Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Э.Ц-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: Э.Ц-н Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 122 тоот, 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагч газрын гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 235 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0463/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Ц-с Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Э.Ц-н Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 122 тоот, 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагч газрын гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ц-с Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дутуу, буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тодруулбал: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э.Ц нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 122 тоот хаягт байрлах 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нар нь гуравдагч этгээд Ц.Б-д олгосон маргаж буй газар дээрх эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй болохыг олж мэдсэнээр 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай газар эзэмшүүлэх захирамжийн иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ миний бие энэ маргаж байгаа газарт 2008 оноос эхлэн амьдарч байгаа, газар дээрээ дур мэдэж хашаа хатгаж амьдраагүй, хуулийн дагуу газрын алба болон 20 дугаар хорооны Засаг дарга нарт хандаж уг газрыг заалган авч амьдарч эхэлсэн учраас надад Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 122 тоот хаяг олгож, газраа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, газар эзэмшүүлж эхлэхээр өргөдлөө газрын албанд өгч газраа аваарай тэр болтол хүлээж бай, хүний амьдарч байгаа газрыг өөр хүнд өгөх боломжгүй та санаа зоволтгүй, эхний ээлжид хашаагаа барьж газрынхаа кадастраа хийлгээд хүлээж бай гэсний дагуу 2010 онд газрынхаа кадастрыг хийлгэж хүлээж байгаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орохгүй байсан тул 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар уламжлан газрын харилцааны албанд өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлөө ...өөрийн амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтэй байна, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.

Ингээд 2018 онд газар эзэмшүүлэхээр болсон даруй 20 дугааp хорооноос болон Баянзүрх дүүргийн газрын байцаагч дахин манай газар дээр ирж үзлэг хийж таны 2010 оны хийлгэсэн кадастр барьсан хашаатай чинь зөрж байгаа тул та дахин кадастр хийлгэж, хүсэлтээ газрын албанд өгөөрэй, ямар нэгэн байдлаар давхацсан зүйл байхгүй гэсэн хариуг өгсөн. Мөн 20 дугаар хорооноос газрын алба зөвшөөрсөн учраас надад албан ёсоор хаяг олгож миний гаргасан 2014 оны 05 дугаар сарын 20-ны өргөдлийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр газрын албанд цохолтоор хүргүүлж газрын албанд газар эзэмших хүсэлтээ давхар өгөөрэй гэсний дагуу 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр газрын албанд газар эзэмших хүсэлтээ өгч хариугаа хүлээж байх хооронд маргаж буй газар дээр Ц овогтой Б гэх хүнд газар эзэмших гэрчилгээ олгосон гэдгийг олж мэдсэн ба мэдсэн даруйдаа нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан.

Нийслэлийн Засаг дарга Э.Ц-н гаргасан гомдлыг хүлээн авч нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 07/5787 дугаартай Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд, хувийг Э.Ц-д хүргүүлсэн.

Уг албан бичигт “... Дээрх гомдол дурдсан асуудлыг судалж үзэхэд тухайн маргаан бүхий газарт Баянзүрх дүүргийн Их амны 122 тоот Э.Ц оршин суудаг болохыг хорооны Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1637 дугаар албан бичгээр тодорхойлсон байна. Тухайн газрыг иргэн Ц.Б эзэмшиж, ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/114 дүгээр захирамжийн иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Э.Ц-н хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж хариуг ирүүлнэ үү...” гэсэн.

Энэхүү албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн газрын албанаас Э.Ц-тай уулзаж таны өгсөн өмнөх баримтууд олдохгүй алга болсон иймд та дахин материалаа бүрдүүлээд хүсэлтээ өгчих гэсний дагуу дахин материалаа бүрдүүлэн хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газрын албанд өгсөн бөгөөд газрын албанаас одоо та хүлээж бай таны нэр дээр газар эзэмших захирамж гарсан гэж хэлсэн атлаа гэрээ, гэрчилгээг нь олгохгүй сүүлдээ албан бичиг өгөөд хариу өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргын шийдвэрийг биелүүлж газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байхад шүүхээс энэхүү шаардлагын үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын гомдол шийдвэрлэсэн тухай албан бичигт тайлбар, дүгнэлт огт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.

Учир нь нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар газартай холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр дээд шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргасан бөгөөд нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй тул энэ эрхийн хүрээнд гомдлыг хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар хариуг өгч, шийдвэрлэлтэд хяналт тавихаар Баянзүрх дүүргийн газрын албанд хүргүүлсэн.

Энэхүү албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албанаас нэхэмжлэгч Э.Ц-с дахин өргөдөл авснаас өөр ямар ч ажил хийгээгүй буюу дээд шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “1.2. Нэхэмжлэгч Э.Ц-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжаар Гачууртын Их ам 122 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн боловч тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээд Ц.Б-н газартай давхцаж байгаа үндэслэлээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Гуравдагч этгээд Ц.Б 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ цагаас эхлэн нийслэлийн Засаг дарга Ц.Б-д олгосон газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгож хариу мэдэгд гэсэн шийдвэр, мөн нэхэмжлэгч Э.Цд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А/454 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрүүдийг гаргасан, эдгээр нь хүчин төгөлдөр байгаа гэдгийг олж мэдсэн атлаа өнөөдрийг болтол эдгээр шийдвэрүүдтэй маргаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр тайлбарлан гуравдагч этгээдийн дээрх шийдвэрүүдтэй маргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгааг тайлбарласан боловч шүүхээс энэ талаар дүгнэлт, хууль зүйн тайлбар хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль бус болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

3.3. Нэхэмжлэгч нь 20 дугаар хорооны Засаг даргаас эхлээд газрын албаны эрх бүхий албан тушаалтан болох Баянзүрх дүүргийн газрын байцаагч нарын зөвлөсний дагуу газар эзэмших хүсэлтээ газрын албанд өгч, газар дээрээ удаа дараа газрын байцаагчийн хэлсний дагуу кадастрын зураг хийлгэж, газрыг минь шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж хэлсэн, зөвлөснөөр нь хийсэн боловч өнөөдөр 2008 оноос хойш амьдарсан газраа бусдад өгөхөд хүрээд байгаа нь газрын алба, эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулаагүй болохыг харуулж байгаа юм. Гэтэл шүүхээс газрын албаны буруутай үйл ажиллагааны талаар дүгнэлт хийгээгүй.

3.4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн бөгөөд нотлох баримтуудын үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлэх ёстой. Гэвч хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг үнэлээгүй, хуулийг дутуу, буруу тайлбарласан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2.3.-д Энэхүү маргааны тохиолдолд шүүхээс тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны бичиг хэргийн бүртгэл, газрын хувийн хэрэгт хийсэн үзлэг болон хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, гуравдагч этгээд нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус газар эзэмших өргөдөл өгч бүртгэгдсэн болох нь тогтоогдсоноос үзэхэд давхцал бүхий газарт гуравдагч этгээд Ц.Б нь цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан, харин нэхэмжлэгч Э.Ц нь гуравдагч этгээдээс өмнө хуульд заасан журмаар газар эзэмших өргөдлөө захиргааны байгууллагад гаргасан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 2.4-д Нэхэмжлэгчээс Б ХХК-иар 2010 онд кадастрын зураг хийлгэж байсан, 2008 оноос хойш газар зохион байгуулагчид газар эзэмших өргөдлөө өгч байсан, гуравдагч этгээд өргөдлөө сүүлд нөхөн өгсөн зэргээр маргах боловч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газар эзэмшихийг хориглосон тул нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээдээс өмнө газрыг өөрийн мэдэлд байлгаж хашаалсан, 2010 онд хувийн хувийн компаниар кадастрын зураг хийлгэсэн зэрэг үйл баримт нь газрыг эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ гуравдагч этгээд Ц.Б нь газар эзэмших хүсэлтээ нөхөн өгсөн гэх баримт шүүхээс хийсэн үзлэгийн баримт болон бусад баримтуудаар тогтоогдоогүй болно. Иймд шүүхээс гуравдагч этгээд Ц.Б-д газар эзэмшүүлсэн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэсэн, мөн маргаж байгаа газар нь байршлын хувьд давхцалтай байхад гуравдагч этгээд Ц.Б-н эзэмших эрхтэй газарт давхцуулан нэхэмжлэгч Э.Ц-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэлээс үзвэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ газрын албанд хэн түрүүлж өргөдөл өгсөн гэдгийг харж бусад нотлох баримт, хуулийн заалтыг хэрэглэж, үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гуравдагч этгээд Ц.Б-н 2016 онд өгсөн өргөдөл эргэлзээтэй, нөхөж өгсөн хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байхад шүүхээс Газрын тухай хуулийн зарим заалтыг хэрэглээгүйгээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Үүнд шүүхээс хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үзлэгээр Ц.Б нь газрын албанд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасны дагуу гэрчилгээ олгосон гэж уг өргөдлийн бүртгэлийн баримтыг хуулбарлаж өгсөн. Гэтэл газрын албанаас ирсэн Ц.Б-н хувийн хэрэгт авагдсан баримт дээр 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдлийн бүртгэл авагдсан байсан тул бид шүүхэд дахин үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгээр Ц.Б-н нэр дээр 2 газар эзэмших хүсэлт бүртгэгдсэн үүнээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэл хавсралттай бусад нь хоосон байсан. Үүнийг тодруулахад газрын албанаас 2016 оны бүртгэлийн системд оруулсан бүртгэл нь засвартай байна. Учир нь бүртгэлийн системд засвар оруулж нөхөж бүртгэл хийхэд бүртгэлийн өдөр, цаг нь систем дээр 0000000 гэж харагддаг энэ нь засвар хийж нөхөн бүртгэл хийсэн болохыг харуулдаг гэж тайлбарласан учраас энэ талаарх баримтыг бүртгэлийн системийн зургийг авч хэрэгт нотлох баримтаар хавсаргаснаар баримтжуулсан. Энэ нь Ц.Б-н 2016 оны өргөдөл газрын албанд засвартай бүртгэгдсэн 2016 онд өөр газар дээр өргөдөл өгсөн байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнээс гадна доорх сансрын зургаар нотлогдож байгаа.

Газрын албанаас 2007 оноос 2023 оны 05 дугаар сарын сансрын зургийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн. Энэхүү сансрын зургаас маргаж буй газар дээр 2016 оны 09 дүгээр сард автобус, 2017 оны 04 дүгээр сард автобус, 2017 оны 09 сард гэр, автобус хашаанд нь байсан болох нь харагддаг. Гэтэл Ц.Б-н 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн газрын албанд өгсөн өргөдөлд хавсаргасан гэрэл зураг дээр Э.Ц-н гэр, автобус хашаа нь орсон байгаа нь Ц.Б энэхүү өргөдлийг 2016 онд өгөөгүй болох нь нотлогдож байна.

Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд Ц.Б нь тухайн үедээ 20 дугаар хорооноос газрынхаа тоот хаягийг авч газар эзэмших хүсэлтээ өгч байсан, газар дээрээ хашаа барьсан боловч хулгайд алдсан гэж мэдүүлдэг боловч хуулийн дагуу 2016 онд хаяг олгоогүй, хэрэв олгосон бол 2018 онд Э.Ц-д давхардуулан хаяг олгох боломжгүй буюу бүртгэлтэй байх байсан, мөн хашаа барьсан гэдгээ нотолж чадаагүй. Учир нь тус хашааг нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сард хөрш н.Б гэх хүнд хашааны банз, ажлын хөлс төлж бариулсан тэр цагаас хойш өнөөдрийг болтол уг хашааг буулгаагүй бөгөөд хашаа бариулсан тухай нотлох баримт болох дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс үзвэл гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй, нотлох баримтаар нотолж чадаагүй байхад шүүхээс дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй.

Э.Ц нь газар дээрээ 2010 онд анх кадастр хийлгэсэн улмаар 4 газар эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргад 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргаж газрын албанд уламжилсан нь энэхүү газар дээрээ 2008 оноос эхлэн амьдарч байсан гэдгийг нотолж байхад энэхүү үйл баримтыг шүүхээс дүгнэхдээ Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2. 31.3, 32.1-д заасныг үндэслэсэн тайлбарлахдаа Э.Цд олгосон газар эзэмших шийдвэр Ц.Б-д олгосон шийдвэрийн дараа гарсан учраас тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан гэж үзэхээр байгаа тул бусдын эзэмшил газартай давхцалгүй гэж дүгнэсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга яагаад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр А/114 дугаартай захирамжаар Ц.Б-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргачихаад 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А/454 дүгээр захирамжаар Э.Ц-д газар эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргасан бэ? гэдэгт шүүхээс дүгнэлт хийгээгүй, үүнийг тайлбарлахдаа Э.Ц нь газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу гаргаж шийдвэрлүүлсэн учраас энэ захирамж гарсан, учир нь Э.Ц-г газрын албанд хүсэлт өгөхөд бүх материал нь хуулийн шаардлагыг хангаж байсан тул газрын алба бүртгэн аваад Засаг дарга захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар үнэн зөв, газрын албанаас газар дээр нь очиж үзээд кадастр хийлгэсэн газрын албатай холбоотой байсан гэдгийг давхар баталж байхад энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй.

Баянзүрх дүүргийн газрын алба, Засаг дарга нь Ц.Б-д газар олгох шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ийн 7 дугаар зүйлд газрын алба хээрийн судалгаа хийхээр заасныг тус тус зөрчсөн байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн.

Учир нь газрын албанаас 2016 онд Ц.Б-г газар эзэмших хүсэлт гаргахад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэлээр газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар өгч бүртгэлээс хасах ёстой байсан. Мөн тухайн газар дээр газрын байцаагч очиж хээрийн судалгааг журмын дагуу хийсэн бол Э.Ц гэх хүн амьдарч байгааг мэдэх боломжтой байсан боловч судалгаа хийгээгүй, дээр дурдсан нотлох баримтуудаас газар эзэмших хүсэлтийг нөхөж өгсөн болох нь тогтоогдож байхад энэхүү үйл баримтыг шүүхээс үнэлсэн бол Ц.Б-д газар олгох шийдвэр гаргасан нь хууль бус байсан гэдэг нь тогтоогдох байтал шүүхээс энэ талаас нь огт үнэлж, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Ц.Б-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байхад энэ цаг хугацаанаас хойш өнөөдрийг болтол уг газрыг эзэмшиж, ашиглаагүй, энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй, Баянзүрх дүүргийн 20 хорооны Засаг дарга уг маргаж буй газар дээр Э.Ц гэж хүн амьдардаг болохыг тодорхойлсон учраас нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлтэй гэж шүүхэд тайлбар гаргасан боловч шүүхээс бас дүгнэлт хийгээгүй.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 235 дугаартай шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Э.Ц-с “Э.Ц-н Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 122 тоот, 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагч газрын гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Нэхэмжлэгчийн хувьд анх маргаан бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Их амны хэсэг 122 тоот хаягт байрлах газрыг 2008 оноос хойш эзэмшилдээ байлгаж, 2016 онд автобус байршуулж, 2018 онд хашаалж, гэр барьсан байх бөгөөд 2021 онд хашаан дахь автобусны байрлалыг өөрчилж тавьсан буюу бодитоор эзэмшиж ашиглаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан агаар сансрын зургаар нотлогдож байхад анхан шатны шүүх “... гуравдагч этгээд Ц.Б нь цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан, харин нэхэмжлэгч Э.Ц нь гуравдагч этгээдээс өмнө хуульд заасан журмаар газар эзэмших өргөдлөө захиргааны байгууллагад гаргасан болох нь нотлохгүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

2.3. Нөгөөтээгүүр, хавтаст хэрэгт авагдсан гуравдагч этгээд Ц.Б-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан гэх газар эзэмших хүсэлтдээ нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг 2018 онд хашаалж, гэр барьсны дараах үеийн зургийг хавсаргаж өгсөн байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд Ц.Б-г нэхэмжлэгч Э.Ц-аас цаг хугацааны өмнө газар эзэмших хүсэлт гаргасан буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байхаас гадна гуравдагч этгээд Ц.Б нь маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж, эзэмшилдээ огт байлгаж байгаагүй төдийгүй тухайн газрыг эзэмшиж, ашиглахтай холбоотойгоор маргаж байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

2.4. Түүнчлэн хариуцагчаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах” гэж тус тус заасныг зөрчиж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай захирамжаар Ц.Б-д газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байна.

2.5. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас дээрх журамд заасны дагуу гуравдагч этгээд Ц.Б-гийн гаргасан гэх газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ хээрийн судалгаа хийж, бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг мэдэх боломжтой байхад энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр гуравдагч этгээд Ц.Б-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

2.6. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ц-аас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн Ц.Б-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэхэмжлэгч Э.Ц-ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 122 тоот, 700 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, илүү төлсөн 70200 төгрөг болон давж заалдах гомдол гаргахдаа илүү төлсөн 70200 төгрөгийг тус тус түүнд буцаан олгосугай.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН