Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/652

 

 

 

 

 

 

 

       2022         05          19                                        2022/ШЦТ/652

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хаан хүнс импекс” ХХК-нд үйлдвэрийн албаны зөөврийн ажилтнаар ажилладаг, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 30-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,

Олонгууд овогт Б.О /РД:уп9312..../

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Б.О- нь “Хаан хүнс импекс” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 9 сарын 23-ны өдрийн Т/19/110 дугаар тушаалаар ... тоотод үйл ажиллагаа явуулах тус компанийн борлуулалтын албанд борлуулагчийн ажилд томилогдон ажиллаж байхдаа буюу 2020 оны 08 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын бараа материалын төлбөр, тооцоог хувьдаа завшсаны улмаас нийт 25,044,177 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 сарын 20-ны өдрийн 464 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Б.О- нь “Хаан хүнс импекс” ХХК-ний борлуулалтын албанд борлуулагчаар ажиллаж байхдаа бараа борлуулсны орлого 25,044,177 төгрөгийг хувьдаа захиран зарцуулсан болох нь:

- “Хаан хүнс импекс” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн байгууллагад гаргасан “...Б.О- нь 2020 оны 01 сарын 18-ны өдрөөс тус компанид дэлгүүрийн сувгийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа өөрт ашигтайгаар урвуулан ашиглаж 25,044,177 төгрөгийг хувьдаа завшсан...” гэмт хэргийн талаарх гомдол ( хавтаст хэргийн 15 дугаар тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н “...Манай компанид Б.О- 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс борлуулагчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Б.О- нь ажиллаж байх хугацаандаа харилцагч байгууллага болон дэлгүүрүүдтэй бүтээгдэхүүн худалдах, худалдан авах мөн бэлнээр “Хаан хүнс импекс” ХХК-ын бараа зардаг ажлыг хийдэг байсан. Тэгээд 2020 оны дунд үеэс ковид-19 цар тахлын улмаас манай компанийн нягтлангууд харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэхээ больсон байсан үеийг Б.О- нь далимдуулан 2020 оны 9 дүгээр сараас эхлэн хувийн дансандаа борлуулалтын орлогыг авч санхүүд мэдэгдэхгүйгээр завшиж эхэлсэн байсан. Үүнийг манай компанийн санхүүгийн албаныхан 2021 оны 02 дугаар сард шалгалт хийж өр төлбөрийн авлагатай байгууллагуудтай тооцоо нийлж эхлэхэд борлуулагч Б.О- нь өөрийн эгчийн данс буюу С.А-ын дансаар авдаг байсан нь тогтоогдсон...Б.О- нь 2021 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар байгууллагад нийт 25.044.117 төгрөгийн өр үүсгэсэн. Үүнээс 2021.01.06-ны өдөр цалингийн хуримтлалаас 1.538.800 төгрөг цалингаас нь суутгаж авсан, мөн 426.286 төгрөг бэлэн мөнгөний дутуу байсан үлдэгдэл төлбөр шилжүүлсэн, ингээд одоо үлдэгдэл 23.079.091 төгрөгийг Б.О-аас нэхэмжилж байгаа юм... Б.О-ын хувьд уг асуудлыг гаргах үедээ борлуулагч ажилтай байсан бөгөөд зөвхөн компаниас олгосон барааг борлуулах үүрэгтэй, ямар нэгэн эрх бүхий гарын үсэг зурах төлөөлөх эрхтэй албан тушаалтан биш юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 38-40-р тал),

- Гэрч С.А-ын “... Манай төрсөн дүү Б.О- “Хаан хүнс импекс” ХХК-д ажилладаг байхдаа “картаа хаячихсан, та картаа өгчхөөч, би дэлгүүрийн орлого авч байхад хэрэгтэй байна” гэж хэлээд 2019 оны сүүлчээр миний 5720172351 дугаарын данстай Хаан банкны картыг авсан ба карт манай дүү Б.О-т л байдаг байсан...өнгөрсөн оны 12 сард “Хаан хүнс импекс” ХХК-ний хуулийн зөвлөх гэх хүн намайг дуудаад “дүү чинь их хэмжээний мөнгө дутаасан байна, таны дансаар авсан байна...” гэж намайг загнаж, зандраад байсан, миний хувьд эгч дүүгийн хувиар дүүдээ картаа ашиглуулж байсан болохоос өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

- Гэрч Б.У-ийн “...Би “Хаан хүнс импекс” ХХК-д 2019 оны 11 сарын 17-ноос эхлэн өнөөдрийг хүртэл борлуулалт хариуцсан нягтлангийн ажлыг хийж байна... Б.О- нь борлуулагчийн ажлыг хийдэг ба өглөө бүр бэлэн бүтээгдэхүүний агуулахаас тодорхой хэмжээний барааг үйлдвэрийн нягтлан Хулангаас хүлээж аваад, орой ажлаа тараад буух үедээ тухайн өдрөө борлуулсан барааны төлбөрийг борлуулалт хариуцсан ахлах нягтлан С.Н бид хоёрт хүлээлгэж өгдөг байсан. Тухайн өдрийн үлдэгдэл барааг Л.Баярцэцэг нь хүлээж авдаг байсан...Би 2019 оны 12 сараас эхлэн харилцагч аж ахуйн нэгжүүдтэй биечлэн уулзаж, борлуулагч нарын тооцоог баталгаажуулж шалгадаг байсан боловч коронавирус халдварт өвчин гарсантай холбоотойгоор 2020 оны 11 сарын орчмоос эхлэн харилцагч аж ахуйн нэгжүүдээр биечлэн очиж уулзахаа болих шийдвэр гарсан юм...Тэгээд 2020 оны 10 сарын үеэр хүмүүс ажилдаа орж цэгцэрч 2022 оны 10 сараас 11 сарын эх хүртэл харилцагч аж ахуйн нэгжүүдээр шалгасан ба ... 2020 оны 12 сарын үеэр Б.О-ын дансаар тушааж өгөх ёстой орлого нь дутуу, хуримтлагдаж эхэлсэн учир С.Номин-Эрдэнэ нь шалгах зорилгоор Б.О-ын хариуцсан дэлгүүрүүд рүү залгаж асуухад “төлбөр тооцоогоо дансаар болон бэлнээр өгсөн” гэсэн хариулт өгсөн юм... С.Номин-Эрдэнэ нь Б.О-ыг дуудаж уулзан тухайн бүртгэлийг үзүүлэн асуухад Б.О- нь аж ахуйн нэгж, дэлгүүрүүдээс авах ёстой орлогоос хувьдаа завшсан дэлгүүрүүдийг дугуйлж өгөөд...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дугаар тал),

- Гэрч Л.Б-ийн “... Би “Хаан хүнс импекс” ХХК-д хангамжийн нярав ажилтай бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...Б.О- нь манай компанид борлуулагчаар ажилладаг байсан. Би Б.О-тай тооцоо нийлж борлуулалтын орлого болон үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг буцаан авч байсан удаа байгаа...Би Б.О-тай нэлээн олон удаа тооцоо нийлж байсан. Тэр үед дандаа бэлэн мөнгөний үлдэгдэлтэй тооцоо нийлдэг бөгөөд мөн авч явсан бараанаас нь тооцоо дутдаг. Тэгээд яасан талаар асуухад “тэр байгууллагад өгчихсөн байгаа, эсхүл тэр хувь хүн харилцагчид өгчихсөн байгаа, наадахаа үлдэгдлээр биччих, маргааш тооцоог нь хийчихнэ гэсэн” гэх зэргээр хэлж, тооцоо нийлж явдаг байсан. Би өдөр тутмын тооцоо нийлдэг байсан...Б.О-ыг тэгж хэлэхээр нь тэр үедээ үнэхээр тэгсэн байсан юм байна гэж ойлгоод өөр дээр нь өр үүсгэж бичдэг байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

- “Баян сагсай” Аудит ХХК-ний 2022 оны 02 сарын 06-ны өдрийн Б-22/01 дугаартай хараат бус аудиторын борлуулалтын авлагын үлдэгдлийг шалгасан ажлын тайлан (хавтаст хэргийн 104-110 тал),

- Б.О-ын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцсан ойлгосон, асуух зүйл байхгүй, ямар хэрэгт холбогдож эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдлээ. Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би “Хаан хүнс импекс” ХХК-д анх 2016 оны 12 дугаар сарын сүүлээр борлуулалтын жолоочоор ажилладаг байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын сүүлээс эхлэн сувгийн борлуулагчийн ажилд томилогдон, 2021 оны 1 дүгээр сар хүртэл сувгийн борлуулагчийн ажил хийсэн байгаа. Миний ажлын байрны гол заалт нь үйлдвэрээс гарч байгаа бараа бүтээгдэхүүн буюу хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг дэлгүүр, аж ахуй нэгжүүдэд зарж борлуулдаг юм. Манайх компаниас гарсан барааг нярваар дамжуулан жинлэж падаан бичүүлээд аваад гардаг бөгөөд тухайн өдрийн орой нь борлуулалтаа хийгээд орой нь тооцоогоо тушаадаг юм. Ингэхдээ тухайн харилцагч байгууллагаас өгсөн барааны үнийг дансаар болон бэлнээр өгдөг байсан. Ингээд борлуулагч хийж байх нийт хугацаандаа өдрийн орлого тутмаас их бага хэмжээгээр хувьдаа авч 27 гаран сая төгрөгийн өр үүссэн байна. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж гэмшиж байна...Орлогын мөнгөө болохоор дандаа дутуу тушаалттай, үлдэгдэл мөнгийг нь маргааш дансаар шилжүүлнэ, эсхүл одоо данс руу орж байгаа гээд дандаа үлдэгдэл тооцоотой өдрийн ажлаа дуусгадаг. Тэгээд маргааш нь манай нягтлангууд үлдэгдэл мөнгө чинь ороогүй байна гэхээр нь тухайн өдрийн борлуулалтын орлогоос өмнөх харилцагчийн өмнөөс би өөрөө дансанд нь хийгээд, дандаа ингэж гүйлгээд яваад байсан. Би ер нь дунджаар хамгийн багадаа 50.000 төгрөг, тэгээд дээшээ өдөрт 200 гаран мянган төгрөг авч байсан удаа байгаа. Өдөрт бол 50.000 төгрөгөөс буухгүй авчихдаг байсан нь үнэн...Би борлуулалтын орлогыг өөрийн эгчийн данс болох С.А-ын дансаар шилжүүлэн авч байсан тохиолдол байгаа, зарим харилцагч нар дансаар шилжүүлэг хийх үед эгчийн данс руу хийлгэдэг байсан боловч манай эгч тэр даруйд компанид шилжүүлдэг байсан, тухайн үед надад данс байхгүй би эгчийн картыг ашиглаж байсан бөгөөд орлогын мэдээлэл нь мессежээр ирдэг байсан учир ашигладаг байсан...2021 оны 01 дүгээр сард гэж санаж байна. Компаниас намайг 27 гаран сая төгрөг хувьдаа завшсан байна, цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж хэлж байсан бөгөөд тэр үед би бүх үнэнээ хэлээд өөрийн өрнөөс 4.150.000 төгрөг өгч байсан одоо үлдэгдэл 23 сая гаран төгрөг байгаа, үүнийг би төлж барагдуулна. Одоо би компанидаа туслах ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд цалингийн 90 хувийг суутгуулж 10 хувийг нь өөрт авахаар харилцан тохиролцоод ажиллаж байгаа ингэж ажиллаад хохирлоо бүрэн барагдуулах болно...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 186-188 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох Хөрөнгө завших гэмт хэрэг нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, хувьдаа захиран зарцуулах байдлаар завших санаа бий болж хэрэгждэг.

Дээрх гэмт хэргийн хувьд “Хаан хүнс импекс” ХХК-ийн эд хөрөнгийг хариуцаж бусдад борлуулах буюу захиран зарцуулсны хариу төлбөрийг компанид буцаан төвлөрүүлэх үүрэг хүлээж борлуулагчаар буюу ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа компанийн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг хувьдаа  захиран зарцуулах санаа бий болж хэрэгжих бөгөөд энэ гэмт хэргийн  хувьд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжсэн асуудал нь “Хаан хүнс импекс” ХХК-иас борлуулагч ажилтай Б.О-т ажил үүргийн хуваарийнх нь дагуу бараа материалыг борлуулахаар шилжүүлэн өгсөн явдал юм.

 

            Б.О- бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд болох нь “Хаан хүнс импекс” ХХК-ийн захирлын борлуулагчаар томилсон 2019 оны 9 сарын 23-ны өдрийн Т/19/110 дугаар ажилд авах тушаалаар тогтоогдсон.

Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Хаан хүнс импекс” ХХК-ийн борлуулагч нь энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъект болох бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд болно. Б.О- нь тухайн эд хөрөнгөтэй харьцах буюу бусдад худалдан борлуулах хууль ёсны эрхийг эрх бүхий этгээд болох тус компанийн ерөнхий захирлын тушаалаар түүнд олгосон нь зүйлчлэлийн гол шалгуур юм.

Эрх бүхий этгээдийн зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаарын хүрээнд бусдын эд хөрөнгийг хараа хяналтдаа байлгаж эд хөрөнгийн бүртгэл, зарлагын хөдөлгөөнийг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул зэрэг албан тушаалтнуудын адил борлуулагч мөн уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субьектэд хамаарна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь борлуулагчийн ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрх, үүргийн хүрээнд тус компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний ажил, албан үүрэг нь уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарч буй тул “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлээгүй нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, уг гэмт хэргийн субьектийн шаардлагыг хангаж байгаа тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

   3. Хохирогч “Хаан хүнс импекс” ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02/122 дугаар албан бичигт “Б.О-ыг үйлдвэрийн туслах ажилтнаар ажилд авч, түүний хууль бус үйлдлийн улмаас компанид учруулсан хохирлын үлдэгдэл 23,079,090 төгрөгийг цалингаас суутгах зарчмаар хохирол барагдуулах болсон” гэжээ.

Иймд шүүгдэгч Б.О-аас 23,079,090 төгрөгийг гаргуулж, “Хаан хүнс импекс” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар өршөөлд хамруулж 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох Зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулбал би ажлын бус цагаар ахын машинаар халтуур хийдэг тул уг ажлыг хийх боломжгүй болох тул өөр зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү?, хохирлоо төлнө гэв.

 

            5. Шүүгдэгч Б.О-ын үйлдэлд эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд компанийн зүгээс тавих хяналт муудсаныг далимдуулсан, учирсан хохирол хор уршгийн хувьд их биш, хохирлын заримыг төлсөн, үлдсэн хохирлыг төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцсон, шүүгдэгчийг хохирогч “Хаан хүнс импекс” ХХК үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2. “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “..., Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14. “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход шүүгдэгч нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна гэжээ.

Шүүгдэгч Б.О-ын байнга оршин суух хаягийн бүртгэл Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 97-12 тоот хаягтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч “Хаан хүнс импекс” ХХК-тай харилцан тохиролцсон тул түүнд шүүхээс оногдуулсан 06 сарын хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Харин хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо зорчих
эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцох мөн шүүгдэгчийн ялын талаар гаргасан саналыг хүлээн авч Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 06 сарын хугацаагаар хүлээлгэх Зорчих эрх хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

Б.О- нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, харин тус оршин суугаа газар нь засаг захиргааны нэгжийн хувьд нийслэл буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт харьяалагдана.

Иймд “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих” гэдгийг ялтан Сонгинохайрхан дүүрэг дэх оршин сууж буй хаягаа өөрчлөхдөө, түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш өөр аймаг, улсын чанартай хотын нутаг дэвсгэр, гадаад улс руу зорчин явахдаа тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэгтэй гэж ойлгож, хэрэгжүүлэх нь зүйтэй.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Олонгууд овогт Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-т 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.5, 12.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.О-т энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацааны хорих ялыг Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 06 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлахыг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольж эдлүүлдэг болохыг Б.О-т мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.О-аас 23,079,000 төгрөгийг гаргуулж, “Хаан хүнс импекс” ХХК-д олгосугай.

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ