| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/0740/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/724 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/724
2022 06 06 2022/ШЦТ/724 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-од холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймаг Тарагт суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .......... бүртгэлтэй, ... түр оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1034 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Боржигон овогт О.Б (регистрийн дугаар ИМ9106...).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” худалдааны төвийн “Тулга” нэртэй тээш хадгалах газрын үүдэнд ачааны түрдэг тэргэн дээр байсан иргэн Э.М-гийн цүнхтэй ачаа болох монгол дээл, монгол цамц, боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн хослол, гутал, өмд үсний машин 2 цамц, хаш хөөрөг, усан манан хөөрөг зэрэг цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 1,095,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч О.Б-ын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Шүүгдэгч О.Б- нь хохирогч Э.М-гийн цүнхтэй монгол дээл, монгол цамц, боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн хослол, гутал, өмд үсний машин цамц, хаш хөөрөг, усан манан хөөрөг зэрэг цүнхтэй эд зүйлсийг тээшний ажилтанд мэдэгдэхгүйгээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1,095,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь: - Цагдаагийн газарт ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдлыг бүртгэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар тал),
- Хохирогч Э.М-гийн “....2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн орон нутгийн автобусаар Завхан аймгийн Улиастай сумаас "Миний өөрийн бакалаврын диплом 9, 11-р ангийн гэрчилгээ, гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ, жижиг хөөрөг, 2 монгол эмэгтэй дээл, эрэгтэй том монгол цамц, хүүхдийн бэлтгэлийн хослол, хүүхдийн өмд гутал, эрэгтэй өмд эмэгтэй цамц, үсний машин, бүтэн хонины мах хайрцагт хийгээд Улаанбаатар хот руу явуулсан байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг орчимд Драгон төвийн автовокзал дээр автобус ирсэн байсан. Автобус ирэхэд би ирж ачаагаа авч чадаагүй учраас Драгон төвийн ард талд байрлах Тулга тээшинд миний ачааг хүлээлгэн өгсөн байсан. 2022 оны 01 сарын 08-ны өдрийн 12 цаг өнгөрөөгөөд Тулга тээшний газарт миний нөхөр С.Банзрагч ачаагаа авахаар очиж хайрцагтай махаа авсан байсан. Цүнхтэй ачааг өөр хүний ачаатай андуурагдаад хүргэлтэд аваад явчихсан байна. Гэрийн хаягаар нь гэрт чинь хүргээд өгий гэж хэлсэн байсан. Гэтэл уг ачааг хулгайд алдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
- Гэрч Г.С-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төв дээр 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цаг орчимд очсон зүс таних гялгар Болдоо гэдэг ахтай таараад бид 2 хамт 0.5 литрийн Хараа архи нэртэй архи хувааж уусан. Драгон төвийн ойролцоогоор бид 2 явж байсан чинь "Авто тээш"-ийг ажиллуулдаг Оюунаа эгчийн нөхөр Балжаа ах "Тулга тээш"-руу ачаа түрээд явж байхаар 3 нь тусалж хамт түрээд явсан ачааг нь тээшний үүдэнд аваачаад зөөж байтал тэрэгтэй ачаа газар унасан. Унасан ачааг нь оруулж өгч байхад зүс таних Батболд гэх залуу хар цүнхтэй ачааг буланд байхад нь авч явсан гэж надад өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал), - Эд зүйл болох хаш цагаан хөөрөг, усан манан хөөрөг, хөөргөний даалин, бакалаврын диплом зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),
- О.Б-ын өгсөн: “...Болдоо ахад Өвөрхангай аймгаас надад нэг ачаа ирсэн нь энэ ачаануудтай холилдоод байна наад ачаагаа цаашаагаа тусдаа тавиад өгөөч гэж хэлээд Болдоо ахаар цааш нь тавиулаад тэгээд тэр ачаагаа зөөж дуусаад би тухайн тусдаа тавиулсан ачаагаа аваад явсан...” мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон. 2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог. Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр тээшний ажилтанд мэдэгдэлгүй нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
4. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас шүүгдэгч О.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч О.Б-оос: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.
5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэг үйлдсэний дараа биет байдлаар эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хохирлын зөрүүг мөнгөөр нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 4 эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
6. Шүүгдэгч О.Б- нь хувийн байдлын хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг их биш, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар О.Б-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Б-од мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ