинэ булаг гэх газраас Байц бэрх уулнаас 11 тооны адуу адуу бэлчээртээ гаргачхаад 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн үед адуун дээрээ очиход 7 тооны 1 хонгор морь, 2 бор морь, 1 хул морь, 1 хар морь дэлтэй халтар үрээ, 1 сартай хамар цагаан үрээ зэрэг нийлсэн 7 тооны адуунуудыг Баяндэлгэр сумын Галуун 2 дугаар багийн Шинэ булаг гэх газрын Байц бэрх уулын өврөөс орохыг хориотой гэсэн хаалтын дээд талын уулнаас алдагдсан. Тэгээд 4 тооны шүдлэн насны бор үрээ, хээр үрээ, хүрэн үрээ, хонгор үрээ зэрэг зүсмийн үрээнүүдийг үлдээсэн байсан. Тухайн үед би сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаад тэмдэглүүлээд гараад огт олоогүй хэд хоног хайгаад сураг гарахгүй байхаар нь эрэлд явахаа зогсоосон. Ийм л зүйл болсон болохоор цагдаад хандаж өргөдөл гаргасан. Би алдагдсан адуу тус бүрийг 2.000.000 төгрөгөөр азарган үрээгээ 4.000.000 төгрөгөөр нийт 7 тооны адуугаа 16.000.000 төгрөгөөр үнэлж байгаа.../хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Б.Мартын ...2018 оны 08 дугаар сарын сүүлээр байх. Би яг сайн он сар өдрийг нь санахгүй байна. Г над руу утсаар залгаж би гэрийнхээ хүмүүстэй муудчихлаа гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь би гэрээсээ Гийн хувцсыг авч яваад Багануур дүүргийн 2 хорооны асфальтан замын  баруун талын дэлгүүр дээр уулзсан. Тэгээд бид хоёр Багануур такси хөлслөөд би танихгүй 40 гаруй насны эрэгтэй хүнтэй нуурын гэр хорооллын Уртаа гэх айлд ирсэн. Би Багануур дүүргээс гарахдаа уг айлд боов ундаа авсан байсан. Тэр зүйлээ гэрт нь орж өгсөн. Гэрт нь ороход Уртаагийн гэрт энэр нь мөн эгч нь 3 хүүхэд байсан. БИ гэрт нь байж байгаад гарч бие засахад хашаанд 2 тооны цагаан саарал, улаан хүрэн зүсмийн адуунууд байсан. Тэгэхээр нь би Гоос юун морь, юун хүмүүс юм бэ гэж асуухад би нөгөө хүмүүсээс больж байгаа миний өөрийн мал  байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь аан за за гээд би тоогоогүй. Тэгээд би Уртаагийн гэрт сууж байхад Уртаа согтуу гэртээ орж ирээд эхнэр рүүгээ орилоод байсан. Тэгэхээр нь би Багануураас Гийн таньдаг таксийг дуудуулсан. Би таксиний жолоочийн нэрийг мэдэхгүй. Тэгээд би уг таксигаар Төв аймгийн Баяндэлгэр сум руу гэртээ хүргүүлсэн. Тэрнээс хойш хэсэг хугацаанд уулзахгүй байж байгаад уулзсан.../хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Б.Шоовдорын ...Манайх эхнэр Дагиймөнх мал махны лангуу ажиллуулж байхдаа Г гэх хүнтэй танилцаж байсан гэсэн ямар учраас танилцсаныг нь би мэдэхгүй байна. Г манай эхнэрээс 200 гаран мянга төгрөг зээлж авсан гэсэн тэгээд мөнгөө өгөхгүй байна гэхээр нь эхнэр бид хоёр Гийг хайж байгаад олоод уулзаад мөнгөө нэхтэл удахгүй өгнө гэж хэлж байсан. Тэгэхэд анх би Г гэх хүнийг харж байсан юм. Би Г гэдэг хүнээс мал мах худалдаж авч байгаагүй.../хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Д.Саранцэцэгийн ...Би Улаанбаатар хот Багануур дүүргийн 2 дугаар хороонд хүнсний “Авдар баян” нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. Г анх 2016  онд таньдаг болсон. Өөрөөр харилцаа холбоо байхгүй. 2018 онд сарыг нь санахгүй байна Г орж ирээд ах зүрхний хагалгаанд орох гээд байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр 300.000 төгрөг өгөөд дээр нь манай охины гар утсыг авч яваад хэсэг хугацаанд таг алга болоод 2018 оны 09 сард байх санаж байна. Хүрэн зүсмийн дэлтэй ногттой морь унаж ирэхээр нь мөнгөнийхөө оронд аваад явуулсан. Тухайн үед Г ганцаараа ирсэн.../хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Б.Уртнасангийн ...Би 2018 оны намар байх яг сарыг нь сайн мэдэхгүй байна. Би гэрийнхээ урд талын дэлгүүр дээр явж  байхад Г намайг дуудсан. Тэгээд над дээр ирээд хөгшин нь хэдэн адуу танай хашаанд чинь хийе гэхээр нь би манай эхнэр Батзаяагаас асуу тэг гэвэл тэгэхгүй юу даа гэж хэлээд би ажил руу явсан. Тухайн үед Г  Багануур дүүргээс мал нядалдаг гэх хөлсний 2 эрэгтэй хүн 1 эгчийн хамт явж байсан. Тэгээд би гэртээ орой ирэхэд адуунуудаа хийчихсэн байсан. Харин махыг нь юм дэвсээд хашааны хажуугаар тавиад гадуур нь гэрийн хана дугуйлаад тавьсан байсан. Тэр шөнө Г манай гэрт хоноод өглөө нь Багануур дүүргээс нутгийн гэх 40 гаруй насны туранхай шар царайтай “Приүс-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй ахыгаа дуудаад хамтдаа Багануур дүүрэг явж цэнхэр өнгийн амжиргаа цагаан машин авчраад махаа ачаад 13 цагийн үед Улаанбаатар хот явна гээд хөдлөөд явсан. Түүнээс хойш дараа нь манай гэрт ирж 2 хоноод явсан. Ингэхдээ  мал нядалж бариагүй. Би зүс им тамгыг нь хараагүй. Харин манай эхнэр Батзаяа, эмээ Бямбаа хэлэхдээ 5 тооны 2 бор, хул, хар, хонгор зүсмийн адуунууд байсан гэсэн.../хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч С.Батзаяагийн ...Би 2018 оны намар байх яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. Би гэртэй байж байхад Г нь эхнэр Март гэх хүүхэнтэй хамт орж ирсэн. Тэгээд би Уртнасанд хэлчихлээ танай хашаанд хэдэн адуу нядалчий гэсэн. Тэгэхээр нь би хулгайн юм биш биз дээ гэсэн чинь үгүй ээ. Гарал үүслийн бичиг нь энэ байна гээд тал бичгийн цаасны хэмжээтэй тамгатай цаас харуулсан. Тэгсэн хажуунаас нь эхнэр Март нь санаа зоволтгүй хулгайн юм бишээ гэж хэлсэн. Тэгээд би өөр зүйл асуугаагүй. Тэгээд Г нь манай хашаанд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүсээр малаа нядлуулаад дууссан. Харин махыг нь манай хашаанд юм дэвсээд хашааны хажуугаар тавиад гадуур нь гэрийн хана дугуйлаад тавьсан байсан. Тэр шөнө Г манай гэрт хоноод өглөө нь Багануур дүүргээс нутгийн гэх 40 гаруй насны туранхай шар царайтай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй ахыгаа дуудаад хамтдаа Багануур дүүрэг явж цэнхэр өнгийн амжиргаа цагаан машин авчраад махаа ачаад 13 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед надад Улаанбаатар хот явж машины багажны таг авах ажил гарсан тул би Г, түүний ах хоёрынх нь Приус-11 маркийн машинд нь суугаад араас мах ачсан амжиргаа цагаантай машин нь дагаад тэгээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа Г эмээдээ сүү авна гээд дэлгүүр орж юм авсан. Тэгээд Налайх дүүрэг орхоос өмнө гэр хорооллын захад хашаанд очсон. Уг хашаанд нэг гэр байсан. Гэр дотроос эмээ, нэг эгч хоёр гарч ирсэн. Эгч нь гарч ирээд та нар хөгшин хүн дээрэлхээд байна уу? Хулгайн мах юм уу гэж уурлаж асуухад Г үгүй ээ гээд бичгээ гаргаж ирж харуулсан. Тэгсэн нөгөө эгч бичигний зураг болон машины зургийг нь гар утсан дээрээ дараад авсан. Тэгээд Г уг хашаанд орж зогсоод Налайх гэсэн дугаартай микро машинд махаа хэллэж ачуулсан. Уг микро машинд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Голцуу нэг эрэгтэй хүн нь бууж ирж махаа худалдаж авсан. Тэгээд байж байхад Г руу март утсаар залгаж яасан бэ болсон уу? Мөнгө төгрөгөө миний данс руу шилжүүл гэж ярьсан. Тэгээд нөгөө ченж Мартын данс руу мөнгө шилжүүлсэн. Мөн Г махны ченжээс бэлэн мөнгө гар дээрээ авсан. Би Гоос бэлнээр 50,000 төгрөг авсан. Учир нь надаас өмнө нь 20,000 төгрөг зээлсэн байсан. Мөн манай гялгар уутыг 30,000 төгрөгөөр авсан байсан тул түүнийхээ төлбөрийг авсан. Уг хашаанаас мах ачиж ирсэн амжиргаа цагаан маркийн машин нь Багануур луу буцаж би Приус-11 маркийн машинаар нь Буян-налайх руу хүргүүлж тэнд буусан. Би им тамгыг нь хараагүй. Харин  манай эмээ Бямбаа бид хоёр харахад 5 тооны 2 бор, хул, хар, хонгор зүсмийн адуунууд байсан.../хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Д.Гийн ...Би 2018 оны намар байсан хэддүгээр сарын хэдэн байсан сар, өдөр, алаараа санахгүй байна Багануур дүүрэг 2 дугаар хороонд явган явж байгаад нэг айлд ороод байж байгаад удалгүй гадаа гудамжинд гартал П.Ж ахтай таарч бид хоёр уулзсан: би П.Ж ахад хандан дүүдээ мөнгө төгрөг зээлүүлчих арга байна УУ? гэхэд П.Ж ах хоёулаа манай гэрт очье гэхээр нь би мотоциклынх ард талд суугаад гэр лүү нь очсон П.Ж ахын гэрт очоод хоол унд идэж аваад гэрээс нь бугуйл, хазаар аваад Баяндэлгэр сумаас урагш зүг рүү мотоциклтой явж байгаад гадаа харанхуй бүрэнхий болж байхад 7 тооны адуу бэлчээрт байхаар нь хөөж айлын намаржааны хашаанд оруулан хашиж барьж аваад, нэг хул морь барьж аваад зайдан мордож унаад, нөгөөх 6 тооны адууг нь хөөгөөд Багануур дүүрэг 2 дугаар хороонд айлын хашаанд аваачиж хашаад П.Ж нь гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн би тэндээ малаа хараад үлдсэн шөнөдөө адуу харж байгаад айл руу орж унтаад маргааш нь Багануураас мал нядалдаг 4 хун утсаар дуудаж авчраад тэдгээр адууг өдрөөр нядлуулан гаргуулсан. Тэгээд махыг нь ченж болох хүн Улаанбаатар хотоос дуудаж адууны махыг килограммыг 3,800 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 7 адууны мөнгө 3 сая 200 мянган төгрөг болсон. Адууны мөнгийг найз бүсгүй болох Мартын дансанд хийсэн би 600-700 мянган төгрөгийг өөртөө зарцуулсан, тэгээд П.Ж ах банкныхаа өрийг дараад ав гэхээр 2 сая төгрөгийг Хаан банкны данс руу хийсэн П.Ж ах мөнгө төгрөг аваагүй. Бид хоёр адуу малд явдаг байхдаа танилцаж байсан. Уртнасан гэх айлын хашаанд нядалсан. Би П.Ж ахтай  хамт явсан өөр хүнтэй хамт яваагүй. Хохирол мөнгө төгрөг өгөөгүй. Миний буруутай үйлдэл гэмшиж байна.../хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч П.Жы ... Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүний нуур” гэх газар манайх гэрээрээ намаржиж байхад 2018 оны 09 дүгээр сарын дунд үеэр намайг гэртээ байхад Г нь над руу утсаар залгаж Багануур дүүрэг 2 дугаар хороо дээр хүрээд ир ээ би энд унаагүй болчихлоо хар зам дээр байна гэхээр би мотоциклоо асаагаад Багануур дүүрэг 2 дугаар хорооны зам дээр ирэхэд Г нь замын хажууд ганцаараа сууж байсан. Тэгээд бид хоёр уулзаж ярилцаад сууж байтал Г нь надад хэлэхдээ –надад мөнгөний хэрэг болчихоод байна хоёулаа хэдэн адуу хулгайлаад ирэх үү гэсэн би ч зөвшөөрч бид хоёр Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн утаг “Шинэ булаг” гэх газар руу явж хориотой бүс гэсэн нэртэй самбарын уулын орой дээр гарч Г бид хоёр адуу дурандаж харсан. Тэгсэн зүүн аманд 7 тооны адуу байсан ба бид хоёр харчихаад гадаа гэгээ тасрахыг хүлээж байгаад оройхон хэрд уулын энгэрт хаваржаан дээр очиж намайг буулгаад Г нь мотоциклтой яваад өгсөн уулын бэлд байсан 7 тооны адууг удалгүй хөөгөөд ирсэн тэгээд хашаанд адууг оруулаад нэг адууг /хул зүсмийн/ барьж аваад үлдсэн адууг туугаад Багануур дүүрэг явлаа гээд адуугаа хөөгөөд яваад өгсөн. Би тэндээсээ мотоциклоо унаад гэртээ ирсэн тэгээд адуугаа хашаагаа авч явсан хашаагаа зарж үрсэн талаар мэдээгүй.../хх-ийн 26 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Гийн ...Би 2018 оны намар байсан ба 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Би Багануур дүүрэг 2 дугаар хороонд явган явж байгаад  Уртаа гэх залуугийн гэрт орж цай хоол идчихээд хэсэг сууж байгаад хийх зүйл байхгүй байсан болохоор гадаа гудамжинд гарч сууж байтал  П.Ж ахтай таарч бид хоёр уулзаж яриа өрнүүлж байсан. Би П.Ж ахад хандан дүүдээ мөнгө төгрөг зээлүүлчих арга чарга байна уу? дүүгийнх нь авсан малчны зээлийн хугацаа болчихоод яаралтай төлөх хэрэгтэй байна гэсэн П.Ж ах ч нэлээн сонсож сууснаа ах нь чамд тусалъя хоёулаа манай гэрт очье гээд мотоциклийнх нь ард сундлаад гэрээ нь бугуйл хазаар аваад Баяндэлгэр сумаас урагш зүг рүү мотоциклтой явж байгаад гадаа харанхуй болохыг хүлээж хориотой тэмдэг гэсэн уулын орой дээр адуу мал дурандаад байгаад хойд уулын энгэрт 7 тооны адууг дурангаар харсан байсан. Тэгээд харанхуй болохоор нь П.Ж ахын мотоциклыг жолоодож яваад хөөж яваад нэг хаваржаан дээр авчраад П.Ж ахтай нийлж хашиж аваад тэндээсээ П.Ж гэр рүүгээ явлаа гээд мотоциклтой яваад өгсөн. Би адуунуудаас харж байгаад нэг хул морийг барьж аваад зайдан мордож унаад нөгөөх 6 тооны адууг нь хөөгөөд Багануур дүүрэг 2 дугаар хороонд Уртаагийн хашаанд тууж оруулсан. Тэр шөнөдөө адуугаа хашаанд нь харж хоночихоод маргааш нь Багануураас мал нядалдаг хүн утсаар дуудаж авчраад тэдгээр адууг өдрөөр нядлуулан гаргуулан махыг нь ченж болох хүн Улаанбаатар хотоос дуудаж адууны махыг кг-г 3800 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 7 тооны адууны мөнгө 3.200.000 төгрөг болсон ба адууны мөнгийг найз Мартын дансанд хийж би 600-700 мянган төгрөг өөртөө зарцуулсан  үлдсэн мөнгийг банкныхаа өрийг дараад авъя гээд 2.000.000 төгрөгийг Хаан банкны данс руу Мартын данснаас хийсэн. Бид хоёр Баяндэлгэр сум Галуутай гэх газар нүүж сууж яваад танилцаж байсан хуурай ах дүү нар байгаа юм.../хх-ийн 29 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Гийн ...Би 2018 оны 09 дүгээр сард Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг П.Жтай уулзаад надад мөнгөний хэрэг байна банканд өртэй банкны өр төлөх хэрэгтэй байна гэж хэлэхэд П.Ж нь тийм үү тэгвэл хамт урагшаа явъя гэж хэлээд П.Жы мотоцикл дээр сундлаад хамт Галуут гэх газар луу явсан. Бид хоёр тэнд явж байгаад 7 тооны адуу байсныг нь айлын намаржаанд шахаж хашаад хул зүстэй морийг би барьж унаад бусад адууг нь туугаад Багануур дүүргийн 2 дугаар хороо руу ганцаараа тууж явсан. П.Ж тэндээс мотоциклоо унаад гэр лүүгээ яваад өгсөн. Би 1 адууг нь унаад бусад 6 адууг туугаад Багануур дүүргийн 2 дугаар хороо Уртнасан гэх айлын хашаанд тууж оруулан тэндээ хоносон. Би маргааш нь Багануур дүүргээс хөлсөөр мал гаргадаг 2 эрэгтэй, 2 эмэгтэйг гуйж авчран гаргуулсан. Би тэр 7 тооны адууг гаргуулж янзлуулаад хөлсний машин гуйж ачин Улаанбаатар хотын Налайх дүүрэгт авчраад Улаанбаатар хотоос мал, мах авдаг ченж хийдэг гэх хүний утасны дугаарыг нь олоод дуудсан. Мал мах авдаг гэх Истана маркийн машин унасан 2 эрэгтэй хүн ирэхэд нь нөгөө 7 тооны адууны махыг нь үзүүлээд 1 килограммыг нь 3800/гурван мянга найман зуун төгрөгөнд бодоод өгөхөд нийт 3.200.000/гурван сая хоёр зуун мянган/ төгрөг болсон. Мөнгийн тухайн үед үерхэж байсан Мартын эзэмшдэг ХААН банкны дансанд хийгээд тэгээд тэр мөнгөнөөс 2.000.000/хоёр сая/ төгрөгийг банканд өртэй байсан учраас тушаасан. Уг мөнгөнөөс 600000-700000/зургаан зуун мянгаас долоон зуун мянган/ төгрөгийг өөртөө санал зарцуулсан байгаа. Би хул морь барьж унасан. Бусдынх нь им тамга, зүсийг нь санахгүй байна.../хх-ийн 77-78 дугаар хуудас/,

яллагдагч П.Жы ...Тухайн өдөр би гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байтал Г миний утас руу залгаад Жагаа ахаа намайг зам дээрээс ирээд авчих би энд унаагүй болчихлоо гээд дуудахаар нь яваад очтол Г Жагаа ах хоëулаа урагшаа гарья гэж хэлээд миний Чансаа маркийн Мотоциклийг жолоодоод Аягын ам очоод уулын орой дээрээс дурандаж байгаад хориотой бүс гэх газраас 7 тооны адууг тууж явахаар болсон. Дараа нь орой нар жаргасны дараа Г миний мотоциклийг унаад тэнд байсан 7 тооны адууг тууж ойролцоо байсан айлын хашаанд бид хоёр хөөж оруулаад дараа нь Г хашаанд орж 2 морь барьж өөрөөсөө хазаар мяндас гаргаж ирээд 2 морио хазаарлаад нэг морийг нь унаад нөгөө морио хөтлөөд 5 адуу туугаад явсан. Харин би тэндээс шууд гэртээ ирсэн. Г надад хэлэхдээ Жагаа ахаа банкны мөнгө хэрэгтэй байна гэж байсан.../хх-ийн 84-85 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Г, П.Жы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 91, 136 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Улсын яллагч Д.Нэргүй:

...Шүүгдэгч Ж.Г, П.Ж нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 27-29-ний хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Шинэ булаг” гэх газраас хохирогч Д.Батсайханы бэлчээрт байсан 7 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлан авч 6.367.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Ж.Г, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 онд батлагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч П.Ж нь хохирлыг бүрэн төлсөн тул хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдэгдсэн. Харин шүүгдэгч Д.Гоос 3.168.000 төгрөгийг гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Д.Г:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч П.Ж:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Б.Баярмагнай өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Д.Г нь хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн. Д.Г нь цагдан хоригдсон учир хохирлоо төлж чадаагүй... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч П.Жы өмгөөлөгч Б.Баярмагнай:

...Гэм буруу дээр маргахгүй байгаа. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийг, 2015 оны хууль буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5, 1.9 дүгээр зүйл, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан 17.12 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол хор уршгийн талаар бэлнээр 2.000.000 төгрөг, үлдэгдэл 1.200.000 төгрөгийг 1 үхэр оролцуулан төлсөн... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч Д.Г, П.Ж болон тэдний өмгөөлөгч Б.Баярмагнай, Ш.Амарбаяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Г, П.Ж нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Тодруулбал шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруу танилцуулах шатанд улсын яллагч шүүгдэгч Д.Г, П.Ж нарыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэж яллахаас татгалзаж, 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар мөн адил улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байгаа талаараа дүгнэлтээрээ илэрхийлдэг.

 

Шүүх дээрх улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Учир нь шүүгдэгч Д.Г, П.Ж нарын хохирогч Д.Батсайханы бэлчээрт байсан 7 тооны адууг хулгайлан авч 6.367.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 09 дүгээр сарын 27-29-ний хооронд хоёр удаагийн үйл баримт бөгөөд тухайн цаг хугацаанд 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хууль үйлчилж байсан ба тус хуульд “олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно” Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно гэж тайлбарласан байна.

 

Үүнээс үзэхэд “олон тооны мал” гэдгийг бод малын хувьд ес буюу есөөс дээш бод малыг “олон тооны мал” хулгайлсан гэж үзэхээр хуульчилсан.

 

Тэгтэл шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэг нь бусдын 7 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд “олон тооны мал” гэж үзэх үндэслэлгүй ба шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс тэдний 7 тооны адуу хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдүүд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэсний дагуу 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч нар бусдын 7 тооны адууг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцохдоо урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэж үйлдсэн тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.

 

Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг нь тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хуулиар гэмт хэргийн “бүлэглэж, гэдэг нь “хүндрүүлэх” шинж биш зөвхөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогдож байсан.

 

Түүнээс гадна шүүгдэгч Д.Г, П.Ж нарын бүлэглэн, 2018 оны 09 дүгээр сарын 27-29-ний хооронд хоёр удаагийн үйлдлээр бусдын 7 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр буюу хоёр удаагийн үйлдлээр хулгайлсан гэж үзэж үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцлоо.

 

Харин машин механизм ашиглаж гэснийг шүүх тогтоогдоогүй, зөвхөн тээврийн хэрэгслээр явж адуу дээр очсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нар адууг хулгайлахдаа хулгайлж буй адуунаас адуу барьж унан тус 7 тооны адууг туусан тул машин механизм ашиглаж гэж үзээгүй болно.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох ба энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Г, П.Ж нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Батсайханы өмчлөлийн 7 тооны адууг хулгайлж нийт 6.367.000 /зургаан сая гурван зуун жаран долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тул хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, шүүгдэгч Д.Г, П.Ж нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг, “Хулгайлах” гэмт хэргүүдээс “мал” хулгайлах гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэсэн шинжийг хангаж байвал төгссөн гэмт хэрэг байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд “мал” гэдэг нь мөн эд хөрөнгө бөгөөд энэ эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн захиран зарцуулсан, ашиг олсон байхыг нэмж ойлгоно.

 

Тэрээр шүүгдэгч Д.Г, П.Ж нар бусдын малыг хулгайлж буй өөрсдийн энэхүү үйлдлийг хууль бус шинжтэй болох мэдсэн атлаа хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Батсайханд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г, П.Ж нарт холбогдох эрүүгийн 2034004420388 дугаартай хэргийн зүйлчлэлийг 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

Иймд шүүгдэгч Д.Г, П.Ж нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Нэргүй:

...Шүүгдэгч Д.Г, П.Ж нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон. Ийм учраас тухайн зүйл ангид тохирсон ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн нотлох баримт нь шаардлага хангахгүй гэж үзэж байна. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Гид 1  жил 6 сарын хорих  ялыг оногдуулах, шүүгдэгч П.Жыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн мотоциклийн үнэ болох 1.567.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Улсын орлого болгох. Эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй...гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч П.Жы өмгөөлөгч Б.Баярмагнай:

Шүүгдэгч П.Жы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мал хулгайлах гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна. Хор уршгийг арилгасан. Шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэг өгдөг. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирлыг сайн дураараа төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн орлогоос өөртөө зарцуулсан зүйл байхгүй. Шүүгдэгч Д.Гид хөрөнгөөр туслалцаа үзүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар боломжтой бол тэнсэх, хорих ял оногдуулахгүйгээр, гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн хандаж өөрийгөө илчилж байгаа зэрэг нөхцөл байдлыг эрхэм шүүгч харгалзан үзнэ үү. Тэнсэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү...гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хохирлын хувьд цагдан хоригдож байсан учраас, сая ахтайга яриад мал маллаж төлнө гэж цалингаа аваад төлж барагдуулна гэж төлөхөө илэрхийлсэн  байгаа. Өршөөлийн  хуулийн хэрэглэхдээ гэм буруугийн асуудал, хохирлын  асуудал тодорхой үед хэрэглэнэ. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Д.Г нь гэм буруугаа ухаарч ойлгож байгаа. Прокурорын ялын саналыг 1 жил болгож 2015 оны  12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Г:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч П.Ж:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч Д.Г, П.Ж нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч П.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг, шүүгдэгч Д.Гид хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзсэн.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн... гэдэг үндэслэлээр улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулах үндэслэл шүүгдэгч Д.Г, П.Ж нарт тогоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна шүүгдэгч П.Жы хувьд гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн, тухайн гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч П.Жы тухайн адуун дээр хүргэж өгч уналга хийх морийг барилцаж өгсөн зэрэг гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” боломжтой гэж үзэж, шүүгдэгч П.Жыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ авч,

шүүгдэгч Д.Гийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих оногдуулж, шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гэвч шүүхээс шүүгдэгч Д.Гийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь 2018 оны 09 дүгээр сарын 27-29-ний хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч Д.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ...” гэж зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иймээс шүүгдэгч Д.Гид  оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэлээ.

 

Түүнээс гадна шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Г, П.Ж нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Батсайханд 6.367.000 /зургаан сая гурван зуун жаран долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Хохирогч Д.Батсайхан нь нийт 6.367.000 төгрөгийн хохиролд шүүгдэгч П.Жаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг бэлнээр, үлдсэн 1.168.000 төгрөгөнд тооцож 1 тооны үхэр авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч Д.Гоос хохирогч Д.Батсайханд 3.168.600 /гурван сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Ж энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, 

Шүүгдэгч Д.Г, П.Ж нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2034004420388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Ж энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

  37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бор хайрхан овгийн Пүрэвжавын  П.Ж, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034004420388 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч П.Ж, Д.Г нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч П.Жыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч П.Жыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгон хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Жд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Гийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гийг Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 10 дугаар хороо, А-14 дүгээр байр 15 тоотод оршин суух хаягаас шилжин явахыг, орон нутаг болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 /нэг/ хоног, цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоног, нийт 50 /тавь/ хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.

 

12. Эрүүгийн 2034004420388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Бор хайрхан овгийн Пүрэвжавын  П.Ж, Д.Г нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Гоос 3.168.000 /гурван сая нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батсайханд олгохыг тус тус дурдсугай.

 

14. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

15. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

16. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

17. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г, П.Ж нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН