Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0242/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогч С.И,

Шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Т-н Ч-т холбогдох 2218000000271 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  овогт Т-н Ч /РД: ......./, ........оны ..... дүгээр сарын .....-нд ..... аймгийн ......... суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдүүдийн хамт ....... аймаг, ...... сум, .............. дүгээр баг ........... гэх газарт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгч Т.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Т.Ч-н өгсөн: Би С.И 200.000 төгрөг болон нэг ямаа өгч хохирлыг нь барагдуулсан. Улсын яллагчтай 500.000 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,   

Хохирогч С.И-н өгсөн: Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад:

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн: Хэрэг болсон гэх газар нь ..... аймаг .... сум ..... дүгээр баг ..... гэх газарт байрлах модон хаалт хашаа бүхий худаг байлаа. Худгийн ойр орчимд үзлэг хийхэд  худгаас урагш 400 метр зайд газар шороон дээр 120 см урттай хатсан модны мөчир байх ба уг модны мөчрийг Т.Ч хэрэг үйлдэхдээ ашигласан мод мөн гэж заасан тул хураан авав гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6/

20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... см урттай модны мөчирийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/

 

Хохирогч С.И-н өгсөн: 20..... оны ...... дугаар сарын .....-ны өдөр 17 цагийн орчимд манай гэрийн хажууханд байдаг худаг дээр манай саахалт айлын Т.Ч хонио услах гэж байгаа бололтой ганцаараа байсан. Би Т.Ч дээр очоод чи яагаад манай газар дээр ногоо тарьж байгаа юм бэ? тусгаарласан хашааг яагаад буулгачихсан юм бэ? гэж хэлж уурлаад замдаа таарсан жижигхэн бургасны мөчрөөр нуруу хэсэгт нь нэг удаа цохисон. Гэтэл Т.Ч ах газраас нэг бүдүүн мөчир аваад намайг гурван удаа цохисон. Ингэж цохиход нь би уг цохиж байгаа мөчрийг зүүн гараараа хаасан. Гэтэл сүүлийн цохилт буюу 3 дахь цохилт дээр нь миний зүүн гарын бугалга шалбарч цус гараад янгинж өвдсөн. Ингээд би гараа бариад газар суусан Т.Ч ах яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

Гэрч Ч.А-ын өгсөн: ...би 17 цагийн үед .... сумын 1-р баг ..... голын эрэг .... .... гэх газарт байрлах ногооны талбай дээр ажиллаж байтал хүмүүс хоорондоо маргалдаад орилоод байхаар нь харсан чинь манай найз С.И хөрш айлынхаа Т.Ч-тай маргалдаад нэгийгээ модоор црхиж байх шиг харагдсан. Тэгээд удалгүй Т.Ч хонио туугаад уул руу явсан. Харин С.И ах манай ногооны талбай дээр ирээд Т.Ч миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Ч.А-н өгсөн: ...газраас болоод сахалт айлын С.И ахтай маргалдаж биед нь гэмтэл учруулсан гэсэн. Би яг хажууд нь байгаагүй. Манай аав надад хэлэхдээ И ахтай маргалдаж улмаар И ахыг түрүүлж цохиход нь зөрүүлээд газар байсан бүдүүн модны мөчрөөр гар руу нь 3 удаа цохичихсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай С.И-н биед зүүн шуунд шарх, зүүн богтос ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/

20.... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай Т.Ч-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ч нь 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр 17 цагийн орчим ..... аймгийн ..... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэр ...... гэх газар иргэн С.И-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн гар орчимд модоор цохиж зүүн шуунд шарх, зүүн богтос ясанд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Т.Ч-ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.И-ын эрүүл мэндэд  зүүн шуунд шарх, зүүн богтос ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч С.И-ын “...Т.Ч нь надаас уучлалт гуйж надад учирсан хохиролыг барагдуулсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 62/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Т.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Т.Ч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ч-ын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 1 метр 20 см хэмжээтэй мөчирийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ч-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 1 метр 20 см хэмжээтэй модны мөчирийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөар болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР