| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2021/0225/З |
| Дугаар | 128/ШШ2021/0538 |
| Огноо | 2021-08-18 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нарыг оролцуулан Г.Б-ийн нэхэмжлэлтэй, ЧДЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Г.Б.
Хариуцагч: ЧДЗД
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоотоор ирүүлсэн суулт хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хууль, хяналтын байгууллага, тэр дундаа нэр бүхий прокуроруудын хууль бус үйлдэл, үйл ажиллагааны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу суулт хийх талаар ЧДЗД Н.Б-д хандан энэ талаарх мэдэгдлээ 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бичгээр өгсөн. Гэтэл хариуцагчаас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2037 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоотоор нэхэмжлэгч миний суулт хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан талаар дурдаж ирүүлсэн байх бөгөөд үүнийхээ үндэслэлийг Монгол улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан тул таны мэдэгдлийг бүртгэн авах боломжгүй байна гэж тайлбарлаад бүртгэж авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Гэтэл иргэний жагсаал, цуглаан хийх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, жагсаал, цуглаан хийхтэй холбоотой харилцааг тусгайлан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нарийвчлан тогтоож өгсөн байна. Өөрөөр хэлбэл, жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлах асуудал нь өөрөө зөвхөн хуулиар тодорхой нөхцөл, хүрээнд үндэслэл бүхий байдлаар урьдчилан тогтоох замаар хязгаарлаж болох боловч хуулиас гадуур байдлаар эрхийг минь үндэслэлгүйгээр хязгаарлах нь хуульд нийцэхгүй юм. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ гээд шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоогдсон буюу татан буугдсан эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол, энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэж тодорхой нөхцөлүүдийг зааж өгсөн бөгөөд хариуцагчийн бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эдгээр үндэслэлд хамаарахгүй байна. Тиймээс ч хариуцагч эдгээр үндэслэлүүдээс алийг нь ч дурдаагүй байна. Түүнчлэн Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар тушаалаар жагсаал цуглаан хийхийг хүлээн зөвшөөрч гагцхүү халдвар хамгааллын дэглэм барих талаар тодорхойлон зохицуулсан байна. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан нь иргэний Үндсэн Хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар баталгаатай эдлэхээр зохицуулсан эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэл гаргаж буй энэ өдөр ч Засгийн Газрын ордны гадаа болон бусад газар Монгол Улсын иргэд энэ эрхээ хэрэгжүүлж байгааг мэдсээр байж бүртгэхээс татгалзаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй болохыг тодорхой нотлон харуулж байна. Мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар тухайн дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр тодорхой хуульчлан тогтоосон байхад хуульд нийцэхгүй байдлаар Чингэлтэй дүүргийн засаг дарга биш этгээд буюу Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.А гэх албан тушаалтан дүүргийн засаг даргын өмнөөс уг үндэслэлгүй хариуг ирүүлсэн байна. Дээрх байдлаар үндэслэлгүй хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн суулт хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Хариуцагчийн тайлбар зэргээс харахад нэхэмжлэгчийн гаргасан мэдэгдлийг татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй учраас хүчингүй болгуулах тодорхой болж байна. Жагсаал, цуглаан хийх тухай хуулийн 9.2-т Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана гэж заасан. Мэдэгдлийг гаргахдаа 9.2 дахь нөхцөл байдлыг бүгдийн тоочиж дурдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асуухад Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9.2-т заасан тусгах ёстой агуулгыг мэдэгдэлдээ бүрэн дүүрэн тусгасан байсан үүнтэй маргахгүй гэж байна. Үүнийг онцгойлон дүгнэх шаардлагатай гэж үзэж байна. Жагсаал, цуглаан хийх тухай 9.2-т агуулгыг бүрэн дүүрэн тусгасан бол нэгдүгээрт мэдэгдэлд тусгах ёстой нөхцөл байдлаас шалтгаалж 9.2-т заагаагүй халдвар хамгааллын дэглэм барих ёстой хуульд тусгагдаагүй журмын 14 дүгээр хавсралтаар жагсаал цуглаан хийх журмын талаар барих асуудлын талаар зохицуулсныг хуулийн 9.2-т тусгасан юм шиг ярьж байна. Тэгээд түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй шийдвэр болох нь хангалттай тогтоогдож байна.
Хариуцагч болохоор хууль дээдлэх зарчмын баримтлах ёстой болохоос биш 9.2-т заасныг баримтална гэсэн. Маргаан үүсч байгаа нөхцөл байдлын үед 9.2-т нэмэлт өөрчлөлт ороод гамшгийн үед жагсаал цуглаан хийхдээ халдвар хамгааллын тусгайлсан баримтлах нөхцөлийг заасан бол тэдгээрийг нөхцөлүүдийг мэдэгдэлд тусгана гэж нэмэлт өөрчлөлт орсон байгаа бол үнэхээр хариуцагчийн зөв юм. Үүгээр татгалзах тодорхой юм. Өнөөдрийн хувьд 9.2 дах заалт огт байхгүй. Жагсаал цуглаан хийх эрхээ эдлэхдээ журмын дагуу халдвар барих талаар шаардах эрх нь байна. Гэхдээ нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа учир халдвар халдаахгүй тулд дэглэмээ барина. Нэхэмжлэгч болохоор хоёр иргэний хүрээнд суулт хийхээ мэдэгдсэн. Үүнийг хариуцагч гуйвуулж тайлбарлаж байна. Улмаар шаардлага хангаагүй мэтээр тайлбарлаж байна. Энэ хоёр дээр баахан хүмүүс цугладаг гэж байна. Ерөөсөө цуглуулсан зүйл байхгүй. Тийм учраас энэ нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Хуулийн 10.1-д Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион гэж заасан. Дор дурдсан гэдэг нь гурван тусгайлсан нөхцөлийг заагаад тус нөхцөл байх юм бол хариуцагч мэдэгдлийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно. Маш чухал ач холбогдол бүхий хуулийн зохицуулалт байж байна. Хариуцагчаас мэдэгдэл өгөхөөр элдэв янзын байдлаар иргэнд саад учруулдаг учраас татгалзах 3 зохицуулалтыг онцгойлон хуульд тусгаж өгсөн. 10.1, 10.1.1, 10.1.2, 10.1.3-д заасан нөхцөл байдал байсан уу? гэхэд би тухайн үед ажилгүй байсан манай мэргэжилтнүүд шалгасан гэсэн. Хариу тайлбар зэргээр 10.1.1, 10.1.2, 10.1.3 дах заалтуудыг огт ярихгүй байна. Энэ нөхцөл байдал байхгүй талаар хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдлын тухайд чадамжгүй этгээд биш юм. Улмаар татгалзах шийдвэр гаргах үндэслэл байхгүй байна. Үндсэн хуулийн 2 дах заалтыг ярих ёстой. Хүчин чадлын хувьд дээд хүчин чадалтай юм. 19.2-т онц болон дайны нөхцөлийг заасан. Энэ хоёр тохиолдлыг заахгүйгээр хуулиар хүний эрхийг хязгаарлаж болдог гэж хамаагүй ярьж болохгүй. Өнөөдөр онц болон дайны байдал Монгол Улсад үүсээгүй байна. Гэтэл 19.2 дах заалт бодит байдалд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн 16.6-д эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэж заасан. Жагсаал цуглаан хийх журмын тухай харилцааг тусгайлан хуулиар зохицуулна гэж Үндсэн хуульд заасан. Журмын тухай хууль хэрэгжээд өнөөдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөөд явж байна. Эрхээ эдэлж байгаа тохиолдолд ямар журмаар явах талаар тусгайлсан зохицуулсан хууль байдаг. Энэ хуулиа л барих ёстой. Тэрнээс биш ковидын тухай хууль болоод Гамшгийн тухай хуулийн дэглэмийг иргэн барих ёстой ерөнхий заалтыг барьж байгаа нь үндэслэлгүй юм. н.А-д олгосон эрхийн талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй. Энэ бол хууль бус юм. Бүртгэхээс татгалзсан үндэслэл хууль бус учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор Корононавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам-аар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхэд хязгаарлалт тогтоосон.Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах гэж заасны дагуу Улсын онцгой комиссын дарга 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тур журам-ыг баталсан. Уг журмын хавсралтын 14-т Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага-ыг тогтоосон. Нэхэмжлэгч нь Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангаагүй байсан тул бүртгээгүй болно. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй.
... Үндсэн хуулийн 19.2-т Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно, мөн хуулийн 11-д шийдвэр гаргахдаа хязгаарлах зүйлийг маш тодорхой дурдаж өгсөн. Жагсаал цуглаан хийгээд зүгээр нэг суухгүй. 2021 оны 11 дүгээр сарын 10-аас хойш нөхцөл байдал өөр болсон. Хуучин байдаг энгийн журам биш юм. Хуульд тодорхой заагаад өгсөн. Холбогдох хуулийн дагуу мөрдөөд ажиллах ёстой. Бүртгэхээс татгалзсан байхад иргэн Г.Б очиж суусан. Тэгэхэд нөхцөл байдлын тухайд нөгөө дэглэм байхгүй болсон. Энэ бол бүхэл бүтэн нийгмийн асуудал юм. Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д хууль тогтоомж, нийгмийн хэв журмыг чанд сахин биелүүлж, аливаа хэлбэрээр хүч хэрэглэхгүй байх, зохион байгуулагчийн зүй ёсны шаардлагыг ёсчлон биелүүлэх ёстой гэж заасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын тухайд Засгийн газраас иргэний эрхийг хязгаарлах тухай эрх өгсөн. Улмаар жагсаал цуглаан хийх тухай асуудлыг хязгаарласан байдаг. Хязгаарлах гэдэг нь тодорхой нөхцөл шаардлагыг хангах юм бол эрхэлж болно гэж заасан. Хоолны газрууд нь шаардлагуудыг хангаж ажилладаг. Улмаар хариуцлагын гэрээ хүртэл хийдэг. Иргэдийг цуглуулсан мөртлөө шаардлагыг хангаагүй байна. Шаардлага хангах тухай асуудлыг л бид тавьсан. Шаардлага хангах юм бол эрх нь нээлттэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Г.Б-оос ЧДЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Г.Б-оос 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, Улсын ерөнхий Прокурорын газрын хашааны гадна талд суулт зохион байгуулах тухай мэдэгдлийг дүүргийн Засаг даргад 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байна[1].
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан тул мэдэгдлийг бүртгэн авах боломжгүй гэсэн хариуг өгчээ[2].
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нь маргаан бүхий актаар Монгол Улсын иргэнд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлүүлэхээр олгосон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан тул хууль бус гэх агуулгаар маргасан.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тогтоосон журмын дагуу жагсаал цуглаан хийхэд хязгаарлалт тогтоосон бөгөөд маргаан бүхий актаар жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлаагүй, харин уг хугацааг өнгөртөл жагсаал цуглаан хийх боломжгүй мэдэгдсэн гэх агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 16-д зааснаар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй байх нь иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх чөлөө байна.
Мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт жагсаал цуглаан хийхийг хориглосон газруудыг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглосон зохицуулалтыг тус тус нэрлэн заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд иргэний тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө нь хуулиар хориглосон газраас өөр газарт, мөн хуулиар хориглосноос бусад зорилгоор хязгаарлагдах боломжгүй байна.
Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргаж Г.Б-ийн суулт зохион байгуулах тухай мэдэгдлийг бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэн нь нэхэмжлэгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар олгогдсон Жагсаал, цуглааныг ... зохион байгуулах эрх-ийг хязгаарласан хууль бус шийдвэр болжээ. Учир нь:
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлэх гэж заасан нь процессын хувьд жагсаал цуглааныг бүртгүүлэх үүргийг зохион байгуулагчид ногдуулж буй агуулгатай байх боловч нөгөө талаас, хуулиар хориглоогүй жагсаал цуглааныг бүртгэж авах үүргийг Засаг даргад ногдуулсан агуулгатай байхад хариуцагч нь Г.Б-оос ирүүлсэн суулт хийх тухай мэдэгдлийг хуульд заагаагүй буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзах эрхгүй, маргаан бүхий актаар ингэж татгалзсан нь хариуцагч захиргааны байгууллагын хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх хязгаарлалтын арга хэмжээнд тайван жагсаал, цуглаан зохион байгуулах арга хэмжээ хамаарахгүй байх тул хариуцагчаас Г.Б-ийн зохион байгуулах жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байжээ.
Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана: гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах шийдвэр гарах эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд хамааралтай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдол байж болохыг зөвшөөрсөн гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
Дээрхээс үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан нь Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөөг хязгаарлах эрхийг хариуцагч захиргааны байгууллагад олгосон шийдвэр биш байхад маргаан бүхий актыг энэ үндэслэлээр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талын хариуцагч нь маргаан бүхий актаар Монгол Улсын иргэнд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлүүлэхээр олгосон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан тул хууль бус гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдэгдлийг бүртгэхээс татгалзаагүй бөгөөд журмын шаардлагыг хангахыг мэдэгдсэн агуулгатай тул маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хувьд үр дагавар үүсгээгүй хэмээн тайлбарлан маргах боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан тул мэдэгдлийг бүртгэн авах боломжгүй гэсэн нь үгийн шууд утгаасаа үл хамааран нэхэмжлэгчийн хувьд жагсаал, цуглааныг зохион байгуулах боломжгүйд хүргэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Мөн Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар батлагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам-ын хавсралтын 14-т заасан Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага нь жагсаал цуглаан зохион байгулагдаж байх үед тавигдах, мөрдөгдвөл зохих шаардлага болохоос бус жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзах үндэслэл биш байна.
Иймд нэхэмжлэгч Г.Б-оос Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоотоор ирүүлсэн суулт хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ЧДЗД-н 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2/1037 дугаартай суулт хийх мэдэгдлийг бүртгэн авах боломжгүй тухай шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ