Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1114

 

2022         07          21                                   2022/ШЦТ/1114

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч А.Оюунгэрэл /тээврийн прокурор/,

   Хохирогч Б.Б,

   Хохирогч Ц.Н-ийн өмгөөлөгч Н.Х,

   Иргэний нэхэмжлэгч Б.Б,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт И-н Л-т холбогдох эрүүгийн 2203 00203 0259 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

А овогт *******

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Эмэгтэйчүүдийн хорих ангийн баруун талын Монелийн замд “Хьюндай грейс” маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота приус-41" маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ц.Н, Б.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 13.230.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Чингэлтэй ТҮК-д гэрээгээр жолооч хийдэг. Би өглөө оройдоо ажилчдаа зөөдөг. Тэгээд би ажил тарахаар нь хүргэж өгдөг. Би тухайн үед нойрмоглоод байсан. Би гүйцэж түрүүлэх үйлдэл гаргаагүй. Нэг хэсэг машин барьж явж байгаад зүүрмэглэсэн байсан. Тэгээд нэг мэдэхэд түг гээд нэг машиныг мөргөчих шиг болсон гэв.  

 

            Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хөл хугарсан. Хөл маань бороолохгүй байна. Баримтгүй учраас хохирол нэхэмжлээгүй. Миний дунд чөмөг хугарсан. Надад 2 сарын цалин гэж 600.000 төгрөг өгсөн. ******* ах 200.000 төгрөг өгсөн. Би байнга эмнэлэгт үзүүлж байгаа. Эмч эдгэрэх болоогүй гэж хэлсэн гэв. 

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би японоос машин оруулж ирдэг. Тухайн приус машин нь 34 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байсан боловч гааль дээрээс аваад явж байхад урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн. Засагдах боломжгүй болтлоо эвдэрсэн. Журмын хашаанаас аваад ашиглаж болно гэж хэлэхээр нь сэлбэгэнд зарсан. Маш бага үнийн дүнгээр сэлбэгэнд зарсан. Үнэлгээгээр тоймтой зүйлийг үнэлсэн. Бусад нарийн ширийн зүйлийг үнэлээгүй. Үнэлгээгээр 13 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ хэрэг гараад 3-4 сар болж байна. Би дараа дараагийн машинаа оруулж ирэх гээд банк, банк бусаас зээл авч байгаа. Ядаж үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулаарай гэж олон удаа гуйж байна. Байнга утсаар ярьж хохирлоо хурдан төлж барагдуулаач гэж хэлсэн. Захирал мөнгө өгнө гэж байна хурдан материалаа бүрдүүлээрэй гэхээр нь би байцаагчаас бүх зүйлийг авч өгч байсан. Захирал барьцаатай байвал өгч болно гэсэн надад барьцаалах зүйл байхгүй гэж хэлсэн. Дараа нь зээл авах гэж байсан чинь муу зээлтэй болчихсон байна гэж удаа дараа худлаа хэлж байсан. Би ардаа амьдралтай гэр бүл, үр хүүхдээ тэжээх үүрэгтэй учраас уг мөнгөө хурдан хугацаанд авмаар байна. Нэмээд мөнгө зээлээд яваад байхад хэцүү байна. Тэр ачилт хийлгэсэн үнэлгээ хийлгэсэн бүх зардлаа нэхнэ гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зүргийн үзүүлэлт /хх-ийн 04-12 дугаар хуудас/,

 

- Хохирогч Б.Б-н: “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт ажлын газрын хүмүүстэй ажиллаж байгаад 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотруу буцах болсон. Улаанбаатар хот руу буцахдаа 'Хьюндай грейс’ маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ажилчдын хамт суугаад хөдөлсөн. Би тээврийн хэрэгслийн дунд талын эвхэгддэг суудалд миний хажууд Н, Д, хойд талд Т сууж байсан...Эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд замаар авж байтал миний сууж явсан тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн...Баруун хөлийн дунд чөмөг хугарсан. Жолоочоос 30.000 төгрөг, ажлын газраас 100.000 төгрөг өгсөн. Эрүүл мэндэд учирсан зардал болон ослоос шалтгаалж ажилгүй байсан хугацааны цалин төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

- Хохирогч Ц.Н-ийн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт хүмүүстэй ажиллаж байгаад 15 цагийн орчим Улаанбаатар хотруу буцах болсон. Улаанбаатар хот руу буцахдаа “Хьюндай грейс” маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ажилчдын хамт суугаад хөдөлсөн. Би уг тээврийн хэрэгслийн дунд талын суудалд буруу хойд тал руу харсан суудалд сууж явсан...гэнэтхэн бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл машинтай мөргөлдөх шиг болсон...тэгээд ухаан алдаад сэрээд харсан гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний зүүн талын нүд шанаа орчимд маш их гэмтэлтэй байгаа. Нүдний шинжилгээ өгөхөд нүдний хараа муудсан. Хацар, шанаа орчмын яс нь цөмөрсөн байна гэсэн... Эмчилгээ хийлгэж байгаад хэдэн төгрөгний зардал гарах нь тодорхой болох байх баримт гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын: “Би Тоёота приус-41” маркийн хар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах Автима гаалийн агуулахаас 14 цагийн орчим аваад Мөнхзулаар жолоодуулаад би араас нь дагаад явж байсан. Яг осол болохыг хараагүй. Осол болсны дараа харахад микро автобус урсгал сөрж ирээд мөргөсөн байдалтай байсан...Япон улсаас дуудлага худалдаагаар авсан миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтлийн талаар сайн мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслээ бүтэн болгуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Э-ын: “Тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй, Миний гар утасруу Л-н хүүхэд залгаад аав тээврийн хэрэгслээ жолоодоод явж байгаад урсгал сөрөөд осол гаргачихлаа таны даатгал манай аав Л-т үйлчлэх үү гэж асуусан. “Хьюндай грейс” маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би уг тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Л гэх хүнд 6.500.000 төгрөгөөр худалдсан. Л надад 6.000.000 төгрөг өгсөн үлдэгдэл 500.000 төгрөгийг төлөөд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг Л-ын нэр дээр шилжүүлж өгөх юм. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... Бусдад учирсан хохирлыг би төлж барагдуулахгүй, Би уг тээврийн хэрэгслийг Л гэх хүнд худалдсан нэрийг шилжүүлж өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 35 дугаар хуудас/,

 

- Гэрч Э.М-ын: “Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 15 цагийн орчим гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах Автима гаалиас хар өнгийн Тоёота приус-41 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодоод Да хүрээ зах орохоор хөдөлсөн...эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байтал миний өөдөөс микро автобус урсгал сөрж ирээд тээврийн хэрэгслийг мөргөсөн...Надтай хамт Да хүрээ худалдааны төвд машин худалддаг Б гэж хүний тээврийн хэрэгсэл. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ослоос болж баруун талын түнх орчим дугуй цэг үүссэн байна гэж хэлсэн шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Гэрч Г.Д-ын: “Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт хүмүүстэй ажиллаж байгаад 15 цагийн орчим Улаанбаатар хотруу буцах болсон. Улаанбаатар хот руу буцахдаа “Хьюндай грейс” маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Тээврийн хэрэгслийн хамгийн урд талд жолоочийн баруун гар талын суудалд Н гээд манай бүлгийн дарга сууж явсан. Эмэгтэйчүүдийн хорих ангийн баруун талд Монелийн замд явж байтал гэнэтхэн тээврийн сууж явсан манай ажлын хүмүүс орилолдоод эхэлсэн. Би толгойгоороо цонх мөргөсөн. Тухай үед юу болсныг мэдээгүй...Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд бага зэргийн доргилт авсан байна гэж хэлсэн Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн өдөр эмчилгээ хийлгэсэн зардал 60 орчим төгрөг осол болсноос хойш ажил хийлгээгүй байгаа ажилгүй байсан цалин зэргийг буруутай жолоочоос гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

- Гэрч Э.Г-н: “Жолооч Л манай байгууллагад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хөлсөөр ажиллах гэрээтэй ажиллаж байгаа ажилтан. Л-тай ажиллах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулдаг. Гэрээ дуусмагц сунгах шаардлагатай бол 1 жилээр сунгагдаад явна. Тухайн осол гарах үед жолоодож явсан “Хьюндай грейс” маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл Л-н өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5770 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ц.Н-н биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн дээд доод хана, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын далд хугарлууд, тархи доргилт, нүүр, хүзүү, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлийн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

 

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5769 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.Б-ийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

- “Бэст Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд 9.130.000 төгрөгийн шууд, 13.230.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

-2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний хөлс төлсөн талаарх кассын орлогын ордер /хх-ийн 94 дүгээр хуудас/,

-2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн оношлогооны төлбөр төлсөн талаарх кассын орлогын ордер /хх-ийн 98 дугаар хуудас/,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 482 дугаартай: “...“Хьюндай грейс” маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч... зорчигч Ц.Н, Б.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 129-130 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Эмэгтэйчүүдийн хорих ангийн баруун талын Монелийн замд “Хьюндай грейс” маркийн 85-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота приус-41" маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ц.Н, Б.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 13.230.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тзэврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Б, Ц.Н нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Э, гэрч Э.М, Г.Д, Э.Г нарын мэдүүлгүүд, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5770, 5769 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, “Бэст Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 482 дугаартай магадлагаа, шүүгдэгч *******-ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Б, Ц.Н нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Б, Ц.Н нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч *******-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Хохирогч Ц.Н-ийн өмгөөлөгч Н.Х гэм буруугийн талаар дүгнэлтдээ: Хохирогч Н нь тухайн үед Л-ын автомашинд сууж явахдаа эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны үед бичиг үсэг мэдэхгүй гэсэн шалтгаанаар өмгөөлөгчөөр оролцож байна. Иймд хохирогчид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд баримтаар 1.214.700 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь 800.000 төгрөг, хохирогч Ц.Н нь баримтаар 2.985.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь 2.020.000 төгрөгийг нөхөн төлсөнийг дурдах нь зүйтэй байна. 

Хохирогч нар нь шүүхэд нэмж хохирлын баримт ирүүлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч *******-с 14.008.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Хохирогч Ц.Н-ийн өмгөөлөгч Н.Х эрүүгийн хариуцлагын  саналдаа: Хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч *******: Хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүх шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-т 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 1.214.700 төгрөгийг нэхэмжилсэн ба хоолны зардлын баримт 100.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээнд зориулсан зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэсгүй байгаа тул хохирогчийн эмчилгээний зардлаас хасч тооцох нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь хохирогчид 1.274.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.

Хохирогч Ц.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 2.985.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хоолны зардлын баримт 100.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээнд зориулсан зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэсгүй байгаа тул хохирогчийн эмчилгээний зардлаас хасч тооцох нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь хохирогчид 2.985.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н тээврийн хэрэгслийн хохирол 13.230.000 төгрөг болон автомашин техникийн үнэлгээний тайлангийн төлбөр 728.000 төгрөг,  оношлогооны төлбөр 50.000 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.  

Хохирогч нар нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт *******-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 14.008.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

6. Энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлыг хохирогч нар цаашид баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ