| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/0933/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1347 |
| Огноо | 2022-09-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1347
2022 9 15 1347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Б.Сэргэлэнцогт,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 2206 00000 0860 дугаар хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б ** оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “АПУ” ХХК-нд ачигч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ** дүүргийн 9 дүгээр хороо, * 14 дүгээр гудамжны* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 784 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн ** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр *14 дүгээр гудамжны 267 тоот хашаанд нагац ах Т.Г-ийг өөрийн төрсөн эх Ю агсам тавьж зодох гэлээ гэх шалтгаанаар биед нь халдаж, улмаар нуруу, дал хэсэгт нь 2-3 удаа хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун бөөрийг авсан, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2 дугаар сарын 19-нд үүрийн 6 цаг болж байхад хаалга нүдээд босоод онгойлгосон чинь манай нагац ах согтуу орж ирсэн. Гэрт агсам согтуу тавиад “тавууланг чинь алчихна шүү” гэсэн. Ээж түлхээд гартал ээжийн араас гарахаар нь би араас нь гараад хутгалсан. Нуруу хэсэгт 3 удаа хутгалсан. Тэгээд гүйгээд явсан. Ээж нойлд байсан. “Т ах чинь яагаад гүйгээд явчихав” гэсэн, тэгэхээр нь “би хутгалчихсан” гэж хэлтэл “юу болов, яав” гээд ээж цагдаа дуудсан. Агсам согтуу тавьж байгаа бичлэг нь байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хавтаст хэргийн 3-9 дэх тал/
Хохирогч Т.Г Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ найзуудтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нэг мэдсэн би өөрийн төрсөн эгч Ю гэрт орчихсон, түүнтэй хэрүүл маргаан хийгээд байж байсан. Гэр рүүгээ орох гээд явж байтал Ю эгчийн том хүү Г.Б миний араас гэрээсээ гарч ирээд миний нуруу руу хутгаар дүрсэн. Энэ үед миний нуруу халуу оргиж, би зугтаахад, араас гүйцэж ирээд намайг ахиж 3 удаа хутгалсан. ...Тэгээд би зугтсан чигээрээ хашаанаас нь гарч гүйгээд, манай гэрийн урд гудамжинд амьдардаг дүү Н гэрт явж орсон. Би энэ үед маш их цус алдсан байсан болохоор ухаан алдаад унаад өгсөн.Тэгээд би сэрэхэд Цэргийн төв эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байсан. ...мөн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 11-12 дахь тал/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ унтаж байтал 06 цаг 30 минутын үед манай гэрийн үүдийг хүн цохихоор нь онгойлготол манай хамаатан Т согтуу орж ирээд, шалан дээр унасан. ТэгтэлТ. Г нуруу хэсэг маш их цус болж, хувцас нь норсон, хутгалуулсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 15-16 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3381 дүгээр “1. Т.Г биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх цээжний хөндийн цусан хураа /цээжний хөндийн цусан хурааг авсан мэс заслын дараах байдал 2022 оны 02 дугаар сарын 18/, хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, /баруун бөөрийг авсан мэс заслын дараах байдал 2022 оны 02 дугаар сарын 19/, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндийн цусан хураа/ гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хэвлийн хөндий рүү нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх /баруун бөөрийг мэс заслаар авсан/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 12.58.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 26-28 дахь тал/
Яллагдагч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийгөө өмөөрч, мөн ээжийгээ бусдад зодуулчих вий гэж айсандаа Т.Г ахыг хутгалсан, гэм буруугаа хүлээж гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 91 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “. Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Т.Г нь баримтаар нэхэмжилсэн баримт байхгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат “Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчид 200.000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг “Гэм буруутай байна.” гэсэн саналыг бичгээр гаргажээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 14 дүгээр гудамжны 267 тоот хашаанд нагац ах Т.Г-ийг өөрийн эх Ю тавьж зодох гэлээ гэх шалтгаанаар биед нь халдаж, улмаар нуруу, дал хэсэгт нь 2-3 удаа хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг ухамсарлан мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх3-9/, хохирогч Т.ГанТийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэр рүүгээ орох гээд явж байтал Ю эгчийн том хүү Г.Б миний араас гэрээсээ гарч ирээд миний нуруу руу хутгаар дүрсэн. Энэ үед миний нуруу халуун оргиж, би зугтаахад, араас гүйцэж ирээд намайг ахиж 3 удаа хутгалсан. ...Тэгээд би зугтсан чигээрээ хашаанаас нь гарч гүйгээд, манай гэрийн урд гудамжинд амьдардаг дүү Н гэрт явж орсон. Би энэ үед маш их цус алдсан байсан болохоор ухаан алдаад унаад өгсөн.Тэгээд би сэрэхэд Цэргийн төв эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байсан.” гэх /хх11-12/, гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгөн: “...гэртээ унтаж байтал 06 цаг 30 минутын үед манай гэрийн хаалгыг хүн цохихоор нь онгойлготол манай хамаатан Т.ГанТ согтуу орж ирээд, шалан дээр унасан. Тэгтэл Т.Г нуруу хэсэг маш их цус болж, хувцас нь норсон хутгалуулсан байдалтай байсан.” гэх /хх15-16/, яллагдагч Т.Б-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийгөө өмөөрч, мөн ээжийгээ бусдад зодуулчих вий гэж айсандаа Т.Г ахыг хутгалсан, гэм буруугаа хүлээж гэмшиж байна.” гэх /хх41, 91/ мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3381 дүгээр /хх26-28/ дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Б нь онц харгис хэрцгийгээр, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Г гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Т.Г эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул хохирогч Т.ГанТ нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Г.Б-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруу дээр маргахгүй байгаа, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч ГанТ нь иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нийт урт нь 24 см, ажлын хэсгийн урт нь 12.8 см, бариулын урт нь 11.2 см шар өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгуулахаар зохих байгууллагад даалгах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, албадлагын арга хэмжээтэй холбоотой тусгайлан гаргах саналгүй. Дэглэмийн талаар тусгайлан гаргах саналгүй.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат “Шүүгдэгч Г.Б ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт амьдардаг. Урьд 2019 онд шүүхээр ороод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар 1.000.000 төгрөгөөр торгуулийн ял шийтгэл авч байсан. Торгуулийн мөнгийг төлж барагдуулсан. Хохирогч Г-ын хувьд төрсөн ээжийнх нь бага дүү. Нэг хашаанд амьдардаг. Ямар нэгэн нэхэмжлэх, зүйл гомдол саналгүй. Хохирогчид хохирол төлбөрт 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирогч шүүх хуралд суухгүй гэж хэлээд самарт явсан байна. Шүүгдэгч цаашид гарах эмчилгээний зардлын баримт гаргаж өгвөл төлөхөө илэрхийлсэн. Өөрөө 60 хувийн группэд байдаг. 4 настай байхдаа тархины гэмтэл аваад унаж татдаг болсон. Өнөөдөр группэд байдаг гэсэн баримтаа аваад ирнэ гэсэн чинь мартаад гэртээ үлдээсэн байна. Энэ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 3 жил 4 сар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 24 см, ажлын хэсгийн урт нь 12.8 см, бариулын урт нь 11.2 см, бор хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хохирогч Т.Г нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 24 см, ажлын хэсгийн урт нь 12.8 см, бариулын урт нь 11.2 см бор хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Х.САНЖИДМАА