Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0541

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгч Г.О, хариуцагч Я.Б, Б.Э нарыг оролцуулан Г.О-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Г.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Э-тэй 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр танилцан удалгүй нэг гэрт орж амьдарсан ба хамтран амьдрах хугацаандаа бидний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр хүү Э, 2010 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Хонгорзул, 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү М нар төрж бид 2 4 хүүхдийн эцэг эх болсон. Нөхөр Э маань бичиг баримтгүй байсан тул бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадалгүй явсаар нөхөр маань 2018 онд нас барсан. Тухайн үед шүүхээр хамтран амьдралтай байснаа тогтоолгож тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан ч 2019 оноос хойш нийгмийн халамжийн сангаас уг тэтгэврийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б, Б.Э нарын албан шаардлагаар зогсоож хүүхдүүдийн маань эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б, Б.Э нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоох тухай 14/12-02-02, 14/12-02-03 тоот албан шаардлагын Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Я.Б, Б.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заасан, эдгээр тэтгэвэр авагч хүүхдүүдийн эцэг мөн гэдгийг тогтоолгоогүй, хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн анхан шатны шүүхээс хамтын амьдралтай байсныг тогтоосон байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 46 дугаар тогтоолоор Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-ыг тайлбарлахдаа ... шүүх хэрэгжүүлэхдээ хүүхдийн биологийн эцэг, эх нь хэн болохыг тогтоох ажиллагааг хийнэ. Хүүхдийн эцэг, эх нь хамтын амьдралтай, цаашид гэр бүл болох зорилготой байсан эсэх нь эцэг, эхийг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш бөгөөд эдгээр байдал нь хүүхдийн эцэг, эхтэй хариуцагч эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримтуудын нэг хэсэг нь гэж үзнэ гэжээ. Иймд хамтын амьдралтай байсан нь эцэг, эхийг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш бөгөөд хүүхдийн эхтэй эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримтуудын нэг хэсэг нь гэж үзнэ гэж тайлбарсан зэргээс үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-ийн Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэсэн заалтад хамтын амьдралтай байсан иргэнд хамаарахгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэж үзэн шүүхээр хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн Санхүүгийн хяналт шалгалтын ахлах улсын байцаагчийн Тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоох тухай албан шаардлага бичсэн. Гэсэн хэдий ч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01171 дугаар шийдвэрт дурьдснаар нас барагч ЦЭ төрсөн эх П.Н, талийгаачийн төрсөн дүү Ц.Э нарын мэдүүлэгт О.Э, О.Б, О.Х, О.М нар нь Ц.Э-хийн төрсөн хүүхдүүд мөн болохыг гэрчийн мэдүүлгээр нотолсон байх тул нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зөвхөн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О-аас ирүүлсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б-, Б.Э нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоох тухай 14/12-02-02, 14/12-02-03 тоот албан шаардлагын Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т: Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зохицуулсан байна.

Иймд хариуцагч Я.Б, Б.Эр нар нэхэмжлэгч Г.О-гийн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрснөө тус шүүхэд бичгээр гаргаж, хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн түүнчлэн ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Г.О нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 1034 дүгээр тодорхойлолтыг ирүүлсэн ба улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Г.О-аас гаргасан ... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б-, Б.Э нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоох тухай 14/12-02-02, 14/12-02-03 тоот албан шаардлагын Г.О-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Я.Б, Б.Э нар хүлээн зөвшөөрснийг баталж, Г.О-ийн нэхэмжлэлээр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан үүсгэсэн 128/2021/0511/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг баримтлан Г.О-г нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ