Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 345,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхзаяа, Б.Оргилбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ж.Сайнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

                                                                                                                    

  ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

            Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.А  нь 2016 оны 7 сарын 8-ны өдөр Б.Сангидоржтой нэг сарын хугацаатай буюу 2016 оны 8 сарын 8-ны өдрийг хүртэл 7 хувийн хүүтэйгээр 220,000,000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Дээр дурдсан зээлийн гэрээний дагуу зээлээ эргүүлэн төлөх хугацаа өнгөрсөн ч Б.С нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөхгүй байсан тул Ж.А  нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар Б.Сангидоржид мэдэгдэл хүргүүлж, удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд 2016 оны 7 сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 220,000,000 төгрөг, хүү 15,400,000 төгрөг, алданги 110,000,000 төгрөг буюу нийт 345,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу Б.Сангидоржоос гаргуулах шаардлага гаргаж байна.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баяраа овогтой С нь Ж.А аас ямар ч мөнгө зээлээгүй бөгөөд иргэн Ж.А ын хүсэл сонирхол, тулган шаардлагын улмаас зээлийн гэрээ байгуулах гарцаагүй байдалд орсон. Учир нь тухайн үед Б.Сангидоржийн дүү Б.Батбилэг, Ж.А  нар нь хоорондын маргаантай асуудлаас болж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Тухайн үед Б.Батбилэг нь ХБНГУ руу хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах албан ажил гарсан. Гэтэл цагдаагийн байгууллагад шалгуулж байсан учир Б.Батбилэгт гадагшаа гарах хилийн хориг тавигдсан байсан. Б.Батбилэг ХБНГУ руу явахын тулд Цагдаа, Прокурорын байгууллагад хүсэлт, тайлбар гаргасан боловч Ж.А аас хилийн хориг цуцлахыг зөвшөөрсөн хүсэлт ирүүлэхийг шаардсан байсан. Б.Батбилэг Ж.А т дээрх нөхцөл байдлыг тайлбарлан хилийн хориг цуцлуулах хүсэлтийг бичиж өгөхийг хүсэхэд Ж.А  зөвшөөрөөгүй. Ж.А  Б.Батбилэгийг ХБНГУ-аас буцаж ирэх баталгаа хэрэгтэй,яваад алга болчихвол би яах вэ гэж хэлсэн байсан. Үүнийг Б.Батбилэг Б.Сангидоржид тайлбарлан хэлэхээр нь ах нь баталгаа нь болъё гээд Ж.А тай очиж уулзаж дүүгээ буцаж ирэхийг нь батлан дааж байна гэсэн бичиг хийж өгье гэтэл Ж.А  таны хоосон баталгаа хэрэггүй, харин надтай зээлийн гэрээ хий гэж тулгасан. Хийхдээ бүр 500 сая төгрөгийн зээлийн гэрээ хийнэ гэсэн. Танай дүү Герман яваад алга болчихвол яах вэ, үнэхээр л ирэх юм бол мөнгөний дүнд нь юунд санаа зовоод байгаа юм бэ гэсэн. Тэгэхэд нь Б.С гайхаж гэрээ хийсний дараа чи энэ мөнгөө надаас нэхвэл би яах вэ гэтэл энэ гэрээ зөвхөн дүүг чинь Германаас буцаж ирэхэд баталгаа болгож хийж байгаа гэрээ юм. Хэрэв энэ гэрээг хийхгүй гэвэл би хилийн хориг цуцлуулах тухай хүсэлт бичиж өгөхгүй гэсэн. Б.Сангидоржийн дүүгийн хувьд тухайн гэрээг зөвшөөрөхгүй Ж.А тай их маргалдсан. Гэтэл Ж.А  нь дахин ийм гэрээ хий, дээр нь 10 сая төгрөг өг, үгүй бол зөвшөөрөхгүй гэж гэрээ хийхээс өөр аргагүй байдалд оруулсан. Тухайн хөрөнгө оруулалтын ажилд Б.Батбилэг маш их цаг хугацаа зарцуулж, Герман явж хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах цаг хугацаа нь тулчихсан байсан болохоор энэ тулган шаардалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Мөн Б.Батбилэгийн Германы виз гарчихсан, онгоцны билет бичүүлчихсэн, ХБНГУ-ын хөрөнгө оруулагчтай уулзах уулзалтын товоо тохирчихсон байсан тул энэ гэрээг хийхээс өөр аргагүй болж Ж.А т бэлнээр 5 сая төгрөг өгч 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй 220 сая төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ энэ гэрээний гол зорилго нь дүүгээ Монголд буцаж ирнэ гэсэн баталгаа болгож хийж байгаа гэрээ гэж Б.С ойлгосон. Дүү Б.Батбилэг нь тухайн хугацаандаа явж ирээд, одоо ч Монголдоо байгаа болохоор Б.С энэ гэрээг хүчингүй болсон гэж ойлгосон. Гэтэл чив чимээгүй байж байгаад ийм нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.А  нь хариуцагч Б.Сангидоржид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 345,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ж.А  болон Б.С нарын хооронд 2016 оны 7 сарын 8-ны өдөр “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-4 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.А  нь Б.Сангидоржид 220,000,000 төгрөгийг 2016 оны 7 сарын 8-ны өдрөөс 2016 оны 8 сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.С нь зээлсэн мөнгийг 2016 оны 8 сарын 8-ны өдөр Ж.А т буцаан төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгийг гэрээнд заасан хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад “2016 оны 7 сарын 7-ны өдөр Ж.А аас Б.Сангидоржид 220,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн” гэж заасан, мөн гэрээний арын нүүрэнд “2016 оны 7 сарын 8-ны өдөр 220,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгөв” гэсэн гараар бичсэн тэмдэглэгээ хийж Ж.А  болон Б.С нар гарын үсэг зурсан байх боловч Ж.А  нь Б.Сангидоржид 2016 оны 7 сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 220,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, уг 220,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь Ж.А  болон Б.Батбилэг, С.Үүрцайх нарын хооронд үүссэн мөнгөний асуудалтай холбоотой болох нь шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Б.Батбилэгийн мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 3 сарын 26-ны өдрийн 20 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ын хуулбар /хх-73,74/, шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан, нэхэмжлэгч нь 2016 оны 7 сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид 220,000,000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа тухайн зээлийн гэрээний зорилго нь өөрийн дүү Б.Батболдыг Монгол Улсад буцаж ирэх баталгаа болгож хийж байгаа гэрээ гэж ойлгосон гэсэн байх тул уг гэрээг батлан даалтын гэрээний шинж агуулж байгаа гэж үзэх үндэслэлтэй гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг гаргасан,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчлөөгүй, мөн хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт тухайн зээлийн гэрээний зорилго нь өөрийн дүү Б.Батболдыг Монгол Улсад буцаж ирэх баталгаа болгож хийж байгаа гэрээ гэж ойлгосон гэж дурдагдсанаар талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.А ын хариуцагч Б.Сангидоржид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 345,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.А ын хариуцагч Б.Сангидоржид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 345,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 сарын 8-ны өдөр урьдчилан төлсөн 1,884,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР