Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар      2022/ШЦТ/1151

 

   2022        07        28                                    2022/ШЦТ/1151

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Х.О,

Шүүгдэгч Д.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Х.О, Ш овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн 2206 00727 2120 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн,

У овогт Х.О

 

Монгол Улсын иргэн,

Ш овогт Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Б, Х.О нар бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий төв” караокед, үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн А.О-тай зодолдож, улмаар А.О-н биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Х.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

     Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     Шүүгдэгч Х.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул прокурортой тохирсон саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Иргэн А.О-с гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой БЗД-ийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Өлзий төвийн караокед үл таних 2 залууд зодуулсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,

 

- Теле хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “ ...хар өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, шаргал өнгийн өмдтэй, эрэгтэй хүн баруун гартаа микрофон бариад дуулаад зогсож байх бөгөөд түүний баруун гар талын буюу дэлгэцний баруун талын улаан өнгийн бүтээлгэтэй ширээний хажуугийн ширээний дэргэд зогсож байсан согтуу бололтой гуйвсан алхаатай, саарал өнгийн цамцтай, хар ногоон өнгийн өмдтэй, шаргал өнгийн гуталтай, эрэгтэй хүн дуулаад зогсож байгаа эрэгтэйн толгой дээр нь байсан хар өнгийн малгайг зүүн гараараа аваад цээжнийхээ урд хэсэгт барих үед малгайгаа авахуулсан /дуулаад зогсож байгаа/ эрэгтэй зүүн гараараа малгайгаа булааж аваад, малгайтай гараараа уг эрэгтэй хүний нүүр хэсэгт нэг удаа цохих үед цохиулсан залуу нь хойшоогоо шалан дээр өгзөг хэсгээрээ унаад босож байх бөгөөд дэлгэцний баруун талын буюу газарт унасан эрэгтэй хүний хажууд сандал дээр сууж байсан хар бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн өмсөж байсан куртикнийхээ цахилгааныг доошлуулж, энгэрийг нь задгайлж босож ирээд куртикаа тайлаад, сууж байсан сандал дээрээ тавих бөгөөд энэ үед түүнийг босохтой зэрэгцэн эсрэг талын ширээнд сууж байсан хоёр эрэгтэй сандлаасаа босоод хяналтын камер байрласан талд сууж байсан хар ногоон өнгийн өвлийн өмд хүрэмтэй, түүний дотор цэнхэр өнгийн малгайтай цамцтай, бор өнгийн үстэй, түрийтэй гутал өмссөн эрэгтэй хүн куртикаа тайлсан залуугийн өмнө явж очоод зодолдож эхлэх бөгөөд энэ үед түүнтэй нэг ширээн дээр сууж байсан хар ногоон өнгийн өвлийн хүрэм өмдтэй, бор өнгийн үстэй түрийтэй гуталтай эрэгтэй хүн болон караокед дуулж байсан хар өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, шаргал өнгийн өмдтэй эрэгтэй гурав нийлээд хар өнгийн куртикаа тайлсан залууг дэлгэцний баруун талд байрлах хана буюу уг залуугийн сууж байсан ширээний хана руу шахаад зодох бөгөөд зодоон эхлэхтэй зэрэгцээд нүүр хэсэгтээ цохиулаад шалан дээр бөгсөөрөө унасан саарал өнгийн цамцтай, хар ногоон өнгийн өмдтэй, шаргал өнгийн гуталтай эрэгтэй хүн босоод холдон явах бөгөөд бичлэг эхлээд 34 дэх секундэд зодоон эхлэх бөгөөд 54 дэх секундэд гурван залууд зодуулж байгаа бараан өнгийн хувцастай эрэгтэй болон түүнийг зодож байгаа гурван залуугийн нэг нь болох хар өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, шаргал өнгийн өмдтэй эрэгтэй хүн хоёр хамтдаа шалан дээр унах бөгөөд энэ үед нөгөө хоёр зодож байгаа эрэгтэй нь босож зогсоод тонгойж байгаад шалан дээр унасан эрэгтэйн толгой цээж хэсэгт баруун гараараа 3-4 удаа цохиж байх бөгөөд зодож байгаа гурван эрэгтэйгийн нэг нь болох шалан дээр унасан байсан хар өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, шаргал өнгийн өмдтэй эрэгтэй хүн өвдөглөж босож, бичлэг эхлээд 58 дахь минутанд баруун хөлөөрөө доош тонгойгоод зодуулж байсан эрэгтэй хүний баруун хөл хэсэг рүү нэг удаа өшиглөчихөөд, гартаа барьж байсан хар өнгийн малгайгаа хоёр гараараа толгойдоо засаад өмсөж байв. Энэ үед караоке дотор байсан цагаан өнгийн ханцуйтай хар өнгийн плаж мэт хувцастай махлаг эмэгтэй болон улаан өнгийн цамцтай, бараан өнгийн өмд гуталтай эрэгтэй, цагаан саарал өнгийн өвлийн малгайтай куртиктай, саарал өнгийн өмдтэй /согтуу бололтой гуйвсан алхаатай/ эрэгтэй нар зодоон хийсэн гурван залууг салгаад болиулж байх бөгөөд энэ үед зодуулсан буюу хар бараан өнгийн өмд, цамц, гуталтай эрэгтэй хүн шалан дээр доош харсан байдалтай хоёр гараараа толгойгоо хамгаалсан байдалтай, толгой дээрээ гараа барьсан хэвтэж байв. Бичлэгийн 01 минут 01 секундэд зодоон дуусах бөгөөд тэднийг салгасан буюу зодуулсан эрэгтэйтэй хамт нэг сандал дээр сууж байсан халзан толгойтой, улаан өнгийн цамцтай, хар өнгийн өмд гуталтай эрэгтэй хүн гар утсаа гаргаж ирээд оролдож байв. Зодуулсан эрэгтэй нь цээжээрээ өндийж босоод суугаагаараа цааш хана тал руу толгойгоо чиглүүлээд дээшээ харж хэвтээд, баруун гараараа баруун гуя хэсгээ бариад хэвтээд байв” /хх-ийн 08-09-р хуудас/,

 

- Хохирогч А.О-н мэдүүлэг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд би Өлзий төв караокед. ... үйлчлүүлсэн бөгөөд тэр нийтийн караокед өөр гурван залуу үйлчлүүлж байгаад надтай хамт үйлчлүүлж байсан Гантулга гэдэг залуу тэр залуучуудтай микрофон булаацалдаад түүнээс болж маргаж байсан. ... ингээд тэнд хэрүүл зодоон болох үед манай найзуудын сууж байсан ширээ, сандал хөдлөөд ширээн дээр байсан хүмүүс маргаж бужигнаад эхэлсэн. ... би сууж байсан сандлаасаа босоход бужигнасан хүмүүст цохигдоод унасан бөгөөд миний дээрээс хүмүүс гишгээд дэвслээд байсан ингээд би босох гэтэл босож чадахгүй баруун хөл янгинаад өвдөөд байсан. Яг хэн над дээр гишгээд, дэвслээд байсныг би атиралдаад хэвтээд байсан тул тодорхой хараагүй ээ" /хх-ийн 15-17, 20-р хуудас/,

 

- Гэрч Ц.У-н мэдүүлэг “... тухайн үед тэнд байсан хүмүүс манайд орж ирж үйлчлүүлэхээсээ архи уусан, согтолттой байсан бөгөөд хоорондоо ноцолдоод зарим нь газарт унасан байсан. ... Од газарт унасан байсан тэгээд би Одыг баашлаад босохгүй байна гэж бодсон энэ үед Одтой хамт орж ирсэн хүн эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн”/хх-ийн 38-41-р хуудас/,

 

- Гэрч О.Г-н мэдүүлэг “... Гантулга ах тэд нарын нэгэнтэй нь маргаад байсан бөгөөд яг юунаас болоод маргаад байгааг нь сайн анзаараагүй, би тухайн үед архи уугаад нэлээн муудсан байсан. Ингээд караокед байж байтал хүмүүс зодолдох шиг болоод бужигнаад эхэлсэн бөгөөд нэг мэдэхэд О шалан дээр хэвтчихсэн. ... найз О шалан дээр хэвтэж байгаад босох гэсэн босож чадахгүй байна гэж байсан” /хх-ийн 43-44-р хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Баяртогтохын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1994 дугаартай дүгнэлт “... А.О-н биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., ... дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 47-48-р хуудас/,

- Яллагдагч Х.О-н мэдүүлэг “... би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 81-р хуудас/,

 

 Яллагдагч Д.Б-н мэдүүлэг “... би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 92-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.Б, Х.О нар бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий төв” караокед, үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн А.О-тай зодолдож, улмаар А.О-ын биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна. 

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Б-ын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1994 дугаартай дүгнэлт “... А.О-н биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., ... дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.Б, Х.О нар бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч А.О-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Шүүгдэгч Д.Б, Х.О нар бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч А.О-н эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдлүүд, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

 

Шүүгдэгч Д.Б, Х.О нарын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул тэднийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч  Д.Б, Х.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Д.Б, Х.О нарыг тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б, Х.О нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Д.Б, Х.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б, Х.О нарт тус бүрт нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

           

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Б, Х.О нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч А.О нь гэм хорын хохиролд баримтаар 3.414.380 төгрөгийг нэхэмжилсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.300.000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б, Х.О нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршигийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  Д.Б, Х.О нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч Д.Б, Х.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Х.О, Ш овогт Д.Б нарыг бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Д.Б, Х.О нарыг тус бүрийг нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б, Х.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, Х.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Х.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ