Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0230/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Л.Э-н өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М отог овогт Б-н Г, Е овогт Э-н О, М овогт Л-н Э нарт холбогдох эрүүгийн 2218000000230 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, М О овогт Б-н Г /РД: .........../, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, ..... ХХК-нд эсгүүрчин ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ..... аймгийн ..... сумын ..... дүгээр баг, ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол Улсын иргэн, Е овогт Э-н О /РД:......../ ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ...... хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ..... ХХК-нд гоо сайхны зөвлөх ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ..... аймгийн ...... сумын ....... дүгээр багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

3. Монгол Улсын иргэн, М овогт Л-н Э /РД:......./ ........ оны ...... дугаар сарын ..........-ний өдөр ....... аймгийн .......... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, хувиараа ачааны машин барьдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... аймгийн ........ сумын ........ дугаар баг, ...... дүгээр хороолол, ..... дугаар байрны ..... тоотод сршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-н өгсөн: Прокурортой 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 хуваагаад төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О-н өгсөн: Хохирогчид хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт 1,700.000 төгрөг төлсөн. 500.000 төгрөгийн торгох ялыг 5 хуваагаад сард 100.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э-н өгсөн: Г.Б-г цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Прокурортой 500,000 төгрөгийн торгох ялыг 5 хуваагаад төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

Хохирогч Н.Т-н өгсөн: ..... аймгийн ...... сумын ..... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ..... нэртэй бааранд зөөгчөөр ажилладаг. 20..... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ажил дээрээ байж байтал 23 цаг 20 минутын үед манай бааранд үйлчлүүлж байсан 9, 8-р ширээнд сууж байсан хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн. Би салгах гээд очтол 9 дүгээр ширээнд сууж байсан улаан фудболктой ах маргалдаж байсан нэг хүнийг нь цохих гэж байгаад андуураад миний нүүр рүү пивоны шилээр цохичихсон. Миний баруун нүдний хөмсөгний доор сэтэрч 3 оёдол тавиулсан. Мөн баруун хацар дотогшоо хонхойгоод орчихсон. Намайг зодсон хүмүүс надад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6, 8/

Хохирогч Ц.Н-ы өгсөн: 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр би найз Э, У нарын хамт ...... сумын ..... дүгээр багт байрлах ..... бааранд ороод 1 шил архи, нэг, нэг пиво авсан. 23 цаг 10 минутын үед бид нар гадаа гарч тамхи татаж байгаад У бид хоёр түрүүлээд орсон. У ширээн дээрээ суугаад, би бүжгийн талбай дээр бүжиглэж байтал У над дээр ирээд Э хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Гэтээд У, Э хоёр нөгөө зодсон гээд байсан хүмүүсийн ширээ рүү явсан. Би араас нь очоод ширээнийх нь урд зогсож байтал тэр ширээнд сууж байсан хүмүүс босч ирээд манай найз нар болох У, Э хоёр руу дайраад зодолдож эхэлсэн. Э-г нэг ширээний хажууд доош нь суулгачихсан, нэг цагаан майктай эрэгтэй хүн зодож байхаар нь би түүнийг авах гээд татаж байтал миний толгой руу нэг хар хувцастай эмэгтэй архины шилээр цохьчихсон. Түүнд цохиулснаас болоод миний духнаас цус гарч эхэлсэн ба би цусаа дараад тонгойгоод байж байтал ширээнд сууж байсан нэг улаан цамцтай залуу нь миний хажуугаар гарахдаа тохойгоороо цохьчихоод цаашаа явсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Хохирогч Г.Б-н өгсөн: Би 20... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ..... бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай найз Б нэг махлаг биетэй, хар ханзаазтай залуутай маргалдахаар нь би салгаад ширээн очиж сууцгаасан. Гэтэл нөгөө залуу өөр хоёр залуутай хамт ирээд гарч уулзая гэсэн. Уулзах гээд бостол шууд зодолдоод эхэлсэн. Би тэр үед хар хантаазтай, бондгор залуутай зодолдсон, би зөвхөн тэрнийг л цохисон. Өөр хүн цохиж зодоогүй. Тэр залуу бас зөвхөн надтай л зодолдож, над руу л дайрч байсан. Тэр үед би өөрөө хүнтэй зодолдоод уурлачихсан, хүн рүү дайрч байсан болохоор өөр хаана, хэн зодолдож байгааг би анзаараагүй. Юу болсныг мэдэхгүй байна. Тэр хар хантаазтай бондгор залуу бид хоёр гараараа л цохилцож зодолдсон. Тэр залуу миний нүүр рүү цохисон. Би бас тэр залуугийн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Би тэр залуутай зодолдоод дууссаны дараа би тэр баарны эзэнтэй маргалдаад тэрэнтэй бас хэд хэдэн удаа цохилцсон гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Хохирогч Э.А-н өгсөн: ..... аймгийн ..... сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ..... нэртэй бааранд зөөгчөөр ажилладаг. 20... оны .... дүгээр сарын ....-ний өдөр би ажил дээрээ байж байтал 23 цаг 20 минутын үед би ширээн дээрх бохироор хаячихаад эргээд иртэл үүдний 9-р ширээний хажууд 3 эгч, хэдэн ах нартай маргалдаж байсан. Тэнд байсан 3 эгчийн саарал цамцтай эгч нь tiger пивоны шил, хар цамцтай эгч нь Eden архины шил барьчихсан байхаар нь би тэд нар дээр очоод эгч нараа наад шилнүүдээ тавьчихаа гэж хэлсэн чинь миний үгийг аваагүй. Тэгж байтал хойно нэг цагаан цамцтай ах, саарал фудболктой ахыг зодоод эхэлсэн. Тэр хүмүүс цаашаа зодолдоод явахаар нь би салгах гээд зууралдаад явж байтал нэг хүн намайг түлхээд унасгасан. Манай нэг ажилтан намайг татаад босгосон. Намайг салгах гээд  очиход үс нь шар сортой эгч намайг чи зайл л даа гээд түлхэж унагаагаад нүүр рүү өшиглөөд бас цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Ж.У-н өгсөн: 20.... оны .... дүгээр сарын .....-ний өдөр 19 цагийн үед би найз Л.Э, Ц.Н хоёртой хуучин ..... байдаг ..... нэртэй бааранд орж 1 шил 0.75 литрийн архи, нэг нэг пиво авч уусан. Намайг ширээн дээрээ сууж байтал гаднаас Л.Э хамар амнаас нь цус гарчихсан, чихнээс нь цус гарчихсан ирээд энд нойлын хажууд хэдэн хүн намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.Н бид хоёр тэр хүмүүстэй очиж уулзъя гээд ширээн дээр нь очоод “та нар яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ” гээд асуусан чинь тэр хүмүүс ямар ч үгийн зөрүүгүй бид нар луу дайраад босоод ирсэн. Тэгэхээр нь би тэр хүмүүстэй үгээ ололцохгүй юм байна гэж бодоод тек рүү нь очоод цагдаа дууд гэж хэлэх гээд явсан чинь араас бүгд архи пивоны шил бариад босч ирээд, хамгийн түрүүнд ширээний хажууд байсан хүнийг цохиод, тэгээд тэнд байсан хүмүүсийг шууд цохиж зодоод эхэлсэн. Тэр хүмүүс бүгд шилтэй босч ирээд гадуураа хар хувцастай, намхан биетэй эмэгтэй нь пивоны шилээр манай найз Ц.Н-ы толгойруу шилээр цохисон.  Тэр ширээнд байсан хүмүүс бүгд Л.Э-г ширээн доогуур оруулчихсан зодож байхад нь Ц.Н бид хоёр салгах гэж очоод бас зодуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч Д.У-н өгсөн: Би 20… оны ..... дүгээр сарын ....-ний өдөр манай нөхөр Б.Г бид хоёр орой найз Г.Б, Э.О нартай 22 цагийн орчим гэрээсээ гарч ..... баар руу орсон. Бааранд орохын өмнө үүдэн дээр Л.О-н найз Ц, Г.Б-н найз З хоёр ирээд бид зургаа хамт дотогшоо ороод, нэг ширээнд сууцгааж 1 шил 0.75 литрийн архи, 6 пиво, ус ундаа авч архи, пивоо уугаад суусан. 23 цагийн үед бүжгийн талбай дзэр бүжиглэж байсан чинь нэг хар өнгийн хантаазтай танихгүй залуу бүжгийн талбай дээр Заяатай муудалцаад үүд рүү явж байсан. Удалгүй нөгөө маргалдаад байсан залуу нь хоёр эрэгтэй хүн дагуулж ирээд “гарч зодолдъё” гэж хэлсэн. Нэг мэдсэн тэд нар хоорондоо зодолдож эхэлсэн. Нэг харсан чинь Г.Б цустайгаа холилдчихсон газар уначихсан, түүний хажууд нөгөө хар хантаазтай залуу Э.О-тэй газар уначихсан ноцолдож байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн хөл рүү нь өшиглөөд “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, яасан муухай юм бэ” гэж хэлсэн чинь Э.О тэр залуу хоёр салсан. Тэгэхээр нь би Г.Б-г татаж босгоод текний хажуу талын хөргөгчний урд зайнд суулгаад, цусыг нь тогтоох гээд оролдсон. Удалгүй цагдаа нар ирсэн. /хх-ийн 30/

Гэрч М.Э-н өгсөн: ...З бид хоёр гадаа тамхи татаад зогсож байтал нэг хар хантаазтай залуу хажуугаар гарахдаа З-г мөрлөсөн. Тэгтэл З чи яагаад байгаа юм бэ гэхээр нь би З-д хандаж хүнтэй муудалцахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дотогшоо ороод бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал нөгөө хар хантаазтай залуу дахиж ирээд З-г мөрлөсөн чинь тэр хоёр муудалцаад барилцаж авсан ба Г.Б бас тэр залуу руу дайраад эхлэсэн. О, У бид гурав тэд нарыг салгаад сууцгаая гээд бид хэд ширээн дээрээ сууцгаасан. Тэгээд бид нар ширээн дээрээ ирээд удаагүй байтал нөгөө хар хантаазтай залуу чинь өөр хоёр залуутай цуг манай ширээн дээр ирээд “хөөе гараад ир дээ, гараад үзчихье” гэхээр нь би урдуур нь ороод “та нар одоо боль” гэж хэлээд гараа алдлаад зогссон чинь юу юугүй л ард урдаас дайраад зодоон болоод эхэлсэн. Тэгээд л энд тэнд хүмүүс бужигнаад, хаана зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би Г.Б-г хайсан чинь сандал, хөргөгч хоёрын завсар Г.Б ороод хэвтчихсэн, дээр нь нөгөө хар курткатэй залуу, бас баарны зөөгч 2 гарчихсан хэвтэж байхаар нь би тэр зөөгчийг татаж холдуулаад, найз Г-г тэр хар хантаазтай залуугаас холдуулчихаад тек рүү очиж нөгөө миний татаж холдуулсан зөөгч хүүг гайгүй байна уу гээд харсан чинь нөгөө хүү ширээ дэрлэчихсэн, царай нь сонин болчихсон байхаар нь би тэр бармен хүүхэнд “түргэн дуудаач ээ, энэ хүүхэд чинь сонин болчихсон байна” гэж хэлчихээд цаашаа яваад найз нараа хайсан чинь байхгүй байсан. Тэгтэл Б.Г, З нар ширээн дээрээс хувцаснуудаа аваад гараад явчихсан юм билээ, удалгүй Цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч Н.Б-н өгсөн: Би 20… оны ..... дүгээр сарын .....-ний өдөр 22 цагийн үед ..... сумын .....-р баг ..... .....-р байрны гадна явж байгаад урьд өмнө нь хамт ажилладаг байсан Б гэж залуутай тааралдсан. Б тухайн үед эхнэртэйгээ, бас миний танил Г эхнэртэйгээ, бас миний зүс таних Ц гэдэг эмэгтэйтэй хамт явж байсан. Тэгээд бид нар хамт .... баар луу орсон. Бид нар бааранд ороод архи, пиво захиалж уугаад суусан. Тэгж байгаад Ц /Э/ бид хоёр гадаа гарч тамхи татаад зогсож байсан чинь нэг хар хувцастай залуу намайг мөрлөснөөс болоод бага зэрэг маргалдсан. Цацаа боль боль гээд, бид хоёр цуг дотогшоо орсон. Бид нар бүжгийн талбай дээр гараад бүжиглээд байж байтал нөгөө гадаа маргалдаад байсан хар хувцастай залуу хойноос мөрлөөд байхаар нь би тэр залуутай маргалдсан чинь хамт явж байсан хүмүүс боль гээд салгасан. Тэгэхээр нь бид нар ширээн дээрээ ирээд байж байтал нөгөө хар хувцастай залуу 2 залуутай хамт манай ширээн дээр ирээд гараад үзьчихэе гээд байсан. Ц, Гэ-н эхнэр 2 босоод больцгоо гэсэн чинь шууд зодоон эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч Л.Б-н өгсөн: 20.... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр баараа ажиллуулаад, өөрөө камерынхаа өрөөнд хяналтаа тавиад сууж байтал бааранд сууж байсан хүмүүс гэнэт зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад баар луу гүйгээд ортол нэг махлагдуу хүүхэн пивоны шил бариад хүн цохих гэж байхад нь би шилийг нь булааж аваад ширээн дээр тавьсан. Тэгэхэд цагаан майктай залуу нэг залууг ширээний буланд доошоо унагаачихсан зодож байсан. Тэр цагаан майктай залууг хүмүүс салгаад холдуулсан чинь буцаад дайраад байхаар нь би тэр хүн рүү очиж араас нь тэврээд үүдний текний хэсэгт аваачсан. Цагаан майктай залуугийн нүүр ам нь нилээн их цус болчихсон, хамраас нь цус гарч байсан.  Би тэр залууг тэврээд зогсож байсан, тавихаар буцаад нөгөө хүмүүс рүүгээ дайрах гээд байсан. Гэтэл намайг элдвээр хэлж доромжлохоор нь миний уур хүрээд нүүр рүү мөргөөд 2, 3 удаа цохисон. Миний нүүр рүү 2, 3 удаа цохисон. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Манай бааранд эвдэрсэн зүйл байхгүй. Харин зодоон болсноос болж үйлчлүүлж байсан хүмүүс тооцоо хийгээгүй гараад явцгаачихсан гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

20.... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн ..... сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .... баарны дотор хяналтын камерын бичлэгт бүжгийн талбай дээр Э.О, Д.У, М.Э, Н.Б, Г.Б нар бүжиглэж байх үед Л.Э очин ямар нэгэн юм хэлснээр анх маргаан эхэлж байна. Л.Э нь Н.Б-тай барьцалдаж авах ба энэ үед Э.О, Д.У, М.Э нар дундуур нь орж салгаж байх ба Г.Б нь Л.Э-ын хойноос татаж, Л.Эр Г.Б хоёр барилцан, Г.Б нь Л.Э-ыг цохих мэт үйлдэл гаргаж байна. Энэ үед Э.О, Д.У, М.Э нар салгаж байх ба 23 цаг 33 минутад Б.Г, Н.Б, Г.Б нар ширээндээ эргэн эрж сууж байна. ...Э, Улаанхүү, Н нар тэдний ширээний ойролцоо ирэн ямар нэгэн юм ярилцаж байгаад Н нь ширээний зүг хандан гараараа даллан дуудаж байна. Үүний дараа өөрсдөө ширээ лүү очиж ямар нэгэн юм ярьж, маргалдсан байдалтай байх бөгөөд Д.У, М.Э нар дундуур нь орон салгаж байна. Энэ үед цаана сууж байсан Э.О архины шил барин босч ширээ тойрон ирж Л.Э-г цохих гэж оролдох ба Ц.Н, М.Э хоёр түүнийг татан салгаж байна. ...Буйдан дээр сууж байсан Э.Г бор өнгөтэй пивоны шил барин босч ирээд Л.Э-ыг цохих гэж далайхад Л.Э нь хажуу тийш болоход түүний хойно зогсож байсан зөөгч Т-н нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж байна. Нүүрэндээ пивоны шилээр цохиулсан зөөгч Т нүүрээ даран цааш бүжгийн талбайн хойд хэсэг рүү явж байна. Энэ үед Б.Г-г У 1 удаа нүүрэн хэсэгт нь цохих ба түүнийг Ц.Н хойноос нь татаж барихад Ц.Н-ы нүүрэн хэсэгт Н.Б цохиж байна. Ингээд Н.Б нь Ц.Н-г цааш түлхэн унаж байна. Э.О нь буйдангийн ард байх Г.Б-г татаж босгохоор оролдож байгаад өөрөө доош орж байна. Г.Б нь ширээний араас босож Л.Э-г ширээний буланд шахан, газарт унагааж дээр нь гаран цохиж байх ба, түүний хажууд Э.О хамт газар унан ноцолдож байгаа байдал бичигдсэн ба Г.Б-г үл таних 2 хүн татаж босгон цааш ширээнийх нь зүг авч явж байна.

....Ц.Н бармений ширээний урдаас цааш бүжгийн талбай руу очиж газраас малгайгаа аваад эргэж ирэн Л.Э-г татаж босгох мэт үйлдэл хийх ба энэ үед хэн болох нь харагдахгүй хүн сандлын араас доороос нь Ц.Н-ы дух хэсэгт цохих ба Ц.Н цохиулаад духаа дарж эргэж харан доошоо харж, цусаа гараараа даран гуйваад явж байх үед Н.Б Ц.Н хажуугаар гарах үедээ эрүүн тус газарт нь тохойгоороо 1 удаа цохичихоод үүдний хэсэгт ирж байна. Ц.Н духны цусаа гоожуулсаар бие засах газар луу орсон. ....Г.Б-н хамар, амнаас цус гарсан байдалтай байх ба түүнийг бүжгийн талбайн ойролцоогоос .... баарны эзэн Л.Б тэвэрч үүдний бармений ширээний урд авч ирж зогсох ба энэ үед Г.Б нь дайрч байх ба, түүний духны баруун хэсэг зулгарч цус гарсан, хамраас их хэмжээний цус гарсан байдалтай байна. Яг энэ үед Н.Б нь уг бааранд үйлчлүүлж байсан өөр нэг иргэнтэй маргалдаж ноцолдож байхыг харсан Г.Б нь баарны эзэн Л.Б-тай муудалцаж баарны эзэн Л.Б нь Г.Б-н нүүрлүү 1 удаа мөргөж, 4-5 удаа цохиж байсныг ойролцоо байсан хүмүүс салгаж байна.

...хохирогч Г.Б-тэй зодолдож байгаад буйдангийн ард үлдсэн Л.Э-г Д.У, М.Э нар нь өшиглөж цохиж байна. М.Э нь Л.Э-тай маргалдаж, түүн рүү цохихоор дайрч давшлан, текэн дээрээс пивоны шил шидэж, бармен болон зөөгч нар салгах үед М.Э нь Л.Э луу гараараа занган, салаавч гарган дайрч, түүн рүү пивоны шил шидэж байна. Д.У, Э.О нар нь хохирогч Г.Б-г барьж цусыг нь арчиж өгсөн...зэрэг үйлдлүүд бичигдсэн байна.” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40/,

20... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн цагаан өнгийн СиДи 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43/,

20... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн хохирогч Н.Т-н яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 47/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дүгээр сарын .....-ний өдрийн ..... дугаартай Н.Т-н биед баруун нүд, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хөмсгөнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн .... дугаартай Ц.Н-ы биед баруун хөмсөгөнд шарх, дээд урууланд зулгаралт, доод уруулын салстад язрал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/,

Шинжээч П.О-н өгсөн: Ц.Н-ы биед үзлэг хийхэд баруун хөмсөгөнд шарх, дээд урууланд зулгаралт, доод уруулын салстад язрал тогтоогдсон бөгөөд би түүний биед үзлэг хийж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дүгнэлт гаргасан. Түүний биед учирсан гэмтлүүдээс баруун хөмсөгний шарх нь зөвхөн дангаараа дээрх журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дээд уруулын зулгарал, доод уруулын салстын язрал нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

20... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн Г.Б-н яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 64/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн .... дугаартай Г.Б-н биед дух, хамарт зулгаралт, хамрын үзүүрт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны ..... дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай Л.Э-н биед урууланд язралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай Э.А-н биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-101/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 20.... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр ..... аймгийн ..... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... нэртэй бааранд Н.Т-н нүүрэн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.О нь 20..... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ..... аймгийн ..... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... нэртэй бааранд Ц.Н-ы толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Э нь  20.... оны .... дүгээр сарын .....-ний өдөр ...... аймгийн .... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... нэртэй бааранд Г.Б-тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарын үйлдлүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Т,  Ц.Н, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Т,  Ц.Н, Г.Б нарын “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 132, 153, 175 дахь тал/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгжтнй тэнцэх хэмжээний төгрөг  буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар тэндэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Г, Э.О, Л.Э нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М О овогт Б-н Г, Е овогт Э-н О, М овогт Л-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г, Э.О, Л.Э нарт оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г, Э.О, Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР