Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0516

 

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0516

Улаанбаатар хот

 

 

 

“У***” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э***,

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б***ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “У***” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “У***” ХХК,

Хариуцагч: Сангийн сайд,

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б***,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0399 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У***

Хэргийн индекс: 128/2024/0020/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “У***” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*** нарт холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б***ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “У***” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0399 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 52дүгээр зүйлийн 521.2.1, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтыг баримтлан “У***” ХХК-ийн Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “У***” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна,

3.2 Хуульд заасан хугацаанд хяналт шалгалтын ажлыг эхлүүлээгүй буюу тухайн үйл явдал болсноос 11 сарын дараа удирдамж гарган, хяналт шалгалт явуулсан нь хууль бус, компанийн эрх ашгийг хохироосон, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан,

3.3 Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.5-д заасныг баримтлан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 19.9.4, 10.9.8, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 4.2.2-т заасныг хэрэгжүүлэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуй нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах боломжтой байсан,

3.4 Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2.4-т заасан хугацааг зөрчсөн, дээрх байдлаар захиргаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу,

3.5 Тендерийн баримтаар хүргүүлсэн тус компанийн нэр бүхий ажилчдын мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн нөхцөл байдал нь манай компанид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, тухайн ажилтны үнэмлэхийг бид шалгах боломжгүй.

            Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

   4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч талын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаав.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “У***” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*** нарт холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б***ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “У***” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  хэргийг шүүгч Д.Халиунад хуваарилсны дагуу шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаар тогтоолоор хэргийг шүүгч А.Ганзоригт шилжүүлж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 235 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр шүүгч А.Ганзориг томилогдсоныг албажуулсан.

Улмаар хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 585 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Н.Дуламсүрэнд, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 650 дугаар тогтоолоор шүүгч А.Ганзоригт, мөн өдрийн 619 дүгээр тогтоолоор шүүгч Д.Халиунад тус тус буцаан шилжүүлсэн бөгөөд хуульд заасны журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж, шийдвэргүйгээр шүүгч Д.Халиуна хэргийг шийдвэрлэсэн байна.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хэргийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүгч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0399 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

     ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА