Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2018/00003

 

Ц.Эын нэхэмжлэлтэй,

Г.Нт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2017/01059 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Энхтуулын давж заалдах гомдлоор Ц.Эын нэхэмжлэлтэй, Г.Нт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 5067600 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн төлөөлөгч Б.Сын “Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд илүү төлсөн 2305000 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сарын 05-ны өдөр манай нөхөр Э.М нь Г.Нтай зээлийн гэрээ байгуулан 2500000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн, мөн  Г.Н нь надаас 2015 оны 6 сарын 10-ны өдөр 2000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй авч  нийт 4500000 төгрөг зээлсэн. Сар бүр хүүгээ төлж явсаар  2016 онд 1830000 төгрөг төлсөн. Гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үлдсэн 3471000 төгрөгнөөс 92 хоногийн алданги тооцож 1596600 төгрөгийг зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцоход 5067600 төгрөгийг Г.Наас гаргуулан авах тооцоо гарсан.  2014 оны 8 сарын 05 нд авсан зээлийн гэрээний хугацаанд хүүнд 475000  төлсөн байна. 2015 оны 3 сарын 15-нд 250000 төгрөг, 4 сарын 11-нд 270000 төгрөг,  5 сарын 11-нд 260000 төгрөг, 6 сарын 10-нд 240000 төгрөг авсан.  2015 оны  6 сарын 10-нд гэрээ байгуулагдсны дараа 2 гэрээг нийлүүлэн тооцож хүүгээ 2015 оны 7 сарын 16-наас 460000 төгрөг, 7 сарын 30-нд 450000 төгрөг, 8 сарын 19-нд 460000 төгрөг, 9 сарын 22-нд 340000 төгрөг, 10 сарын 27-нд 460000 төгрөг, 11 сарын 21-нд 460000 төгрөг 12 сарын 21-нд 460000 төгрөг  2015 ондоо нийт 4110000 төгрөг авсан. 2016 оны 1 сарын 22-нд 290000 төгрөг, 3 сарын 22-нд 460000 төгрөг, 4 сарын 22-нд 450000 төгрөг, 10 сарын 7-нд 450000 төгрөг, 11 сарын 1-нд 250000 төгрөг, 11 сарын 4-нд 70000 төгрөг, 12 сарын 31-нд 2000000 төгрөг, 2016 онд нийт 4430000 төгрөг авсан. 2017 оны 2 сарын 7-нд 300000 төгрөг, 2 сарын 24-нд 100000 төгрөг, 3 сарын 12-нд 100000 4 сарын 8-нд 260000 төгрөг 4 сарын 29-нд 230000, 5 сарын 19-нд 250000 төгрөг, 5 сарын 29-нд 100000 төгрөг, 7 сарын 15-нд  200000 төгрөг, 1530000 төлсөн байна. 2016 оны 8 сард 250000 төгрөг 9 сард 1000000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Маргаж буй зүйл нь үндсэн зээл болох 2670000 төгрөг болон төлөгдөөгүй байгаа  6,7,8 сарын хүү төлөөгүй, хүү нь 810000 төгрөг, 92 хоногийн алданги нь 1596600 төгрөг нийт 5067600 төгрөгийг Г.Наас гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Талууд 2015 оны 6 сарын 10-нд болон  2014 оны 8 сарын 5-нд зээлийн хоёр гэрээ байгуулан 4500000 төгрөгийг Г.Нт зээлүүлсэн  байна. Зээлийн гэрээний дагуу 2014 онд 4075000 төгрөг,  2015 онд 4110000 төгрөг, 2016 онд 4443000 төгрөг, 2017 онд 1540000 төгрөг төлсөн талаар талуудад маргаан байхгүй байгаа.

Зээлийн гэрээний хувьд 2014 оны 8 сарын 5-нд зээлийн гэрээ байгуулан 2500000 төгрөг 10 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай, алданги 0,5 хувийн алданги тооцохоор Г.Н Э.М нар харилцан тохиролцож гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан байдаг.  Мөн 2015 оны 6 сарын 10-ны өдөр 2000000 төгрөг 0,5 хувийн алданги тооцох, 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Үндсэн нэхэмжлэлийн хувьд Г.Н 4500000 төгрөг зээлсэнээс 1830000 төгрөгний хүү төлсөн байгаа. Үүнээс үндсэн зээл 2670000 төгрөг, 3 сарын хүү 801000 төгрөг нийт 3471000 төгрөг гаргуулах, үүн дээр алданги нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Алданги 1596600 төгрөг дээр 3471000 төгрөгийг нэмээд 5067600 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилсэн юм. Гэрээн дээр талууд маргаан үүсгээгүй энэ гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцэл байна гэж  гэрээн дээр талууд маргаан үүсгээгүй. Нөгөө талдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар энэ гэрээ нь хуульд заасан үндэслэлээр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 282.2 дугаар зүйлд зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно гэж заасны дагуу  мөн хуулийн 282.3 дугаар зүйлд заасны дагуу гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн тайлбар,  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Г.Н нь 2014 оны 8 сарын 5-нд 2500000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр Э.Мс зээлсэн.  Уг гэрээнд заасны дагуу  хүүнд  1000000 төгрөг нийт 3500000 төгрөг төлөхөөс зээлийн гэрээний хугацаанд 300000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн хамт 3200000 төгрөгийг хугацаанд нь төлж чадаагүй учир алданги 1600000 төгрөгийн нэмж  төлөх ёстой. Ингээд эхний зээлийн гэрээний гүйцэтгэл нийт 4800000 төгрөгийг  төлөх ёстой гэж бодож байна. Гэрээ дууссанаас хойш 2014 оны 12 сарын 10-ны өдрөөс 2015 оны 05 сарын 11-ны хооронд дансаар 955000 төгрөг төлсөн. Үүнийгээ бол бид үндсэн мөнгөнөөс хасагдах ёстой гэж үзэж байна. Төлөх ёстой  4800000 төгрөгөөс төлсөн 955000 төгрөгийг хасч 3845000 төгрөгийг төлөхөөр гарч байна.

Г.Н нь Ц.Эс 2015 оны 06 сарын 10-ны өдөр 2000000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй авахаар гэрээ байгуулсан. Энэ зээлийн  үндсэн зээл  2000000 төгрөг , 1 жилийн хугацааны хүү 2400000 төгрөг нийт  4400000 төгрөг төлөх ёстой байснаас нийт 4990000 төгрөгийг  төлсөн учир 590000 төгрөг илүү төлсөн гэж бодож байна. 2015 оны 06 сарын 10-ны зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 06 сараас эхлэн Ц.Эд болон түүний нөхөрт нийт 5560000 төгрөг дансаар болон бэлнээр төлсөн. Сүүлийн гэрээний илүү төлсөн 590000 төгрөгийг нэмэхэд нийт 6150000 төгрөгийг  төлсөн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаа дууссан байхад нэмж хүү тооцсон нь үндэслэлгүй байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.С сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргахдаа хуулийн хүрээнд зөвлөгөө авсан. Манай нөхөр Г.Н нь зээлийн гэрээ байгуулан зээл авч зээлийн гэрээг төлж эхэлснээс хойш  нийтдээ гэрээний дагуу 9500000 төгрөг төлөхөөс 11805000 төгрөг төлж,  2305000 төгрөг илүү төлсөн учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Эхний гэрээний хувьд 4800000 төгрөг төлөхөөс 955000 төгрөг төлсөн учраас 3845000 төгрөг төлж чадаагүй. Хоёр дахь гэрээний хувьд  4400000 төгрөг төлөхөөс 4990000 төгрөг төлсөн учраас 590000 төгрөг илүү төлсөн гэж үзэж байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 5560000 төгрөгийг  дансаар болон бэлнээр төлсөн. Сүүлийн гэрээний илүү төлсөн 590000 төгрөгтэйгөө нийт 6150000 төгрөгийг илүү төлсөн байсан. Эхний зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 3845000 төгрөгийг хасвал 2305000 төгрөгийг Ц.Эс  гаргуулж өгнө үү гэжээ.

            Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Ц.Э шүүх хуралдаанд  өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага ор үндэсгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд  үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч өөрөө төлсөн мөнгөн дээр маргахгүй байна. Өөрөө хэлбэл үндсэн зээл дээрээ маргахгүй байна. Төлөх ёстой мөнгөн  мөн хүү 801000 төгрөг дээрээ маргаан үүсгээгүй. Мөн алдангийг 0,5 хувь гэрээнд зааснаараа тооцсон 1596000 төгрөг энэ дээрээ маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлбэл хоёр тал бол энэ дээр маргаан үүсгээгүй. 2014 оны хүү алданги 4075000 төгрөг, 2015 онд 4110000 төгрөг, 2016 онд 4430000 төгрөг, 2017 онд 1540000 төгрөг хүү алданги төлж явсан юм. Нийтдээ хуулийн дагуу хоёр тал хэн хэн нь маргаан үүсгээгүй юм. Үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр сөрөг нэхэмжлэгч маргаан үүсгээгүй байна. Ийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг бол хуульд заасан дараахь үндэслэлтэй байна. Харин сөрөг нэхэмжлэл 2305000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Хариуцагч тал нь өгч байгаа мөнгөн дээр маргахгүй байна. Харин үндсэн зээл 3470000 төгрөг энэ дээр маргаан үүсгээгүй.  Харин хууль мэдэхгүй гэх  үндэслэлээрээ илүү төлөөд явсан байна. Бид илүү төлсөн 2305000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн ийм л нэхэмжлэл гаргасан. Энэ нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон хөөн хэлэлцэх хугацаа 6 жил ерөнхий хугацаа хөөн хэлэлцэх хугацаа 10 жил  байдаг. Өөрөөр хэлбэл илүү төлсөн мөнгийг л манай талаас төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмэгдүүлсэн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг  шүүхээс хүсч байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2017/01059 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.2, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эн  нэхэмжлэлтэй  Г.Нт холбогдох  зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.067.600 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Эс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2.305.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Нт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70466  төгрөг, Б.Сын сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51830 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж,  Ц.Эс улсын тэмдэгтийн хураамжинд 51830  төгрөгийг гаргуулж Б.Сд  олгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2017/01059 дугаар шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн дагуу гараагүй учир дээрх шийдвэрт гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар хариуцагч Б.С нь 2014 оны 08 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний талаар маргаан үүсгээгүй, энэ талаар хурал дээр ч маргаагүй. Мөн 2015 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, алданги төлөх талаар нэхэмжлэгч надтай шүүх хурал дээр ямар нэг маргаан үүсгээгүй, энэ талаар надаас асуулт асууж хариулт аваагүй. Харин хариуцагч Г.Нын төлөөлөгч Б.Сн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүгч өөрөө шүүх хурлын шийдвэр танилцуулахдаа Б.Сн яриагүй, тооцоо бодоогүй зүйлүүдийг шүүгч Алтанцэцэг өөрөө бодож хариуцагчийн төлөөлөгч Б.Сд нэхэмжлэгчээс 3665000 төгрөг гаргуулж олгохоор тайлбарласан. Энэ талаар би өмгөөлөгчөөсөө шүүх хурлын дараа асуухад өмгөөлөгч харин тиймээ, шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас давуулаад шийдчихлээ, энэ нь хуульд нийцэхгүй, шүүхийн шийдвэр гарахаар хоёулаа давж заалдана гэж надад хэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны хэд хоногийн дараа шүүгчийн туслах Чинзориг над руу утасдаад шүүгч гэрээнүүдийг бодохдоо алдаа гаргачихлаа, шийдвэр чинь өөрчлөгдөнө гэж надад утсаар хэлсэн. Би энэ талаар шийдвэрээ авсны дараа өмгөөлөгчдөө хэлэхэд уг нь ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Ер нь анхан шатны шүүгч илт нөгөө талд шийдвэр гаргаж гаргасан шийдвэрээ өөрөө засаж залруулж байгаа нь буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрүүдийг харахад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтуудыг барьсан нь ойлгомжгүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагч, түүний төлөөлөгч нар нь зээлийн гэрээний хугацааг хэтэрснийг өөрсдөө мэдээд сайн дураараа хүсэл зоригийн үндсэн дээр надад хүүгээ төлөөд явсан шүү дээ, энэ талаар Б.С нь шүүх хурал дээр надтай маргаан үүсгээгүй байхад шүүгч өөрийнхөө үзэл бодлоор Сн өмнөөс гэрээнүүдийн тооцоог бодож надаар 2305000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасныг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангах өгөхийг хүсэж байна.

Миний өмгөөлөгч шүүх хурал дээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.3-т зааснаар хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх талаар хүсэлт гаргаж байхад энэ талаар шүүх дүгнэж өгөөгүй, хэт нэг талыг барьж хариуцагчийн өмнөөс гэрээнүүдийн тооцоог бодож шийдвэр гаргаж өгч байгаа явдалд дүгнэлт гаргаж миний анхан шатны шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Г.Нс зээлийн гэрээний үүргийн биелэлт 5067600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1 дэх тал/

            Хариуцагчийн төлөөлөгч Б.С нь Ц.Эс зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 2305000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.Э эс зөвшөөрч маргасан ажээ. /хх-ийн 54-55 дахь талууд/

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Ц.Эн нөхөр Э.Мс 2014 оны 08 сарын 05-ны өдөр 2500000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, мөн нэхэмжлэгч Ц.Эс 2015 оны 06 сарын 10-ны өдөр 2000000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр тус тус зээлж  авсан бөгөөд энэ хэргийн хувьд нэг хариуцагчтай хоёр нэхэмжлэгчтэй байна. /хх-ийн 1,8,9 дэх талууд/

            Гэтэл нэхэмжлэгч Ц.Э нь зөвхөн өөрийн нэрээр нэхэмжлэл гаргасан, хариуцагч Г.Н нь хоёр удаа, хоёр өөр этгээдээс зээл авсан, эдгээр зээлүүдийн алинаас нь хэдэн төгрөг төлсөн, хэдийг төлөөгүй байгаа, одоо хэний өгсөн зээлээс хичнээн төгрөг нэхэмжилж байгаа зэрэг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Эд иргэний хэрэг үүсгэн, түүнд холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

            Мөн шүүх шийдвэрийн агуулгыг зохигчдод ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3606000 төгрөгийг Ц.Эс гаргуулж, хариуцагчийн төлөөлөгч, сөрөг нэхэмжлэгч  Б.Сд олгохоор шийдвэрлэсэн гэж /2017 оны 11 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны камерын бичлэгээр тогтоогдсон/  танилцуулсан атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 2305000 төгрөг ...” гэж шийдвэрийн агуулгаасаа илт зөрүүтэй  шийдвэрлэсэн /бичсэн/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүй байна. 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж дүгнэв.

Мөн шүүх хариуцагчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, тооцоо бодсон баримт зэрэг нийт 54-58 дугаараар дугаарлагдсан баримтуудыг хэргийн 137 дугаар хуудасны ард үдсэн зэрэг захиргааны ажилтны хариуцлагагүй ажиллагаа байгааг анхаарах нь зүйтэй байна.

             Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас хүчингүй болж байгаа тул давж заалдах гомдолд дурдсан асуудлын талаар дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.Эс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 157596 /105766+51830/ төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улмын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2017/01059 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.Эс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157596 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                         

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                              Д.БАЙГАЛМАА

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ