Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0235/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д-н А-д холбогдох эрүүгийн 2218000000251 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д-н А /РД:......../, ...... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ...... аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт ....... аймгийн ....... ...... дугаар баг ..... дугаар хэсэг ...... тоотод оршин суух, урьд:

....... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ...... дүгээр сарын ......-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

....... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дүгээр сарын ......-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоол, ..... аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, ..... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дүгээр сарын ......-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ...... оны ..... дугаар сарын ......-нд сургалт хүмүүжлийн тусгай байгуулллагаас ялын хугацаа дуусч суллагдсан,

........ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Д.А-г 20.... оны ...... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн ...... сумын ..... дугаар баг “.......” ХК-ийн үйлдвэрийн орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг /ургамал/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хууль бусаар хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.А-ы өгсөн:  Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн алдаанаасаа суралцаж, муу зүйлээс хол байж, ажил хөдөлмөр эрхэлж амьдарна. Ялын хугацааг багасгаж өгнө үү гэх мэдүүлэг.

        

Мөрдөн байцаалтад:

20.... оны ..... дугаар сарын ......-ны өдрийн: Д.А-ы биедээ авч явсан гэх цагаан, цэнхэр өнгийн гялгар ууттай нунтаг зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

20… оны ..... дугаар сарын .....-ны өдрийн: Д.А-ы биеэс биологийн дээж авахад ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэх хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн: ...Д.А нь ургамал түүсэн газраа зааж өгөв... гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Гэрч А.Ш өгсөн: ...20... оны ... дугаар сарын .....-ны өдөр .... цагийн орчимд ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад өмнө мансууруулах төрлийн ургамал түүж шүүхээр шийтгүүлж байсан Д.А гэх залуу хэл яриа нь удааширсан, ойртоход биеэс нь өвөрмөц үнэр үнэртэж, сэжигтэй байдлаар биеэ авч явж байхаар нь шалгахад биеэс нь сэжиг бүхий 2 ширхэг жижиг ууттай ургамал илэрсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20.... оны ..... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаартай: ...Шинжилгээнд ирүүлсэн “Д овогтой А /...../” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Д овогтой А /..../” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай: ...Шинжилгээнд ирүүлсэн “Д овогтой А .....” гэж хаягласан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Д овогтой А ....” гэж хаягласан өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-36 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.А нь 20... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн .... сумын .... дугаар баг “....” ХК-ийн үйлдвэрийн орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг /ургамал/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 20.... оны .... дугаар сарын .....-нд “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 17,2047 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч Д.А нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь 20.... оны .... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн ..... сумын .... дугаар баг “.....” ХК-ийн үйлдвэрийн орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агуулмжтай ургамалыг түүж бэлтгэсэн, өөрийн биедээ хадгалж яваад 20.... оны .... дугаар сарын ....-нд цагдаагийн байгууллагын алба хаагчид саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Д.А-ы Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол"-ийн агууламж бүхий ургамалыг түүж, биедээ хадгалсан үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Д.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Д.А-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр алаг өнгийн ууттай 1.7876 грамм жинтэй ургамал мэт зүйл, өнгөгүй ууттай 16.8468 грамм жинтэй ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-д оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр алаг өнгийн ууттай 1.7876 грамм жинтэй ургамал мэт зүйл, өнгөгүй ууттай 16.8468 грамм жинтэй ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР