Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0431/З |
Дугаар | 221/МА2024/0488 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0488
2024 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2024/0488 | Улаанбаатар хот |
“Б к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б к” ХХК,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 125, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 81, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот “Гурван талт гэрээ”-ний 5.3.11-д заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овоо орчмын ГХДТ-2014/2 А хэсэгчилсэн талбай 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан 3.889.154.716 төгрөгийг “Б к” ХХК-д олгохыг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0439 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д нар.
Хэргийн индекс: 128/2023/0431/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б к” ХХК-иас анх шүүхэд хандан “Хот суурин
газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2-т “улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг хэрэгжүүлэх”, гурван талж гэрээний 5.3.11-т “төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц барих ажлын жагсаалтыг гаргаж, улс орон нутгийн төсөвт тусгах, санхүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, инженерийн дэд бүтцийн ажилд зарцуулсан 3.889.154.716 төгрөгийг “Б к” ХХК-д төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 125, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 81, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот “Гурван талт гэрээ”-ний 5.3.11-д заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овоо орчмын ГХДТ-2014/2 А хэсэгчилсэн талбай 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан 3.889.154.716 төгрөгийг “Б к” ХХК-д олгохыг даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0439 дүгээр шийдвэрээр “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2-т заасныг баримталж, Б к ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХДТ-2014/2 багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардлыг зохих журмын дагуу улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Шүүх хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй дүгнэсэн буюу Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10.1, 10.1.2, 11.1, 11.1.2-т зааснаас үзэхэд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл батлах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх үүрэгтэй,
3.2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн буюу Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлэх жишиг баримт бичгийн жагсаалт”-д заасан материалыг бүрдүүлсний дараа улсны комисс ажиллах дүрэмтэй. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн БА-155/2021 дүгнэлтээр 225 айлын орон сууцыг ашиглалтад оруулахад Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэх боломжгүй байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн,
3.3. Гадна шугам сүлжээний трасст нэхэмжлэгчийн тодорхойлсон 7 нэгж талбар өртсөн эсэх тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт огт байхгүй байхад түүний газар чөлөөлөлтийн зардлыг нэхэмжлэгчид олгохыг даалгасан нь үндэслэлгүй,
3.4. Шүүх хэргийн нөхцөл байдлыг дутуу тодруулсан, нотлох баримтыг буруу үнэлж, шүүх нотлох зарчмыг баримтлаагүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч “Б к” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд хандан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 125, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 81, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот “Гурван талт гэрээ”-ний 5.3.11-д заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овоо орчмын ГХДТ-2014/2 А хэсэгчилсэн талбай 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан 3.889.154.716 төгрөгийг “Б к” ХХК-д олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.4-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл буюу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны ямар үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгааг тодруулаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 125, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 81, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот “Гурван талт гэрээ”-ний 5.3.11-д заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа ...” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгчийн хүсэж буй эрх зүйн хамгаалалт нь захиргааны байгууллагын эс үйлдэхүйн эсрэг чиглэж байна уу эсхүл хариуцагч захиргааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна уу гэдэг асуудлыг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.
6. Мөн нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овоо орчмын ГХДТ-2014/2 А хэсэгчилсэн талбай 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан 3.889.154.716 төгрөгийг “Б к” ХХК-д олгохыг даалгах” шаардлагын тухайд анхан шатны шүүх “... гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөг зарцуулсан нь Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.2, 5.2.5, 5.3.11-д зааснаар нийслэлийн Засаг даргын орон нутгийн төсөвт тусгуулах зардалд хамаарахаар байх хэдий ч шүүхээс нэхэмжлэгч компанийн ...батлагдсан зураг төслийн дагуу гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан... гэх төлбөрийг шууд гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй” хэмээн дүгнэж, “... газрыг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй” болохыг дурдсан атлаа хариуцагчийг “...нэхэмжлэгч компанийн дээрх үнийн дүнгээр хийсэн ажилд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, бодит зардлын тооцоог хоорондоо хийснээр хариуцагчаас төсөвт тусгуулах боломжтой” хэмээн өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг хийсэн.
7. Тухайн үйл баримттай холбогдуулан уг хэргийг өмнө нь давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2024/0074 дүгээр магадлалд “..... Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.2 “Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг”, 5.2.5-д “төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, түр суурьшуулах, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх гэж заасныг анхаарах”, “…гэрээний 5.3.11-д заасан нийслэлийн Засаг даргын орон нутгийн төсөвт тусгуулах зардал мөн эсэхэд шүүхээс нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийх” болон “Гэрээний 5.2.5 дахь заалт буюу төсөл хэрэгжүүлэгчийн санхүүжүүлэх зардалд тухайн зардал холбоотой эсхүл хариуцагч улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын алинд нь хамаарах эсэх талаар” тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж заасныг биелүүлэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
8. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг бүхэлд нь хянан, нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0414 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА