Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 116/2024/0006/З |
Дугаар | 221/МА2024/0477 |
Огноо | 2024-07-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2024/0477
2024 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2024/0477 | Улаанбаатар хот |
П.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т,
Нэхэмжлэгч: П.Г-,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт П.Г- миний захиалгаар баригдах үйлчилгээтэй зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 116/ШШ2024/0007 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч П.Г-,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Г.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Н,
Хэргийн индекс: 116/2024/0006/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Г- нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт П.Г- миний захиалгаар баригдах үйлчилгээтэй зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах”-аар маргасан.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 116/ШШ2024/0007 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч П.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт баригдах зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж маргасан. Үүнд:
3.1 Нэхэмжлэгчээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан үйлчилгээний төв болон зочид буудлын барилга барих барилгын ажлын зөвшөөрөл хүссэн материалыг хянаж үзээд архитектур төлөвлөлтийн даалгавар нь ажлын зургийг батлахдаа нийт талбайд барилгажилтыг төлөвлөж, нийтийн эзэмшлийн газарт авто зогсоол, ногоон байгууламж төлөвлөсөн байгаа Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8-д заасныг зөрчсөн болохыг тогтоож Засаг даргын 2021 оны 1/2459 дүгээр албан бичгээр хариу өгсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдэд огт хариу өгөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу,
3.2 Нэхэмжлэгч барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд огт гаргаж байгаагүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийн хариуг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариу өгсөн байхад шүүх нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэсний дараа хариу өгч шийдвэрлэсэн мэтээр үндэслэлгүй дүгнэсэн,
Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, түүнд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Нэхэмжлэгч П.Г- нь Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/158 дугаар захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Голомт банкны баруун талд 225 м.кв газрыг, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/190 дугаар захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар баг, Чойбалсан-1 148 б хаягт байрлах 800 м.кв газрыг тус тус “худалдаа, үйлчилгээний зориулалт”-аар өөр этгээдээс шилжүүлэн авч, эзэмших эрхтэй болсон.
3.2. Улмаар 225 м.кв талбай бүхий газрынхаа 220.8 м.кв талбайд нь зочид буудлын 6 давхар барилга төлөвлөж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн До/Чо/2017-11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 800 м.кв талбай бүхий газрынхаа 787.5 м.кв талбайд худалдаа, үйлчилгээний 6 давхар барилга төлөвлөж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн До/Чо/2017-12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус батлуулж, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг хүссэн хүсэлтийг гаргасан.
3.3. Дорнод аймгийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дүгээр албан бичгээр “...Архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургийг батлахдаа нийт талбайд барилгажилтыг төлөвлөж нийтийн эзэмшлийн газарт авто зогсоол, ногоон байгууламж төлөвлөсөн байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх", 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т "барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх", 14.2-т "барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна", Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 5.1.2-т "баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй" тул барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн татгалзсан хариуг өгсөн.
3.4. Нэхэмжлэгч П.Г-аас 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дахин барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэн хариуцагчид хандан хүсэлт гаргасныг аймгийн Газрын харилцаа, барилга , хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/064 дугаар албан бичиг болон аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/271 дүгээр албан бичгээр “...Уг барилга угсралтын ажлын зураг төсөл, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дугаар заалтад заасан барилгажих талбай, цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоолын талбайн харьцааг хангаагүй, ... талбайн харьцааг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй байна” хэмээн татгалзсан хариуг дахин өгсөн гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх Хот байгуулалтын тухай хууль болон Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй ... нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ... барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд тухай бүр нь өргөдөл, хүсэлтэд нь хариу өгөөгүй” зэрэг дүгнэлтийг хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-т “барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга” олгоно”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх", 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэж тус тус заасан.
6. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч П.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ерөнхий архитектораар батлуулсан До/Чо/2017-11 болон До/Чо/2017-12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь 6 давхар барилга буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын 1 дүгээр хавсралт “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал”-ын жагсаалтын 3.2-т “16-30м өндөртэй 5-9 давхар орон сууцнаас бусад зориулалттай олон давхар барилга байгууламж” гэж зааснаар дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарахаар,
хэргийн оролцогчдын тайлбар болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй газартаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан До/Чо/2017-11, До/Чо/2017-12 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан хэмжээгээр буюу 225 м.кв газрын 220.8 м.кв талбайд, 800 м.кв газрын 787.5 м.кв талбайд нь барилгын ажил эхлүүлэн, 2 давхар карказ цутгасан нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 болон 12.8 дах хэсгийг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх хариуцагч Дорнод аймгийн Засаг даргыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус “эс үйлдэхүй” гаргасан хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 116/ШШ2024/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Г-аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт П.Г- миний захиалгаар баригдах үйлчилгээтэй зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА