Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0646/З |
Дугаар | 221/МА2024/0493 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0493
2024 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2024/0493 | Улаанбаатар хот |
“М” ХХК,
“Б” ХХК болон “Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, өмгөөлөгч Б.М,
нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б,
нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч Ж.Э,
хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, П.А, Ц.Э, Х.Э нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д,
Хэргийн индекс: 128/2023/0646/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК, “Б” ХХК болон “Т” ХХК-иас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулахаар, нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэр: “Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК-иудаас гаргасан, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Болд төмөр ерөө гол ГХОХХК-иас гаргасан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар” 5.2 “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгчөөс:
“Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаагүй, дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу,
Нэхэмжлэгч компаниуд харилцан адилгүй бөгөөд тэдгээрийн эрх ашиг хариуцагчийн шийдвэрийн улмаас харилцан адилгүй байдлаар зөрчигдөж байхад анхан шатны шүүх нийтлэг байдлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу,
маргаан бүхий захиргааны акт болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын 2023оны 3 дугаар сарын 07-ны А/231 дугаартай тушаал зөвтгөн шүүхийн шийдвэрт дурдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний 01/1534, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4300 тоот албан бичиг нь энэ хэрэгт хамааралгүй,
хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж,
3.2. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас:
“Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль болон нотлох баримтад үндэслээгүй буюу хариуцагч үнэ тогтоох давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өрсөлдөөнийг хязгаарласан нь тодорхой байхад шүүх “тухайн арга замыг хууль зөрчөөгүй, давамгай байдлаа ашиглаж өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхгүй” хэмээн дүгнэсэн нь буруу,
хариуцагчийн вагоныг ашиглаж тээвэр хийх, өөрсдийн хувийн вагоныг ашиглаж тээвэр хийх хоёрт ялгаатай үнэ тарифын зохицуулалт байсныг хөнгөлөлт гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлээ шийдвэрт тайлбарлаагүй,
зөрчил шалган шийдвэрлэх журмаар гарсан шийдвэр болох прокурорын тогтоолыг шүүх Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаар эцэслэн шийдвэрлэсэн нотлох баримт мэтээр дүгнэсэн нь буруу,
хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооноос олгосон итгэмжлэлийг асуудалд шүүх процессын алдаа гаргасан,
Хариуцагчаас маргаан бүхий шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагаа огт хийгээгүй байхад анхан шатны шүүх уг асуудлыг маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал тогтоогдохгүй хэмээн буруу дүгнэсэн,
Хариуцагчийн шийдвэрүүд Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3, 7.1.5, 7.1.11, 11.1.3, 12.1.10-д заасныг зөрчсөн, монопол буюу давамгай байдлаа ашиглан тээврийн үнэ тарифыг өөрчилж, нэхэмжлэгч нарын шударгаар өрсөлдөх, зах зээлд оролцох хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндсөн байхад шүүх “..үзүүлж байсан хөнгөлөлтөө цуцалсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэж,
3.3. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгчөөс:
“Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй
Тухайн асуудалтай холбоотойгоор анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар огт дүгнэлт хийгээгүй нь буруу,
Захиргааны акт хүчин төгөлдөр байхын тулд шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагатай” гэж тус тус гомдол гаргасан.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч талын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байхад хүргэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-т ”Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “М” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК-иас анх “Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргад холбогдуулан “Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “5.2 “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2024/1166 дугаар захирамжаар “Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Ерөнхий хороог тус хэрэгт хамтран хариуцагчаар татаж, 2024 оны 1/1186 дугаар албан бичгээр “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хороонд нэхэмжлэлийн хувийг хүргүүлж, хариу тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн.
5. “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны орлогч даргаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/469 дүгээр албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ариунаа, О.Баясгалан нарыг томилсон болохыг мэдэгдсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/2786 дугаар албан бичгээр “Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Ерөнхий хороонд хандан “...Ерөнхий хорооны орлогч дарга ... нь Ерөнхий хороог шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх талаар тодруулга” ирүүлэхийг мэдэгдсэн боловч тухайн тодруулгын хариуг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
6. “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 4-ийн Хавсралт 6 “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны тухай журмын 2.1-т “Ерөнхий хорооны ажлыг Ерөнхий хорооны дарга зохион байгуулна”, 2.3.8-д “Ерөнхий хорооны хурлын протоколууд болон бусад баримт бичгүүдэд ... Ерөнхий хорооны нэрийн өмнөөс гарын үсэг зурах”, 2.4-т “Ерөнхий хорооны даргын эзгүйд түүний үүргийг Ерөнхий хорооны орлогч дарга гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байна.
5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу томилогдоогүй этгээдийг хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн. Тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА