| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2018/01757/И |
| Дугаар | 181/ШШ2018/02146 |
| Огноо | 2018-10-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2018/02146
| 2018 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2018/02146 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Н-ийн
хариуцагч: 1-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, тусгай сургуулийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 сарын 15-ны өдөр хүлээн авч 2018 оны 6 сарын 22-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг 2018 оны 8 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХБХ 1 дугаар тусгай сургуульд анх 2014 оны 08 сарын 28-ны өдрөөс эхпэн сургалтын менежерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж сургалт, хүмүүжлийн ажлыг амжилттай зохион байгуулж, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж ирсэн.
Ажил үүргээ чадварлаг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, захиргааны шийтгэл хүлээж байгаагүй.
Гэтэл гэнэт 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11, 12 сард төсөвт тусгагдсан зардлаас хуурамч гэрээ байгуулах, баталгаат гарын үсэггүй нэхэмжлэлд өөрөө гарын үсэг зурсан, цахилгааны ажлын хөлс 1 000 000 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас төлбөрийн хүсэлт 271, Брайль сурах бичиг хэвлэх 5 909 000 төгрөгийг хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас 272, Барилгын материал, засварын ажлын хөлс 2 066 650 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас 280, аарц цагаан идээ, махны үнэ 3 000 000 төгрөгийг, төрөөс иргэдэд олгох бусад тэтгэмж дэмжлэгийн зардлаас байгууллагын аварга багш, ажилтан шагнал урамшуулалд 1 890 000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж шагнал урамшууллын зардал, нийт 13 865 650 төгрөгийн төсвийн мөнгөн гүйлгээн дээр зөрчилтэй ажилласан нь санхүүгийн баримтаас илэрсэн, багш ажилтан, удирдлагатай зүй бус харьцсан, тушаал шийдвэргүйгээр бусдад архиваас бусдад баримт гаргах эрх олгосон гэсэн шалтгаан зааж хөдөлмөрийн гэрээг шууд зогсоож, ажлаас халсугай гэсэн сургуулийн захирлын тушаалыг надад хүлээлгэн өгсөн тул дээрх шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1.Тус сургуулийн захирлын ажлаас халах тушаалд дурдсан төсөвт тусгагдсан зардлыг зарцуулах үед миний бие БСШУС-ийн сайдын 2017 оны 10 сарын 05 ны өдрийн Б/23 тоот тушаалд заасны дагуу 1 - р сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэхдээ хуулийн хүрээнд төсөвт тусгагдсан зардлуудыг тус бүрийг дүүргийн төрийн сангаар хянуулан зохих зориулалтаар нь сургуульд нэн тэргүүнд шаардлагатай зүйлүүдэд зарцуулсан.
2. Хичээлийн байрны 2,3-р давхрын цахилгаан өмнөх жилүүдэд байнга тасалдаж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байсан. Иймд багш ажилтны хүсэлт саналд үндэслэн цахилгааны 0 фаз, давхар дундын шатсан фазууд болон утас холбох, ерөнхий шитийн фаз, ерөнхий шийдийг хоолойгоор холбосон байсныг кабелийн утсаар солин фазын хуваарилалтыг тэнцвэржүүлж хэсэгчлэн тоггүй болсон хэсгийг тогтой болгох, шит хооронд газардуулга хийх, цайны газрын автомат солих, цахилгааны буузны жигнүүр холбох зэрэг гэмтлүүд засварлах зэрэг ажлуудыг 1 000 000 төгрөгийн зардал гарган гүйцэтгүүлж хүлээн авсан болох нь цахилгааны ажлын гэрээ, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл зарлагын баримт, ажил хүлээлцсэн акт зэрэг холбогдох материалууд дүүргийн төрийн сан, Нийслэлийн аудитаар хянагдсан.
3.Харааны бэрхшээлтэй сурагчид өнгөрсөн 50 жилийн хугацаанд брайль сурах бичиг улсаас хэвлэж өгдөггүй энгийн сурагчдын сурах бичиг сургалтанд хэрэглэдэг, багш нар нь брайль машинаар хуудас хуудсаар нь бичиж сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. Энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилж 1- 12-р ангийн сурагчдын монгол хэл, биологи, газар зүй , нийгмийн ухаан, түүх зэрэг хичээлүүдийн бүх сурах бичгүүдийг 4 улиралд хувааж сурагчдын тоогоор өөрийн сургуулийн багш нараар брайлиар хэвлүүлэн хэвлэлийн үйлдвэрт номыг наах, үдэх, нуруулдах, хавтаслах ажлыг 590 900 төгрөгийн зардал гарган хэвлүүлж, хүлээн авч сургалтанд ашиглаж байгаа болох нь Хэвлэлийн үйлдвэртэй хийсэн гэрээ, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл зарлагын баримт, ажил хүлээлцсэн акт, ажлын тайлан, зураг зэрэг холбогдох материалууд дүүргийн төрийн сан, Нийслэлийн аудитаар хянагдсан.
4. 2016 оны 12 сард манай сургуулийн сантехникт засварын ажил хийгдсэн боловч хангалтгүй хийгдсэний улмаас хүйтний эрч чангарах үед хичээлийн болон дотуур байрны гурван давхрын тасаг, анги танхимууд хүйтэн сурагчид сургалт хүмүүжлийн ажил явуулахад хүндрэлтэй байсан. Халаалт муу мөн олон жил болсон цонхны резень муудсан зарим цонхнууд түгжээгүй зай завсар ихтэй нь өрөө тасалгааг улам хүйтэн болгож байна, ядаж цонхноос дулаан алдахгүй болгож өгөөч гэсэн хүсэлтүүд удаа дараа багш, ажилтан, сурагчдаас ирээд зогсохгүй зарим хүйтэн ангиудын сурагчдыг нэг давхарт шилжүүлэн хичээллүүлж байсан. Хичээлийн болон дотуур байрны 3 давхрын бүх анги танхим, тасгуудын цонхны резень, цоож солих ажлыг 2 066 650 төгрөгийн зардал гарган засварлуулан хүлээн авсан. Цонхны засвар үйлчилгээ хийсэн байгууллагатай хийсэн гэрээ төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл зарлагын баримт, ажил хүлээлцсэн акт зэрэг холбогдох материалуудыг дүүргийн төрийн сан, Нийслэлийн аудитаар хянасан.
5.Сурагчдын үдийн хоол, дотуур байрны сурагчдын хоолонд 363 кг махыг 2 000 000 төгрөг, 250 кг аарцыг 1 000 000 төгрөгөөр тус тус хоол хүнсний зардлаас зохих хууль журмын дагуу худалдан авалт хийж зарцуулсан. Худалдан авалт хийсэн байгууллагатай хийсэн гэрээ төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл зарлагын баримт, зэрэг холбогдох материалууд дүүргийн төрийн сан, Нийслэлийн аудитаар хянагдсан.
6. 2017 оны жилийн эцэст багш ажилтны ажил, уралдаан дүгнэн хамт олноо хошуучилсан аварга багш ажилтан, шилдэг багш ажилтан болон шилдэг сурагч, анги хамт олон, дотуур байрны тэргүүний тасаг тус бүрийн шагналууд болон шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулагдах зардалд 1 890 000 төгрөгийг зохих хууль дүрмийн дагуу аварга болсон багш ажилтны цалингийн дансанд шилжүүлэн олгосон. Багш ажилтны дансанд шилжүүлсэн гүйлгээний хуулбар, төлбөрийн хүсэлт, холбогдох баримтууд дүүргийн төрийн сан, Нийслэлийн аудитаар хянагдсан.
7.Миний бие боловсролын салбарт 23 жил ажиллах хугацаанд хамтран ажиллагсад сурагчидтай зүй бус харилцаа гаргаж байгаагүй, жил бүр сургуулийн захиргаанаас багш ажилтнаас сэтгэл ханамжийн судалгаа авахад хэзээ ч тааруу үнэлгээ авч байгаагүй, ёс зүйн асуудлаар хамт олноос ирсэн гомдол надад танилцуулаагүй төдийгүй ямарч байгууллагад энэ асуудлаар би шалгагдаагүй.
8. Монгол Улсын Архивын тухай хуулийн 25.2, 25.2.1 дэх заалтын дагуу тус байгууллагын албан хаагчид мэдээллээр хангагдах эрхийнхээ хүрээнд багш Э.Алтантуяа, багш Б.Цэрэндолгор, багш Б. Ариунзаяа багш Ц. Болормаа, цайны газрын угаагч Ц.Гэрэлтуяа нар архивын баримтын хуулбар лавлагаа авсан лавлагааг хууль дүрмийн дагуу бичгээр гаргасан өргөдөл хүсэлтийг үндэслэн сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан учир бүртгэл үйлдэн олгосон.
9. Дээрх үндэслэлүүдээр шалган тогтоосон баримт, болон бусад холбогдох материалуудыг надад албан ёсоор танилцуулаагүй төдийгүй энэ талаар надаас ямарч тайлбар баримт авалгүй, зөрчилтэй гэсэн дүгнэлт ямарч шалгалтаар тогтоогдоогүй байхад шууд ажлаас халах тушаалынхаа үндэслэл болгож хууль бус шийдвэр гаргасан.
10. Захирлын үүрэг гүйцэтгэгч Э нь 2018 оны 05 сарын 21-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөхийн өмнөх өдөр гэнэт ийм хууль бус тушаал гарган намайг ажлаас халсан нь ажил үүрэг гүйцэтгэхдээ хувийн хандлагаар хандсан гэж үзэж байна.
11. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн заалтуудаас нэг ч заалт зөрчөөгүй, төдийгүй зохих хяналт шалгалтын байгууллагууд нэг бүрчлэн шалган зөрчил илрээгүй байхад ажлаас халсан.
Хууль бус шийдвэр гэдэг нь, тушаал гаргагч нь сургуулийнхаа зайлшгүй шаардлагад нийцүүлэн зохих хууль дүрмийн дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн байхад ажил олгогч нь асуудалд хувийн хандлагаар хандаж, 2017 оны 10 сард ажлаасаа чөлөөлөгдөөд 2018 оны 3 сард эргэн ажилдаа орж ирсэн өдрөөс эхлэн хувийн харилцаа хандлага удаа дараа гарган миний ажил хавсран гүйцэтгэж байх хугацаанд хийсэн бүх ажил, санхүүгийн гүйлгээг үгүйсгэн гүтгэн, гүжирдэх хэлбэрээр ажлаас халж намайг хохироосон.
Иймд Сүхбаатар дүүрэг дэх ХБХ 1 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б\36 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Н намайг 1 дугаар тусгай сургуулийн сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, тусгай сургуулийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгийг бүрэн олгуулахаар нэхэмжилснээ амралтын болон нэмэгдэл нэмж тоолуулахаар шаардсанаасаа татгалзаж,олговорт 3 425 014 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н нь хариуцагч ХБХ 1 дугаар тусгай сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, тусгай сургуулийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 5 сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт, ээлжийн амралтын ажлын 30 хоногийг хасч үлдэх ажлын 73 хоногийн дундаж цалинтай тэнцэх 3 425 014 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа дэмжиж, 6 сар ажилласан хугацааны амралтын мөнгө олгосон тул тусгай сургуулийн 20 хувийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж байна гэж тайлбарласан.
Хариуцагч ХБХ 1 дугаар тусгай сургуулийг төлөөлөн, 2018 оны 5 сарын 22-ны өдрийн Б/045 дугаар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, мөн өдрөөс тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лхагважавын Баярсайханыг түр томилсон тухай “Ажилд түр томилох тухай” тушаал ирүүлэн, Лхагважавын Баярсайхан шүүхэд хүрэлцэн ирсэн нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.”Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.” гэж зааснаар сургуулийн удирдлагаар томилогдсон этгээд гэж үзсэн болно.
Хариуцагч ХБХ 1 дугаар тусгай сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Лхагважавын Баярсайхан шүүхэд 2018 оны 6 сарын 22-ны өдөр хүрэлцэн ирж, нэхэмжлэл гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26,38, 67.1.4, 72.2, 72.3., 76.2, 77.8, 86.2, 100.3,100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй болон нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 7 хуудас баримтуудтай биечлэн танилцсан ба шүүгчээс тогтоосон 14 хоног буюу 2017 оны 07-р сарын 06-ны өдрийн дотор хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг хугацаанд хариу тайлбар, мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй.
2018 оны 09-р сард нэхэмжлэгч хариуцагч сургуулиас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу тус шүүхийн 2018 оны 10-р сарын 01-ний өдрийн 10711 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг ханган, нотлох баримт гарган ирүүлэхийг ХБХ 1 дугаар тусгай сургуульд даалгаж шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг хүлээн аваад хариуцагч 2018 оны 10 сарын 09-ний огноотой албан бичгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, 2018 оны 3 сарын 23-ны өдрийн НТАГ-2018/221/СТА-ТШЗ 01/110 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт бүхий 20 хуудас баримт ирүүлсэн болно.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, талуудын мэтгэлцэх хангалттай хугацаа өнгөрсөн тул уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, иргэний хэргийг 2018 оны 10-р сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад хэлэлцүүлэхээр шүүх хуралдааны тов гарган захирамжилсан.
2018 оны 10-р сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад хэлэлцүүлэхээр товлогдсон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хариуцагч ХБХ 1 дугаар тусгай сургуульд 2018 оны 10-р сарын 10-ны өдөр Монгол шуудан ХХК-ий шуудангийн үйлчилгээгээр хүргүүлсэн ба 2018 оны 10-р сарын 11-ний өдөр Үүрийнтуяа гэсэн ажилтан гардан авсан, мөн тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Баярсайхантай түүний шүүхэд өөрөө өгсөн гар утсанд нь түүнтэй 2018 оны 10-р сарын 10-ны өдөр 09 цаг 39 минутад холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдлийг мэдэгдэхэд “за ойлголоо” гэж хэлсэн тухай шүүхийн ажилтны тэмдэглэгээ байна. Эндээс үзэхэд мэдэгдэл хуульд заасан журмаар хариуцагчид хүргэгдсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т зааснаар “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.” гэж үүрэг хүлээлгэн зохицуулсан үүргийг мөн биелүүлээгүй.
2018 оны 10-р сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад зарлагдсан энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Баярсайхантай холбогдох гээд болоогүй болох нь шүүхийн ажилтны тэмдэглэлээс харагдаж байх тул хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэстэй.
Хариуцагч тал шүүгчээс тогтоосон хугацаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, мөн маргах эсэх талаар ямар ч тайлбар гаргаагүй, өөрийн хүсэл зориг,түүний үндэслэлтэй холбоотой ямар нэг баримт ирүүлээгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”, хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.”Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэрэгт цугларсан баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн дэмжиж буй шаардлагыг ханган, нэхэмжлэлийн дэмжээгүй татгалзсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн үйл баримт, зохигчийн тайлбараар;
Нэхэмжлэгч Н нь хариуцагч ХБХ 1 дугаар тусгай сургуулийн сургалтын менежерийн ажлын байранд 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс томилогдон, 1 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” /хх-7-10 тал/-г байгуулан ажиллаж байгаад ХБХ 1 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 5 сарын 18-ны өдрийн Б/36 дугаартай “Н эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /хх-6 тал/-аар 2018 оны 5 сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2018 оны 6 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.
ХБХ 1 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 5 сарын 18-ны өдрийн Б/36 дугаартай тушаалд “Сургалтын менежер Н нь 2017 оны 11, 12-р сард төсөвт тусгагдсан зардлаас хуурамч гэрээ байгуулах, баталгаат гарын үсэггүй, нэхэмжлэлд өөрөө гарын үсзг зурсан зэргээр баримт бичиг үйлдэн, цахилгааны ажлын хөлс 1.000.000 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас, төлбөрийн хүсэлт №271 Брайль сурах бичиг хэвлэх 5.909.000 төгрөгийг хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас, №272 Барилгын засварын материал, засварын ажлын хөлс 2.066.650 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжны зардлаас, №280 аарц, цагаан идээ махны үнэ 3.000.000 төгрөгийг төрөөс иргэдэд олгох бусад тэтгэмж дэмжлэгийн зардлаас, Байгууллагын аварга, багш, ажилтан шагнал урамшуулалд 1.890.000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж шагнал урамшууллын зардал, нийт 13.865.650 төгрөгийн төсвийн мөнгөн гүйлгээн дээр зөрчилтэй ажилласан нь санхүүгийн баримтаас илэрсэн, багш, ажилтан, үдирдлагатай зүй бус харьцсан, тушаал шийдвэргүйгээр бусдад архиваас баримт гаргах эрх олгосон зэрэг хөдөлмөрийн гэрээний заалтуудыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр, Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1.дэх заалт , 1.2, 2.7 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.2., 5.5 дахь заалт, 131 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.5.4., 4.5.8 дахь заалт, Байгууллагын нууцын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Сургуулийн дотоод журмын 12.6 дахь заалт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг тус тус зааж, 2018 оны 15 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулан, 2018 оны 05 дугаар сарын 18-ны дотор түүний ажлыг хүлээлцүүлэхийг даалгажээ.
Тушаалд; захирал нь Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1., 1.2, 2.7 гэсэн нь уг хуулийн 20.1.1. “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 20.1.2.”багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрхтэй, 20.2.7” багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох” үүрэгтэй болохыг,
-Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 гэсэн нь хуулийн 40.1.4.”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.2., 5.5 гэсэн нь, хуулийн 16.5.2.”батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5.”батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг зохицуулсан заалт,
-131 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт гэсэн нь ойлгомжгүй,
-Хөдөлмөрийн гэрээний 4.5.4.”санхүүгийн тайлан мэдээ, бүртгэл, багш, ажиллагчдын цалин хөлсийг будлиантуулсан нь дотоодын болон хөндлөнгийн шалгалтаар илэрсэн, бичиг баримт хуурамчаар үйлдэх”, 4.5.8.”суралцагчид болон тэдний эцэг,эх, асран хамгаалагч, багш, ажилтан, удирдлагатай зүй бус харьцаж, хүний эрхийн асуудлыг ноцтой зөрчин, нэр хүндэд нь халдах, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргах, хамт олны төлөвшилд сөргөөр нөлөөлөх, хутган үймүүлэх зэрэг үйлдэл удаа дараа гаргах”,
-Байгууллагын нууцын тухай хуулийн 9 дүгээр зүйл 1.”Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 2” Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”,
-Сургуулийн дотоод журмын 12.6 дахь заалт гэсэн нь ийм заалт журам байхгүй, харин хөдөлмөрийн дотоод журмын 12.6-д “сургуулийн архивыг Төрийн захиргааны байгууллага, Төрийн өмчийн болон аж ахуйн нэгж байгууллагын архивын ажлын үндсэн зааврын дагуу ажиллуулна” гэж зохицуулсан заалтууд байна.
Эдгээр олон хуулийн заалтуудаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээс бусад нь ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудалд үндэслэл болохгүй, хамаарахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг, 3.1.3.“хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгохыг хуульчилсан.
Энэ нь талуудын хоорондын харилцаа нь зөвхөн хөдөлмөрийн гэрээ гэсэн бичгээр хийгдсэн тохиролцоо хэлцлийн агуулгаар тодорхойлогдохыг зохицуулж заасан.
Ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байж сахилгын зөрчил болно.
Энэ үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон байх төдийгүй хууль журмыг зөрчсөн гэм буруу тогтоогдсон байх нь урьдчилсан нөхцөл болно.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зохицуулсан ба 40.1.4.-т зааснаар, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж байгаа бол хөдөлмөрийн гэрээний 4.5.4., 4.5.8.-д дурдсан үйлдлүүд үйлдэгдсэн бий болсон, тэр үйлдэл бүрийг нотлосон, тогтоосон байх нь ажилтны гэм бурууг хэлэлцэх үндэс болно.
Н сургалтын менежерээр хөдөлмөрлөх явцдаа нийт 13.865.650 төгрөгийн төсвийн мөнгөн гүйлгээн дээр зөрчилтэй ажилласан нь санхүүгийн баримтаас илэрсэн гэсэн нь зөрчилтэйг нотлосон санхүүгийн хэзээний ямар баримт нь тодорхойгүй, Н тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд санхүүгийн талаар дотоодын болон хөндлөнгийн шалгалтаар илэрсэн байхыг нарийвчлан зохицуулсан байгаа нь ийм үйлдэл болон байгууллагын дотоодын болон хөндлөнгийн шалгалтаар илэрсэн, илрүүлсэн баримт мөн байхгүй.
Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас гаргаж ирүүлсэн 2018 оны 3 сарын 23-ны өдрийн НТАГ-2018/221/СТА-ТШЗ 01/110 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын актад, тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд аудит хийсэн дүгнэлтээр “сургалтын менежер Н -2017 оны 11, 12-р сард төсөвт тусгагдсан зардлаас хуурамч гэрээ байгуулах, баталгаат гарын үсэггүй, нэхэмжлэлд өөрөө гарын үсзг зурсан зэргээр баримт бичиг үйлдэн, цахилгааны ажлын хөлс 1.000.000 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас, төлбөрийн хүсэлт №271 Брайль сурах бичиг хэвлэх 5.909.000 төгрөгийг хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас, №272 Барилгын засварын материал, засварын ажлын хөлс 2.066.650 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжны зардлаас, №280 аарц, цагаан идээ махны үнэ 3.000.000 төгрөгийг төрөөс иргэдэд олгох бусад тэтгэмж дэмжлэгийн зардлаас, Байгууллагын аварга, багш, ажилтан шагнал урамшуулалд 1.890.000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж шагнал урамшууллын зардал, нийт 13.865.650 төгрөгийн төсвийн мөнгөн гүйлгээн дээр зөрчил гаргасан асуудлыг шалгаж тогтоосон зүйл байхгүй, нөгөө талаар 2017 оны тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг бүхэлд нь үзэж дүгнэлт гаргасан байна.
Мөн тушаалд Н багш, ажилтан, үдирдлагатай зүй бус харьцсан үйлдэл юү болох нь мэдэгдэхгүй байна.
Тушаалд буруутгасан бас нэг асуудал нь шийдвэргүйгээр бусдад архиваас баримт гаргах эрх олгосон гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17.-д Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхийг хуульчилсан.
Архивын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.”Төрийн архив нь үйл ажиллагаандаа 8.1.1. “олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтлана” гэжээ.
Байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.-д, Байгууллага тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээллийг нууцлахыг хориглосон байна.
Эндээс дүгнэхэд байгууллагын нууцалсан ямар мэдээллийг гаргасан гэж буруутгасан нь мэдэгдэхгүй, хуулиар нууцлахыг хориглосон мэдээлэл эсэх нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээ дотоод журмын ямар заалт зөрчсөн ямар үйлдэл болох нь тодорхойгүй байна.
Н ийг архив бичиг хэргийн ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэх талаар албан ёсны тушаал, шийдвэр гаргаагүй, түүнтэй архивын ажилтны ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчээр хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэс болох ба хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэх үед гаргасан гэх зөрчлийг Н ийн сургалтын менежерийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй.
Иймд эдгээр байдлаас үзэхэд Н тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Н ийг сургалтын менежерийн ажил, албан тушаалаас хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан ХБХ 1 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 5 сарын 18-ны өдрийн Б/36 дугаартай тушаал хууль бус байх тул Н ийг ажип албан тушаалаас буруу халсан гэж үзэх үндэслэлтэй. Н ийг ХБХ 1 дугаар тусгай сургуулийн сургалтын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж зааснаар Н ийн А 000204138 дугаарын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарт ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх бүтэн цалин гарсан 2018 оны 2, 3, 4-р саруудын цалин хөлс бичигдэн баталгаажсан дүнгээр /1 194669+1 183 863+926 130=3 304 662:3=/ 1 101 554 төгрөг сарын дундаж цалин болж байна.
Нэхэмжлэгч 2018 оны 5 сарын 18-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны дутуу цалин хөлсөө авсан, мөн ээлжийн амралтаа ажлын 30 хоногоор тооцон амралтын мөнгө авсан гэж шүүх хуралдаанд тайлбарлан, сургуулийн нягтлан бодогчоор бодуулснаар ээлжийн амралт эдэлсэн ажлын 30 хоногоо хасч тооцоход ажилгүй байсан хугацаа ажлын 73 хоногийн олговорт 3 425 014 төгрөг гаргуулахаар шаардсан.
Н 2018 оны 5 сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 103 хоног ажилгүй байсан, үүнээс ажлын 30 хоногоор ээлжийн амралтаа бодуулж цалин авсан гэх тул хасч, үлдэх 73 хоногийн олговор шаардах эрхтэй.
Нэг сарын дундаж цалин хөлс 1 101 554 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 5-р сарын ажлын 23 хоногт хувааж тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс нь 47 894 төгрөг болж байна.
Хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцлагдсан 2018 оны 5 сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 сарын 17-ны энэ өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан ажлын 73 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь /47 894х73=/ 3 496 262 төгрөг болж байх ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд шаардлагаа тодруулж, олговор 3 425 014 төгрөг гаргуулахаар дэмжсэн дүнд нийцүүлэн гаргуулан нэхэмжлэгч Н эд олгож, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын үлдэх хэсэг буюу тусгай сургуулийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн бодогдсон олговроос хариуцагч ХБХ 1 дугаар тусгай сургууль төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх нь хуульд нийцэх тул нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлохдоо ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нь бие даасан шаардлага болохгүй, учир нь ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах хэрэгтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.2, 1 , 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ийг ХБХ 1 дугаар тусгай сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ХБХ 1 дугаар тусгай сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 425 014 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н эд олгож, нэхэмжлэгчийн гаргасан тусгай сургуулийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 139 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж, оролцоогүй зохигчид шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т зааснаар гардуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ