Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар     2022/ШЦТ/1062

 

2022         07         06                                   2022/ШЦТ/1062

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

            улсын яллагч Б.Өлзийжаргал,

            шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 0301 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 

            Монгол Улсын иргэн,

 

            Б овгийн *******

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын орчимд иргэн С.Э-н гартаа барьж явсан хар өнгийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, шилэн Драгоны ард байрлах Дэн буудлаас айфон-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.О-д 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

1. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын орчимд иргэн С.Э-н гартаа барьж явсан хар өнгийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь

 

- Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын хойд талд байрлах эмийн сангаас эм худалдаж авахаар шатаар нь өгсөж явтал миний баруун талаар үл таних эрэгтэй хүн хамт шатаар гараад ирсэн. Тэгснээ надруу харж байснаа миний баруун гарт байсан хар өнгийн цүнхийг булаагаад автобусны буудал руу зугтсан. Тэгэхээр нь би араас нь миний дүү, наад цүнхэн дотор чинь өвчтэй хүний бичиг баримт байгаа, тэрийг үлдээчих гэж орилсон. Тэгтэл үл таних залуу зогсоод цүнх ухаж байснаа миний түрийвчийг гаргаж ирэн халаасандаа хийгээд, цүнхийг минь надруу энийгаа ав пизда минь гэж хэлээд шидсэн. Ингээд би тухайн газарт чанга дуугаар туслаарай гэж орилсон. Үл таних залуу миний түрийвчийг аваад улаан өнгийн автобусанд суусан. Харин миний тусламж дуудаж орилохыг өөр нэг залуу сонсоод түрийвч авсан залуугийн араас автобус руу гүйж ороод автобусыг зогсоохоор нь би тухайн автобусанд ороход түрийвч дээрэмдсэн залуу буух хаалганы ойролцоо сууж байсан. Тэгэхээр нь би түүнээс түрийвчээ авъя гэхэд миний өөдөөс би аваагүй, намайг нэгж гэж хэлсэн ба сууж байсан сандлын доор шалан дээр миний түрийвчийг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь хуудас/,

-“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Б31-22-154 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дэх хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7 дахь хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-14 дэх хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дэх хуудас/,

- Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн автобусны буудал дээр зогсож байхад хажууд 60 орчим насны эмэгтэй зогсож байсан. Тэгэхээр нь гарт нь байсан цүнхийг булааж аваад автобусанд суусан. Тэгтэл нэг залуу орж ирээд нөгөө эгчийн цүнхийг нэхээд байхаар нь суудал доороо хийчихсэн байсан цүнхийг дотор нь байсан эд зүйлсийн хамт буцаагаад өгсөн. Нөгөө эгч цүнхээ авч үзээд эд зүйл бүрэн байна гэсэн. Би тухайн үед согтуу байсан учир архины мөнгө олох гээд гэмт хэрэг үйлдсэн байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дахь хуудас/,  

 

2. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, шилэн Драгоны ард байрлах Дэн буудлаас айфон-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.О-д 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь

Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн найз Энхбаттай Сэлхэд Энхбатын ээжийн гэрт байхад Э гэх залуу Энхбат руу залгаад өнөөдөр 18 цагт автобусаар Дархан явъя гэж дуудахаар нь Энхбат бид хоёр Драгон дээр 14 цагийн үед очоод залгахад шилэн Драгоны хойно байрлах тоосгон Дэн буудал гэх нэртэй буудлын 202 тоотод байна гэхээр нь яваад очсон. Очоод бид гурав 0,75 литрийн хар икс нэртэй архи хувааж ууж байхад Э нь банк орчихоод ирье гээд гарсан ба хэсэг хугацааны дараа Энхбат руу залгаж миний утасны кодыг асуухаар нь би гар утсаа хайхад миний ширээн дээр тавьсан байсан айфон-8 плас маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд Энхбаяр руу залгаад чи одоо юу яриад байгаа юм, утас аваад ир, хурууны хээгээр онгойдог тул ашиглах боломжгүй ш дээ гэж хэлсэн чинь за за банкин дээр байна, одоо орлоо гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дэх хуудас/,

- Гэрч П.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Э гарчихад ирье гээд гараад явсан ба удалгүй миний утас руу Э залгаад О-н утасны код хэд вэ гэж асуухаар нь би юун код яриад байгаа юм гэж хэлсэн чинь Э, О-н утасны код хэд юм бэ гэж дахин асуухаар нь би утсаа О-д өгсөн чинь миний утас кодоор онгойдоггүй юм, хурууны хээгээр онгойдог юм гэж хэлээд гар утсаа ширээн дээгүүр хайсан чинь О-н rap утас байхгүй байсан. Тэгээд утас нь салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дахь хуудас/,

- Яллагдагч *******-н сэжигтнээр өгсөн “...2021 оны 09 дүгээр сард Энхүүш буюу Энхбаттай гар утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард талын дэн буудлын 2 дугаар давхарт дуудсан. Тэгээд манай найз Энхүүш ирээд Гэрэлээ гэх эмэгтэйг дуудсан. Тэгээд бид гурав нийлээд 0,75 литрийн шилтэй Экс гэх архийг хувааж уусан. Тэгээд би дахиж архинд гарахдаа тэр Гэрэлээ гэх эмэгтэйн утсыг аваад гарсан. Тэгээд Хархорин зах дээр 80,000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92- 93 дахь хуудас/,

“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц-857 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 106-108 дахь тал/,

Яллагдагч *******-н “...Би намайг яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120 дахь хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын орчимд иргэн С.Э-н гартаа барьж явсан хар өнгийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Э-н мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Б31-22-154 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч *******-н мэдүүлэг,

2. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, шилэн Драгоны ард байрлах Дэн буудлаас айфон-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.О-д 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.О-ийн мэдүүлэг, гэрч П.Э, шүүгдэгч *******-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц-857 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Яллагдагч *******-н “...Би намайг яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй,  хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, хохирогч гэрч  шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, бие биенээ давхар нотолсон үнэн зөв гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус хуульчилсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу  гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах” эрхтэй гэж тус тус заасан.

 

            Шүүгдэгч ******* нь хохирогч С.Э-н гартаа барьж явсан хар өнгийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу “Дээрэмдэх” гэмт хэргийг, хохирогч Б.О-н айфон-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт  хэргүүдийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч С.Э-н эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хохирогч Б.О-н эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч *******-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. 

            Хохирогч С.Э-т учирсан 207.200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч Б.О нь 750.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч 98.000 төгрөгийн хохирлыг төлж үлдсэн  652.000 төгрөгийн хохирлыг төлж  барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******-аас 652.000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч *******-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Үйлдсэн гэмт хэргийн хувьд нийгмийн хор аюул бага хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байгаа. Хүнээс авлагатай байсан 98.000 төгрөгөө өмгөөлөгч миний дансаар дамжуулан авч хохирогчийн хохирол төлбөрт төлсөн. Хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нь уг хэрэгт гэмшиж байгаагийн илэрхийлэл юм. Цагдан хорих эмнэлэгт байнга эмчилгээ хийлгэж байгаа. Эрүүл мэндийн байдлын хувьд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй. Мөн бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж үйлдсэн гэмт хэрэгт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү гэв.  

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж  шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 178 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаас нэг хоногоор тооцож хасч тооцохоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5.5.1, 5.5.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг оршин суугаа газар буюу Баянзүрх дүүргийн хэмжээгээр тогтоож, энэхүү ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Шүүгдэгч ******* нь хохирогч С.Э-т хохиролд төлөх төлбөргүй, хохирогч Б.О-д хохиролд 98000 төгрөг төлж үлдсэн 652000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

            Шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, даруй суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 178 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаас нэг хоногоор тооцож хассугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт  зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож, энэхүү ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 652.000 төгрөг гаргуулан хохирогч  Б.О-д олгосугай.

            7. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, даруй суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            9. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал шүүгдэгчээс нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ