Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 761

 

Ө.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Ө.Бын өмгөөлөгч У.С,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/989 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Бын өмгөөлөгч У.Сийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Бт холбогдох эрүүгийн 1806073922043 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ө.Б, 1975 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 641 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /РД: ...................../;

Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Б “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Быг 1 жилийн хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Ө.Быг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн энгийн тасагт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, Ө.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Баас 128.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бд олгож, энэ хэрэгт Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Бын өмгөөлөгч У.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх шийтгэх тогтоол гаргаж тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа Ө.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй... гэж уншиж танилцуулсан. Гэтэл шийтгэх тогтоол нь бичгээр үйлдэгдэн гарахдаа уншиж танилцуулснаас өөрөөр бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэснийг “7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9-д зааснаар” гэж өөрчилж бичсэн. Мөн тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ямар хугацаагаар хэрэглэх талаар дурдаагүй атлаа бичгээр гаргасан тогтоолд “... 1 жилийн хугацаанд ...” гэж нэмж бичсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Ө.Быг хэрэг хариуцах чадваргүй талаар шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заажээ. Энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох эсэх талаар шийдвэрлээгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталсан хэр нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоол болон Ө.Бт авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөртөө буюу бусдад аюул учруулах болохуйц нөхцөл байдал үүсгэсэн учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ө.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан анхан шатны шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй ...” гэж хэлсэн атлаа хэргийг оролцогч нарт гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Быг 1 жилийн хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй ...” гэж зөрүүтэй бичсэн байна.

Түүнчлэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ДШМ/335 дугаартай магадлалд “... Ө.Б нь хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал тогтоох шаардлага үүссэн байхад анхан шатны шүүх дээрх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан тул энэ талаар арга хэмжээ авах”-ыг даалгасан байхад анхан шатны шүүх уг асуудлыг анхаарч үзэлгүй, шийдвэрлэлгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/989 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Бын өмгөөлөгч У.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/989 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ө.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН