Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0524

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж,

Нэхэмжлэгч: Б.Б

Хаяг: 

Хариуцагч: БЗТГ

Нэхэмжлэлийн шаардлага: Мэдээлэл авах хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамж гаргасан. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр захирамж гаргаад 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 5 хоногийн хөл хорио тогтоосон. Засаг дарга хуулиар олгогдсон чиг үүргээ хууль бусаар ашигласан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус акт гаргасан. Хөл хорионы үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө Баянзүрх дүүргийн 26-р хорооны Засаг дарга О 2021 оны 03 дугаар сарын 13-ны үеэр өөрөө өргөдлөө өгсөн гэсэн ярилцлага, тайлбар өгсөн байдаг. Манай хорооны Засаг дарга О байсан А103 дугаар захирамж дээрээ О.Т гэсэн байдаг. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар хорооны Засаг даргаар томилогдохын тулд хорооны Иргэдийн нийтийн хурлаас сонгогдож томилогддог. Гэтэл хорооны Засаг дарга О.Т гэсэн тушаал гарсан учир иргэн миний бие Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17-т заасан эрхийнхээ хүрээнд мэдээлэл авахын тулд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөл хорио тогтоосон, хорооны засаг дарга Отгонбаатарыг чөлөөлсөн захирамж, хорооны Засаг даргаар О.Т******* томилсон захирамжуудыг тус тус авах хүсэлт гаргасан. Мэдээлэл авах эрхийнхээ дагуу хүсэлт гаргасан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-т мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 хоногийн дотор гаргаж өгөхийг төрийн байгууллагад үүрэг болгосон. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т хугацаа шаардлагатай бол 7 хоногийн хугацаагаар сунгахаар үүрэг болгосон. Би Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдээлэл авах хүсэлтээ гаргасан. Хуулийн дагуу ажлын 7 хоног нь 4 дүгээр сарын 06-ны өдөр дуусаж байгаа. Хэрвээ 7 хоногоор сунгасан бол 4 дүгээр сарын 15-ны өдөр хугацаа дууссан. Хуулиар оногдсон үүргээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар биелүүлэх ёстой байсан. Үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан учир захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн буюу мэдээлэл авах, хүссэн баримтууд надад огт ирээгүй. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирсэн бичиг дээр О.Т болон О нарын талаар хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй. Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар гэр бүлийн нууц учир хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн учир битүүлэг хариу өгсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бол төрийн захиргааны албан хаагч. Хүсэлт гаргаж байхад хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т иргэд төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. 16.17-т мэдээлэл авах эрхтэй гэж заасан. Уг эрхийн хүрээнд гаргасан хүсэлтэд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу 14 хоногт мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Эдгээр мэдээллийг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна.

Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний нууцыг захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэж хуульчилсан. Миний мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх гэдэг нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар тухай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл гэж байгаа. Засаг даргын захирамжуудыг авах хүсэлт гаргасан. Хөл хорио тогтоосон. О-ыг чөлөөлсөн, О.Т-г Засаг даргаар томилсон гурван захирамж авах хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж хувь хүний нууцтай ямар ч хамааралгүй. Тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл. Төрийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нээлттэй ил тод байх ёстой. Сайтад байршуулсан байх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай болсон бэ? гэвэл хөл хорио тогтоосон захирамж дээр Баянзүрх дүүргийн 26-р хорооны Засаг дарга О.Т гэж байгаа. Манай хорооны иргэд Засаг дарга О-ыг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг огт мэдээгүй. Хорооны иргэдийн нийтийн хурал хуралдаагүй байхад огт танихгүй Засаг дарга О.Т гэдэг захирамж гарсан. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын сайтад энэ захирамжууд тавигдаж байсан. Яагаад О.Т-г Засаг даргаар томилсон бэ, хуулиараа Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох ёстой байсан. Яагаад О-ыг ажлаас чөлөөлсөн бэ, Баянзүрх дүүргийн Засаг дарга томилогдсоноос хойш 2021 оны 01 дүгээр сараас хойш төрийн албан хаагчдыг ажлаас нь халах асуудал их болсон. Манай хорооны Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх гэж байна, чөлөөл гэж дарамт ирж байна гэсэн мэдээлэл фэйсбүүк дээр их тавигдах болсон. Энэ нь төрийн албан хаагчийг намын харьяаллаар нь халж солих шалтгаан болов уу гэсний үндсэн дээр би мэдээлэл авах хүсэлт гаргасан. Хувь хүний нууцтай ямар ч хамааралгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжуудыг авахыг хүссэн. Хэрвээ захирамжууд хувь хүний нууцтай холбоотой бол бүх шатны Засаг даргын захирамж, ерөнхий сайдын захирамж, шүүхээс гарч байгаа бүх захирамж хүртэл хувь хүний нууцтай холбоотой байх юм уу, учир битүүлэг тайлбар өгч байгаад харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А103 тоот хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг хууль, журамд нийцүүлж гаргасан. Тухайлбал Гамшгаас хамгаалах тухай хуульд Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6а-т хууль тогтоох, засгийн газар, хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах биелэлтийг нь хангах ажлыг зохион байгуулахаар зохицуулсан. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А103 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон явдал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн. Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан.

Мэдээлэл авах эрхийн тухайд Баянзүрх дүүргийн 26 хорооны Засаг даргаар ажиллаж байсан Отгонбаатар гэдэг хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2021 оны 03-дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаад ажлаас чөлөөлөгдсөн. Хорооны Засаг даргыг чөлөөлсөн, томилсон тухай дүүргийн Засаг даргаас гаргасан захирамж нь хувь хүний нууцад хамаарах баримт бичиг тул гуравдагч этгээдэд хуулбарлан өгөх нь хууль зөрчсөн явдал болно. Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана гэж заасан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч нь нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийн холбогдох байгууллагаас авах эрхтэй. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг авах эрхтэй гэж заасан эдгээр мэдээлэлд хамаарахгүй. Мэдээллийг ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хүний нөөцийн байдлыг хэрхэн ил тод байлгах тухай зааж өгсөн байна. Томилогдсон, чөлөөлөгдсөн Засаг дарга нар, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэж заасан. Албан бичгээр томилсон, чөлөөлсөн захирамжийг гаргаж өгөх үүрэг байхгүй. Захирамжуудыг гаргаж өгөх боломжгүй хувь хүний нууцад хамаарна. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б тус шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан Мэдээлэл авах хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан хугацааны дотор миний хүсэлтэд хариу өгөөгүй нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Б-ээс гаргасан хүсэлтэд дурьдсан мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэлд хамаарахгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Б.Б 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б.Б миний бие Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу дараах мэдээлэл авахыг хүсэж байна... БЗД-ын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамж, Г.О БЗД-ын 26 дугаар хорооны даргаас чөлөөлсөн захирамж, О.Т БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргаар томилсон захирамж гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сары 25-ны өдрийн 02/671 тоот албан бичгээр ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан иргэн Г.О нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, ... О.Т-г тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон, ... уг шийдвэрүүд нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.3-т заасан мэдээлэпд хамаарахгүй ба Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан мэдээлэл байх тул гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгч, хавсралтаар дүүргийн Засаг даргын 2021 оны А/103 дугаар захирамжийн хувийг хүргүүлсэн байна[1].

Дээрх 02/671 тоот албан бичгээр иргэн Б.Б гаргасан өргөдлийн бүртгэлийн W******* дугаарт бүртгэгдсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 сарын дараа шийдвэрлэж хариу өгсөн төлөвтэйгээр хаасан болох нь бүртгэл хяналтын картын бичилтээр тогтоогдов[2].

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 өдрийн дотор өгөх бөгөөд хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгөх-өөр, 14.9-д Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 14.8-д заасан хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж болох-оор заасан хугацааг хэтрүүлсэн байх тул Мэдээлэл авах хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь:

Хариуцагч захиргааны байгууллага нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэг-тэй атлаа энэхүү үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагаас Мэдээлэл авах тухай иргэний хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх байх ба уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хуулиар хориглоогүй мэдээлэл авах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн гаргуулахыг хүссэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын томилгооны талаарх мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхэд хамаарах төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээлэл тул өгөх боломжгүй гэсэн тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хорооны Засаг даргын алба тушаалд хэн томилогдон ажиллаж байгаа болон Засаг дарга чөлөөлөгдсөн талаарх мэдээлэл нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байх тул хувь хүний нууцад хамаарах мэдээлэл гэж үзэхгүй.

Иймд хариуцагч нь хорооны Засаг даргын томилгооны талаарх мэдээллийг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж үзэх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Б гаргасан хүсэлтэд дурьдсан мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэлд хамаарахгүй гэсэн тайлбар буруу байна.

Түүнчлэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өргөдөл, санал, гомдол, мэдэгдлийг, хүлээн авах, хянан шийдвэрлэхэд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байхад хариуцагч нь иргэн Б.Б хүсэлтэд уг хуульд заасан хугацааг баримталж хүсэлт гаргаснаас хойш 2 сарын дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02/671 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргыг томилсон, чөлөөлсөн шийдвэрийн талаарх мэдээллийг гаргаж өгсөн нь тухайн харилцаанд баримталбал зохих нарийвчилсан зохицуулалтаар тодорхойлсон хугацааг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн, эс үйлдэхүй гаргаагүй гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэлийн Б.Б 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн хувьд хангагдах үндэслэлгүй. Учир нь:

Иргэн Б.Б 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж гаргасан хүсэлтдээ ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б.Б миний бие Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу дараах мэдээлэл авахыг хүсэж байна... гэсэн боловч БЗД-ын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамж, Г.О БЗД-ын 26 дугаар хорооны даргаас чөлөөлсөн захирамж, О.Т БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргаар томилсон захирамжуудыг хуулбар үнэн тэмдэгтэйгээр гаргуулах-ыг хүссэн байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэлийн Б.Б 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага нь захирамжуудыг хуулбар үнэн тэмдэгтэйгээр гаргаж өгөхийг даалгах гэсэн агуулгаар тодорхойлогдох бөгөөд энэ нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл гэх ойлголтод хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, аливаа иргэн нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг авах эрхтэй боловч нь энэ төрийн байгууллагаас эрх зүйн баримт бичиг авах харилцаанд хамаарахгүй.

 

Нөгөө талаас, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Ба2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02/671 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргыг томилсон, чөлөөлсөн шийдвэрийн талаарх мэдээлэд болон дүүргийн Засаг даргын А/103 дугаар захирамжийн хувийг иргэн Б.Б-т хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрх хангагдсан байна.

Иймд Б.Б-ийн Б.Б-ийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 14 дүгээр зүйлийн 14.8, 14.9-т заасныг тус тус баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэн Б.Б мэдээлэл авах хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй БЗДТГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЗДТГ-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 41-42 дахь талд

[2] Хавтаст хэргийн 47-50 дахьталд