Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0389

 

              

 

 

2016 оны 6 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0389

Улаанбаатар хот

 

 

 

Иргэн П.Баатарчулууны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч П.Баатарчулуун, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн улсын байцаагч Ж.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуяг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн П.Баатарчулууны нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн улсын байцаагч Ж.Баасансүрэнд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Баатарчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтсээс газар дээрх иж бүрэн шалгалтыг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хамруулан хийж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12052/14/001 дугаартай улсын байцаагчийн акт тогтоож, мөн өдрийн огноотой улсын байцаагчийн 12025/14/001 дугаартай мэдэгдэл ирүүлсэн болно.

Худалдаа, хөгжлийн банкны Дархан салбар тус акт болон мэдэгдлийг эс зөвшөөрч Монголбанкны улсын байцаагчийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2.4-т заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 7/403-1625 дугаартай албан бичгээр тайлбар хүргүүлсэн бөгөөд акт, мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай тайлбар гаргасантай холбогдуулан Монголбанкнаас тухайн үед ямар нэгэн хариу ирүүлээгүй байдаг. Монгол банкны улсын байцаагчийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2.3-д “...12.2.3 болон 12.2.4-т заасан хугацаанд тайлбар, гомдол гаргаагүй нөхцөлд улсын байцаагчийн тогтоосон акт, мэдэгдэл, шийтгэвэр нь хүчин төгөлдөр хэвээр үлдэж мөрдөгдөнө” гэж, 12.2.8-д “Улсын байцаагчийн акт нь хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тухайн зөрчилтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх, түүнд ногдуулах арга хэмжээ, захиргааны шийтгэлийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл болно” гэж тус тус журамлажээ.

Монголбанкны улсын байцаагчийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2.6-д зааснаар улсын байцаагчийн акт, мэдэгдлийг эс зөвшөөрч тайлбар гаргаагүй тохиолдолд тухайн акт, мэдэгдэл хүчин төгөлдөр хэвээр үлдээхээр журамласан. Үүнээс үзэхэд улсын байцаагчийн акт, мэдэгдэлд тайлбар гаргасан тохиолдолд тухайн тайлбарт Монголбанкнаас хариу өгч байж тухайн акт болон мэдэгдэл хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ гэж үзэж байна. Иймд улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12025/14/001 акт, 12025/14/001 мэдэгдэл нь хүчин төгөлдөр болоогүй байна. Гэтэл хүчин төгөлдөр болоогүй акт, мэдэгдлийг үндэслэж 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан салбарын данс хариуцсан ахлах ажилтан П.Баатарчулуун надад шийтгэвэр ногдуулж байгаа нь үндэслэлгүй болно.

Монголбанкны улсын байцаагч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12052/14/001 дугаартай акт, мөн өдрийн огноотой 12025/14/001 дугаартай мэдэгдлийг биелүүлээгүй гэж 2015 оны 10 дугаар сарын 09-нд буюу 11 сарын дараа шийтгэвэр ногдуулсан нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж хуульчилсныг зөрчсөн, хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, түүнчлэн тухайн зөрчлийг Дархан салбар өмнө нь гаргаж байгаагүй, үргэлжилсэн буюу давтан гаргасан үйлдэл /зөрчил гаргаж акт бичигдэж байгаагүй/ байхгүй бөгөөд ногдуулсан акт, мэдэгдэл нь Улсын байцаагчийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2.6, 12.2.8-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй тул Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан зөрчил гэж үзэхгүй юм.

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралд яг адил

үндэслэлээр улсын байцаагч шийтгэврээр торгууль ногдуулсныг төлсөн. Гэтэл ахлах

ажилтан П.Баатарчулуун надад шийтгэврээр ногдуулсан торгуулийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь салбарын үйл ажиллагааг чиг үүргийн дагуу салбарын захирал бүхэлд нь хариуцдаг, зөрчил гэж үзэж байгаа үйлдлийг салбар гаргасан, нэг зөрчилд хоёр албан тушаалтанд шийтгэвэр ногдуулах боломжгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэл болон акт, мэдэгдэл хүчин төгөлдөр болоогүй байхад шийтгэвэр ногдуулсан, захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрснийг хянан үзэж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 002194 дугаар шийтгэврийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дахь заалтыг баримтлан илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Ж.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2014 оны 10 дугаар сард Худалдаа хөгжил банкны Дархан салбарт Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсээс газар дээрх иж бүрэн шалгалт хийж акт, мэдэгдэл үйлдсэн. Шалгалтаар тус салбарт улсын байцаагчийн 12025/14/001 тоот акт, 12052/14/001 тоот мэдэгдэл бичсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй ба хариу тайлбарыг Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэст ирүүлсэн.

Монголбанкны хянан шалгагчийн тогтоосон акт, мэдэгдэл нь тусгай хугацаа тогтоогоогүй бол гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр байх бөгөөд хууль тогтоомжид заасан үндэслэлээр үйлчлэлийг түдгэлзүүлж болдог. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “гомдлыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 45, 46 дугаар зүйлд заасан журмын дагуу маргаантай захиргааны актын биелэлтийг гомдол бүхий хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж” болохоор заасан боловч Монголбанкнаас уг акт, мэдэгдлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй байна. Иймд хянан шалгагчийн Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт хандаж гаргасан журам зөрчсөн тухай 12025/14/001 тоот акт, актын биелэлт хангах тухай хугацаатай үүрэг даалгавар өгсөн 12025/14/001 тоот мэдэгдэл нь гарсан цагаасаа буюу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр, эрх зүйн нөлөөллийг агуулсан байна.

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын ажилтан П.Баатарчулууны гомдолд дурдсанчлан улсын байцаагчийн актад тайлбар, гомдол гаргаснаар хүчингүйд тооцно гэсэн агуулгатай зохицуулалт “Монголбанкны улсын байцаагчийн дүрэм”-д байхгүй бөгөөд энэхүү дүрэм нь гадагш нөлөөтэй эрх зүйн хэм хэмжээний акт биш, Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасан албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх талаар Монгол банкнаас тогтоосон журам биш болно.

Нэхэмжлэгч хянан шалгагчийн гаргасан акт, мэдэгдлээр ирүүлсэн зөрчлийг дахин гаргасан тул захиргааны шийтгэл оноосон нь давтан зөрчил гаргасанд тооцогдохгүй буюу захиргааны хариуцлага хүлээлгэх хугацаа дуусгавар болсон тул торгууль ногдуулах үндэслэл байгаагүй гэж тайлбарлаж байна. “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам” нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19, 24, 25, 28 дугаар зүйлд заасан банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийн дагуу Монголбанкнаас тогтоосон хэм хэмжээ бөгөөд уг хэм хэмжээг авах үндэслэл үүснэ.

Монголбанкны улсын байцаагчийн 2014 оны 12025/14/001 дугаар акт, мэдэгдлээр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.12 дахь заалтын мөрдөөгүй зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг арилгах шаардлага тавьсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тус салбарт хийсэн шалгалтаар уг зөрчлийг дахин гаргасан байсан тул Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 68 дугаар зүйлийн 68.1.13 дахь заалтыг үндэслэн Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын ажилтанд захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт тавьсан 2014 оны актаар зээлдэгч Болдхуяг нь бусад банкнаас зээл авч зээлээ төлж чадахгүй активын ангиллаар муу гэсэн ангилалд орсон байхад тус банк нь активын ангиллыг хийгээгүй, эрсдэлийн сан байгуулаагүй байсан ба энэ зөрчил нь дахин 2015 оны хяналт шалгалтаар давтан гарч акт, мэдэгдэл тавигдсан. Гэхдээ 2015 оны акт, мэдэгдлийг өөр улсын байцаагч тавьсан. Миний хувьд 2014 онд 12025/14/001 дугаар акт, мэдэгдэл тавьсан байсан бөгөөд энэ акт, мэдэгдлийг үндэслэн захирал, данс хариуцсан ахлах ажилтан нарт шийтгэвэр ногдуулсан ба салбарын захирал Ж.Мөнхцацрал ногдуулсан торгуулийг төлсөн байгаа.

Иймд Монголбанкнаас банкны тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчилд авах албадлагын арга хэмжээ нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулагдахгүй буюу захиргааны хариуцлага гэдэгт хамаарахгүй зөвхөн Банкны тухай хуулиар зохицуулагдах албадлагын арга хэмжээ тул нэхэмжлэлд дурдсан давтан зөрчил гаргаагүй, захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрсөн зэрэг Захиргааны хариуцлагын тухай хуульд тодорхойлсон хэм хэмжээг мөрдөхгүй гэж үзэж байна.

Улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 002194 дугаар торгууль ногдуулсан шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэж байна. П.Баатарчулууны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Дархан-Уул  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 68 дугаар зүйлийн 68.1.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Баатарчулуунаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Баасансүрэнгийн гаргасан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 002194 дүгээр шийтгэвэр нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2015 оны 10 дугаар сард Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсээс газар дээрхи иж бүрэн шалгалт хийж, акт материал үйлдэж, уг шалгалтаар тус салбарт улсын байцаагчийн 2015/12/004 тоот акт, 2015/12/006 тоот мэдэгдэл бичсэн нь өмнөх шалгалт буюу 2014 оны газар дээрхи шалгалтаар гаргасан зөрчил арилаагүй адил зөрчлийг давтан гаргасан байх тул улсын байцаагчийн зүгээс Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.13 дахь заалтыг үндэслэн Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын данс хариуцсан ахлах ажилтан П.Баатарчулуунд 002194 тоот шийтгэвэр ногдуулсан.

Анхан шатны шүүх нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь 2015 онд хийсэн шалгалтын дагуу гаргасан улсын байцаагчийн актын үндэслэл нь 2014 онд илрүүлсэн активын ангилалтай холбоотой зөрчил биш, 2015 оны шалгалтаар ахин илэрсэн активын ангилалтай холбоотой шинэ зөрчилд ногдуулсан шийтгэвэр гэж үзэх нь зүйтэй.

Ийм учраас Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг зөрчсөн учир Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.13-т зааснаар уг зөрчилд торгуулийн шийтгэвэр ногдуулсан. Гэтэл шүүх 2014, 2015 оны улсын байцаагчийн акт, мэдэгдэл, шийтгэвэр зэргийг буруу үнэлж, 2014 онд илрүүлсэн зөрчилд 2015 оны 10 сард торгууль ногдуулж байна хэмээн ойлгож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Зөрчил үргэлжилсэн буюу уг зөрчлийг улсын байцаагч шинээр тогтоосон нь улсын байцаагчийн актын холбогдох заалтууд адил байгаагаас харж болно.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл явдлыг буруу үнэлж, дүгнэснээс зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-ийг үндэслэсэн төдийгүй, хэрэглэх ёстой байсан Төв банк /Монгол банк/-ны тухай хууль, Банкны тухай хуулийг огт хэрэглээгүй, эдгээр хуулийг хэрэглээгүй үндэслэлээ шийдвэртээ огт дурдаагүй байна.

2015 онд шалгалт хийх өдрийн байдлаар илрүүлсэн зөрчилд ногдуулсан шийтгэврийн үндэслэл, нөхцөл байдлыг хянаж үзэлгүй шүүхэд маргаан бүхий захиргааны акт гэж тооцогдох ёстой актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл 9.1-т заасан үндэслэлийг тогтоолгүйгээр илт хууль бус гэж үзэн шийдвэр гаргажээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болох шийдвэр гаргаж өгөхийн Давж заалдах шатны шүүхээс хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг xүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нотлох үүргээ гүйцэд хэрэгжүүлээгүй, шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Хариуцагч Ж.Баасансүрэн нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын зээлийн өрийн үлдэгдэл, авлагын эрсдэлийн сангийн тооцоололд хяналт шалгалт хийж,  тус салбарт 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12025/14/001 дүгээр актыг тогтоосон ба дээрх актыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 002194 дүгээр шийтгэврээр нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын данс хариуцсан ажилтан П.Баатарчулуунд 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгийн торгууль ногдуулсан нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагчаас  “2014 оны шалгалтаас зээлдэгч н.Болдхуяг гэдэг хүний нэр дээр зөрчил илэрсэн, 2015 оны шалгалтаар өөр 6 зээлдэгчид холбогдох зөрчил илэрсэн, Монгол банкнаас баталсан журмын дагуу банкуудад жил бүр шалгалт хийдэг, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт 2015 онд дахин шалгалт хийсэн, 002194 акт бол 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гаргасан акт” гэж маргажээ.

Өөрөөр хэлбэл 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 002194 тоот шийтгэвэр бол шүүхийн дүгнэж байгаачлан 2014 оны 10 дугаар сард илрүүлсэн зөрчилдөө /11 сарын дараа/ арга хэмжээ авч байгаа биш харин 2015 оны шалгалтын үр дүнд авч буй арга хэмжээ гэж маргаж байхад шүүх шаардлагатай зарим баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр явуулсан шалгалтын удирдамж, уг шалгалтын явцад гаргасан баримт бичиг /улсын байцаагчийн акт, мэдэгдэл, шийтгэвэр гэх мэт/-ийг бүрэн гаргуулж, нэр бүхий 6 зээлдэгчийн тухайд зөрчил илэрсэн болох нь ямар баримтаар тогтоогдож байгаа, 002194 тоот шийтгэвэр нь нь дээрх 6 зээлдэгчид холбогдох зөрчилд арга хэмжээ авч буй гэсэн тайлбар үндэслэлтэй эсэх талаар нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

          ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР