Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1199

 

2022         08          11                                   2022/ШЦТ/1199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2320 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

М овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртад байрлах Туул голын эрэг дээр иргэн Д.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хацар, зүүн шанаа болон хоёр нүдний алимын салстад цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн хацар, доод уруулын дотор салстад шарх, хүзүүний хоёр хажуу болон урд хэсгээр зулгаралтууд, баруун өвдөгт зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад хэлэх зүйл байхгүй. А ах өөрийнхөө талаар хэлээгүй гэрчүүд бас жаахан худлаа мэдүүлсэн байна лээ. Би учруулсан хохиролдоо маргаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамт нэг компанид ажилладаг ажилчидтайгаа хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт голын эрэг дээр очиж амарцгаасан юм. Тэнд С1Г62 дугаар салбарт ажилладаг Баяраа, Сувдаа болон манай салбараас Ариунзаяа, Болор-Эрдэнэ нарын хамт очицгоосон юм. Бид нар голын эрэг дээр очицгоогоод согтууруулах ундаа хэрэглэсэн. Би тухайн үед согтоогүй, өөрийн гэсэн ухаантай байсан. Согтууруулах ундаа хэрэглэж байхад С11-ийн 62 дугаар салбарын Баяраа гэнэт миний толгой хэсэгт баруун гараараа олон удаа цохисон. Тухайн үед Сувдаа, Түвшинбаяр, Ариунзаяа, Болор-Эрдэнэ нар нь харж байсан. Миний биед халдаж байхдаа “энэ писдаг яах гэж авчирсан юм бэ” гэж хэлж байхыг сонссон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А ах Б-д хандан “чи энд ирснээс хойш огт юм хийхгүй туслахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд хариуд нь Б “чимээгүй бай, дуугүй бай” гэж хэлэхэд Б рүү дайраад байсан. Тэгэхэд хариуд нь Б нь гараараа А-ийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “А ах Б-д хандан “чи энд ирснээс хойш огт юм хийхгүй туслахгүй байна” гэж хэлсэн. Хариуд нь Б адилхан ажил хийгээгүйн байж чимээгүй бай гэж хэлэхэд А ах нь би яахаараа чимээгүй байдаг юм бэ гээд сууж байснаа босоод Б рүү дайраад байсан. Тэгэхэд хариуд Б нь гараараа А-ийн нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн: Д.А-ийн хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хацар, зүүн шанаа болон хоёр нүдний алимын салстад цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн хацар, доод уруулын дотор салстад шарх, хүзүүний хоёр хажуу болон урд хэсгээр зулгаралтууд, баруун өвдөгт зулгарал үүсжээ.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх 9146 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А надад хандан голын эрэг дээр ирснээс хойш юм хийхгүй зүгээр суулаа гэхэд би өөдөөс нь “чамд ямар хамаатай юм, чи ч гэсэн юм хийхгүй байгаа биздээ” гэж хэлэхэд А босож ирээд хоёулаа зодолдъё гээд намайг цохисон. Тэгээд А-н биед халдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртад байрлах Туул голын эрэг дээр иргэн Д.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хацар, зүүн шанаа болон хоёр нүдний алимын салстад цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн хацар, доод уруулын дотор салстад шарх, хүзүүний хоёр хажуу болон урд хэсгээр зулгаралтууд, баруун өвдөгт зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн: Д.А-ийн хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хацар, зүүн шанаа болон хоёр нүдний алимын салстад цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн хацар, доод уруулын дотор салстад шарх, хүзүүний хоёр хажуу болон урд хэсгээр зулгаралтууд, баруун өвдөгт зулгарал үүсжээ.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх 9146 дугаартай дүгнэлт гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.А-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.А-ийн үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Шүүгдэгч: Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн  нөхцөл байдал, хохирол төлсөн байдал, хохирогч санал гомдолгүй гэсэн  зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Д.А нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжлээгүй, шүүгдэгч 950000 төгрөгийг төлсөнөө мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Б-ийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.  

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ