Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0218/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ц-н Б-д холбогдох эрүүгийн 2218000000248 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Ц-н Б /РД: ............/, ..... оны ...... дугаар сарын .....-ний өдөр ....... аймгийн ...... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, .......... ХХК-нд туслах ажилтан, ам бүл 2, эхнэрийн хамт ........ аймаг, ......... сум, ........... дугаар баг ......... тоотод оршин суух хаягтай, урьд .......... аймаг дахь сум дундын ......... дугаар шүүхийн ................оны ........ дүгээр сарын .........-ний өдрийн ........ дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эхнэр Ж.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Б-н өгсөн: ...улсын яллагчтай 600,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

20... оны ....... дугаар сарын ........-ны өдрийн .......... аймаг ....... сум ........ дугаар баг ................ тоот хаягт байх хашаан дотор байрлах Монгол 5 ханатай гэр байлаа. ...гэрт ороход гэрийн эргэн тойронд тавилга эд зүйл эмх цэгтэй байх бөгөөд гэр доторх шал шар өнгийн хулдаас дэвсэж тавьсан байв. Үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий мөр илрээгүй тул үзлэгчийн ажиллагааг дуусгав гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-3-6/,

 

Хохирогч Ж.М-н өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг найз Б-н гэрт байхад Ц.Б гаднаас 11 цагийн орчим согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд шууд л үг хэлэлгүй үснээс татаж газар унагаад миний нуруун дээр 2-3 удаа дэвссэн. Мөн толгой руу хэд хэдэн гараараа удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Ж.Б-н өгсөн: Ж.М-н нөхөр ирээд уурлаж Ж.М-г сандал дээр сууж байхад нь өшиглөж унагаад, дээрээс нь өшиглөж, цохиж зодоод байсан. Тухайн үед Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Ж.Ч-н өгсөн: 20..... оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдөр Ц.Б нь Ж.М-т гар хүрч цохиж зодсон байсан. Би энэ талаар эгчээсээ сонссон. Ц.Б нь гар хүрч цохиж зоддог учир миний эгч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж Б-д гэх хүний гэрт хамт байхыг Ц.Б нь мэдээд уурлаж бухимдсандаа ийм үйлдэл гаргасан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай Ж.М-н биед тархи доргилт, зүүн хонго, бүсэлхийн ууц орчим, баруун өвдөг, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт зулгаралт, баруун бөөрны харалдаа болон баруун бугалганд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр буюу зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.М-н биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.М-н биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

20.... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн Ж.М-н яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь эхнэр Ж.М-г 20.... оны .... дүгээр сарын ...., .....-ны өдрүүдэд ...... аймгийн ..... сумын ..... дугаар багийн ........ тоотод зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хонго, бүсэлхийн ууц орчим, баруун өвдөг, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт зулгаралт, баруун бөөрны харалдаа болон баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Ц.Б-н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ц.Б, хохирогч Ж.М нар нь эхнэр нөхөр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Ц.Б эхнэр Ж.М-н бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.М-н эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.М-н мэдүүлэг, болон хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд нэг удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ц.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б-н хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт  Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР