Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар    2022/ШЦТ/1132

 

    2022         07          25                                   2022/ШЦТ/1132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Г.Билгүүн /томилолтоор/,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2106 02780 1729 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Б овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелийн хажууд У.Өай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баянбүрд рүү дүүтэйгээ хамт явсан. Дүүгээ тамхи ав гээд картаа өгөөд дэлгүүр рүү явуулсан. Тэгээд ганцаараа зогсож байтал нэг ландтай ах ирээд тамхи байна уу гээд байсан. Тэгэхээр нь би тамхи татдаггүй шүү дээ гээд хэлсэн. Тэгсэн чинь намайг боогоод байсан. Тухайн үед манай эмэгтэй дүү байсан. Удахгүй манай дүү нар ирсэн. Тэгэхээр нь би 2 удаа цохисон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч У.Ө-н “...Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед байх сайн санахгүй байна. Сансарын тунелийн тэнд байх ТҮЦ-ээс тамхи авах гээд өөрийн эхнэр Э-йн хамт явж байсан. Тэгтэл замд 1 залуу, 2 эмэгтэй байсан байх, 3 хүн байсан, тэгээд тэд нараас тамхи байна уу гэж асуухад байхгүй гэсэн, би дахин тамхи байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Урд нь би тэндээс тамхи авч байсан үхсэнээ хийж зогсож байгаа гэж хэлсэн.Тэгээд миний араас пизда гээд байхаар нь би жаахан уусан байсан учраас нэг залууг нь заамдсан, тэгтэл миний нүүр лүү цохисон, юугаар цохисныг мэдэхгүй байна. Намайг зодсон хүүхэд цагаан фодволктой 168 см өндөртэй туранхай залуу байсан. Хойд талын ТҮЦ-ээс 10.000 төгрөгөөр карт уншуулсан байсан. Тэрэн дээр Б, Б гэсэн нэр гарч ирсэн байна. Зүүн талын нүд хавдсан байсан. Дээд уруулаас цус гараад тогтохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, 

- Гэрч М.Э-н “...2021 оны 08 дугаар сарын 14-нийн өдөр гэртээ орох гээд байж байхад манай нөхөр Ө нь тамхи авах гээд Сансарын KFC рүү явсан, тэгсэн чинь ьэнд үл таних 3 хүн зогсож байсан, тэгээд тэр 3-ыг тамхи зардаг хүн юм болов уу гээд манай нөхөр тамхи асуусан тэгсэн чинь нөгөө хүн байхгүй гэсэн, манай нөхөр дахиад асуусан чинь нөгөө хүн байхгүй пизда минь гэж хариулсан. Тэгээд манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир машинаас буугаад яагаад хүн хараагаад байгаа юм гээд нэг залууг заамдаж авсан, тэгсэн чинь тэр хүүхэд манай нөхрийг шууд эргүүлээд цохиод авсан, тэгээд би цагдаа дуудъя гэсэн чинь нөгөө залуу би тэнсэнтэй байгаа гэж хэлээд газраас тоосго аваад манай нөхрийг цохих гээд далайгаад байсан, гэхдээ тоосгоороо цохиогүй, харин гараараа дахиад нэг удаа цохисон. Тэгээд цаашаагаа зугтаагаад яваад өгсөн, нэг охин нь бас цаашаа зугтаасан, харин нэг банди нь үлдсэн. Тэгээд тэр банди нь тэр залууг саяхан шоронгоос суллагдсан гэж хэлсэн.”гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18- ны өдрийн 7485 дугаартай “У.Ө-н биед баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,  

- Яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,  

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 32-36 дугаар хуудас/,

- 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 309 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.  

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.  

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелийн хажууд У.Ө-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18- ны өдрийн 7485 дугаартай “У.Ө-н биед баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Б.Б нь хохирогч У.Ө-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.  

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч У.Ө-н эрүүл мэндэд халдаж цохисон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч У.Ө-н эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.

Шүүгдэгч Б.Б: Хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б шүүхээс тэнссэн хугацаанд ахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэж хянан харгалзсан 1 жил 5 сар 23 хоногийн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоногийг биечлэн эдлүүлж энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 60 хоногийг 1 жил 5 сар 8 хоногийн хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 8 хоногоор тогтоож шийдвэрлэлээ. Түүнчлэн оноосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч У.Ө нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэж хянан харгалзсан 1 жил 5 сар 23 хоногийн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоног дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 60 хоногийг нэмж нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 8 хоногоор хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ