Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                                С.Баянжаргал

Улсын яллагч                                              Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ч.Эрдэнэгэрэл

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч          Ц.Цэвэлмаа

Хохирогчийн өмгөөлөгч                              Х.Сэргэлэнбат

Иргэдийн төлөөлөгч                                    Ш.Наранцэцэг

Шинжээч эмч                                               Р.Ган-Эрдэнэ

Шүүгдэгч                                                            Б.Мөнхбат нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Их тамир овогт Баасандашийн Мөнхбатад холбогдох 201618020087 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг Угтаал цайдам суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Нурамт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд авсан ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Их тамир овогт Баасандашийн Мөнхбат/РД:НТ79100816/ 

 

Яллах дүгнэлт дурдсанаар:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвегэр, Сэвсүүлийн 2-А тоотод 2016 оны 04 дугээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шилжих шөнө Ц.Амартүвшин, Б.Ариунсанаа, Л.Жавзандулам, Б.Мөнхтуяа, Б.Гансүх нартай согтууруулах ундааны зуйл хэрэглэж, Б.Гансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодолдож, Б.Гансүхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө нурамтаас эхнэр, хүргэн Ц.Амартүвшиний хамт орж ирсэн. Тэгээд Сэвсүүлийн гудамжинд очоод хоол хийлгүүлж идээд тэндээ нэг шил архи дөрвүүлээ уусан. Орой 11 цагийн үед манай эхнэрийн найз нар утасдаад Старекс бааранд байна. хүрээд ир гэж хэлсэн. Бид 4 такси бариад Старекс баранд очиход  манайх хааж байна, архи дарс зарахгүй гээд бид хэд тэндээ жаахан бүжиглээд талийгаачийн машинд суугаад Буян жигийн гадаа ирж нэг шил архи аван Үтрэмийн гудамжинд очоод машинд архиа уугаад Рашаантын 18 дээр очин нэг шил сархад аваад Ц.Амартүвшингийнд очиж уусан. Тэгж байтал талийгаач харьж ээжийгээ асрахгүй бол болохгүй. Хэвтэрт байгаа гэсэн. Б.Ариунсанаа машиных нь түлхүүрийг нь аваад согтуу машинаа барьж болохгүй гэсэн. Тэгээд талийгаач Б.Ариунсанаатай маргаад байхаар нь би эмэгтэй хүн чамд үг хэлж байна. Чи жаахан архиа гаргачихаад яв гэсэн. Тэгтэл талийгаач түлхүүрээ орхиод гараад явахаар нь би явчих байх гээд хориглох гээд араас нь гарсан. Чи амарчихаад яв, согтуу байна гэхэд юу гэж ойлгосон юм хоёулаа барьцалдаж аваад цохилцсон. Тэгээд би боогдоод унасан. Боогдож унаад яаж цохисон, яаж гэмтэл учруулсанаа сайн санахгүй байна. Би мэдүүлгэн дээрээ чулуугаар цохисон гэж мэдүүлсэн. Миний дээр талийгаач гарчихсан байхад Б.Ариунсанаа бид хоёрыг салгаад талийгаачийг хаалгаар гаргасан. Тэгээд талийгаач буцаж ирээд надтай дахин барьцалдсан. Тэр үед манай дүү дахин салгаад би гэрлүүгээ орсон. Цамцаа өмсчихөөд гарч шээгээд зогсож байтал манай дүү болохоо байсан байна гэсэн. Тэгээд сандраад эмнэлэг рүү явсан. Тэгсэн өнгөрсөн байна гээд цагдаагийн машин ирж бид хэдийг аваад явсан гэв.Энэ хэрэг бид хоёрын үл ойлголцсоноос л болсон.Надаас л болж энэ хэрэг гарч, гэмтэл үүссэн, өөр хүнтэй талийгаач барьцалдаагүй. Миний буруугаас л болсон гэв.Миний анхны мэдүүлэг үнэн зөв юмаа.Талийгаачийн оршуулгын зардалд 6.100.000 төгрөг төлсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Ял шийтгэл хүлээхэд бэлэн байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаа мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай нөхөр ээжийг харах хүнгүй болчихлоо гээд утсаар ярьсан. 12-ны өглөө эгч надад өнгөрсөн гэж залгасан. Энэ хүмүүст би бүгдэд нь гомдолтой байна. Ах дүү, авгай нөхрөөрөө нийлж миний нөхрийг алсан. Бие биенээ танихгүй тэр өдөр танилцсан гэж худлаа хэлж байна. Ц.Амартүвшинг миний нөхөр өмнө нь таньдаг байсан. Гэр нь 200 метр хүрэхгүй зайд амьдардаг хүмүүс бие биенээ танихгүй байх уу. 9907-той дугаараас надруу залгасан. Оршуулгын зардлыг бүрэн даагаад гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөч гэсэн. Өнөөдөр та нар миний нөхрийг алчихаад хүн чанар байна уу. Б.Ариунсанаа ямар зорилгоор явах гэж байгаа хүнийг явуулаагүй вэ. Миний нөхрийг алаагүй бол би өнөөдөр оршуулгын зардал та нараас нэхэх үү. Өнөөдөр хүү маань цас орохоор аав ирнэ гээд хүлээж байгаа. Та нар яагаад Ц.Амартүвшинг өмгөөлөөд байгаа юм бэ. Би маш гомдолтой байна. Та нар адуу малаа хайрладаг юм билээ. Миний хань ижлийг адуу малнаасаа дорд үзсэн. Одоо болохоор би юу ч мэдэхгүй, яаж цохисноо мэдэхгүй гэх юм. Ямар зорилгоор явах гэж байгаа хүний араас гарч ирсэн юм бэ. Би бүгдэд нь гомдолтой. Би маш их гомдож байна. Хиймэл шүдээ миний хань ерөөсөө авдаггүй байсан. Гэтэл хэргийн газрын үзлэг дээрээс хиймэл шүд нь олдоогүй. Би бүгдэд нь гомдолтой байна. Миний үр хүүхэд зовж байхад энэ хүмүүс өнөөдөр дулаан хөнжилд хань ижилтэйгээ байгаа ш дээ. Би бүгдэнд нь гомдолтой байна. Ц.Амартүвшин, Б.Ариунсанаа эд нар бүгд нийлж миний нөхрийг алсан. Би маш их гомдолтой байна гэв.Оршуулгын зардалд 6.100.000 төгрөг өгсөн.Үлдэгдэл 5.500.000 төгрөгийг бэлнээр гаргуулж авмаар байна.Тэжээгчээ алдсаны тэтгэмж 140000 төгрөгөөр тогтоогдсон.Миний хань маш их хөдөлмөрч уурхайд ажилладаг байсан.Зав чөлөөгөөр таксинд ч явж гэр бүлээ тэжээдэг байсан.Ялын тал дээр улсын яллагчийн өгсөн ял бага санагдаж байна.Санаатай алсан гэж үзэж байна.Хүн хайрлаагүй хүнийг хүн яаж хайрлах юм.Би 30 настайдаа 2 хялх хүүхэдтэй үлдэж байна.Надад ял бага санагдаж байна.Энэ хүн гарч ирээд намайг харна гэдэг ямар ч боломж байхгүй.Маш их гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ:

 Хохирогчийн баруун, зүүн чамархай, духанд цус хурсан байгаа. Цохилтын хүч нь зүүн талдаа байгаад зөөлөн болон цусан хуралт нь 2 талдаа үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүүн талд цохигдсоноос баруун талд цус хуралт үүсэх боломжтой юм. Духны хэсгийн гэмтэл бол унаж ойчих зэргээс үүсэх боломжтой. Зулгаралтын цаана заавал цус хуралт байна гэсэн ойлголт байхгүй. Энэ гэмтэл маань өөрөө хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Энэ нь өмгөөлөгчийн хэлж буйгаар гарт багтах чулуугаар үүсэх боломжтой юм. Түүнээс гурван чулуугаар 3 удаа цохьсон асуудал биш юм. Хохирогчийн хувьд цохилт аваад гэмтэл үүсээд тодорхой хугацаанд амьсгал зүрх судас дарангуйлан нөлөөлөх хүртэл амьд явах боломжтой юм. Өөрөөр хэлбэл шууд газар дээрээ амьсгал хураахгүйгээр 4-5 минут явах боломжтой гэсэн үг. Талийгаачийн биеийн жинг тодорхойлох боломжгүй. Согтолттой холбоотой асуудлыг дүгнэлт гаргасан шинжээч нь тайлбар өгөх байх. Шүүгдэгчийн хувьд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь харилцан зодолдох, ноцолдох үед боох барьцалдах, хувцсанд үрэгдэх зэргээс хүзүүний улайлт, зулгаралт үүснэ гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаа мэдүүлэхдээ: Талийгаач надтай хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой 18 цаг 30 минутын үед утсаар ярьсан.Тэрнээс хойш утсаар яриагүй. Тэгтэл 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед талийгаачийн эгч Цээхорлоо нь надруу утсаар яриад манай нөхрийг нас барсан талаар надад мэдэгдсэн...Талийгаач 2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой надтай утсаар ярихдаа “ээжийг харах хүн ирчихвэл удахгүй харина” гэж байсан. Тэгэхээс яг хэзээ ирэхээ бол хэлээгүй...Би маш их гомдолтой, хань ижлээ шороонд булуулаад хоёр хүүхдээ багаас нь өнчрүүлсэнд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Жавзандулам мэдүүлэхдээ: “...Бид 6 нөгөө танихгүй залуугийн /хохирогч Б.Гансүх/ машинд суугаад Б.Ариунсанаагийн гэрт очихоор явж байхад Б.Ариунсанаа бид хоёр “Буян-Ж” баарнаас орж архи аваад хорих ангиас нэлээн баруун тийшээ яваад Б.Ариунсанаагийн гэрийн гудамжинд орж нэг шил архиа хувааж уугаад  тэндээсээ яваад “Рашаантын-18” гэх нэртэй дэлгүүрээс Б.Ариунсанаа, Б.Мөнхтуяа хоёр орж архи аваад Ц.Амартүвшингийнд очсон. Би очоод удалгүй унтаад өгсөн” гэх ’.‘эдүүлэг/хх-ийн 69-73-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мөнхтуяа мэдүүлэхдээ: “...Дэлгүүрээс авсан архиа манай гэрт Б.Мөнхбат, Б.Ариунсанаа, Ц.Амартүвшин, талийгаач залуу бид хэд уугаад сууж байхад “талийгаач явахгүй бол болохгүй” гээд байхад нь Б.Ариунсанаагаас машиныхаа түлхүүрийг нэхээд байсан. Б.Ариунсанаа “цуг явъя” гээд түлхүүрийг нь өгөхгүй байсан. Тэгээд бид нар архиа уугаад сууж байтал талийгаач залуу манай ах Б.Мөнхбат хальт ам мурийгаад сууж байсан сандал дээрээс өөд өөдөөсөө босож ирээд барилцаж аваагүй өөрсдөө суучихсан. Тэгээд нөгөө талийгаач залуу “явлаа” гээд манай гэрээс гараад явсан. Яг араас нь Б.Мөнхбат ах дагаад гарсан. Үүнээс хойш манай нөхөр Ц.Амартүвшин миний бодлоор 1-2 минутын дараа араас нь гарсан, ингээд Б.Ариунсанаа бид хоёр гэрт үлдээд 2-3 минутын дараа гэрээс гарахад талийгаач залуутай Б.Мөнхбат ах барилцаад заамдалцаад зогсож байхаар нь Б.Ариунсанаа бид хоёр очоод “боль боль” гээд салгаад би бие засах гээд малынхаа хашааны тийшээ явж байхад талийгаач манай хаалгаар гараад явж байгаа харагдсан. Би шээж дуусаад хашааны хаалгаа хаах гээд хаалган дээрээ очтол талийгаач залуугийн машин ирсэн газраа зогсож байхаар нь би хаалгаар шагайгаад харахад машиныхаа хойд талд газар зүүн гараа биеэрээ дараад хажуу талаараа хэвтэж байхаар нь би очоод хүүе яасан бэ босоорой гэсэн чинь ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь би хашаан дотор байсан хүмүүс рүү хүүе ээ нөгөө хүн чинь уначихсан хөдлөхгүй байна ш дээ гэсэн. Тэгээд Б.Ариунсанаа, Б.Мөнхбат, Ц.Амартүвшин нар гарч ирээд эмнэлэг авч явах хэрэгтэй байна гээд Ц.Амартүвшин машиныг нь онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь Б.Ариунсанаа “цонхыг нь хага цохиод онгойлго” гэсэн чинь Ц.Амартүвшин цонхыг нь цохиод хаалгыг нь онгойлгосон. Тэгээд эмнэлэг дээр очоод эмч нар үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн...Талийгаач залуутай Б.Мөнхбат ах энгэрээсээ заамдалцаад барилцаад зогсож байхыг Б.Ариунсанаа бид хоёр хараад боль гэж хэлээд салгасан” гэх мэдүүлэг

/хх-ийн 73-74-р хуудас/

 

  1. Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Амартүвшин мэдүүлэхдээ: “...Талийгаач залуу манайд байж байгаад “одоо явахгүй бол болохгүй ээж ганцаараа байгаа ээжийгээ сахиж байгаа” гэсэн чинь Б.Ариунсанаа “согтуу машин барьж болохгүй” гээд машиных нь түлхүүрийг авчихсан чинь талийгаач залуу явна гээд гэрээс гараад явсан, яг араас нь Б.Мөнхбат ах гарахаар нь би 2-3 минутын дараа гэрээс гарсан чинь талийгаач залуутай Б.Мөнхбат ноцолдчихсон талийгаач дээр нь гарчихсан Б.Мөнхбатыг боочихсон байхаар нь Б.Ариунсанаа бид хоёр салгаад яаж байгаа юм бэ больцгоо гээд талийгаач залууг татаад Б.Мөнхбатын дээрээс босгоод Б.Ариунсанаа бид хоёр гэрлүүгээ орсон...Б.Мөнхбат бид хоёр хашааныхаа буланд шээгээд зогсож байхад Б.Мөнхтуяа “хашааны хаалга онгорхой байна” гээд хашааны хаалга хаах гээд очсон. Тэгснээ “хөөе нөгөө залуу чинь энд уначихсан байна ш дээ” гээд хашгирахаар нь Б.Ариунсанаа, Б.Мөнхбат бид гурав гүйгээд очиход талийгаач залуу машиныхаа баруун хойд талд хажуу талаараа ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь бид нар эмнэлэгт хүргэж өгье гээд машиныг нь онгойлгох гээд түлхүүр нь хаана гэсэн чинь Б.Ариунсанаа май гээд өгсөн. Тэгээд би түлхүүрээр нь онгойлгох гэсэн чинь онгойхгүй байхаар нь цонхыг нь хагалаад онгойлго гэхээр нь би жижиг цонхыг нь хагалаад гараа дотор нь хийгээд машиныг нь онгойлгоод талийгаачийг арын суудал дээр өргөж тавиад Б.Ариунсанаа машин бариад эмнэлэг дээр очиход талийгаачийг нас барсан байна гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд шинжээч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Талийгаачийн тархины зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, цус харвалт, толгойн хуухины гадаргуу цус хуралт, дух зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, гарын алганы ар хэсэг, баруун хөлний өвдөгний үений доод хэсэг, зүүн хөлний өвдгөнд зулгаралт бүхий зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл дор 15x10 см, духны хэсэгт 8x6 см, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл дор 8x8 см суурь хэсэгт тархмал цусан хураа гэмтэл нь нас барах үндсэн шалтгаан болсон байна. Харин толгойн хуухины дотор гадаргууд цус хуралт, дух зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, зүүн гарын алганы ар хэсэг, баруун хөлний өвдөгний үений доод хэсэг, зүүн хөлний өвдөг зэрэгт үүссэн зулгаралт зөөлөн эдийн гэмтэл нь ноцолдож, тэмцэлдэж, цохилцох, унах зэргээс үүссэн байх боломжтой гэмтэл байна...Талийгаач Б.Гансүхийн тархинд үүссэн цусан хураа бүхий гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу жишээ нь /мод, тоосго, чулуу, төмөр/ мэт хатуу биетээр тархины зүүн тал хэсэгт буюу зүүн талын чамархай хэсэгт цохигдсоны улмаас үүссэн байж болох гэмтэл байна. Талийгаачийн хувьд бол уг гэмтлийг аваад удаан хугацаанд амьд явах боломжгүй цусан хураа бүхий гэмтэл тархи дарагдалт үүсгэн амьсгал, зүрх судасны төвийг дарангуйлан амь нас нь хохирсон байна...Талийгаач өөрөө газар унаж туссаны улмаас уг гэмтэл үүсэх боломжгүй. Гадны ямар нэгэн хүчин зүйлийн үйлчлэлээр уг гэмтэл үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Мөнхзаяа мэдүүлэхдээ: “...Би уг шөнө 1-р жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 02 цаг 30 минутын орчим хоёр эр, хоёр эмэгтэй хүн нэлээд согтуу байдалтай нэг эрэгтэй хүнийг дамжлаад эмнэлгийн хаалгаар орж ирээд “энэ хүн амьд байна уу, үгүй байна уу, хачин болчихлоо” гээд ороод ирэхээр нь даралтыг нь үзэхэд “0” судасны цохилт байхгүй, биеийн ил харагдах хэсэгт хүүрийн толбо үүсчихсэн байхаар нь хүүе ээ энэ хүнийг хаанаас аваад ирэв, хэн гэдэг хүн бэ гэсэн чинь уг дөрвөн хүн танихгүй нэрийг нь Ганаа гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй өнөөдөр “Старс” бааранд танилцсан баар хаагаад гараад Үтрэмийн гудамжинд айлд очиж хамтдаа нийлж байгаад гараад явсан ирэхгүй болохоор гарсан чинь ийм юм болчихсон байна гэж яриад байсан...би одоо сайн санахгүй байна талийгаачийн нүүрэнд жижиг, жижиг шалбарсан, зулгарсан шарх байсан санагдаад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/

 

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹19 дугаартай  …“Талийгаач Б.Гансүхийн биед тархины бүрхүүл доорхи цусан хураа, цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, зүүн гарын алганы ар хэсэг, баруун хөлийн өвдөгний үений доод хэсэг, зүүн хөлийн өвдөгөнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт. /хх-ийн 134-136-р хуудас/ сэжигтэн яллагдагчаар татсан тогтоолууд зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь Б.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Сэвсүүлийн 2-А тоотод 2016 оны 04 дугээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шилжих шөнө Ц.Амартүвшин, Б.Ариунсанаа, Л.Жавзандулам, Б.Мөнхтуяа, Б.Гансүх нартай согтууруулах ундааны зуйл хэрэглэж, Б.Гансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодолдож, Б.Гансүхийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь..... шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹19 дугаартай …“Талийгаач Б.Гансүхийн биед тархины бүрхүүл доорхи цусан хураа, цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, зүүн гарын алганы ар хэсэг, баруун хөлийн өвдөгний үений доод хэсэг, зүүн хөлийн өвдөгөнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт. /хх-ийн 134-136-р хуудас/, шүүгдэгч Б.Мөнхбат нь өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч    Ц.Амартүвшин- Б.Мөнхтуяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл хх-78хуудас, гэрч Б.Мөнхтуяа-Б.Ариунсанаа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл хх-90-91 хуудас, гэрч Ц.Амартүвшин- Б.Ариунсанаа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл 92 хуудас, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг хх-3-12хуудас, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл хх-38-40 хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл хх-179-181 хуудас, сэжигтэн Б.Мөнхбатын хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл хх-193-195 хуудас, шинжээчийн 3321 тоот дүгнэлт хх-131-132 хуудас, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 104 тоот дүгнэлт хх-113 хуудас, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл хх-219 хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Б.Мөнхбатад холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр  зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй,  хэргийн зүйлчлэл тохирсон  тул хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мөнхбатын  согтуурлын зэргийг МЕТА багажаар шалгахад 0,00-0,35% зааж, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б.Мөнхбат нь ууж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Зүйлчлэлийг зөвшөөрөхгүй эргэлзээтэй” байна. Учир нь талийгаач дээр нь Б.Мөнхбат доор нь байсан гэрч Ц.Амартүвшин очиж салгасан байгаа.Боолтонд орж яг энэ үед чулуугаар цохьсон үйлдэл нь алчихъя гэсэн санаа сэдэл төрсөн үү, үүнийг яаж тогтоосон юм бэ алъя гэсэн шууд санаа зорилго байгаагүй. Б.Мөнхбатад хүнийг санаатай алах санаа зорилго байгаагүй гэж мэтгэлцсэн.

 

Гэм буруугийн хэлбэр нь санаатай, болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд санаатай үйлдэл нь шууд, шууд бус санаатай үйлдлээр илэрнэ.

 

Дээр дурдсан гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь субъект өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй эсхүл учрах боломжтойг мэдсэн хэр нь хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл эс үйлдэхүйгээрээ тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг ойлгох юм.

 

Харин гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрийн оюун санааны шинж нь нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байдаг ба шууд бус санааны хүсэл зоригийн шинж нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон байдаг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Мөнхбат нь талийгаачийн араас гарсан, хувийн таарамжгүй харьцаанаас болж хэрүүл маргаан үүсгэж, хоорондоо барьцалдан авч ноцолдсон, талийгаач Б.Мөнхбатыг цамцаар боох үйлдэл хийжээ.Үүнд шүүгдэгч Б.Мөнхбат уурлаж, чулуу авч амь хохирогчийн зүүн чамархайнд нэг удаа цохиж, түүний амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас Б.Гансүхийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мөнхбат нь амь хохирогч Б.Гансүхийг чулуугаар цохих идэвхтэй үйлдэл хийснээр Б.Гансүх нь тархины зөөлөн бүрхүүл доорхи цусан хураа, цус харвалт гавал тархины битүү гэмтлийн улмаас газарт унаж, улмаар хөдөлгөөн муутай болж, ухаангүй болсон түргэн дуудан эмнэлэгт хүргэгдсэн боловч, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, тодруулбал шүүгдэгчийн идэвхтэй үйлдэл ба хохирогч нас барсан үр дагавар хоорондоо шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг “шууд бус санаатай”-гаар хүнийг алсан гэж үзнэ.

 

Дээрхээс үзвэл шүүгдэгч Б.Мөнбатын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх ба өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь талийгаач Б.Гансүхийг чулуугаар тархин тус газар нь цохиж үхэж болох хор уршиг учирч болохыг ухамсарлан ойлгосон, гэвч уг хор уршгийг хүсээгүй боловч түүний чулуугаар толгойн тус газар нь цохисон үйлдлийн улмаас талийгаач Б.Гансүх нь газар унаж, гавал тархины битүү гэмтэл авсаны улмаас нас баржээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Мөнхбат нь тухайн өдөр танилцсан талийгаач Б.Гансүхийг “шөнө машины түлхүүр өгөхгүй, явуулахгүй” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн, шүүгдэгч, талийгаач нар орой нь танилцсан, бие биенээ таньж мэддэг хүмүүс байсан байх бөгөөд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч, талигаач нарын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 05 дүгээр сарын 13-ний өдрийн 19 дугаартай акт, дүгнэлтээр “... талийгаачид учирсан гэмтлүүд нь хатуу   мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой ” гэсэн байх боловч шүүгдэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... ногоон саарал судалтай ноосон цамны энгэрээс заамдаад авахаар нь би цамцаа тайлаад газар шидсэн дотор талын улаан хүрэн өнгийн футволкны энгэрээс заамдаад бид хоёр ноцолдоод газар унаад миний дээр гараад хэвтчихээр нь би боолтонд ороод баруун гараараа газар тэмтрээд гарын атганаас арай том чулуу гарт таарахаар нь аваад талийгаачийн ар дагз руу нь нэг удаа цохисон. Би талийгаачийн хоёр гуя руу нь өөрийнхөө \хөлөөр хоёр гурван удаа тийрч өшиглөсөн,, мөн талийгаачийн нүүрэн тус газар нь гараараа хоёр гурван удаа цохисон гэх мэдүүлэг, шинжээч Б.Ганзоригийн “...Цохилтын хүч нь зүүн талдаа байгаад зөөлөн болон цусан хуралт нь 2 талдаа үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүүн талд цохигдсоноос баруун талд цус хуралт үүсэх боломжтой юм. Духны хэсгийн гэмтэл бол унаж ойчих зэргээс үүсэх боломжтой. Зулгаралтын цаана заавал цус хуралт байна гэсэн ойлголт байхгүй. Энэ гэмтэл маань өөрөө хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.Түүнээс гурван чулуугаар 3 удаа цохисон асуудал биш юм. Хохирогчийн хувьд цохилт аваад гэмтэл үүсээд тодорхой хугацаанд амьсгал зүрх судас дарангуйлан нөлөөлөх хүртэл амьд явах боломжтой юм.. Энэ гэмтэл нь харилцан зодолдох, ноцолдох үед боох барьцалдах, хувцсанд үрэгдэх зэргээс хүзүүний улайлт, зулгаралт үүснэ гэв.Зулгарсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ “ гэх мэдүүлэг зэргээс үзвэл амь хохирогчийн биед үүссэн толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт, дух зүүн хөмсөг, баруун зүүн шанаа, зүүн гарын алганы ар хэсэг, баруун өвдөгний үений доод хэсэг, зүүн хөлний өвдгөнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл зулгарлалтууд нь амь хохирогч, шүүгдэгч нар газар өнхөрч, ноцолдох явцад үүсгэгдсэн байх боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзлээ.

 

Нөгөө талаас талийгаач нь “...толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт, дух, зүүн хөмсөг, баруун зүүн шанаа, зүүн гарын алганы ар хэсэг, баруун хөлийн өвдөгний үений доод хэсэг, зүүн хөлний өвдөгөнд зулгаралт ...” гэмтлийн улмаас бус, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай акт, дүгнэлтийн 4-д заасан “гавал тархины битүү гэмтлийн улмаас талийгаач нь нас барсан байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь талийгаач Б.Гансүхийн толгойн тус газар чулуугаар цохисноос тус гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнхбат нь талийгаач Б.Гансүхтэй ноцолдож, толгойн тус газар нь чулуугаар цохисон зэрэг үйлдлээс үзэхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгч нь Б.Мөнхбат нь талийгаач Б.Гансүхтэй ноцолдох үед талийгаач нь толгойн хэсгээрээ 37-10 ХБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшний өндөрлөгөөг мөргөсөн гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн нь туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг хх-183-185 хуудас, шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Иймд Сэлэнгэ Аймаг Мандал сум дах сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба Б.Гансүхийг хүндрүүлэх нөхцөл  байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар.

Шүүгдэгч Б.Мөнхбатын үлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаагаас оршуулгын зардалд 11,603,850 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 43-58 хуудас, 2 дугаар хавтаст хэрэгт баримтыг болон тэжээгчээ алдсан тэтгэмжийн талаарх баримтыг ирүүлжээ.

 

Шүүх дээр дурдсан баримтуудыг нягтлан шалгахад оршуулгын зардал нэхэмжилсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байна.

 

Иймд шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Мөнхбатын ар гэрээс оршуулгын зардалд 6.100.000 төгрөг нөхөн төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаагаас шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тул нийт нэхэмжилсэн 11.603.850 төгрөгнөөс төлөгдсөн 6.100.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 5.505.850 төгрөгийг шүүгдэгч Б.Мөнхбатын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, хөрөнгө битүүмжилж, үнэлгээ тогтоосон 10 тооны адууны үнэ 13.500.000 төгрөгнөөс  гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаад олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мөнхбатаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбатад ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Мөнхбатад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасан дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн фудволк 1 ширхэг, ногоон, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдмон чулуу 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж гомдол гаргах хугацаа дуусмагц устгах, “Старс” караокений бичлэг бүхий СД-1 ширхэгийг хэргийн материалд хавсаргаж хадгалах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 218 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,  Б.Мөнхбатыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 413 тоот дүгнэлтэнд “...5. Б.Мөнхбат нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн байх тул шүүгдэгч Б.Мөнхбатыг онц хүнд гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх эрх зүйн чадамжтай байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн   байцаан   шийтгэх   хуулийн   283,   284,   286,   290   дугаар   зүйлийн   290.3,  294,   295 дугаар зүйл,   296   дугаар   зүйлийн   296.1,  297 дугаар   зүйлийн  297.1, 298   дугаар  зүйлүүдийг    удирдлага    болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их тамир овогт Баасандашийн Мөнхбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

            2.  Шүүгдэгч Б.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан    Б.Мөнхбатад оногдуулсан 12 /арван хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбатын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  218 /хоёр зуун арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн фудволк 1 ширхэг, ногоон, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдмон чулуу 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Старс караокений бичлэг бүхий сиди 1 ширхэгийг эрүүгийн хэрэгт хавсаргахыг  шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхбатад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхбатын битүүмжлэгдсэн 10 тооны адууны үнэ болох 13.500.000 төгрөгнөөс талийгаачийн оршуулгын зардалд үлдэх 5.503.850 төгрөгийг битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаад олгож, эд хөрөнгө битүүмжлэлээс үлдэх 7.996.150 төгрөгний  эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй.

          11.Шийтгэх тогтоод гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Мөнхбатыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                   ШҮҮГЧИД                                Б.ХЭРЛЭН

 

                           Ж.ЭРДЭНЭБАТ