Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 759

 

Ц.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1137 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Ц.Жд холбогдох эрүүгийн 1908011760477 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц.Ж, 1993 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гурван цэгийн өнгө” ХХК-д хаягийн реклам хариуцсан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Ц.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 59-04 тоотын гадна талд иргэн юуны хүндэвтэр хомсдолтой сэтгэцийн эмгэгтэй буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хамрын нуруу, баруун нүдний зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд тус шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

1. Хохирогчийн эрүүл мэндэд “хамрын яс цөмөрсөн”, хамрын ясны баруун хана хотойсон буюу зөрүүгүй хугарал байж болоход хамаарах нотлох баримт байсаар атал тусгай мэдлэг зайлшгүй шаардсан зөрүүтэй, зөрчилтэй, тодорхой бус асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсныг шүүх зөвтгөх боломжгүй. Үүнд:

3 дугаар эмнэлэгт хамар хоолойн мэргэжлийн эмчид үзүүлсэн, хамрын гэмтэлтэй байна, мэс засал хийлгэв /хх-11/,

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн томографийн шинжилгээгээр Ц.Цын хамрын ясны баруун хажуу хана зүүнтэй харьцуулахад бага зэрэг хотойсон /зөрүүтэй хугарал байхыг үгүйсгэхгүй/. Хамрын таславч ар хэсгээрээ зүүн тийш бага зэрэг муруй. Зүүн талын хамрын самалдаг хөөж хавагнасан ... /хх-13/,

Хамрын яс зассан тухай: ... цөмөрсөн ясыг сөхөж чихээс хийсэн гэх баримт /хх-14/,

Хохирогч Ц.Цын “... тэр залуу миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон бас гэдэс рүү элэгдсэн. Хамар луу олон удаа өшиглөсөн. 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлэхэд хамрын мөгөөрөс нь цөмөрсөн гэж хэлсэн. Хамрын 2 нүх рүү төмөр хийж татаж гаргасан. /хх-4, 23-24/

Намайг шууд өшиглөөд багалзуурдсан. Тэгээд хамар луу цохиод цус гаргасан. Би ээждээ ороод хэлсэн. Би гомдолтой байна. Миний хамар, нуруу өвддөг. Миний хамарнаас байнга цус гардаг болсон.

Гэрч Г.Ж-ны “... тэр өдөр Ц.Ц 16 цагийн үед гэртээ орж ирэхдээ хамраас нь цус гоожоод, хамар, дух нь хавдсан өмссөн хувцас хунар нь шороо болсон байдалтай орж ирсэн. Эмнэлэгт очиж 90.000 төгрөг төлж хамраа янзлуулсан. Эмч хэлэхдээ хамрын мөгөөрөс нь цаашаа хотойгоод орсныг татаж гаргасан гэж хэлсэн. /хх-26-27/,

2. Хохирогч 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд ямар хохирол, хор уршиг учирсныг хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагын түвшинд тогтоогоогүй байна.

Шинжээч эмчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд “Ц.Цын биед хамрын нуруу, баруун нүдний зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж бичсэн боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийлгэсэн баримтыг шаардах буюу холбогдох үзлэг, шинжилгээний баримтад үндэслэхгүйгээр зөвхөн хохирогчийн зовиур болон хохирогчийн биеийн холбогдох хэсгийн гаднах харагдах байдлын хүрээнд дүгнэлт гаргасан нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хохирогч 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр томографийн шинжилгээ хийлгэсэн, өмнө нь 3 дугаар эмнэлэгт хамартаа мэс ажилбар хийлгэсэн баримтууд байх боловч шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн холбогдох нотлох баримтад үндэслээгүй, шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт “КТГ хийлгэхийг зөвлөсөн боловч хийлгэх боломжгүй гэв” гэсэн нь тухайн шинжээчийн дүгнэлт анхнаасаа эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлтэй болж чадаагүйг бодитой илэрхийлж байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт хохирогчийн хамрын нуруу хавдсан, хамрын нурууны хэсэгт зулгаралтай гэсэн нь хохирогчийн хамарт нарийн шинжилгээ хийлгэхгүйгээр тухайн үед мэдэх боломжгүй гэмтэл үүссэн байж болохыг үгүйсгэхгүй байхаас гадна хохирогч нь урьд оюуны хүндэвтэр хомсдол, сэтгэцийн эмгэгтэй байх тул шинжээч дүгнэлт гаргах, шинжээчид үзүүлэх, шинжилгээ хийлгэх, баримт гаргах, гаргуулах зэрэг асуудлаар бодит байдлыг ойлгох чадваргүй байсныг анхаарах зайлшгүй шаардлагатай байжээ.

3. Хохирогч нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бусдад зодуулснаас хойш харъяалагдах дүүрэг, хорооны эмнэлгүүд, мөн улсын 3 дугаар эмнэлэг, гэмтэл согогийн үндэсний төв зэрэг эмнэлгийн эмч нарт үзүүлсэн, мэс ажилбар хийлгүүлсэн, хамрын хагалгаанд орох шаардлага үүссэн талаар мэдүүлсэн холбогдох зарим албан бус баримт хэрэгт цугларсан байх тул тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ байдлыг анхаарч, хохирогчид учирсан гэмтлүүд буюу тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах нотлох баримтуудыг бүрэн цуглуулах, бэхжүүлэх, шалгах, шаардлагатай тохиолдолд эмч, сувилагч, хохирогчийг эмчлүүлэхэд хамт явсан гэх түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг гэрчээр байцаах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийхгүйгээр тус хэргийг шийдвэрлэх боломжгүй.

4. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хамаарах тусгай мэдлэгийн асуудлыг эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримтаар бодитой тогтоогоогүй байхад хохирогчийн нэхэмжлэлийг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг таамаглан шийдвэрлэх боломжгүй.

5. Шүүгдэгч ба хохирогч нарын гэр ойролцоо буюу нэг гудамжных эсэх, хэзээнээс тухайн гудамжинд амьдарсан эсэх, шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцийн өвчтэй гэдгийг мэдэж байсан эсэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа зохих ёсоор хийгээгүй талаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, хохирогчийн өмгөөлөгчийн зардлын асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарах.

Хохирогч нь сэтгэцийн өвчтэй учраас түүний асран хамгаалагч томилогдсон эцэг нь өндөр настай, сонсголын бэрхшээлтэйн улмаас хууль ёсны төлөөлөгч байх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч тайлбарласан байх тул хохирогчийн төлөөлөгчийг солих асуудлыг шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүндэтгэх шалтгаантай буюу зайлшгүй шаардлагатай тохиолдолд сэтгэцийн өвчтэй хохирогчийг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх асран хамгаалагч буюу хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн төрсөн ах, эгч нарын хэн нэгнийг тогтоож болохыг үгүйсгэхгүй юм.

Хохирогч нь сэтгэцийн өвчтэй нь тогтоогдсон байх тул өмгөөлөгчөөр хангаж, улмаар өмгөөлөгчийн зардалд хамаарах баримт байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

Дээр дурдсан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2, 32.3-т зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянагдах ёстой асуудал болно.

Иймд шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 6.13, 6.15-д хамаарах зарим асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлсэн ба уг шилжүүлсэн асуудал нь анхнаасаа хэргийг буцааж болох тус хуулийн 33.3 дугаар зүйлийн зохицуулалтад хамаарч буй учраас шүүх хуралдаанаас нэгэн адил хэргийг буцааж болох үндэслэлтэй гэж үзнэ.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал нэг бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэж үзэж Ц.Жд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2582 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн томографийн шинжилгээ зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд 2582 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Цын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд томографийн шинжилгээгээр Ц.Цын биед хамар ясны баруун хажуу хана зүүнтэй харьцуулахад бага зэрэг хотойсон гэж дүгнэсэн нь хохирогчийн биед хамар ясны зөрүүгүй хугарал бүхий гэмтэл үүссэн талаар тодорхойлоогүй байна. Харин хамар ясны зөрүүгүй хугарал гэмтэл байхыг үгүйсгэхгүй гэжээ. Мөн хохирогч хамартаа мэс засал хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон хохирогчийн өөрийн мэдүүлгээр үгүйсгэгдэнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж хохирогчийн биед хамар ясны зөрүүгүй хугарал гэмтэл учирсан эсэх, хэрэв дээрх гэмтэл учирсан бол гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулах, мөн шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжээч томилж хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд хохирогчийг эмчлүүлсэн баримтыг шинжээчийн дүгнэлтэд тусгасан байх тул эмчлүүлэх үед хамт явсан гэх гэр бүлийн хамааралтай хүмүүсийг гэрчээр байцаах шаардлагагүй гэж үзэж байна.

2582 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Цын биед хамрын нуруу, баруун нүдний зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд цаашид гарах зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Хохирогч Ц.Ц нь мөрдөн байцаалтын явцад баримтаар 220.500 төгрөгийн хохирол яллагдагчаас нэхэмжилсэн бөгөөд хохиролд 300.000 төгрөг төлөгдсөн, яллагдагч Ц.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” тогтооно гэж заасан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь сэтгэцийн өвчтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх хуульд заасан үндэслэлээр хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцгийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Хууль ёсны төлөөлөгч Ц.Ц нь өндөр настай, сонсголын бэрхшээлтэй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй гэж үзэх үндэслэл биш юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1137 дугаартай захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Ц.Жд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1137 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Ц.Жд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж заасан.

Хохирогч Ц.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн болон чих, хамар, хоолойн мэргэжлийн эмчид үзүүлсэн байх ба эдгээр баримтуудаар хамар ясны зөрүүгүй хугаралтай байж болохоор дүгнэлт гарчээ.

Гэтэл дээрх шинжилгээний хариу болон хохирогч Ц.Цын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2582 дугаартай дүгнэлт болон яллах дүгнэлтэд тусгагдаагүй байна.

Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй байна гэх үндэслэл болж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж зааснаар мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Цын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцэг Ц.Ц-ыг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах, эгч нарын хэн нэгнийг солих асуудлыг анхаарч үзэх талаар заалт оруулсан нь үүрэг болгосон заалт биш тул буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Гэхдээ хохирогчийн төрсөн эгч Ц.Т нь “... аав Ц 79 настай, сонсголын бэрхшээлтэй, баруун хөл нь гуя хэсгээрээ хугараад, хагалгаанд орсон учраас чөлөөтэй сайн явж чаддаггүй, эх Ж нь 79 настай, бичиг үсэг мэддэггүй. Иймд миний төрсөн дүү Ц.Цын хууль ёсны төлөөлөгчөөр намайг тогтоож өгнө үү ...” гэсэн /хх-33/ хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг шийдвэрлэж, хохирогч Ц.Цын хууль ёсны төлөөлөгчөөр хэнийг тогтоох эсэх асуудлыг тодруулах шаардлага байхыг үгүйсгэхгүй.

Иймд прокурор Ц.Гансүхийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1137 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1137 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүхийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН