Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0501

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0501

Улаанбаатар хот

 

 

 

                                      “Г” ХХК-ийн

                             нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.О,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Г” ХХК,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Т ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Г” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг болон түүнд хавсарган өгсөн баримтуудыг өргөдөл, шийдвэрлэгдэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй, зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй, талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж өөрчилсөн, ийнхүү багасгаж өөрчилсний улмаас давхцал үүссэн зэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 159/ШШ2024/0029 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

Хэргийн индекс: 159/2023/0057/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК -иас анх шүүхэд  хандан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Г” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхдээ талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж хүргүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Г” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг болон түүнд хавсарган өгсөн баримтуудыг өргөдөл, шийдвэрлэгдэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй, зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй, талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж өөрчилсөн, ийнхүү багасгаж өөрчилсний улмаас давхцал үүссэн зэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 159/ШШ2024/0029 дүгээр шийдвэрээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.3, 14.1.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.4.3, 35.4.7, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Цахир уул нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудыг өргөдөл шийдвэрлэгдэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй, зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй, талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж, өөрчилсөн, ийнхүү багасгаж, өөрчилсний улмаас давхцал үүсгэсэн зэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Цахир уул” нэртэй газарт 226.22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан эсэх эргэлзээтэй буюу Сэлэнгэ аймгийн ирсэн баримт бичгийн бүртгэлд нэг л албан бичиг “Г” ХХК-иас 2019 оны 11 сард ирсэн байх бөгөөд энэ нь аймгийн Засаг даргад Цахир согтуу толгойн урд “Элс” хайхаар гаргасан хүсэлт байдаг,

Хэргийн баримтаас үзэхэд “Г” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цахир уул гэх 226.22 га талбайд өргөдөл гаргасан баримт байхгүй гаргасан байх ч боломжгүй,

шүүхийн зүгээс дээрх талбай нь чөлөөлөгдсөн байсан эсэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг шалгах талаар нотлох баримт гаргуулан авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн,

өргөдөлд хавсаргасан тусгай зөвшөөрөл хүссэн гэх талбайн зураг дээр нь 43000246 гэх дугаар байх бөгөөд энэ нь “Т” ХХК-ийн өргөдлийн болон тусгай зөвшөөрлийн дугаар болно,

Нэхэмжлэгчээс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийн материал хэрэгт байдаггүй, 43000227 дугаар бүхий өргөдлийг ямар байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан нь бас тодорхойгүй,

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан буюу шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан байхад шүүх хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу,

Шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судалж дууссаны дараа нэхэмжлэгчээс төрийн банкны мемориал баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн авч, хэрэгт хавсаргасан нь процессын зөрчил,

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрт огт тусгаагүй нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.4-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, гуравдагч этгээдийн тайлбарын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй.

   4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргад хандан гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг болон түүнд хавсарган өгсөн баримтуудыг өргөдөл шийдвэрлэгдэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй”,

“зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй”,

“талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж өөрчилсөн, ийнхүү багасгаж өөрчилсний улмаас давхцал үүссэн зэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож”,

“компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгах” гэж,

гуравдагч этгээдээс “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахир уул гэх 226.22 га талбайд өргөдөл гаргасан баримт байхгүй”, “... өргөдөлд хавсаргасан тусгай зөвшөөрөл хүссэн гэх талбайн зураг дээр нь 43000246 гэх дугаар байх бөгөөд энэ нь “Т” ХХК-ийн өргөдлийн болон тусгай зөвшөөрлийн дугаар болно”, “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийн материал хэрэгт байдаггүй, 43000227 дугаар бүхий өргөдлийг ямар байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан нь бас тодорхойгүй” гэж тус тус маргасан.

5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Энэ хуулийн 13.1-д зааснаар хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана, 13.2.1-т “тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар”, 13.2.2-т “тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 13.2.3-т “энэ хуулийн 12.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр”, 13.2.4-т “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.2.5-д “тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх” гэж  тухайлан заасан.

6. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Тодруулбал, шүүх Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасанчлан хуулийн этгээдээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэхтэй холбоотой  аймгийн Засаг даргын баталсан захирамжийг хэрэгт нотлох баримтаар аваагүй.

            Хэргийн оролцогчдын тайлбараар энэ төрлийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ирсэн бичгийн бүртгэлд бүртгэдэг ч 2019 оны тухайн хэлтсийн ирсэн бичгийн бүртгэлд нэхэмжлэгч компаниас гаргасан ямар нэгэн хүсэлт бүртгэгдээгүй.

            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр … “Цахир уул” нэртэй газар орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зураг зүйн шүүлт хийлгэхээр хүргүүлсэн” хэмээн дурдсан байх боловч шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газарт хийсэн бичиг хэргийн үзлэгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаартай ирсэн баримт бичгийн бүртгэл дэвтэрийн 2212-т “Гүрт Улам ундрах хүсэлт гаргах тухай XI/20 Ш.Оргил” гэсэн хуудсын тоогүй бичилт хийгдсэнийг гэрэл зургаар баталгаажуулж, тухайн үзлэгийн тэмдэглэлд “Ирсэн баримт бичгийн бүртгэл 07” гэж зөрүүтэй тэмдэглэсэн.

            Кадастрын бүртгэлийн системд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч компаниас “цахиур согтуу толгой” нэртэй газарт 112.12 га “шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн”, “Цахиур уул” нэртэй газарт 2020 оны 3 дугаар сарын 11-ны өдөр “шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн” хэмээн бүртгэгдсэн.

            Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Цахир уул” нэртэй газар орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсарган өгсөн гэх “өргөдөл гаргасан талбайн булангийн солбилцол”-ыг тэмдэглэсэн зурагт “43000246 226.22 га” хэмээн  гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар тэмдэглэгдсэн зэрэг өөр хоорондоо зөрүүтэй нотлох баримт хэрэгт авагдсан.

            7. Тухайн үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх “Г” ХХК нь 2019 оны 11 дүгээр сард хэнд хандан, хэдэн нэгж талбарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан болох,  тухайн өргөдлийг хүлээн авсан орон нутгийн төрийн захиргааны байгууллага Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан тодорхойлолтыг нэхэмжлэгчид өгсөн эсэх, өгсөн бол тухайн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулан авах, Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэхтэй холбоотой  аймгийн Засаг даргын баталсан журмыг нотлох баримтаар хэрэгт авах замаар тухайн төрлийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдүүлбэрийг бүрэн тодорхой болгох, өргөдлийг хаана гаргадаг болох, ямар албан тушаалтан бүртгэлдэг болох, нэхэмжлэгчээс бүрдүүлсэн байвал зохих баримтын талаарх лавлагааг холбогдох байгуулгаас гаргуулах авах, мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан “өргөдөл гаргасан талбайн булангийн солбилцол”-ыг тэмдэглэсэн зурагт “43000246 226.22 га” хэмээн гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар тэмдэглэгдсэн байгаа нь ямар учиртай болох зэрэг маргааны үйл баримтад холбогдох нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр “байх боломжтой байна” хэмээн дүгнэсэн.

            Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 159/ШЗ2024/0112 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчин “гомдол гаргах эрхгүй” хэмээн шийдвэрлэсэн.

            8. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг бүхэлд нь хянан, нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 159/ШШ2024/0029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

                      ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА