Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1107

 

   2022         07          21                                   2022/ШЦТ/1107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4   дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргууд овогт Эрдэнэбатын Эрхбаярт холбогдох эрүүгийн 2105 02265 0127 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Ш овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Max  маркет”-ийн автобусны буудал дээр хамт хөдөө явсангүй гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.О-н биед халдаж гараараа нүүр болон цээжин тус газарт нь цохиж 1 дүгээр шүдний сулрал, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” нэртэй зочид буудалд 2022 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.О-г цагдаад барьж өгсөн гэх шалтгаанаар биед нь халдаж зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний булгарал, баруун нүдний дээд, зовхи, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

2021 оны 9 дүгээр сарын 10-ны үйлдэлд:

 

Хохирогч М.О-н: “...Би хэрэг маргаан гардаг өдөр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Max маркет” гэх газарт ажилладаг байсан бөгөөд орой 17 цаг өнгөрч байхад ажлаа тараад гараад ирэхэд ******* намайг хүлээгээд машин дотроо байж байсан. Би машинд орж суухад Төв аймаг Эрдэнэсант явмаар байна гэхээр нь чи согтуу байна би явахгүй гэж хэлсэн чинь...чи муу алцганаж янхандах гэлээ гэж хэлээд намайг үгийн зөрүүгүй шууд зодсон. нүүр гар, хөл рүү цохиж байснаа элэгний орчим олон удаа гараараа цохисон бөгөөд амьсгал авч болохгүй хэсэг байхад баашлаад байгаарай гээд дахин зодсон...тэгээд орой 22 цагийн орчим арай гэж түргэн дуудаж өгөөд цагдаа дуудах гээд байна уу гээд дахин зодсон...103-ийн эмч ирэхээр нь хэлэх гэсэн боловч хажууд хараад зогсоод байхаар нь би хэлж чадаагүй эмнэлгийн тусламж аваад үлдсэн...эмнэлгийн машинаас буугаад машинд нь ороод суухад ямар их удаан үзүүлдэг юм гээд байсан... мөн машинтайгаа хөдлөөд төв замын ойролцоо ирэхээр нь би намайг алах юм байна гэж ойлгоод шууд зам дээр үсрээд буусан. Тэр үед зам дээр машин тэрэг нэлээд олон явж байсан...*******рхбаяр намайг буцаагаад машинд суулгах гээд чирч байхад нэг цагаан өнгийн приус-20 машинтай хүн зогсоод хөөе гээд орилсон чинь намайг тавьсан...би тэр өдөр гэртээ орох гэтэл гадаа байж байхаар нь айгаад 20 дугаар хорооны хажууханд байдаг Хаан банкны үүдэнд хоносон...надад учирсан гэмтлүүдийг ******* учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 дүгээр тал/, 

- Хохирогч М.О-н хувь чатын мэдээлэл /хх-ийн 55-57 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 364 дугаартай дүгнэлтэд “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10289 тухайн үедээ үндэслэлтэй байна. Дүгнэлт гарах үед багажийн шинжилгээ хийгээгүй байжээ. Хавирга хугарахад тухайн хэсэгт эмзэглэлтэй, гарын хөдөлгөөн хязгаарлагдаж болно. Цээжний рентген болон КТГ- ийн шинжилгээгээр илэрсэн хавирганы хугарлууд нь шинэ гэмтэл байна. Хэрэг  болох тухайн цаг хугацаанд үүсэж болно. М.О-н 6,7 дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэж дурдсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-161 дүгээр тал/ зэрэг болно.

 

  1. оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үйлдэлд:

 

- Хохирогч М.О-н: “...Би өмнө нь хамт амьдарч байсан гэр бүлийн баталгаагаагүй *******-тай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзсан. Тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” гэх нэртэй зочид буудалд хажуу талын дэлгүүрээс архи, ундаа ус аваад орсон. Авсан архийг ******* ганцаараа уусан би уугаагүй. Архиа уугаад ******* чи намайг цагдаад барьж өгдөг гэж хэлээд агсам тавьж элдвээр хэлээд хана руу шахаж зүүн шанаа хэсэгт 3-4 удаа цохиод байхаар нь би зай бариад орон дээр очоод хэвтээд юу болсон талаар санахгүй байна. Намайг сэрэхэд ******* сандал дээр суучихсан миний ам цус болчихсон, үүдэн шүд хугарсан, толгой хөндүүр байсан. ******* намайг зодчихоод чи өөрөө унасан гэж хэлээд тоохгүй байсан...чамайг цагдаад өгөх юм бол ална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2359 дугаартай дүгнэлтэд “...М.О-н биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний булгарал, баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулна...” гэж дурдсан /хх-ийн 221-222 дугаар тал/,

- Хохирогч М.О-н хүсэлт /2 хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Max  маркет”-ийн автобусны буудал дээр хамт хөдөө явсангүй гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.О-н биед халдаж гараараа нүүр болон цээжин тус газарт нь цохиж 1 дүгээр шүдний сулрал, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал,  хавирганы хугарлууд зэрэг гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” нэртэй зочид буудалд 2022 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.О-г цагдаад барьж өгсөн гэх шалтгаанаар биед нь халдаж зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний булгарал, баруун нүдний дээд, зовхи, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 364 дугаартай дүгнэлтэд “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10289 тухайн үедээ үндэслэлтэй байна. Дүгнэлт гарах үед багажийн шинжилгээ хийгээгүй байжээ. Хавирга хугарахад тухайн хэсэгт эмзэглэлтэй, гарын хөдөлгөөн хязгаарлагдаж болно. Цээжний рентген болон КТГ- ийн шинжилгээгээр илэрсэн хавирганы хугарлууд нь шинэ гэмтэл байна. Хэрэг  болох тухайн цаг хугацаанд үүсэж болно. М.О-н 6,7 дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэж дурдсан шинжээчийн дүгнэлт,

 

            - Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2359 дугаартай дүгнэлтэд “...М.О-н биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний булгарал, баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулна...” гэж дурдсан шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүгүй,  эргэлзээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Улсын яллагч шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч ******* нь хохирогч М.О-н биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч М.О-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Э. нь хохирогч М.О-н эрүүл мэндэд 2 удаа халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн   хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн болон хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Тиймээс шүүгдэгч *******-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж байсан ч засран хүмүүжээгүй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******-т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон нэмж нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 7 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М.О нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон нэмж нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 7 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлыг цаашид баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ