Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 760

 

Д.Э, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Р.Батнасан,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Д,  

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Ш, Ч.Э,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.А, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Э, С.Б нарт холбогдох 1703003750180 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д.Э, 1968 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ............................/;

Х овгийн С.Б, 1975 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Д.Э нь 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 грамм, сүүл 440 грамм, чив 395 граммыг хадгалсан,

С.Бтай бүлэглэн дээрх түүхий эдийн зүйлийг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар Бээжин чиглэлд хөдлөх гэж байсан олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж, тээвэрлэсэн,

Түүнчлэн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хадгалсан,

С.Бтай бүлэглэн дээрх ургамлыг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар Бээжин чиглэлд хөдлөх гэж байсан олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэсэн,

С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 грамм, сүүл 440 грамм, чив 395 граммыг хадгалсан,

Д.Этой бүлэглэн дээрх түүхий эдийн зүйлийг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар Бээжин чиглэлд хөдлөх гэж байсан олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэсэн,

Түүнчлэн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүй 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдөр хүртэл хадгалсан,

Д.Этой бүлэглэн дээрх ургамлыг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар Бээжин чиглэлд хөдлөх гэж байсан олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Д.Э, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Э, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 1 жил хорих, С.Быг 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эыг 1 жил хорих, С.Быг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Эын биечлэн эдлэх ялыг 2 жил хорих, шүүгдэгч С.Бын биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч С.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эоос 27.843.125 төгрөг, С.Баас 27.843.125 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн 117 кг 145 грамм дэрэвгэр жиргэрүү ургамал, 2 кг 955 грамм бугын цусан эвэр, 440 грамм бугын сүүл, 395 грамм бугын чив зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ц.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч Д.Э нь болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж ирсэн бөгөөд гэм буруугийн хувьд ямар нэгэн байдлаар маргаагүй болно. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 166 дугаар яллах дүгнэлтэд Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэхийг завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авч, хадгалсан, тээвэрлэхийг завдсан” гэж тус тус яллаж байсан ба яллагдагч Д.Эыг 26.400.000 төгрөгийн төлбөртэй, С.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байсан. Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хуулийг буруу хэрэглэсэн буюу хадгалсан, худалдан авсан үйлдлүүд нь бүрэн дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж хэргийг прокурорт буцаасан. Хэрэг прокурорт буцаад дахин анхан шатны шүүх рүү шилжүүлэхдээ Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн”, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн” гэж тус тус ялласан ба яллагдагч нарыг бусдад төлөх төлбөргүй гэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан буюу гэмт үйлдэл, эс үйлдэхүй хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг авч үзвэл хохирол, хор учирсныг үл хамаарч үйлдэл хийснээр дуусгавар болдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн нэр томъёо ухагдахууныг тайлбарлахад хуульд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтлана гэж заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13 дахь заалтад “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг” гэж, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялагийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялагийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус заасан. Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл, ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан.

Гэхдээ улсын яллагчийн зүгээс Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн, ховор амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх шинжээр ялласан ба хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн боломжгүй, шууд шалтгаант холбоогүй, яллах дүгнэлтэд “яллагдагч нар нь бусдад төлөх төлбөргүй гэсэн байсан тул анхан шатны шүүх  хуралдааны болтол хохирол төлбөрийг төлөөгүй байсан болно.

Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эоос 27.843.125 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Миний үйлчлүүлэгч Д.Э нь гэм буруу, хэргийн үйл баримтын хувьд маргаангүй, дээр дурдсан үндэслэлээр хохирол төлбөрийг төлөөгүй байсан. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, хохиролд 27.843.125 гаргуулахаар шийдсэн нь ажлын 5 хоногт багтаан уг хохирлыг төлөх ямар нэгэн бэлтгэлгүй байсан болно. Хэдий тийм боловч шүүгдэгчийн зүгээс нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор заасан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан буюу Байгаль орчин уур амьсгалын санд 27.843.125 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар нь тогтоолоор бусдад төлөх төлбөртэй, тэдний тогтмол орлоготой, хувьд ногдох хөрөнгөтэй эсэх нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэж үзэн хорих ял оногдуулсан гэж ойлгож байна.

Д.Э нь улсад 20 гаруй жил ажилласан, тэтгэвэрт гарах болзлоо хангасан тул нийгмийн даатгал төлдөггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаараа холбогдох бүхий л нотлох баримт, дансны хуулга, түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлөлт зэргийг хавсаргаж өгсөн ба биеийн эрүүл мэндийн байдлын хувьд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, хэрэгт шалгагдаж байх үедээ хагалгаанд орж байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь торгох болон хорих ялын санкцитай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Иймд Д.Э нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаангүй, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, биеийн эрүүл мэнд зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хэрэгт холбогдсон жил гаруйн хугацаанд өөрийн хийсэн хэрэг, гэм буруу үйлдэлдээ маш их харамсаж, сэтгэл санааны маш их дарамттайгаар шүүх хурлын шийдвэрийг хүлээж өнөөдрийг хүргэсэн. Би хэрэг хийсэн гэм буруутай үйлдэлдээ амьдралынхаа туршид гэмшиж барахгүй хар сэв суулгаснаа харамсаж байна. Намайг хоригдож байх хугацаанд миний ар гэрийнхэн байгаль орчинд учруулсан хохирол 27.843.125 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, мэс засалд орж бүдүүн гэдсээ тайруулсан, эмчийн хяналтанд байдаг. Одоогоор хорих байгууллагын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Миний хувийн байдал, ар гэрийн байдлыг минь харгалзаж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Торгуулийн мөнгийг заасан хугацаанд нь буюу нэн даруй төлж барагдуулах болно. ...” гэв.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Би анхнаасаа бугын цусан эвэр, сүүл, чив зэргийг хадгалах, тээвэрлэхэд оролцож байна гэдгээ мэдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхны мэдүүлгээс тогтвортой мэдүүлсээр ирсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгдэгч Д.Эоос хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгт “... намайг “Ангара” буудлын хажууд ирэхэд Батбаяр ирчихсэн байсан. Дэрэвгэр жиргэрүү ургамал, бугын эвэр, сүүл, чив зэргийг машинаас гаргаж өгсөн. Тэгээд тэр залууд 60.000 төгрөг өгөөд бугын эвэр, сүүл, чив зэргийг хөргөгчинд хийж авч яваарай гэж хэлж өгсөн ...” гэх мэдүүлгээр миний мэдүүлгийг үгүйсгэж байна гэж дүгнэсэн. Хэрэв гэрч Д.Эын мэдүүлгээр миний үйлдлийг нотлогдсон гэж үзэж байгаа бол яагаад хууль сануулсан гэж үзсэн гэрчийн мэдүүлэг өнөөдөр яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтэй таарахгүй зөрүүтэй байхад түүнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байна. Шүүгдэгч Д.Эын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа учраас аль нь үнэн, аль нь худал болохыг өөр хөндлөнгийн нотлох баримтаар гарцаагүй тогтоогдох ёстой байсан. Гэтэл тийм баримт байхгүй байхад хууль зүйн үндэслэлгүй намайг буруутгаж байгаад харамсаж байна. Д.Э гэж хүн гэрчийн эрх үүрэгтэй энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох ёсгүй этгээд байсан. Хүнийг хууль бусаар эрүүдэн гэрч болгож өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан хууль зөрчсөн үйл ажиллагааг шүүх дэмжиж байгаа нь харамсалтай байна. Гэрч бол шүүх хуралдаанд ч гэрчийн статустай оролцож, хөндлөнгийн байх сууринаас оролцох ёстой. Тиймээс надад бугын чив, сүүл хадгалсан, тээвэрлэсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөрдөгч, прокурор нь ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасны дагуу эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байсан. Миний хувьд нэгэнт мөрдөгч прокурор яллах талыг барьж байгаа бол хохирлыг нөхөн төлөхийг шаардаж үнэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан ял хөнгөрүүлэх боломж байгаа эсэхийг шалгаж тодруулах ёстой байсан. Гэтэл намайг ямар ч хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй гэдэг байдлаар ойлголт төрүүлж энэ талаар яллах дүгнэлтийн хавсралтад маш тодорхой бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэж бичсэн. Үүнээс болж хохирол төлөх боломжгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаарх баримт сэлт байхгүй гэж эрх зүйн байдал минь дордож хорих ял биечлэн эдлэхэд хүрч байна. Мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны золиос болж, шүүх хууль зөрчигч нарыг өөгшүүлж хэт яллах талыг барьж байгаад иргэн хүнийхээ хувьд харамсаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим надад тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх гэм буруугийн үйлдэл, учруулсан хохирлыг зөв тооцоогүй. Энэ тохиолдолд хохирлын хэмжээ нь гэмт хэрэг зүйлчлэхэд чухал ач холбогдолтой болох экологи эдийн засгийн хохирлыг надаар төлүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй. Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно. Энэ хуулийн дагуу хохирол нөхөн төлбөрийг ногдуулж тогтоож тооцсоор ирсэн. Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйл бол зөвхөн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тооцно гэсэн байгаль орчинд бүхэлд нь учирсан хохирлыг тооцох ерөнхий зохицуулалт болохоос Амьтны аймгийн тухай хууль шиг нарийвчилсан зохицуулалт бүхий хууль биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл бол Амьтны аймгийн хууль тогтоомжийн Эрүүгийн хуулийн хамгаалалт бүхий зүйл заалт, Амьтны тухай хуульд амьтныг агнах, барих гэсэн 2 үйлдлээр хохирол учруулах боломжтой. Түүнээс худалдаж авсан, худалдсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдлээр амьтны аймагт хохирол учрах боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдэд тухайн ан амьтныг агнасан барьсантай адилтгаж үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж үзэж нөхөн төлбөр ногдуулж болох талаар маш тодорхой заасан. Гэтэл миний хувьд хадгалсан, тээвэрлэсэн асуудлаар гэм буруутайд тооцогдсон. Тиймээс амьтны аймагт учруулсан гэх 13.200.000 төгрөгийн хохирол нөхөн төлөх этгээд нь би биш юм. Энэ хохирлыг дээрх хуулийн зохицуулалтаар бол гарал үүслийн тодорхойлолтгүй, хууль бус агнасан амьтны эд зүйлийг худалдаж авсан Бату гэж нэрлэгддэг надад тээвэрлүүлэх захиалга өгсөн БНХАУ-ын иргэн нөхөн төлөх ёстой байсан. Түүнийг шалгалгүйгээр бидний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал бүрэн тогтоогдохгүй байтал шүүх илт Бату гэгчийн талд үйлчилж түүнд ял завших шийдвэр гаргасан. Хэрэв цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсан бол Бату гэгч нь хэн болох миний утас руу хэдэн удаа залгасан, юу ярьсан зэрэг нь тогтоогдох байсан. Яагаад түүнийг бүлэглэсэн, захиалагч гэж шалгахгүй байгаа нь сонирхолтой байна. Мөн Н.Д.Э нь ховор ургамлыг худалдан авсан гэдгээ хэлсээр байхад зөвхөн хадгалсан, тээвэрлэсэн гэж үзээд байна. Ховор ургамлыг цуглуулж түүсэн худалдсан, худалдан авч эргэлтэнд оруулж ашиг олоод байгаа хүмүүс хохирлыг барагдуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвийг ялгаж салгаж өгнө үү.

Түүнчлэн би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг төлж барагдуулсан. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Л.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Э нь гэм буруугийн талаар маргадаггүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Энэ талаар давж заалдах гомдолдоо тодорхой тусгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Д.Э нь хэрэгт шалгагдаж эхэлснээс дуусах хүртэл нэг байр суурьтай. Үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төдийлөн хүндрэл учруулаагүй. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн хэмжэээгээр нөхөн төлсөн. Шүүгдэгчид торгуулийн ялыг сонгож хэрэглэхэд тухайн этгээд нь торгуулийн ялыг хэрэгжүүлэх, биелүүлэх боломжтой эсэх нь чухал. Энэ талаархи холбогдох баримтууд анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө гаргаж өгсөн. Д.Э нь ходоодны архаг үрэвсэлийн сэдрэл үе, мөн В хэлбэрийн нойр булчирхайн архаг үрэвсэлтэй. Цагдан хорих 409 дүгээр ангид шилжин хоригдсоноос хойш өвчин нь дахин сэдэрч, цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой шүүхийн шийдвэрт бага хэмжээний өөрчлөлт оруулах хүсэлттэй байгаа. Учир нь Амьтны аймгийн тухай хуулийн 37.3 дугаар зүйлд Энэ хуулийн 25.3 дугаар зүйлд заасан тодорхойлт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан гэх дөрвөн үйлдлийг үйлдсэн тохиолдолд төлбөр ноогдуулна гэж заасан. Анхан шатны шүүхээс Д.Эыг ховор ан амьтныг хадгалсан, тээвэрлэсэн гэж буруутгасан. Нөхөн төлбөр гаргуулах талаарх хуулийн зохицуулалт буюу Амьтны тухай хуулийн 37.3 дугаар зүйлд хадгалсан тээвэрлэсэн гэх зүйлд  нөхөн төлбөр төлөх зохицуулалт байхгүй учир шийтгэх тогтоолыг хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах саналтай. Шүүгдэгч Д.Эоос 27.834.125 төгрөг гаргуулж гэснийг 14.643.125 төгрөг гаргуулж гэж өөрчлөлт оруулж, мөн ял шийтгэлийн хөнгөн төрөл болох торгох ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ч.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Б нь хууль бус 42 уут эд зүйлийг хадгалж, тээвэрлэсэн үйлдэлдээ маргадаггүй. Харин тухайн уутанд хууль бус зүйл байсныг мэдээгүй. Шүүгдэгч С.Б нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. С.Б нь хохирол төлбөр төлөх гэсэн боловч прокурор хохирол төлбөргүй гэх агуулгаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор орсон прокурор нь хохирол төлбөр төлөх үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон учир хохирол, төлбөр төлөх үндэслэлтэй үзсэн. Хохирол, төлбөр төлөх асуудлаар мөрдөн байцаалтын шатанд шалгасан баримт хавтас хэрэгт байхгүй байсан учир төлөөгүй байсан. Харин С.Б болон түүний ар гэрийн зүгээс 27.841.125 төгрөгийг уур амьсгалын санд төлсөн. С.Б нь өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа тохиолдын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, 27 жил төмөр замд ажилласан. Гэмт хэрэгт холбогдсон гэж байгууллагаас ажлаас халсан боловч түүнийг буцааж ажилд нь авсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг торгох ялд оруулан тооцох боломжтой. Шүүгдэгч С.Б нь нийт 69 цагдан хоригдсон. Уг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зөв тогтоож өгөөгүй. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-2-т зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч нь Д.Э нь 2012 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд заасан ан агнуурын хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг бичлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. Д.Эын үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэх зохицуулалт байгаа. Шүүхээс Д.Эод хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Д.Э болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдаснаар хорих ялыг торгуулийн ялаар өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй. С.Б нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байгаль орчин, экологи эдийн засагт учруулсан хохирол төлбөрийг төлсөн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тухайн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзахаар заасан. С.Б гэмт хэрэг үйлдэх үедээ Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суудлын вагон депод урсгал цехийн дезиль механик ажилтай байсан. Тухайн үед албан үүргээ ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн. Иймд С.Бт шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Уг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь яллах дүгнэлтийн хавсралтад бусдад төлөх төлбөргүй талаар дурдсан хэдий ч уг хэрэгт томилолтоор оролцсон прокурор зохих хууль дүрмийн дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж улсын яллагчын саналыг тавьсан. Шүүх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хохирогчоор тогтоогдсон О мөрдөн байцаалтын шатанд экологи эдийн засаг, байгаль орчинд учирсан хохирлыг ямар хуулиар хэрхэн тооцож, нөхөн төлбөр оногдуулах талаар мэдүүлсэн. Холбогдох хууль тогтоомжийг хэрэгт хавсаргасан тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан Д.Э, С.Б тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Э, С.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Д.Э нь 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 гр, сүүл 440 гр, чив 395 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан,

Ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 9 дүгээр сард худалдан авч, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хадгалсан,

С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 гр, сүүл 440 гр, чив 395 грамм, ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” 117 кг 145 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан,

Д.Э, С.Б нар нь бүлэглэн дээрх түүхий эдийн зүйл болон ургамлыг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж, тээвэрлэсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Д.Э, С.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О /1хх-76-79/, гэрч Д.И /1хх-112-116/, Н.Ж /1хх-135/, Ц.Г /1хх-131/, шинжээч Г.Ц /1хх-156/, Д.Эын яллагдагчаар өгсөн /2хх-42-47/, С.Бын яллагдагчаар өгсөн /2хх-53-54/ мэдүүлгүүд, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-143/, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-152/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16-47/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-48/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-49-66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Д.Э, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.   

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Э, С.Б нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг, ховор амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.А нар нь “... хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч С.Б нь “... энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Д.Э, С.Б нарт холбогдох хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлсийг бүрэн гүйцэд шалгаж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн талаар бодитой дүгнэлт хийсэн байх тул хэргийг дахин шалгах шаардлагагүй гэж үзлээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ан агнах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжид хадгалсан, тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинжийг хамааруулж тодорхойлсон тул Д.Э, С.Б нарын үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн, ховор амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Улмаар шүүхээс Д.Э, С.Б нарт тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хорих ялыг оногдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг зөв баримталсан, Д.Э, С.Б нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон нь хуульд нийцжээ.

Иймд  шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Д.Э, С.Б нарын экологи-эдийн засагт учруулсан 55.686.250 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлүүлэх талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон хууль ёсны төлөөлөгч Г.Оюунгэрэл нь дээрх түүхий эдүүдийн экологи-эдийн засгийн үнэлгээг хуульд нийцүүлэн, зохих аргачлалын дагуу хийж, хохирлын нийт тооцоог гаргасан тул шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.  

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, С.Б нараас хохиролд тус бүр 27.843.125 төгрөг гаргуулахаар заасан ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад Д.Э, С.Б нар нь хохирлыг бүрэн барагдуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.А, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.А, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Эоос энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 27.843.125 төгрөг, С.Баас 27.843.125 төгрөг тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН