Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2018/00002

 

Ж.Дийн нэхэмжлэлтэй,

“С Ө” ХХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 138/ШШ2017/00994 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлоор Ж.Дийн нэхэмжлэлтэй, “С Ө” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2460000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд “С-Ө” ХХК-ийн барьцаат зээлийн газарт өөрийн эхээс өвлөж ирсэн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг 360.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл сар бүр 36.000 төгрөгийн хүүг тасралтгүй төлж ирсэн. Гэрээг түүнээс хойш сунгаагүй. 2014 оны 6 сард ломбарданд байдаг Цтэй таарч эгч нь мөнгөгүй болоод очиж чадахгүй байна мөнгөтөй болмогц очно гэхэд Ц тэгээрэй гэсэн. Тэгээд наадмын олон хоног таарч очиж чадахгүй байсаар 2013 оны 7 сарын сүүлчээр очиход Ц эмээлийг чинь манай нөхөр Архангай аймаг руу явуулсан гэсэн. Тэгэхээр нь би эхээс маань өвлөгдөж ирсэн эмээл зарж болохгүй гэдгийг хэлсэн. Танайд барьцаанд тавиад удсан ч гэсэн хүүг нь байнга төлж байсан, хүний үнэтэй цэнэтэй юмыг зарж болохгүй гэхэд Ц би мэдэхгүй нөхөр мэднэ гэсэн. 2014 оны 8 сард очиход 1.028.000 төгрөг төлөөд эмээлээ ав гэсэн. Тэгээд 9 сард 1.028.000 төгрөг олоод очтол дахин 550.000 төгрөг нэмж төл гэхээр нь яасан их мөнгө төлдөг юм бэ гэхэд манай нөхөр мэднэ гэсэн тайлбар өгсөн. Тэгээд миний эмээл байгаа эсэхийг асуухад таны эмээл анх өгсөн боолттойгоо байгаа гэж байсан. Тэгээд Цтэй үл ойлголцсон учир мөнгөө өгч чадалгүй буцсан. 2014 оны 10 сард Цтэй утсаар ярихад эмээлийг чинь авсан хүн УБ хот явах гээд байна мөнгөө яаралтай шилжүүл гэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь нөхөр Бхаа дансыг явуулсан байсан. Энэ мэтээр худлаа яриад эмээлийг маань өгөхгүй байна. Иймээс Цс эмээлээ гаргуулан авах буюу эмээлийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч эмээлийн үнэлгээ 3.000.000 төгрөг гэж гарсан учир эмээлийн үнэ 3.000.000 төгрөгөөс ломбарднаас авсан зээл 360.000 төгрөг, зээлийн алданги 180.000 төгрөгийг тус тус хасч, 2.460.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д нь “С-Ө” ХХК-ийн барьцаат зээлийн газраас 360.000 төгрөгийг зээлж, тэдний хооронд барьцааны гэрээ 2012 оны 9 сарын 29-ний өдөр байгуулагдсан бөгөөд Ж.Д нь 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл хүү төлсөн болох нь нотлогдож байгаа. Ж.Дийн хувьд ломбарданд эмээлээ барьцаанд тавьсан гэдэг нь үнэн бөгөөд хүү алдангийг хүртэл төлсөн байдаг. Нэхэмжлэгч барьцаат зээлийнхээ хүү алдангийг төлөх тусам хүү алданги нь өсөөд байсан учраас энэ 2 хүний хооронд маргаан үүссэн байгаа. Ж.Д нь Ц.Цд эмээлийг зарж болохгүй талаар удаа дараа хэлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр эмээлийг 1.000.000 төгрөгөөр 2014 оны 6 сард бусдад зарсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ж.Дийн барьцааны зүйлийн гэрээний сунгалт хийсэн гэж хариуцагч тайлбарлаж буй боловч Ж.Д гэрээг сунгасан тухай гарын үсэг огт зурж байгаагүй, Ц.Ц л гарын үсгээ зурж тэмдэглэл хийсэн байдаг. Барьцаалан зээлдэх газар нь бусдын эд хөрөнгийг зарж борлуулахдаа зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч хариуцагч тухайн үүргээ биелүүлэлгүй бусдын эд хөрөнгийг зарж борлуулсан байна. Дамдинсүрэн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ломбардны эзэн Ц.Цд холбогдуулан гаргасан. Гэтэл Улсын Дээд шүүхээс “С-Ө” ХХК-ийг хариуцагчаар оролцуулаагүй гэж хэрэг хүчингүй болсон учраас манай талаас тус компанийг хариуцагчаар татсан байгаа. Эмээл бол үе удам дамжиж ирсэн, хуучин Батноров хийцийн эмэгтэй хүний 8 хэрэглэлтэй, тохоожоороо байсан мөнгөн эмээл байсан. Энэ эмээл байхгүй болсон учраас бид интернетээс хайж байгаад эмээлтэйгээ хийц, загварын хувьд ижил төстэй хийцтэй эмээлийн үнээр жишиг болгож үнэлгээг тогтоолгосон. Хариуцагч уг үнэлгээг зөвшөөрөхгүй гээд байгаа боловч энэ үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байгаа. Дийн хувьд эмээлээ бусдад зарагдсан гэдгийг 2014 оны 6 сараас хойш мэдсэн. ...Иймд “С-Ө” ХХК-иас эмээлийн үнэд 2.460.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эмээл 3.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн учраас 3.000.000 төгрөгөөс ломбарданд төлөх ёстой байсан зээл 360.000 төгрөг, түүний алдангид 180.000 төгрөг буюу 540.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2.460.000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч “С-Ө” ХХК-ийг төлөөлж, тус компанийн захирал ажилтай Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 09 сарын 29-ны өдөр Ж.Д 8 хэрэглэлтэй модон эмээл манай барьцаалан зээлдэх газарт 1 сарын хугацаатай барьцаанд тавьж, 360.000 төгрөг авсан. Тухайн үед манайх мөнгөн эдлэл барьцаанд авдаггүй байсан боловч Ж.Д эгчийг гуйгаад байхаар нь авсан. Эмээлийг барьцаанд аваад зээлийн гэрээний хугацаа дуусахад Ж.Д эгч зээлийн гэрээгээ сунгуулахгүй явсаар байгаад 2 сарын хүү алдангийн мөнгийг л төлсөн өөр ямар ч мөнгө төлж байгаагүй. Би Ж.Дд зээлээ төлөх талаар олон удаа хэлж байсан. Гэрээний хугацаа дууссан учир таны эмээлийг зарж борлууллаа шүү гэхэд Ж.Д эмээлээ буцааж авна гэчихээд ирэхгүй 4-6 сарын хугацаа өнгөрсөн учраас би эмээлийг нь зарж борлуулсан. Эмээлийг зарах гэж зөндөө үзсэн бүр Улаанбаатар хот руу хүртэл явуулж байсан боловч зарагдахгүйгээр буцаж ирдэг байсан. Би Ж.Дтэй хоолны газар таараад таны барьцаанд тавьсан эмээлийн хүү, алданги 1.500.000 төгрөг болсон шүү гэхэдудахгүй мөнгийг чинь араас чинь шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг авсан боловч ирээгүй. Эмээлийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг эмээл нь тохоожоороо эмээл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ж.Д Ц.Ц нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээг 2012 оны 09 сарын 29-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний дууссанаас хойш 14 хоногийг дотор барьцаанд авагдсан эд зүйлийг зарж борлуулахыг хүлээн зөвшөөрч Ж.Д зээлийн гэрээг байгуулсан байдаг. Барьцааны эд хөрөнгийг Ц.Ц гэрээнд заасан 14 хоногийн хугацаа дууссан байхад зарж борлуулалгүйгээр Ж.Дд удуу дараа мэдэгдэж байсан. 2013 оны 09 сарын 21-ний өдөр Ц.Цтэй утсаар ярьж хэдэн төгрөг төлж эмээлээ авах талаар асуусан байдаг. Тэр үед Ц.Ц хүү, алданги төлөх талаар тайлбарлан өгөхөд Ж.Д хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Хамгийн гол нь гэрээ байгуулагдсанаас 4 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эд хөрөнгийн үнэлгээний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үнэлгээ хийсэн комиссын бүрэлдэхүүн үнэлгээ тогтоох мэргэжлийн хүмүүс биш бөгөөд үнэлгээ хийхэд тухайн үнэлсэн эд хөрөнгө байхгүй байхад юуг баримтлан үнэлсэн нь өөрөө учир шалтгааны хувьд зөрүүтэй байна. Хэрвээ үнэлгээ гаргуулах байсан бол шүүхэд хүсэлтээ өгөөд шүүгчийн захирамжаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ёстой байсан боловч тухайн эрхийг эдлэлгүйгээр мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үнэлгээ гаргуулах хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 138/ШШ2017/00994 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хариуцагч “С-Ө” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2.460.000 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 138/ШШ2017/00994 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохын тулд өөрийн эмээлтэй хийц, загварын хувьд ижил төсөөтэй эмээлийн зах зээлийн үнэлгээг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссоор үнэлүүлэн ирүүлсэн нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг зөрчөөгүй байхаас гадна хариуцагч тал уг эмээлийг 3.000.000 төгрөгт хүрэхгүй байсан, дээрх үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт биш гэх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна...” хэмээн хуулийг буруу ойлгон, тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. Учир нь:

            Хуучны алт, мөнгө, үнэт эдлэлийн үнэлгээг энгийн хүн бүр тогтоох боломжгүй. Үүнийг тусгай мэдлэг эзэмшсэн, зөвшөөрлийн үндсэн дээр эд зүйлийн үнэлгээ тогтоож буй шинжээч, шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь хуульд нийцнэ. ... Гэвч нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, шүүгчийн захирамж гаргаагүй юм.

            Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эмээлийн үнэлгээ тогтоосон “зах зээлийн үнийн тодорхойлолт” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан заасан нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тус баримтыг “албан ёсны орон нутгийн үнэлгээ” гэж тайлбарладаг. Эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин, үнэлгээний байгууллага тогтоох ёстой бөгөөд тэдгээрт хуульд заасан хариуцлагыг сануулан үнэлүүлэх учиртай. Гэтэл эмээлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон гэх этгээдүүд нь тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин, үнэлгээний байгууллага биш бөгөөд тэдэнд үнэлгээг буруу гаргасан тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулаагүй юм. Нөгөөтэйгүүр Ж.Дийн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг бодит байдлаар нь шинжиж үнэлгээ тогтоогоогүй. ...Үнэлгээний объект байхгүй байхад хийсвэрээр 3000000 төгрөгийн үнэтэй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй юм. Уг эмээлийг худалдаж авсан Х.Н нь шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тухайн эмээлийн зах зээлийн үнэ нь 1000000 төгрөг хүрэхгүй байсан тухай дурдсан.

            ... Нэхэмжлэгч Ж.Дийн барьцаанд тавьсан 8 хэрэглэлтэй модон эмээлийн бодит үнэлгээ нь 1000000 төгрөг байсан учир нэхэмжлэлээс 2540000 төгрөгийг хасч тооцон “С-Ө” ХХК-иас 460000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгох ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч “С-Ө” ХХК-иас 2460000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч “С-Ө“ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2012 оны 09 сарын 29-ний өдөр 360000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд 8 хэрэглэлтэй / эмэгтэй хүний / мөнгөн эмээлийг барьцаалуулсан, зээлийн гэрээг 2013 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл сунгуулж, зохих хүүг төлсөн үйл баримтууд тогтоогдсон ба талууд маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзнэ. / хх-ийн 14-15, 17 дахь талууд /

            Зохигчдын тайлбар, гэрчээр асуугдсан Х.Нын мэдүүлэг зэрэг баримтаар нэхэмжлэгч Ж.Д нь барьцаат зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч “С-Ө” ХХК нь барьцааны зүйл болох 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг 2014 оны 06 сарын 15-ны өдөр бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь барьцааны зүйлийг 2014 оны 06 сарын 15-ны өдөр бусдад худалдан борлуулахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4-т заасан заалтыг зөрчсөнөөс гадна дээрх хугацаанаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж,  шаардлага гаргах эрх үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болж байгаа 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлээ Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын /тамгатай/ үнийн комиссоор үнэлүүлсэн  үнэлгээг нотлох баримтаар шүүхэд өгсөн нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч тал барьцааны зүйлийн талаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ  нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн маргааны зүйлийн үнэлгээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54310 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ны өдрийн 138/ШШ2017/00994 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                              Д.БАЙГАЛМАА  

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ