Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/348

 

             

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  И.Номин,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт С ийн О т холбогдох эрүүгийн 2109 01170 0509 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй З  овогт С ийн О  /РД:... /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.О нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед ... тоотод хохирогч Д.Х тай газрын асуудлаас болж маргалдан нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.О нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед ... тоотод хохирогч Д.Х тай газрын асуудлаас болж маргалдан нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Х ын өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ... тоотод байрлах хашаандаа засвар хийж байсан бөгөөд тухайн өдрийн 16:30 цагийн үед манай хөрш айлын 45-50 орчим настай 165-170см орчим өндөртэй эрэгтэй хүн гэрээсээ гарч ирээд намайг хашааныхаа цаад талаас мөргөсөн... миний уруул руу толгойгоороо мөргөөд дээд уруулыг сэтэлсэн. Мөн миний дээд үүдэн шүд хөндүүртэй байгаа бөгөөд намайг мөргөснөөс хойш хөдөлчихсөн. Тэгээд тухайн эрэгтэй хүн баруун гараараа зүүн чамархай дээд хэсэг рүү цохисон. Өмнө нь 2020 оны 8 сард тухайн хүнтэй газрын асуудлаас болж маргалдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Байгалмаагийн өгсөн “...Манайх 2006-2007 оны үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн эцэст зуслангийн газар авч байсан. Тэрнээс хойш ерөөсөө газар дээрээ очихгүй байж байгаад 2021 оны зун гэр бариад агаарт байсан. Тэгээд нөхөр О  бид 2-ыг байхгүй үед 2 хүүхдийг байхад хажуу айлын эрэгтэй орж ирээд хашаанд гурилаар тэмдэг тавиад байна гэж хэлсэн. Тухайн үед бид нар нээх юм тоогоогүй, гайхаад өнгөрч байсан. Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр О ын хамт гэртээ амарч байсан. Тэгээд би жорлонд бие засаж байтал нэг эмэгтэй хүн хашхираад “нөхрөө аваач ээ” гэхээр би гараад хашааны ард хэмжилт хийгээд байгаа юм шиг байсан. Хажуу айлын эрэгтэйн цэнхэр өнгийн маск нь бага зэргийн цус болсон байсан. Яг юу болсон талаар хараагүй. Өмнө нь 2 хүүхэд байхад “манай газар гээд гурилаар тэмдэг тавиад байсан, төмөр хашаа зөөсөн байсныг хараад манай нөхөр тэсээгүй цохисон юм шиг байна лээ”...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8709 дугаартай “...Д.Х ын биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр хэрэг болсон үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/-р тал,

Хохирогч Д.Х ын гаргасан “...Миний бие С.О т ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 91 /-р тал,

Шүүгдэгч С.О ын “... Хохирогчтой сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 94/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч С.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч С.О т холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч С.О ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч С.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З  овогт С ийн О ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР