Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0221/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт М-н Г-д холбогдох эрүүгийн 2218000000216 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт М-н Г /РД: ............./, ....... оны ....... дугаар сарын .........-ны өдөр ........ аймгийн ........ суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .............мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .......... аймаг, .......... сум, ....... дүгээр баг, ..... дугаар хороолол, ...... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

- ....... дахь сум дундын шүүхийн ....... оны ...... дугаар сарын ..........-ний өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ....... оны ....... дугаар сарын .........-нд 5 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- ......... аймаг дахь сум дундын шүүхийн ...... оны ....... дугаар сарын ........-ны өдрийн .... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ..... оны ...... дүгээр сарын ......-нд 4 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- .... аймаг дахь сум дундын шүүхийн ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ....... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, торгох ялыг хорих ялд багтааж эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон, ..... оны ....... дугаар сарын ..........-нд 11 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- ......... аймаг дахь сум дундын шүүхийн ....... оны ..... дүгээр сарын ....-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ..... оны ..... дугаар сарын .....-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

- ...... аймаг дахь сум дундын шүүхийн ..... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, .... оны .... дүгээр сарын .....-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

- ...... ..... дахь сум дундын шүүхийн .... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон, .... оны .... дүгээр сарын .....-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

- ...... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч эдлэх ялыг 3 жил 10 хоногоор тогтоосон,

- ........аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын .....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- ...... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 10 дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагаар тогтоож, цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, биечлэн эдлэх ялыг 256 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосон,

- ...... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын .....-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г.....г 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ..... аймгийн ...... сумын ..... дугаар баг шинэ хороололын ..... дугаар байрны хажуу талд Т.О-н толгой тус газар нь цохиж унаган хүч хэрэглэн Самсунг А-02 эс маркийн гар утсыг авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Г-н өгсөн: Би гэрээсээ гараад тэр өдөр архи уусан байсан. Урд нэг хүн утсаар яриад яваад байсан. Тэгэхээр нь утсыг нь булаагаад авсан. Миний араас хөөсөн, би зугтаад ахынхаа гэр лүү орсон. Хийсэн хэргээ ойлгож, гэмшиж  байна. Саяхан хүнтэй суугаад хамт амьдрах болсон. Дуудсан цагт нь ирээд байж чадна. Амьдралаа бодмоор байна. Тэнсэх боломж байвал тэнсэж өгнө үү гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн "Л.Ч-с Самсунг А-02 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг" -ийг хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 4-5/,

2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Л.Ч-с хураан авсан 1 ширхэг гар утас нь Самсунг галакси А02s гэсэн бичигтэй, андройд үйлдлийн системтэй, гадуураа ямар нэгэн хамгаалалтын гэргүй,  ар талдаа 3 ширхэг камертай, гол хэсэгтэй дөрвөлжин цагаан цаасан дээр IMEI1: 356525/68/781336/, IMEI2: 359001/16/781336/4 гэсэн кодтой 2 ширхэг бар код бүхий S/N:R9PR6027WBN гэсэн бичигтэй цаас наасан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв." гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "хар өнгийн Самсунг А02 эс маркийн гар утас 1 ширхэгийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Т.О-д хүлээлгэн өгсөн" тухай тэмдэглэл /хх-10/,

20... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн "Дархан сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Цуурай цо төвийн гадна талын талбайг хянах зориулалт бүхий хяналтын камерын бичлэг 1 ширхэгийг /файл хэлбэрээр/, Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Бүжин хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг 1 ширхэгийг /файл хэлбэрээр/, Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны орцны хяналтын камерын бичлэг 1 ширхэг /файл хэлбэрээр/ нийт 3 камерийн бичлэгийг файль хэлбэрээр зөөврийн дискээр хуулж ирснийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв." гэх эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/,

20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн "хохирогчоос гаргаж өгсөн камерийн бичлэг бүхий 1 ширхэг цагаан өнгийн СД"-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,

20.... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн: “Хар эрээн хавар намрын куртиктэй, хар өнгийн өмдтэй, бор шар өнгийн гуталтай, зүүн гартаа жижиг хэмжээтэй улаан өнгийн эд зүйл барьсан эрэгтэй хүн ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун тийш гүйж өнгөрөх бөгөөд тухайн хүний араас хар бараан өнгийн өмдтэй хар бараан өнгийн гуталтай, ноосон малгайтай, бор өнгийн цамцтай эрэгтэй хүн гүйж байгаа бичлэг байх ба уг бичлэг нь 18 секунт үргэлжилсэн болно." гэх “Бүжин” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/,

20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн: “Дархан сумын ..... дугаар баг .... хороололын .... дугаар байрны зүүн талын гудамж талбай харагдах бөгөөд төв асфалтан замын цаад талд байрлах явган хүний зам дээр моднуудын хажууд ..... орчим насны эрэгтэй хүн гар утсаараа оролдон явж байв. 10 секунтын дараа хар дээр цагаан цоохор өнгийн юүдэнтэй малгай, дотуураа саравчтай малгай өмссөн ..... орчим насны эрэгтэй хүн гараа халаасандаа хийчихсэн ертөнцийн зүгээр урд талаас хойд зүг рүү чиглэн яваад гар утсаараа оролдон зогсож байсан хүний хажуугаар өнгөрөхдөө эргэж харан харан явж байгаад зогсоод буцаад тэр хүн рүү чиглэн явав. Замын хажуугийн том модны араар гар утсаа бариад явж байсан хүн орох үед юүдэнтэй малгайтай хүн очоод гараа далайж цохих үед гар утсаа бариад явж байсан хүн газар унах бөгөөд хар цоохор юүдэнтэй малгайтай эрэгтэй хүн Шинэ хороололын 16 дугаар байр руу чиглэн гүйв. Газар унасан хүн босож ирээд араас нь чиглэн гүйснээр камерын бичлэг дуусаж байна" гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Цуурай цо” төвийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/,

20..... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн:  “Орцны хаалгаар эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирэх бөгөөд араас нь саравчтай малгай өмсөж гадуураа хар цагаан цоохор өнгөтэй юүдэнтэй күртэк өмссөн эрэгтэй хүн гүйж орж ирээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хажуугаар өнгөрөх ба араас нь саарал өнгийн кэйфкин малгай, жинсэн өмдтэй, энгэрээ задгай тавьсан бор шаргал өнгийн богино куртик өмссөн 45-50 орчим насны эрэгтэй хүн гүйж орж ирээд шат руу гүйснээр камерын бичлэг дуусаж байна” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... дугаар баг Шинэ хороололын ..... дугаар байрны орцны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/,

20..... оны ..... дүгээр сарын ....-ны өдрийн "М.Г-г согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 2,07 хувь гарсан болно" гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/,

Хохирогч Т.О-н өгсөн: 20.... оны ..... дүгээр сарын .....-нд харих гээд ..... давхарын хажууд хүнтэй утсаар яриад зогсож байтал нэг хүн миний толгойн баруун хэсэгт цохиод, миний Самсунг А02 маркийн гар утсыг аваад зугтсан. Тэгэхээр нь би араас нь гүйсэн боловч 16 давхрын орц руу ороод алга болчихсон. Тухайн хүнийг би тэр хавиар хайгаад олоогүй. Миний гар утсыг манай хүү 580,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч өгч байсан. Хар өнгөтэй, 2 сим картны оролттой, улаан өнгийн хавтастай. Хавтас дотор нь миний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, ажлын газрын үнэмлэх байсан. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй. Гар утсаа буцааж хүлээн авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 20,22/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Л.Ч-н өгсөн: 20..... оны .... дүгээр сарын ....-нд .... цаг өнгөрч байхад Үйлчилгээний төвийн урд явж байтал манай Хуучин хорооллын “.....” хочтой Г таарсан. Г халааснаасаа гар утас гаргаж ирээд энэ утсыг 50,000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Би надад 40,000 төгрөг л байна гэтэл Г 40,000 төгрөгөө өгчих гэж хэлээд надаас 40,000 төгрөг аваад гар утсаа өгсөн. Хар өнгийн Самсунг А02 маркийн 2 сим карттай гар утас байсан. Тухайн утас нь ямар нэгэн хамгаалалтын гэр байгаагүй. Надад 40,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохиролыг М.Г-н эхнэр Б нь бэлнээр өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Гэрч М.Ц-н өгсөн: 20... оны ... дүгээр сарын ....-нд гэртээ байж байтал манай дүү М.Г халамцуу орж ирээд 30 орчим минут болж байгаад надаас таксины 1000 төгрөг аваад найзындаа очиж хононо гэж хэлээд гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36/

Капитал зууч ХХК-ийн 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн "Самсунг галакси А02 эс маркийн гар утас 400,000 төгрөгийн үнэтэй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Г нь 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ...... аймгийн ..... сум, ..... дугаар баг, ...... ...... дугаар байрны хажууд иргэн Т.О-н толгой тус газар нь цохиж унаган хүч хэрэглэж Самсунг А02 эс маркийн гар утсыг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсоноор төгссөнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Иймд шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь 20.... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр ..... аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны хажууд утсаар ярин зогсож байсан Т.О-н толгой тус газар нь цохиж унаган Самсунг А-02 эс маркийн гар утсыг авч зугтан Л.Ч-т 40.000 төгрөгөөр зарсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч М.Г-н үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид хүч хэрэглэн довтолж авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.О-д 400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, иргэний нэхэмжлэгч Л.Ч-т 40,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 40,000 төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Л.Ч-н ...М.Г-н эхнэр Б.Б надад  40,000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 11 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогоолын хуулбарууд зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч М.Г нь тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй ба харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-н Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 1 /нэг/  жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Г-д оногдуулсан 1 /нэг/  жил,  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР