Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар    2022/ШЦТ/1021

 

    2022        06         30                                   2022/ШЦТ/1021

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт *******-т  холбогдох эрүүгийн 2206 00000 1761 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 120 дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Х-н “Б.Х” гэх нэртэй фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр халдаж, мэдээллийн сүлжээтэй танилцан кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч Б.Х-ын хувь хүний нууцаар хамгаалагдсан нууц болох фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцсан зурвасыг хууль бусаар олж авч, түүний аав Б.Б, ээж Г.Г нарт дамжуулж цахим хэрэгсэл ашиглаж, хувь хүний нууцад халдах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

     Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (хх-ийн 39-41 дүгээр хуудас),

- Хохирогч Б.Х-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн орохгүй болж бүртгэлтэй мэйл хаяг болон утасны дугаарыг сольсон байсан...фэйсбүүк хаягт бүртгэлтэй 95454245 дугаарын утсанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 04:57 минутад фэйсбүүкээс хоёр нөхцөлтэй баталгаажуулах код гэсэн 6 оронтой код миний утсанд ирсэн байсан. Маргааш өглөө нь би сэрээд өөрийн фэйсбүүк хаяг руу орох гэсэн боловч миний фэйсбүүк орохгүй нэвтрэх боломжгүй болсон байсан. Манай аав, ээж нар луу миний хаягаар орж Б.Батболд, Хатангоо, Амартүвшин, Сайхнаа гэх хүмүүстэй чаталсан чатыг явуулсан байсан. Иймд миний бие өөрийн хаягаа олж авах мөн нэр төрд халдаж хувийн захидал харилцаатай танилцсан уг этгээдийг олж тогтоож өгнө үү гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас), хохирогч Б.Хонгорзулаас гаргаж өгсөн түүний бусадтай харилцсан зурвас, түүний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Х-ын [email protected] гэх gmail хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16-21 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 120 дугаар байрны 58 тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Х-ын “Б.Х” гэх нэртэй фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр халдаж, мэдээллийн сүлжээтэй танилцан кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч Б.Х-ын хувь хүний нууцаар хамгаалагдсан нууц болох фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцсан зурвасыг хууль бусаар олж авч, түүний аав Б.Батзориг, ээж Г.Гантуул нарт дамжуулж цахим хэрэгсэл ашиглаж, хувь хүний нууцад халдах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч Б.Х-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн орохгүй болж бүртгэлтэй мэйл хаяг болон утасны дугаарыг сольсон байсан...фэйсбүүк хаягт бүртгэлтэй 95454245 дугаарын утсанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 04:57 минутад фэйсбүүкээс хоёр нөхцөлтэй баталгаажуулах код гэсэн 6 оронтой код миний утсанд ирсэн байсан. Маргааш өглөө нь би сэрээд өөрийн фэйсбүүк хаяг руу орох гэсэн боловч миний фэйсбүүк орохгүй нэвтрэх боломжгүй болсон байсан. Манай аав, ээж нар луу миний хаягаар орж Б.Батболд, Хатангоо, Амартүвшин, Сайхнаа гэх хүмүүстэй чаталсан чатыг явуулсан байсан. Иймд миний бие өөрийн хаягаа олж авах мөн нэр төрд халдаж хувийн захидал харилцаатай танилцсан уг этгээдийг олж тогтоож өгнө үү гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас), хохирогч Б.Х-с гаргаж өгсөн түүний бусадтай харилцсан зурвас, түүний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Х-ын [email protected] гэх gmail хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цахим төхөөрөөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний нууцад халдсан бол  таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний нууцад халдах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

 

Хохирогч Б.Х нь хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Х нь хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт *******-г “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах”, “харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний нууцад халдах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ