Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

   2022         03         03                                  2022/ШЦТ/221

                                                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,           

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгч Ү.Д түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Дд холбогдох эрүүгийн 2009015620820 дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, А ТББ-ын тэргүүн ажилтай, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 16 а байрны 05 тоотод оршин суух хаягтай, Урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 123.750 төгрөгийн торгуулийн ял шийтгүүлж байсан ............./,

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ү.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төрийн бус байгууллагын тэргүүн гэх бөгөөд иргэдийг гадаад улсад эмчилгээний болон хөдөлмөр эрхлэхэд зуучлах эрхгүй атлаа иргэн Б.Б, Г.О нарыг гадаад улсад зайлшгүй шаардлагатай эмчлэгдэх өвчин эмгэггүй байхад эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 12 дугаар сарын 13, 16-ны өдөр нийт 6.000.000 төгрөгийг иргэн Т.Агийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллан Бүгд Найрамдах Солонгос улсын эмчилгээний визний материал бүрдүүлэн өгөх ажлыг хийж байхдаа эмчилгээ хийх шаардлагагүй хохирогч М.Дд БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж зохимол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилсан,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллан Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээний визний материал бүрдүүлэн өгөх ажлыг хийж байхдаа эмчилгээ хийх шаардлагагүй хохирогч Ч.Ад БНСУ-ын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5.000.000 төгрөгийг залилан авч нийт 23.5000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ү.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би залилах зорилгогүй байсан...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйл байхгүй...” гэжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Монгол улсад ажиллахаар цалин бага байдаг болохоор Бүгд Найрамдах Солонгос Улс руу ажиллахаар шийдээд Ү.Д эгчтэй уулзаж мөнгө өгсөн. Өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Өөр асуудал байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ү.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төрийн бус байгууллагын тэргүүн гэх бөгөөд иргэдийг гадаад улсад эмчилгээний болон хөдөлмөр эрхлэхэд зуучлах эрхгүй атлаа иргэн Б.Б, Г.О нарыг гадаад улсад зайлшгүй шаардлагатай эмчлэгдэх өвчин эмгэггүй байхад эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 12 дугаар сарын 13, 16-ны өдөр нийт 6.000.000 төгрөгийг иргэн Т.Агийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллан Бүгд Найрамдах Солонгос улсын эмчилгээний визний материал бүрдүүлэн өгөх ажлыг хийж байхдаа эмчилгээ хийх шаардлагагүй хохирогч М.Дд БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж зохимол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилсан,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллан Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээний визний материал бүрдүүлэн өгөх ажлыг хийж байхдаа эмчилгээ хийх шаардлагагүй хохирогч Ч.Ад БНСУ-ын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5.000.000 төгрөгийг залилан авч нийт 23.500.000 төгрөгийн хохирол учруулж тус тус залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Бийн өгсөн “... Би өөрийн эхнэр Оийн хамт Солонгос улс руу явж ажил хийхээр болж виз хэрхэн гаргуулах талаар асууж сураглаж байтал миний танил эгч “А” ТББ Солонгос улс руу виз гаргадаг талаар сонссон. Тэгээд “А” ТББ дээр 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэр очиж тухайн байгууллагын захирал Д гэх хүндтэй уулзаж “...Бид 2 Солонгос улс руу гарч ажил хийх гээд виз хөөцөлдөж байгаа...” талаараа хэлтэл Д нь “...Манай байгууллага нь Солонгос улс руу явж ажиллах хүмүүст ажлын виз гаргаж өгдөг, өмнө нь олон хүмүүсийн виз гарсан, та 2 хамтдаа хурдан явна гэж бодож байвал 10.000.000 төгрөг болно...” гэж хэлсэн. Тэгээд та 2 гэрлэлтээ батлуулсан уу гэж асуухаар нь батлуулаагүй байгаа гэж хэлтэл тэгвэл болохгүй, хэрвээ тус тусдаа явна гэвэл нэг хүний 8.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Ингээд эхнэр бид 2 зээл авч 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “А” ТББ-ын байранд очиж Дд бэлнээр өгсөн бөгөөд Д нь мөнгөө тоолж аваад үлдэгдэл мөнгөө хурдан өгөөрэй гэж хэлээд бид нартай зуучлалын гэрээ байгуулсан. Үүний дараа манай эхнэр О нь өөрийн Хас банкнаасаа 1.300.000 төгрөгийг А гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд Аг тухайн байгууллагын нягтлан гэж хэлж байсан. Үүнээс хойш үлдэгдэл 4.700.000 төгрөгийг мөн манай эхнэр О нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны данснаасаа мөн А гэх хүний данс руу шилжүүлсэн. Анх Д нь хэлэхдээ мөнгөө хурдан бүтээгээд өгчих юм бол 1 сарын дотор виз чинь гарна гэж хэлж байсан боловч гараагүй бөгөөд бидний зүгээс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дтай утсаар холбогдож юу болсон талаар асуухад одоо удахгүй болно, харин чи хуучин гэрээгээ аваад ир гэрээгээ шинэчилье гэж хэлэхээр нь гэрээгээ аваад очтол зээлийн гэрээ байгуулсан бөгөөд яагаад ингэж байгаа юм бэ гэтэл одоо бараг 14 хоногийн дараа гэхэд виз чинь гарна гэж хэлсэн бөгөөд нөгөө хуучин гэрээг эхнэр бид хоёрын нүдэн дээр урж хаясан. Тэгээд 14 хоносон ч виз гараагүй, нөгөө Д сүүлдээ бүр утсаа авахаа больсон бөгөөд нэг удаа холбогдохдоо виз чинь бүтэхээ байсан, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ч одоог хүртэл өгөөгүй...” гэх мэдүүлэг \1-р хх-25-26\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Оийн өгсөн “... Манай нөхөр бид 2 Солонгос улс руу явж ажил хийхээр болж, 2019 оны 12 дугаар сард “А” ТББ очсон бөгөөд тухайн байгууллагын талаар дам сонссон юм. Бид 2-ыг гэрлэлтийн баталгаа байхгүй гэхэд тус тусдаа гарах бол нэг хүн нь 8.000.000 төгрөг, нийлээд 16.000.000 төгрөг болно, хоёулаа явна гэвэл хурдан мөнгөө өгөөрэй гэж хэлж байсан. Үүнийх нь дагуу бид 2 мөнгөө өгсөн боловч одоог виз гараагүй, мөнгөө ч бүрэн төлж барагдуулаагүй. Д нь хэлэхдээ чи цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих, өргөдлөө өгөхгүй бол үлдсэн мөнгийг чинь өгөхгүй, чи шүүх цагдаагаараа яваад бол юм олж долоохгүй, харин чи эвтэйхэн байж байгаад үлдсэн мөнгөндөө виз гаргуулбал гаргуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг \1-р хх-н 32-33, 35-36, 2-р хх-ийн 21\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.А мэдүүлэхдээ “...Би Д гэх хүнтэй найзууд юм. Дгийн ажил дээр байж байхад Д нь надад хандан чиний дансаар мөнгө оруулаад авчихъя гэж хэлээд авсан бөгөөд яг хэдэн төгрөг орж гарсныг сайн мэдэхгүй байна. Дараа нь хэд хоногийн дараа ахиад мөнгө орж ирэхэд Д нь миний картыг ашиглаж гаргаж авсан. Би тухайн байгууллагатай ямар ч хамааралгүй, өөр ажил хийдэг хүн. Ү.Д нь “А” ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд тухайн байгууллага нь өвчтэй хүмүүсийг Солонгос улс руу эмчилгээнд явуулж өгдөг ажил хийдэг гэдгийг мэдэж байсан. Би тухайн хүмүүсийн мөнгөнөөс огт авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Өийн өгсөн “...Ү.Д нь олон хүнд өртэй юм шиг байна лээ. Ямартай ч тэдний гэрийг шөнөөр үл таних 2 залуу нүүлгэж байсан ба би тэд нараас Дгийнх хаашаа нүүж байгаа юм бол гэж асуухад Говь-Алтай гэж хэлж байсан. Ер нь гэртээ байдаггүй. Гэрээр нь хүмүүс ирж маш их хайдаг, тэдгээр хүмүүс хэлэхдээ Солонгос явуулж өгнө гэж хэлээд хүмүүсээс мөнгө авсан гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/-р тал,

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Г.Б, Ү.Д нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 18-19/-р тал,

Хас банкны 5002653302 дугаартай Г.Оийн данснаас Хаан банкны 5111373095 дугаартай А гэх хүний данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн тухай, мөн данс руу Оийн данснаас 4.700.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт /1-р хх-ийн 20, 49-55/-р тал,

  “А” ТББ-ын хуулийн этгээдийн лавлагаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 1/1761 дугаартай албан бичгээр “...А ТББ нь Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл авахаар хандаж байгаагүй болно...” гэх албан бичиг /1-р хх-ийн 47/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Аын өгсөн “...Манай хамаатны охин Ш надад хандан 10.000.000 төгрөгөөр Д гэх хүүхэн эмчилгээний журмаар виз гаргаж өгдөг гэж хэлсний дагуу би Дтай уулзахад хүүхэд эмчлүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай виз 10.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсний дагуу би урьдчилгаа 5.000.000 төгрөгийг шилжүүлж гэрээ байгуулсан. Үүнээс хойш виз гарахгүй 1 сар болчихоор нь би Дтай холбогдож мөнгөө авах талаар хэлэхэд маргааш өгнө, маргааш гэж явсаар сүүлдээ өгнө л гэдэг болсон. Би виз гарчихвал очоод харлаж ажил хийнэ гэдгээ Дд хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/-р тал,

Хохирогч Ч.Аын Хаан банкны 5042431986 дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 48-66/-р тал,

2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн зуучлалын гэрээ /2-р хх-ийн 67-68/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Дгийн өгсөн “...Миний найз Ш гэх охин Д гэх хүнээр дамжуулан Солонгос улс руу 3 сарын хугацаатай яваад ирсэн. Ингээд Д гэх хүнтэй уулзахад Штай адилхан аргаар гарч болно, бичиг баримт нь бэлэн байна, чи мөнгөө хурдан өгчихвөл 90 хоногийн дотор виз чинь гарна гэж хэлэхээр нь би өөрт байсан 2.500.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 02 сарын хугацаанд Дг хүлээсэн боловч ор сураггүй болчихоор нь холбогдож мөнгөө авъя гэхэд одоо чиний мөнгө байхгүй, өөр хүнтэй гэрээ байгуулахаар чиний мөнгийг өгнө, чиний визийг гаргах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч цаас канондоогүй, гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88/-р тал,

Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №10/4667 дугаартай “...Танай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26иа2/8257 албан тоотод дурдсан хилийн чанадад эмчилгээ хийлгэж буй иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрхийг нь хамгаалах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой “А” ТББ болон иргэн Үүрцайхын Д /РД:ДЕ78033003/-тай манай байгууллага хамтран ажиллаагүй болно...” гэх албан бичиг /2-р хх-ийн 134/-р тал,

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3/5559 дугаартай “...Танай хэлтсээс ирүүлсэн “А” ТББ болон Үүрцайхын Д нь Эрүүл мэндийн яамтай хилийн чанадад эмчилгээ хийлгэж буй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг эсэх талаарх танай албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” А/370 дугаар тушаалаар, 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/206 дугаар тушаалуудын дагуу өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт гаргах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тус яамнаас зохион байгуулдаг. Тус яам нь төрийн бус байгууллага болон хувь иргэнтэй хилийн чанадад эмчилгээ хийлгэж буй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажилладаггүй болно...” гэх албан бичиг /2-р хх-ийн 135/-р тал,

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ний А/206 дугаартай тушаал /2-р хх-ийн 152-154/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ц мэдүүлэхдээ “... Эрүүл мэндийн яам нь гадаад улсад өвчтөн гаргах тал дээр хувь болон ТББ-тай хамтран ажилладаггүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 169-170/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ү.Д яллагдагчаар мэдүүлэхдээ “...Хохирогч А, Д, Б, О нар нь гадаад улсад анхнаасаа ажиллах зорилготой арга, чарга байна уу гэж асуух сураглаж байсан. Тэгэхээр нь би Солонгос улсад очиж оношилгоо хийлгээд визний хугацаанд ажиллах, үргэлжлүүлэн харлах боломжтой гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 190/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Ү.Д нь эрх олгогдоогүй баталгаагүй үйл ажиллагаа явуулж, нэр бүхий хохирогч нарт Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Ү.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Ү.Дг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Ү.Д нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт Солонгос улсын виз гаргаж өгч чадна гэсэн итгэл үнэмшлийг “А” гэх төрийн бус байгууллагад тулгуурлан төрүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч Ү.Дгийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Ү.Д нь анхнаасаа хохирогч нарт виз гаргаж өгөх эрх, боломж, бололцоо байхгүй гэдгээ өөрөө мэдсээр байж, гаргаж өгч чадна гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ү.Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ү.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь  4-12 насны 5 хүүхэдтэй бөгөөд одоогийн байдлаар Говь-Алтай аймагт байгаа бөгөөд тус аймгийн уугуул иргэн, ирэн очин байдаг. Мэргэжил боловсролын хувьд сэтгүүлч мэргэжилтэй дээд боловсролтой. Анх өөрийн хүүхэд буюу 2 ихэр хүүхдийн нэг нь өвчлөөд гадаад улс руу эмчилгээний зорилгоор яваад энэ нөхцөл байдлаа хүмүүст тусалж зөндөө сайн үйл хийсэн бөгөөд төлбөрийн чадваргүй хүмүүст ч гэсэн туслаад улсын 1 дүгээр эмнэлэг, 2 дугаар эмнэлэг, 3 дугаар эмнэлэгтэй хамтран ажиллаад тусламж үзүүлээд тоног төхөөрөмж бэлэглэсэн гэх үйл ажиллагаа явуулсан. Гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлын хувьд эмчилгээ оношилгооны зорилгоор хүмүүсийг гаргадаг, урд нь болохоор 178 хүний визийг гаргаж Солонгос улсын эмнэлэгтэй зуучилж өгч гаргасан байдаг. Хохирогчийн хувьд мөн адил виз гаргаж өгсөн хүний танил бөгөөд энэ хүнээр виз гаргуулна гэх байдлаар хандсан. Гэвч хохирогчийн зорилго тухайн улсад очоод ажиллах байсан. Яагаад хэрэг буруугаар эргэсэн бэ гэвэл ковидтой холбоотойгоор зогссон. Хохирогч нь өнөөдрийн байдлаар мөнгөө бүхэлд нь авч чадаагүй миний үйлчлүүлэгч нь 16.000.000 төгрөгөөс 10.720.000 төгрөг төлсөн байгаа. 2 хохирогчийн төлбөрийг 100 хувь төлсөн байдаг. Эхэндээ маргаж байсан боловч миний буруу гэж буруугаа ойлгосон. Шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн тал дээр маргаагүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчид 1.000.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогч болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Ү.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Дд торгуулийн ял шийтгэж өгнө үү гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй шүүхээс үзлээ.

Учир нь шүүгдэгч Ү.Д нь залилах гэмт хэргийг 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар хохирогч нарт учирсан бодит хохирлыг бүрэн гүйцэт нөхөн төлж барагдуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ү.Дд шүүхээс торгуулийн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд тэрээр тухайн торгуулийн ялыг ямар эх үүсвэрээр хэрхэн төлж барагдуулах нь тодорхойгүй, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой бус, нөгөөтээгүүр хохирол төлөгдөөгүй байхад шүүхээс торгуулийн ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүйн дээр хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Залилах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Ү.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 05 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооноос гарч явахыг хориглож, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ү.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч Ү.Дгийн хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад

Шүүгдэгч Ү.Дгаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон нийт 5.250.000 төгрөгийг албадан гаргуулж, хохирогч Б.Бид олгож, шүүгдэгч Ү.Д нь энэ хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ү.Дд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж байгаа нь түүнд итгэл хүлээлгэх замаар нийгэмд зөв зүйтэй ухамсраар ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг олгож байгаагийн нэг хэлбэр мөн бөгөөд цаашид шүүгдэгч Ү.Д нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хуулиар тогтоосон нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг өөрийн амьдралд хэвшил болговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү. Дг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд 01 /нэг/ жил, 05 /тав-/н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооноос гарч явахыг хориглож, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгаас нийт 5.250.000 /Таван сая хоёр зуун тавь/-н мянган төгрөгийг албадан гаргуулж, хохирогч Б-д олгосугай.

6. Шүүгдэгч Ү.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР