Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар    2022/ШЦТ/1039

 

      2022         07        01                                  2022/ШЦТ/1039

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт *******-т холбогдох эрүүгийн 2206 02443 2041 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,

Г овогт *******

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 2 дугаар орцны гадна байрлуулсан байсан иргэн В.Б эзэмшлийн “Хюьндай Грэес” маркийн, ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар хэсгийг шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 590,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 200.000 төгрөгийг 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Прокурорын шатанд мөнгө байхгүй учраас хохирлоо төлж чадаагүй гэв.

 

Улсын яллагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Хохирогчид хохирлоо бүрэн барагдуулсан гэж байна.

Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08 дугаар тал/,

- Хохирогч В.Б-н “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны урд өөрийн эзэмшилийн 3945 УБД улсын дугаартай улаан хүрэн өнгийн микро автобусаа байрлуулсан. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 94190493 дугаараас залгаад таны машин шатаад байна гэсэн. Би тухайн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байсан. Би улаан хүрэн өнгийн микро автобус дээрээ ирэхэд хойд талын гуперын тал нь баруун талын хойд талын гэрэл, дохио шатсан байсан. Бусад зүйл нь гайгүй байсан. Миний тээврийн хэрэгсэлийн яндангийн нүхэнд өвс хийгээд дутуу шатаасан байсан. Би тэгэхээр хүн миний машиныг шатаах гэсэн байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- Яллагдагч *******-ийн гэрчээр өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө Б-н гэрт очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан. 30 минут орчим хүлээсэн. Бо-н гэрийн орцны үүдэнд байсан микро машины яндан руу даавуу, өвс чихээд асаагаад гал тавьчихаад явчихсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтолттой байсан. Болд гэдэг хүн надтай уулзахаар тохуурхаад, даажигнаад тоглоом шоглоом хийдэгт миний дургүй хүрээд машины янданд гал тавьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,  

- “Хюьндай Грэес” автомашин шатсан эд анги нь зах зээлийн үнэлгээгээр нийт 590,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б31-22-831 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 2 дугаар орцны гадна байрлуулсан байсан иргэн В.Б-н эзэмшлийн “Хюьндай Грэес” маркийн, ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданд өвс хийж ар хэсгийг шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 590,000 төгрөгийн хохирол учруулсан байна.  

- “Хюьндай Грэес” автомашин шатсан эд анги нь зах зээлийн үнэлгээгээр нийт 590,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б31-22-831 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан гарчээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч В.Б-н эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.   

 

Шүүгдэгч ******* нь хохирогч В.Б-н эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон , түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг хохирогч, прокурор хүлээн зөвшөөрч байх тул шүүх шүүхийн хэлэлцүүлэгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  хуульд зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналыг шүүхэд гаргаж байна гэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч В.Б нь гэм хорын хохиролд 590.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх ба шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирогч В.Б-той тохиролцсоны үндсэн дээр 200.000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт *******-г “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ