Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2022/0193/Э |
Дугаар | 2022/ШЦТ/209 |
Огноо | 2022-06-02 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0193/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт М-ын Н-д холбогдох эрүүгийн 2218000000213 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт М-ын Н /РД: .........../, ........ оны ........ дугаар сарын ..........-нд ........ аймгийн ............ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ....... хот, ....... дүүрэг ........ дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ...... аймаг дахь сум дундын шүүхийн ........ оны ......... дугаар сарын ......-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Н-н өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр төлсөн. Улсын яллагчтай 1 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тохирсон.” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтанд:
Хохирогч Ө.Н-ын өгсөн: “........ оны ........ дүгээр сарын ......-ний өдөр ....... цагийн орчимд гэрийн гаднах АТМ буюу бэлэн мөнгөний төхөөрөмжид өөрийн Хаан банкны ...... дугаар дансны үлдэгдлийг шалгаж үзэхэд миний данснаас .... оны ....... дүгээр сарын ....-ны шөнө 04 цагийн орчимд 20,000,000 төгрөг Н-н данс болох ....... дугаар дансанд шилжиж орсон, мөн уг гүйлгээний дараа 1,000,000 төгрөг бэлнээр гарсан байсан. Би тухайн үед Н-н ........ дугаарын утас руу залгаад чи яаж байнаа, данснаас мөнгө авсан байна гэж хэлэхэд Н... өгнө өө гэж хэлээд л утсаа тасалсан. Ингээд Н.... ахиж миний утсыг авалгүй утсаа таслаад, миний утсыг блок хийгээд алга болсон. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөнгийг надад М.Н бүрэн гүйцэт барагдуулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 11 дэх тал/,
Хохирогч Ө.Н-ын эзэмшлийн Хаан банкны ........ дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийхэд “......... оны ..... дүгээр сарын ..........-ны өдрийн эхний гүйлгээний байдлаар уг дансанд үлдэгдэл 42,890,794 төгрөг байснаас .... оны ...... дүгээр сарын .......-ны 04 цаг 38 минутад 20,000,000 төгрөг Хаан банкны ....... данс руу зарлага гарч үлдэгдэл 24,890,844 төгрөг, үлдэгдэл 24,890,844 төгрөгөөс 1,000,000 төгрөгний бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийгдэж 23,890,644 төгрөгийн үлдэгдэл байх ба тус өдөр өөр орлого болон зарлагын гүйлгээ хийгдээгүй байна...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Гэрч М.Н-н өгсөн: “...Би ...... дугаарын Хаан банкны дансыг эзэмшдэг. ........ оны ........ дүгээр сарын ..........-ны өглөө 6 цагийн үед манай ах Н над руу залгаад миний дансыг асуусан. Тэгээд би ахдаа дансныхаа дугаарыг өгөхөд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Яагаад ямар мөнгө шилжүүлж байгааг мэдээгүй. Манай ах өмнө ломбарданд өөрийнхөө эзэмшдэг гар утасны 9999-тэй дугаарыг тавиад хугацаа нь дуусах үед би очиж авахаар хамт гарын үсэг зурж байсан. Манай ах өөрөө хөдөө ажилладаг учраас ирэх боломжгүй байсан тул хотод ажиллаж байгаа намайг хамтран эзэмшигчээр оруулсан юм. ....... данс миний төрсөн ах Н-н эзэмшлийн данс юм. Н ахаас шилжүүлсэн 5,000,000 төгрөгөөс 4,050,000 төгрөгөөр нь ломбардны төлбөр төлсөн. Үлдсэн мөнгийг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/
Гэрч Р.М-ын өгсөн: “...миний том хүү болох Н нь миний данс руу хааяа мөнгө шилжүүлж хоол хүнс, эм тариа ав гэж өгдөг байсан. Тухайн өдөр том хүү гэх утга бүхий мөнгө орж ирэхээр нь би өөрийн том хүү Н-г хийсэн байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/
Гэрч Н.Л-н өгсөн: “...20... оны...... дүгээр сарын ......-ны өдөр М.Н гэх залуу над руу шөнө миний утас руу залгаж надад эмний мөнгө өгнө та дансаа өгчих би тань руу 100,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тухайн үед би хэрэггүй ээ ах нь өөрийгөө болгоод л байна гэхэд зүгээрээ ах гэсээр байгаад миний дансыг авсан. Тэгтэл миний дансанд тун удалгүй 1,000,000 төгрөг ............ гэх утгатай орж ирсэн. Тэгэхээр нь би Н залгаж энэ их мөнгөөр ах нь яах юм бэ гэхэд надад андуураад хийчихсэн байна, миний оюутан дүү рүү хийчихээрэй гэж хэлээд надад нэг данс өгсөн юм. Би 20..... оны ..... дүгээр сарын .......-ны өдөр би 900,000 төгрөгийг тухайн Н-н өгсөн данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/
20... оны .... дүгээр сарын .........-ны өдрийн Хаан банкны .......... дугаартай “........... тоот төгрөгийн харилцах дансны ........ оны ......... дүгээр сарын ..........-ны өдрөөс ......... оны ........... дүгээр сарын .............-ны өдрийн гүйлгээний хуулга...” гэх тоот, М.Н-н ...... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 26-28 дахь тал/
Хаан банкны 20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн: ...АТМ795 нь Дархан-Уул аймгийн Дархан сум Үйлчилгээний төвд байрлах ХААН банкны АТМ байна... гэх албан бичиг /хавтаст хэргийн 38 дахь тал/
20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн ..... дугаартай “........ дугаартай Н.Л-н, ..... дугаартай М.Н-н, .......... дугаартай Р.М-н, ....... дугаартай О.Б-н, ........ дугаартай Д.Б нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 30-36 дахь тал/
20.... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн “...АТМ795-ын 20..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... цаг ..... минутын хяналтын камерын бичлэг”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 39 дэх тал/
20..... оны ...... дүгээр сарын .....-ны өдрийн: “АТМ795-ын 20..... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн 04 цаг 38 минутын хяналтын камерын бичлэг“-т үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Н нь 20... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ...... аймаг, ....... сум ....... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд яак” зочид буудлын ..... тоот өрөөнд Ө.Н-н хамт байхдаа түүний ширээн дээр тавьсан Хаан банкны виза картыг нууцаар авч Дархан сумын Үйлчилгээний төвд байрлах Хаан банкны АТМ дээр очин байна өөрийн ......... данс руу 20,000,000 төгрөг шилжүүлж, 1,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Н-н дээрх үйлдэл нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 21,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Н-д 21,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ө.Н-н 20... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн “...уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөнгийг надад М.Н бүрэн гүйцэд барагдуулсан, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, “...цаашид ямар нэгэн гомдол байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 11, 80 дахь тал/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч М.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Нямсамбууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нямсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шангас овогт Мандалын Нямсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Нямсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нямсамбуу нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нямсамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Нямсамбууд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР