Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/374

 

  

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

хохирогч М.Б /онлайнаар/,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Бд холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1994 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хорих 417 дугаар ангид хамгаалалтын ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Мөнгөнморьт сум Жаргалант 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, НП94051114 дугаарын регистртэй, Боржигон овгийн Самданжигмэдийн С.Б,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.Б нь 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 15 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эргүй үедээ ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн үйлдвэрийн хашаанд улсын дугааргүй “Хаужи” маркийн мотоциклийг унаж явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ....тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.7.в “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаар тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн дүрмийн 24.3 “ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна”, 24.3.в “тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй” байна гэснийг тус тус зөрчсөний улмаас хорих ангид хоригдож байгаа М.Бийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч С.Б:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Хохирогч М.Б:

...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 417 дугаар хорих ангийн үйлдвэрийн талбайд 15 цаг 00 минут орчмын үед ажил хийж яваад хоолондоо орох гээд буцаж явж байх замд С.Б ахлагч араас мотоциклтой ирж мөргөсөн. Тэгээд газарт унаад хэвтэж байхад хорихын эмч ирээд Багануур луу авч явсан. Гомдол саналгүй. Хорихоос суллагдаад цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн суд.аллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 15 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эргүй үедээ ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн үйлдвэрийн хашаанд улсын дугааргүй “Хаужи” маркийн мотоциклийг унаж явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ....тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.7.в “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаар тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн дүрмийн 24.3 “ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна”, 24.3.в “тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй” байна гэснийг тус тус зөрчсөний улмаас хорих ангид хоригдож байгаа М.Бийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/36 дугаартай ...Хаужи 150-250 маркийн 45-11 ТӨЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.7.в “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, мөн дүрмийн 24.3 “ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна”, 24.3.в “тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй” байна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг осол хэрэгт замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаартай ...М.Бийн биед баруун хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал, хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

хохирогч М.Бийн ...2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 14 цагийн үед хоолондоо орчхоод буцаад үйлдвэрийн талбайгаас ачилтдаа гарахаар явж байсан. Тэгсэн араас нэг зүйл зууралдаад явах шиг болсон. Би газар унаад эргэж харсан чинь ахлагч С.Б байсан. Мотоцикл нь урд дугуйгаараа миний баруун хөлийн шагайгаар дайрч гараад унасан байсан. 2022 оны 04 дүгээ сарын 23-ний өдөр ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаатай хорих ялтай. Дарханбаатар, Отгонтөгс нар эмнэлэг авч явсан. Баруун хөлийн шагай хэсэг гэмтсэн.../хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Г.Оргилболдын ...2022 оны 06 дугаар сарын 29-ний орой 15:00 минутын үед үйлдвэрийн хэсэгт хүн үзүүлэх гэсэн юм гэж дуудлага ирсэн. Ангийн үйлдвэрийн хашаан дотор өндөр хүчдэлийн урд талд хоригдол Б газар унасан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад мотоциклд мөргүүлсэн гэж байсан. Баруун хөлөө мэдрэхгүй байна гэсэн. Тэгээд эмнэлгийн хэсэгт оруулсан өвчин намдаах тариа хийгээд хувцсыг нь тайлаад үзлэг хийхэд нүдэнд харагдах ил шарх, хугарал байгаагүй шагайн үе мултралттай байсан. Тэгээд яаралтай Багануурын эмнэлэгт очиж үзүүлсэн шилбэ савхан яс хугарсан шагай үе мултралттай байсан тэгээд эргүүлээд ангийн байрлалд авчирсан.../хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Б.Дарханбаатарын ...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би гэрт хоол идээд байж байсан чинь хүн орилоод байсан. Тэгээд гэрээс гараад харахад хоригдол Б мотоциклоор дайруулсан байдалтай орилоод газар хэвтэж байсан. Тэгээд би нар ажилтай байсан болохоор ажилдаа явсан. Гэр дотор байсан болохоор хараагүй. Б газар унасан хөл нь эвгүй болсон шоронгийн мотоциклын хажууд ахлагч С.Б зогсоод байж байсан.../хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч Б.Балжиннямын ...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цайгаа уучхаад буцаад ажил руугаа явж байсан. Үйлдвэрийн хашаагаар гарах гээд алхаж байсан. Б миний ард алхаж байснаа орилоод явахаар нь эргээд харсан чинь мотоциклийн урд дугуй хөл дээр нь унасан Б газар унасан байсан. Би очоод яасан бэ гэсэн чинь орилоод байсан. С.Б ахлагч бид хоёр мотоцикл босгоод эмч дуудсан. Тэгээд би ажил руугаа явсан.../хх-ийн 22-23 дугаар хуудас/,

сэжигтэн С.Бы ...2022 оны 06 дугаар сарын 29-нийн өдрийн 15:00 минутын үед малын хэсгийн 3 хоригдлын хоолыг авах гээд үйлдвэрийн хашаа руу мотоциклтойгоо орсон. Тэгээд хоолны саванд хийж яваад буцаад гараад явж байхад үйлдвэрийн байрны баруун талаар тойроод хашааны хаалга чиглэлтэй явж байхад урд хоригдол Б явж байсан. Баруун гар талаар нь тойроод гарах гэж байсан чинь тэр хоригдол өөрөө баруун тийшээ эргээд тэгсэн би тоормос гишгэж амжаагүй очоод мөргөсөн. Би нэг савтай хоол бариад нөгөө баруун гараараа жолоо бариад явж байсан. Осол гарсны дараа ангийн эмчийг дуудаж үзүүлсэн. Малын хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. Үйлдвэрийн байрнаас үйлдвэрийн хашааны хаалга хүртэл ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 50 метр зам туулсан. Саяхан хүнээс худалдаж авсан улсын дугаарыг нь санахгүй байна. Мотоциклд улсын дугаараа зүүгээгүй байсан. Шар өнгийн хаужи маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикл одоо миний эзэмшлийнх. Би жолоодох “А” ангилал байхгүй. Би ангийн удирдлагад мэдэгдээд тэгээд нөгөө хүнийг эмнэлэг аваад явсан. Би жолооч хүн осол гарсан  бол цагдаад мэдэгдэх ёстойг мэдэж байсан. Би мэдэгдээгүй. Өдөр гэгээтэй үл ялиг жоохон салхитай байсан. Гэхдээ үзэгдэх орчин харагдаж байсан бороо ороогүй газар хуурай байсан. Би ганцаараа мотоциклтой явж байсан. Урд Б явж байсан.../хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Б.Төрхүүгийн ...2022 оны 06 дугаар сарын 29-ний  өдөр 14:00 минутын үед хоригдлуудыг фермийн хашаанаас татаж үйлдвэрийн хашаа руу оруулж үдийн хоолонд нь оруулсан. Тэгээд хоолоо идэж дуусгаад эргээд ажилд нь оруулах гээд явж байсан тухайн үед хоригдлууд цувраад явж байсан. Эргээд хартал Б гэх хоригдол доошоо хараад хэвтэж байсан. Ард талд нь ахлаг С.Б мотоцикл дээрээ зогсож байсан. Тэгээд ангийн холбоо руу би залгаад эмчийг дуудсан. Хоригдол  Б ертөнцийн зүгээр зүүн гар тал руугаа унасан  байдалтай С.Б мотоцикл дээрээ суусан урд дугуй нь бас Б рүү харсан байдалтай зогсоод байж байсан.../хх-ийн 31-32 дугаар хуудас/,

яллагдагч С.Бы ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ___ дугаартай тогтоолтой танилцлаа. Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах 417 дугаар нээлттэй хорих ангид малын хэсэгт байнгын үүрэг гүйцэтгэж ажилладаг бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед үйлдвэрийн хашаанаас малын хэсгийн 3 хоригдлын хоолыг авах гээд улсын дугааргүй “Аужи” маркийн мотоциклтой очоод үйлдвэрийн байрнаас хоолоо аваад зүүн гартаа савтай хоол бариад баруун гараараа мотоцикл бариад  хөдлөөд 30 орчим метр явж байтал урд замд хоригдол М.Б цаашаа алхаж байхаар нь баруун гар талаар нь тойроод гарах гэж байтал хоригдол Б намайг хажуугаар нь гарах үед баруун гар тал руугаа эргэж таараад би тормос гишгэж амжилгүй би мотоциклоор Бийг мөргөөд онхолдсон. Би мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.../хх-ийн 78 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Бы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 4, хх-ийн 67-70 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 15 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн үйлдвэрийн хашаанд улсын дугааргүй “Хаужи” маркийн мотоциклийг унаж явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ....тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.7.в “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаар тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн дүрмийн 24.3 “ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна”, 24.3.в “тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй” байна гэснийг тус тус зөрчсөний улмаас хорих ангид хоригдож байгаа М.Бийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

            ...Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн үйлдвэрийн хашаанд улсын дугааргүй “Хаужи” маркийн мотоциклийг унаж явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хорих ангид хоригдож байгаа М.Бийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогч М.Б:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний өгсөн мэдүүлэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/36 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаартай дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч С.Бы холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ санаатай хандсан, хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

            ...Шүүгдэгч Боржигон овогт Самданжигмэдийн С.Б нь гэм буруугаа   хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авхуулах, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогч М.Б:

            Хэлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч С.Б:

...Хэлэх зүйл байхгүй...гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

            Шүүгдэгч С.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч С.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Бийн биед хүндэвтэр хохирол учирсан байна. 

   

Шүүгдэгч С.Бы хувьд хохирогч М.Бийн эмчилгээний зардалтай холбоотой холбоотой хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч С.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

            Бусад асуудлын талаар

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Быг шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Быг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

7. Хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

           8.  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Самданжигмэдийн С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

      

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН