Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/276

 

 

 2022         03         17                                  2022/ШЦТ/276

                                                                                                              

                                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,           

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б-ийн Г холбогдох эрүүгийн 2109011051212 дугаартай 3 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт .... тоотод оршин суух хаягтай, Э овогт Б-ийн Г /РД:00000000/,

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

            Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаар иргэн Б.Э “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ямаа зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

                Мөн малын наймаа гэсэн фэйсбүүк хаягт “Ишигтэй ямаа олон тоогоор зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн М.Т-ыг “мал худалдаж авах урьдчилгаа өг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

                Мөн малын наймаа гэх фэйсбүүк хаягт “Тугалтай үхэр зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн Б.О-д “нэг тугалтай үнээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкан дахь ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

                Мөн Б.Г нь 2021 оны 08 дугаар сард “Мягмардорж Мягмардорж” гэсэн фэйсбүүк хаягаас “олон тооны шигтэй ямаа зарна” гэсэн худал зарыг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн иргэн Г.Ө-ыг хуурч, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

                Мөн Б.Г нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк хаягт “ямаа зарна” гэсэн хуурамч зар байршуулсны дагуу холбогдсон иргэн Н.Д-ыг “ямаа ачиж ирэх бензины мөнгө болох 1.500.000 төгрөгийг шилжүүл” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын 10-124-1 тоот гэрээсээ шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

                Мөн Б.Г нь 2021 оны 08 дугаар сард “Mungunbagana Mungunbagana” гэх хуурамч фэйсбүүк хаягаас “Ишигтэй ямаа зарна, олон тоогоор” гэсэн худал зарыг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Ц.Э-ыг төөрөгдөлд оруулан мэсэжээр Б-н М гэх иргэний үнэмоэх болон 00-00 УНҮ улсын дугаартай ачаа ачих машины баримт бичгийг явуулан 100 тооны ямааг 3.000.000 төгрөгөөр зарахаар харилцан тохирч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэлийг нь урвуулан ашиглаж Хаан банкны 0000000000 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

                Мөн яллагдагч Б.Г нь Олон нийтийн цахим сүлжээнд “300 ширхэг ишигтэй ямаа зарна” гэх хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Б.Т-с Хаан банкны 0000000000 дугаартай дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

                Мөн Б.Г нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн иргэн Т.Б-с “үхэр зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

                Мөн Б.Г нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч фэйсбүүк хаягаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хотхоны 4-19 тоотод оршин суух иргэн Ш.Н-д “Ишигтэй ямаа зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

                Б.Г нь цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаас 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буман залуус хотхоны 203-185 тоотод оршин суух иргэн Б.Б-д 17 тооны бяруу зарна хэмээн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...10 удаагийн үйлдэл дээр маргах зүйл байхгүй. Нийт 18.850.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч 21 настай, бөгөөд энэ хүүхдэд 200 ямаа байх боломжтой юу? энэ нь хохирогч нарын буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг үйлдсэний дараа маш их гэмшсэн бөгөөд хувийн байдлын тал дээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Төлбөрийг төлнө гэсэн чинь үнэнч сэтгэлтэй байгааг харгалзан үзнэ үү...” гэжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би ямаа зарна гэсэн зарын дагуу холбогдоод эхлээд 500.000 төгрөг явуулаад дахиад 500.000 төгрөг явуулчих гэхээр нь явуулсан дахиад 300.000 төгрөг өгчих гэхээр нь би сэжиг төрөөд явуулаагүй. Өвөрхангай аймагт таньж мэддэг хүмүүсээрээ судалтал тийм хүн байгаагүйг мэдсэн бөгөөд тийм хүн байхгүйг мэдээд л би шууд цагдаагийн байгууллагад хандсан ийм л зүйл болсон...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Г нь цахим хэрэгсэл ашиглан, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ийн өгсөн “...Фэйсбүүкийн мал зарна гэсэн групп дээр Мийгаа гэх хэрэглэгч нь мал зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу холбогдоход Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд байгаа одоо ингээд ачаад гарч байна, бензиний мөнгө шилжүүл гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 0000000000 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлсэн. Тухайн хүнээс 200 ишигтэй ямаа авахаар тохиролцсон бөгөөд нэг бүрийг нь 120.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгтэл тухайн хүн дахиад 2.000.000 төгрөг шилжүүлчих Солонгост хүний бие муудаад байна, гэхээр нь нэг л худлаа яриад байна гэж бодоод мөнгө шилжүүлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-7/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Т-ын өгсөн “...Ишигтэй ямаа зарна олон тоогоор гэсэн мэдээллийн доор би өөрийн 00000000 дугаарыг үлдээсэн. Тэгтэл удалгүй 00000000 дугаарын утаснаас холбогдож ямаа худалдаж авна гэсэн үү хаана байгаа вэ гэхээр нь Хөвсгөл аймагт байна гэтэл би өөрөө Төв аймгийн Баян суманд байна, манайхаас хол юм байна, үнэхээр мал худалдаж авахаар бол би ачаад аваачаад өгье надад 5.000.000 төгрөг өгчих гэхээр нь би надад одоо шууд 5.000.000 төгрөг байхгүй байна гэхэд тэгвэл 2.000.000 төгрөг өгчих гэсний дагуу Б.Г гэсэн хүний Хаан банкны 0000000000 дугаарын данс руу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 30 минутад 2.000.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ө-ын өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед фейсбүүк хаяг дээр олон тооны залуу ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чатаар холбогдож авахаар тохиролцоод дугаараар нь холбогдтол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байгаа нэг бүрийн үнэ нь 100.000 төгрөг гэсэн бөгөөд яг авна гэвэл 95.000 төгрөгөөр бодоод ав гэсэн. Тэгээд надад баталгаа харуулах хэрэгтэй байна гэхэд миний фейсбүүк хаяг руу тээврийн хэрэгслийн дугаар болон иргэний үнэмлэхийн зургийг явуулсны дагуу би 750.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө 0000000000 дугаарын данс руу шилжүүлсэн бөгөөд тухайн данс нь Б.Г гэсэн нэртэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э-ын өгсөн “... Баянхонгор аймгийн зарын нэгдсэн групп дээр Мөнгөнбагана, Мөнгөнбагана гэх фейсбүүк хаягаас 100 ширхэг ишигтэй ямаа зарна гэсэн зар тавьсны дагуу 00000000 гэх дугаараар холбогдоход Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байгаа бөгөөд дандаа залуу ишигтэй ямаа байгаа бөгөөд авна гэвэл би хүргээд өгнө урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Ингээд тухайн хаягаас ишигтэй ямааны бичлэг, ачиж яваа машины гэрчилгээ, өөрийнхөө иргэний үнэмлэхийн зургаа явуулахаар нь би итгээд 100 ишигтэй ямаа авахаар урьдчилгаа 3.000.000 төгрөгийг 0000000000 данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Т-ийн өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Фейсбүүк хаяг дээр 300 ширхэг ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй холбогдож авахаар болоход намайг урьдчилгаа хий гэхээр нь би баталгаа гаргаж өгнө үү гэтэл тээврийн хэрэгслийн дугаар болон иргэний үнэмлэхийн зураг явуулсан. Тэрээр хэлэхдээ надад бензиний мөнгө байхгүй, манай эгч Солонгост эмчилгээ хийлгэж байгаа тул малаа зарж байгаа юм гэж хэлж байсан. Ингээд би бензиний зардал болгож, 0000000000 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн данс нь Г гэж хүний нэртэй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-167/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Б-ын өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр малын наймаа гэсэн групп дээр Бяруу зарна гэсэн зар байрлуулсны дагуу тухайн зар дээр байсан 00000000 дугаар руу залгахад үл таних эрэгтэй хүн аваад 30 ширхэг бяруу байгаа, нэг бүрийн үнэ нь 450.000-500.000 төгрөгийн хооронд зарна гэж хэлж байсан бөгөөд тухайн үхрүүд нь Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байгаа гэж хэлэхээр нь үхрийн зураг явуулаач гэхэд 32 тооны үхрийн зураг явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад ахаа би Дорноговь явахаар боллоо, надад том машин байдаг би хүргээд өгье гэж ярьсан бөгөөд хэсэг хугацааны дараа над руу дахин залгаад ахаа би гарах гэсэн чинь зардалгүй болчихлоо, та урьдчилгаа явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би залилуулж магадгүй гээд явуулахгүй гэж хэлсэн чинь би найдвартай хүн, хуурахгүй, би өөрийнхөө дансны дугаарыг регистрийн дугаартайгаа явуулъя гэж хэлэхээр нь би үгэнд нь итгээд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-49/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Д-ын өгсөн “...Би “фейсбүүкээр ямаа зарна гэсэн зар яваад байна, би чат бичиж үзэхэд боломжийн үнэтэй юм. 00000000 дугаарын утсаар холбогдлоо гэсэн юм. Тэгээд маргааш нь гэртээ байхад манай төрсөн ах, Б  манайд ирсэн, би ахад “1.500.000 төгрөг зээлээч мал авах гэхэд” зөвшөөрөөд хүргэн ах Б ийн фейсбүүкээр холбогдсон “ямаа зарна” гэсэн хүний явуулсан “0000000000” дугаарын данс уруу өөрийнхөө “0000000000” дугаарын данстай гар утасны интернэт банкаар ямаа ачиж ирэх бензиний мөнгө гээд 1,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш нөгөө ямаа зарна гэсэн хүн хүргэн ах Б ийг фейсбүүкээр холбогдсон “ямаа зарна” гэсэн хүний явуулсан 0000000000 дугаарын данс руу өөрийн 0000000000 дугаарын данснаас бензиний төлбөр гэж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн, түүнээс хойш миний дугаарыг блоклоод холбогдож чадахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-244/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О-н өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк хаягтаа байж байтал Б.М  гэх хаягаас 10 тооны тугалтай үхэр зарна гэсэн зар тавьсан байхаар нь чатаар холбогдож хаана байгаа талаар асуугаад бүгдийг нь авъя гэхэд надаас хаана хүргүүлэх талаар асууж байсан. Тэгээд дараа нь миний 0000000000 дугаар руу 0000000000 дугаарын утаснаас залгаад нэг тугалтай үнээг 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас ачуулж, авчрахаар болсон бөгөөд надад ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг мөн Б ийн М  гэсэн иргэний үнэмлэхийн зураг явуулаад өөрийнхөө үнэмлэхийн зураг гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдөр байгаа газраасаа гарна гээд бензин тосны мөнгө гээд 1.300.000 төгрөг явуулчих гэсний дагуу 1.300.000 төгрөгийг 0000000000 данс руу шилжүүлсэн. Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш утсаа авахаа больж надтай харьцсан фейсбүүк хаягаа устгасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Н-ын өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхдаа фейсбүүк цахим хаягаар малын зар хараад байж байтал 200 ишигтэй ямаагаа өөрийн унаагаар хүргэж өгнө гэсэн зар байхаар нь холбогдсон. Тэгэхэд өөрийгөө Г  гэж танилцуулсан залуу бензин, тосны мөнгө хэрэгтэй байна 0000000000 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу би тухай данс руу шилжүүлсэн бөгөөд данс эзэмшигч нь Г  гэж байсан. Үүнээс хойш дахин холбогдож 500.000 төгрөг нэмээд хийчих замдаа явж байна гэсний дагуу 500.000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225-226/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-н өгсөн “...Фейсбүүк цахим хаягт Мийгаа Мийгаа гэх хаягаас “Бяруу олон тоогоор зарна” гэх зарыг хараад тухайн хаяг руу чат бичтэл тэрээр 40 тооны бяруу байгаа нэг бүрийн үнэ нь 500.000 төгрөгөөр зарна, олон тоогоор авбал 400.000 төгрөгөөр зарна гэсний дагуу би найз Б.Д болон ах О.У нарт энэ талаар хэлэхэд ах 3, найз 4, би 10 бяруу авахаар болж, нөгөө хүний 00000000 1 бярууг 400.000 төгрөгөөр бодуулж, нийт 17 бярууг 6.800.000 төгрөгөөр авахаар тохиролцоход эхлээд урьдчилгаа 2.000.000 төгрөг өгчих гэхээр нь би надад бэлэн 800.000 төгрөг байна, ирэхээр чинь үлдэгдлийг нь өгөхөөр тохиролцоод Б.Г гэх хүний 0000000000 дугаарын данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл маргаашаас нь фейсбүүк чатаар машин эвдэрчихлээ удахгүй очно гэж хэлээд алга болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 54-55/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Б-ийн өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өөрийн төрсөн дүү болох Н.Д-ын гэрт манай хүргэн Б нартай байж байхад манай дүү Н.Д нь ахаа та надад 1.500.000 төгрөг зээлээч гэхээр нь би өөрийн Хаан банкны интернэт банкаар дамжуулаад 0000000000гэсэн данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш Фейсбүүкийн малын наймаа гэсэн групп-д өөрийн нээсэн Итгэлт О, Мийгаа Мийгаа гэсэн нэртэй хуурамч хаягаар үхэр, ямаа зэргийг зарна гэж зар байршуулан Фейсбүүкийн чат болон 0000000000, 0000000000 гэсэн дугааруудаар холбогдож Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумд байгаа мал, ачилтын мөнгө хэрэгтэй байна, урьдчилгаа мөнгө зэргийг өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар хүлээн авч өөрийн хувийн хэрэгцээнд болон /1xbet/ нэртэй цахим мөрийтэй тоглоомд мөнгөө хийж, мөрийтэй тоглоомд бооцоо тавьдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Сансар хорооллын Ундруул нэртэй буудлын нэг ортой өрөөнд байрлаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26/-р тал,

Б ийн Г ын Хаан банкны 0000000000 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 58-70/-р тал,

Скайтел ХХК-ийн 21/12770 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 145/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Б.Г нь өөрийн нэр дээр бүртгэлтэй, худалдан борлуулах малгүй атлаа цахим хэрэгсэл ашиглан бусдад үхэр, ямаа зарна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Б.Г нь анхнаасаа хохирогч нарт олон тооны үхэр, ямаа зарах ямар ч боломжгүй гэдгээ өөрөө мэдсээр байж хохирогч нарыг хуурч, үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Гыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Б.Гын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд, шүүгдэгч Б.Гыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нь 21 настай залуу хүүхэд бөгөөд түүнд 200 ямаа байх боломжгүй, тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн...” гэх тайлбарыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Г нь цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд нэр бүхий хохирогч нарын зүгээс Б.Гтай уулзаж байгаагүй нь түүнийг хэдэн настай, ямар ажил эрхэлдэг бэ гэдгийг мэдэх боломжгүй юм.

Нөгөөтээгүүр Монгол Улсын иргэд өөрийн гэсэн өмч болоод хөрөнгөтэй байх эрхтэй бөгөөд насны онцлогоос шалтгаалан хөрөнгийн хэмжээг нь тогтооно гэдэг нь өрөөсгөл ойлголт болохыг дурдвал зохино.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар “...Завсарлага авсан хугацаанд төлбөр төлөхийг бодож байсан боловч амжсангүй. Мөн хугацаа маш давчуу байлаа. Манай ялын гол зорилго бол хүмүүжүүлэх зорилготой байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн 21 настай залуу, өөрийн гэсэн ажил орлоготой болсон сард 1.000.000 төгрөгийн орлоготой, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулах чадвартай байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гт зорчих эрх хязгаарлах ял шийтгэж өгнө үү гэх саналыг гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх аливаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болом хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тус зүйл хэсэгт заасан ялын төрлүүдээс сонгон оногдуулах бөгөөд тухайлан сонгон оногдуулж буй ял нь тухайн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой байдлаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Залилах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 06 дугаар сараас мөн оны 09 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, өнөөдрийн байдлаар хохирогч нарт учирсан хохирлыг огт төлөөгүй, нөхөн төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, нөгөөтээгүүр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй нь шүүхээс хорих ял оногдуулах үндэслэл болсон болно. 

Гурав. Бусад

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч Б.Гаас нийт 18.850.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С овогт Б-ийн Б /РД:00000000/-д 1.000.000 /нэг сая төгрөг/-г, хохирогч М овогт М-ын Т /РД:00000000/-д 5.000.000 /Таван сая/ төгрөгийг, хохирогч Ш овогт Б-ын О /РД:00000000/-д 1.300.000 /Нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийг, хохирогч П овогт Г-ийн Ө /РД:00000000/-д 750.000 /Долоон зуун тавин мянга/-н төгрөгийг, хохирогч В овогт Н-ийн Д /РД:00000000/-д 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг, хохирогч С овогт Т-ийн Б /РД:00000000/-д 3.000.000 /Гурван сая/ төгрөгийг, хохирогч Ц овогт Ц-ын Э /РД:00000000/-д 3.000.000 /Гурван сая/ төгрөгийг, хохирогч Д г овогт Б-ийн Т /РД:00000000/-д 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг, хохирогч У овогт Ш-ийн Н /РД:00000000/-д 1.000.000 /Нэг сая/ төгрөгийг, хохирогч Б овогт Б-ийн Б /РД:00000000/-д 800.000 /Найман зуун мянга/-н төгрөгийг тус тус олгож,  шүүгдэгч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас нийт 30 хоног цагдан хоригдсоны түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Б-ийн Г-ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас нийт 18.850.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С овогт Б-ийн Б /РД:00000000/-д 1.000.000 /нэг сая төгрөг/-г, хохирогч М овогт М-ын Т /РД:00000000/-д 5.000.000 /Таван сая/ төгрөгийг, хохирогч Ш овогт Б-ын О /РД:00000000/-д 1.300.000 /Нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийг, хохирогч П овогт Г-ийн Ө /РД:00000000/-д 750.000 /Долоон зуун тавин мянга/-н төгрөгийг, хохирогч В овогт Н-ийн Д /РД:00000000/-д 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг, хохирогч С овогт Т-ийн Б /РД:00000000/-д 3.000.000 /Гурван сая/ төгрөгийг, хохирогч Ц овогт Ц-ын Э /РД:00000000/-д 3.000.000 /Гурван сая/ төгрөгийг, хохирогч Д г овогт Б-ийн Т /РД:00000000/-д 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг, хохирогч У овогт Ш-ийн Н /РД:00000000/-д 1.000.000 /Нэг сая/ төгрөгийг, хохирогч Б овогт Б-ийн Б /РД:00000000/-д 800.000 /Найман зуун мянга/-н төгрөгийг тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ын урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

6. Шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР